| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2038004370076 |
| Дугаар | 2021/ДШМ/770 |
| Огноо | 2021-08-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2021/ДШМ/770
Ш.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхжаргал,
яллагдагч Ш.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЗ/1804 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Ш.Бт холбогдох 2038004370076 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
......................., 19.......... оны ........... дугаар сарын ..............-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, “Модун” ХХК-нд найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 6 дугаар байрны 88 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;
Ш.Б нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед “Гранд Марк-2” загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Бэрххэмш” гэх газар буюу Мөрөн сумаас 82 километрийн зайд, Хатгал тосгоноос Мөрөн сумын чиглэлд зорчин явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас онхолдож, Б.Изидагийн амь насыг хохироосон, А.Ариунаагийн эрүүл мэндэд хүнд, Б.Индрагийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Херагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ш.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан мөрдөгчийн даалгавар, хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаа сунгасан тогтоолуудад техникийн шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай талаар тусгасан атлаа энэ ажиллагааг хийлгүйгээр мөрдөгч магадлагаа гаргасан, хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр дугуй хагарсан, дугуйны хийн талаар тусгасан боловч үүний шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй, ямар нэг дүгнэлт хийгээгүй орхигдуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул тээврийн хэрэгсэлд техникийн шинжилгээ хийж осол гарсан шалтгааныг эргэлзээгүйгээр тогтоох шаардлагатай гэж шүүх үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас үзэхэд мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл зөвхөн прокурор шинжээч томилохоор заажээ. Дээрх эргэлзээтэй байдлыг тодруулахаар шүүхээс шинжээч томилох, магадлагаа гаргаж хэргийг шалгасан мөрдөгчийг шүүх хуралдаанд оролцуулах зэрэг ажиллагааг гэм буруугийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Иймд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт үндэслэлтэй байх тул Ш.Бт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ш.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэг бүртгэлтийн шатанд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгуулахаар шинжээч томилсон боловч уг тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй тул шинжилгээ хийж, дүгнэлт гаргахгүй талаар тус аймгийн автотээврийн газар хариу өгсөн бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хэрэг нотлогдсон тул тээврийн хэрэгслийг шинжилгээнд оруулах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь, яллагдагч Ш.Б нь өөрийн эзэмшил, ашиглалтад байсан тээврийн хэрэгслээр зорчиж явсан ба тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй, яллагдагчийн сүүлд мэдүүлж байгаагаар дугуй хагарсан тохиолдолд жолоочоос аюулгүй байдлыг хангаж, тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох арга хэмжээг бүрэн шат дараатайгаар гүйцэтгэх ёстой ба энэ тээврийн хэрэгсэл нь хурд, жолоочийн ур чадвар, самбаачлах хурдтай шууд холбоотой бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох явцад дугуй хагарах нь хэзээ ч, хэнд ч, ямар ч тээврийн хэрэгсэлд тохиолдож болох эвдрэл гэмтэл юм. Мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээс дугуйны хий гарсан байдал харагдаж байгаа боловч хэрэг гарснаас хойш жил гаруй хугацаанд гадаа байсан дугуй хуучирч муудан шинжилгээний шаардлага хангахгүй болж, үндэслэлтэй дүгнэлт гарна гэхэд эргэлзээтэй байна. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-д зааснаар хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар хүсэлт, гомдлыг шийдвэрлэхийн зэрэгцээ шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад “мөрдөгчийн магадлагаа эргэлзээтэй, дугуй хагарсан нөхцөл байдлыг шалгах” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул шүүгчийн 2021/ШЗ/1804 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан. Зам тээврийн осол гэдэг нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, бэхжүүлж авсан ул мөрөөр тухайн ослын нөхцөл байдлыг сэргээдэг онцлогтой. Зам тээврийн ослын газарт 2 удаа үзлэг хийсэн. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан. Осол гарсны дараах үеийн байдлыг гэрэл зурагт буулгасан нь хэргийн 16-17 дугаар талд авагдсан. Үүнээс харахад дугуй хагарснаас үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Яллагдагч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй, өмгөөлөгчтэй хамт өгсөн мэдүүлэгт өмнөх мэдүүлгээсээ буцсан. Уг мэдүүлгүүдийн аль нь бодитой болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үүссэн ул мөр, хохирогч нарын эрүүл мэнд, амь насанд учирсан хохирол зэргийг харьцуулаад нэгтгэн дүгнэвэл тухайн тээврийн хэрэгсэл хурднаасаа болж осолдсон нөхцөл байдал тогтоогдсон. Жолоочийн эхний мэдүүлэгтэй бусад нотлох баримтыг харьцуулаад үзвэл тээврийн хэрэгсэл зүүн талаараа замын хувил руу цохигдож 2 эргэж унасан нөхцөл байдал тогтоогдсон. Хэргийн 10, 16, 228 дугаар талд авагдсан баримтаас жолооч талын шил, дугуй хагараагүй бүрэн бүтэн байдалтай байгаа нь харагдана. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн зургаас харахад дугуй обуднаасаа салаад сөхөгдөж, хий нь гарсан байдалтай байдаг. Хэргийг булзайруулж хариуцлагаас зугтаах гэсэн нөхцөл байдлыг ярьж байна. Осол хурднаас болж гарсан. Тээврийн хэрэгслийн дугуй хагарсан тохиолдолд жолооч ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь түүний туршлага, ур чадвартай холбоотой. Жолооч нь жолоодлогыг ямагт өөрийн хяналтад байлгах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар жолоочийн буруугаас болж зам тээврийн осол болсон. Үүнээс үүдэн хэдэн хэдэн хүний эрүүл мэндэд хохирол учирч, нэг хүний амь нас хохирсон ноцтой хор уршиг учирсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч нотлох баримтын хүрээнд техникийн нөхцөл байдалд үндэслэн магадалгаа гаргасан. Мөрдөгчийн магадлагааг эргэлзээтэй гэж үзвэл прокурор шинжээч томилно гэсэн заалт байхгүй. Прокурор үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд шинжээч томилох тухай заалтыг шүүх буруугаар хэрэглэсэн. Магадлагаанд прокурор шинжээч томилно гэж захирамждаа тусгасан. Шинжээч томилох шаардлагагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагчийн холбогдсон хэрэг бүрэн тогтоогдсон байгаа учраас анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Нотлох баримт шинжлэн судлах боломжтой гэж дараалал тогтоосон. Хэргийн 10, 13 15-16, 228 дугаар талд авагдсан баримтуудыг шинжлэн судалж өгнө үү. Гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан. Гэр бүлийн гишүүд хохиролгүй гэж мэдүүлсэн. Энэ хэргийн талаар гэрчлэх өөр гэрч байхгүй. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл зэргээр яллагдагчийн гэм буруу тогтоогдох учраас нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагагүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагч Ш.Бийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын шатанд тухайн осол юунаас болж гарсан бэ гэдгийг тодруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Прокурор эсэргүүцэлдээ хэрэгт байхгүй баримтын талаар шинжээчийн өмнөөс дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтооно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг тогтооно” гэж заасан. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон зүйл байхгүй. Хэрэгт зөвхөн нас барсан шалтгааныг тогтоох шинжээчийн дүгнэлт, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч нарын дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээс өөр баримт авагдаагүй. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ш.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Тээврийн прокурорын газраас “Ш.Бийг Гранд марк-2 загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас онолдож, Б.Изидагийн амь насыг хохироосон, А.Ариунаагийн эрүүл мэндэд хүнд, Б.Индрагийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Херагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Ингэхдээ хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон мөрдөгчийн магадлагааг үндэслэл болгосон байна.
Хавтас хэргийн 114 дүгээр талд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол авагдсан байх бөгөөд тогтоолыг шинжээчид танилцуулаагүй, шинжилгээ хийгээгүй, уг тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байна.
Прокурорын яллаж буй үндэслэл болгосон Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн болохыг нотлох баримтаар тогтоож, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, тухайн баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Мөрдөгч нь шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болох боловч Ш.Бт холбогдох хэрэгт тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай, хавтаст хэргийн 115 дугаар хуудсанд авагдсан Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн “уг тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй тул шинжээчийн дүгнэлтийг гаргах боломжгүйг мэдэгдье” гэсэн албан бичиг нь хангалтгүй бөгөөд “гэнэтийн техникээс шалтгаалсны улмаас осол гарсан” гэж удаа дараа гомдол гаргасан байхад уг “Тоёота гранд” загварын 15-86 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинжээч томилж, шинжилгээ хийлгээгүй нь “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалттай нийцэхгүй байна.
Хэргийн 116-118 дугаар талд авагдсан мөрдөгчийн магадлагаа нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, жолооч нарын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэрэгт үндэслэсэн байх бөгөөд энэ нь осол гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн, бодитой тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь, үндэслэл болгосон дээрх нотлох баримт, тухайлбал хохирогч А.Ариунаа нь “...гэр бүлээрээ явж байгаа учир тайван явна шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.Тамираагийн Ш.Бт автомашиныг зарсан учир хохирлыг төлж барагдуулахгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч П.Цэрэндолгор нь осол болсны дараа яаралтай тусламжаар очсон талаарх мэдүүлэг, Ш.Бийн 60-70 км/цагийн хурдтай явж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд жолооч хурд хэтрүүлсэн, хурдаа тохируулаагүй гэх мэдээлэл агуулагдаагүй байх бөгөөд тээврийн хэрэгсэлд техникийн шинжилгээ хийж осол гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэсэн хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж үзэв.
Иймд прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/1804 дугаартай захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ