2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар ШЦТ/2025/2703

 

 

 

 

 

 

 

    2025         12         01                                  ШЦТ/2025/2703

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт Б-ын Шт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506000003117 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

****** овогт Б-ын Ш /регистрийн дугаар: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ш нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны шөнийн 01 цагаас 02 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И бааранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байх үедээ иргэн Э.Бтэй маргалдаж улмаар түүнийг зодож, шар айргийн шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, уруул, эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн хацар, хөмсөг, хүзүү, зүүн тохой, гуя, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2506 00000 3117 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд ирсэн “...хамт явж байсан хүн нөгөө хүнээ архины шилээр цохисон” гэх дуудлага, мэдээлэл /хх-ийн 3-р хуудас/,

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд ирсэн “...архины шилээр нүүр рүү цохисон цус алдаад байна” гэх дуудлага, мэдээлэл /хх-ийн 3-р хуудас/,

Эд мөрийн баримтаар И баарны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Си-ди-г тооцсон тогтоол /хх-ийн 7-р хуудас/, бичлэгийн хамт /хх-ийн 8-р хуудас/,

Камерын 06 минут 07 секундийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/11917 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,

Шинжээчийн дүгнэлт оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 24-25-р хуудас/,

Гэрч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 2025.09.18 “ял эдэлж байгаагүй” /хх-ийн 34-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримт, автотээврийн хэрэгмэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34, 36-57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав зэрэг болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Чинбилиг: “...шүүгдэгч Б.Ш нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны шөнийн 01 цагаас 02 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И бааранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байх үедээ иргэн Э.Бтэй маргалдаж улмаар түүнийг зодож, шар айргийн шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, уруул, эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн хацар, хөмсөг, хүзүү, зүүн тохой, гуя, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Камерын 06 минут 07 секундийн бичлэгт үзлэг хийсэн “...И баарны 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ...Б-г сандал руу түлхэхэд Б нь босож ирэхэд дахин нэг түлхэж байгаад баруун гараараа толгой хэсэгт нэг удаа цохиж, ширээн дээр байх үлдсэн пивийг аваад дахин толгой руу нь цохиод бүжгийн талбай зүг алхаж яваа камерийн дүрс бичигдэн үлдсэн байв. Хяналтын камерийн бичлэгт тайзны хэсгээс архины шил баруун гартаа бариад гүйж ирээд Б-н толгой хэсэг рүү нэг удаа цохиж байгаад Б тайзны зүг явж байгаагаар хяналтын камерын бичлэг дуусав.” тэмдэглэл,

Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 09 дүгээр сарын 15-ны оройн 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А зочид буудлын 3 давхарт ажлын газрын захирал Агийн төрсөн өдөр тэмдэглэж байгаад шөнийн 01:00 цагийн үед тарсан. Би Шын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо И бааранд нэг нэг шил пиво уугаад бүжиглэж байхад А /88*******/ бид гурав нэг нэг пиво уугаад бүжиглэж байгаад ширээ рүү суусан чинь Ш ширээ дээр байсан пивоны шил аваад зүүн шанааны хэсэгт нэг цохисон, цус алдаад амаа дараад сууж байхад Ш зүүн хөлний өвдөгний хэсэгт 4-5 удаа өшиглөж, нүүр хэсгээ гараараа дарсан байхад 2-3 удаа өшиглөж, толгойн дагз хэсэг рүү пивоны шилээр ахиад цохисон. А цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн. Би Штай Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нэгдүгээр арван жилийн нэг төгсөлт. Нүүрний зүүн шанаанаас доод талын уруул хүртэл 9,5 см зүсэгдсэн гүн шархтай, толгойн дагз хэсэг хавдсан, зүүн өвдөг хэсэгт шалбарсан, зүүн гарын тохой хэсэг шалбарсан, шилэн хүзүү хэсэг цус хуралттай. Тухайн өдөр 2 пиво, бага зэрэг архи уусан. Би сэтгэл санааны хохирол, хор уршгийн зэргээ тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/11917 дугаартай “...Э.Б-н биед зүүн хацар, уруул, эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн хацар, хөмсөг, хүзүү, зүүн тохой, гуя, өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоолдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,

Гэрч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг “...2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай ажлын хамт олон Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг А зочид буудлын 3 давхарт миний төрсөн өдрийг тэмдэглэсэн. Намайг угаалгын өрөө ороод гараад ирэхэд бүгд явсан байсан. Над руу Б залгаад Ш бид хоёр хажуу талын бааранд байна хүрээд ир гэхээр нь очоод 2 шил архи, 5 ширхэг пиво уугаад бид 3 бүжиглэж байгаад Ш, Б хоёр алга болчихсон байсан. Хэсэг бүжиглэж байгаад ширээ дээр ирэхэд Б нүүрээ дараад доошоо хараад сууж байхаар нь гарыг нь буулгасан чинь миний хувцас руу цус асгарсан. Би 103 дуудаж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад гараар бичиж өгсөн “...миний бие нь 2025.09.16-аас 10 сарын 03 хүртэл хугацаанд эмчилгээний зардал болох нийт 1,465,011 төгрөг эмчилгээндээ зарцуулсан. Б.Ш нь 2025.09.22-ны өдөр 1,500,000 эмчилгээндээ зарцуул гэж өгсөн, миний хохирлыг барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг Б.Ш гаргаж өгнө гэсэн тул миний бие гомдол саналгүй байна...” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар:

 

Шүүгдэгч Б.Ш нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны шөнийн 01 цагаас 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И бааранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байх үедээ иргэн Э.Бтэй маргалдаж улмаар түүнийг зодож, шар айргийн шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, уруул, эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн хацар, хөмсөг, хүзүү, зүүн тохой, гуя, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Б.Ш нь хохирогч Э.Б-гүл ялих зүйлээр шалтаглан түүний биед халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Э.Б-гуг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Ш нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

Хохирогч Э.Б нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүй тул шүүгдэгч Б.Шыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч “... Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

           

Шүүгдэгч Б.Ш эрүүгийн хариуцлагын талаар: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж,

 

Шүүгдэгч Б.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.Шын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт Б-ын Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.УУГАНБААТАР