Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 188

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

            иргэдийн төлөөлөгч Д.Оюунмандах,

           улсын яллагч Г.Мөнхбаяр,

            хохирогч О.Төрсайхан, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /ҮД:0-261/,

шүүгдэгч Б.Товуудорж, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар /ҮД:1-514/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2, 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсэгт зааснаар Дамбахаван овогт Булган-Эрдэнийн Товуудоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031202 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 1-1 тоотод оршин суух, 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 578 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, Дамбахаван овогт Булган-Эрдэнийн Товуудорж /РД:УУ92041110/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Товуудорж нь 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Энхцолмонгоос IPhone 5 загварын гар утсыг 28 ширхэг 10.000 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртээр худалдан авч 280.000 төгрөгийн,

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо дэвсгэр “Бродвей” рестораны орчим иргэн Б.Төмөрбатаас IPhone 5 загварын гар утсыг 27 ширхэг 10.000 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртээр худалдан авч 270.000 төгрөгийн,

2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим иргэн Б.Даарийгаас IPhone 6 plus загварын гар утсыг 82 ширхэг 10.000 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртээр худалдан авч 820.000 төгрөгийн,

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Нарлаг” хотхоны орчим иргэн Б.Баяртөгсөөс оюу хавчуургатай, алтан нуухтай дунд гарын шар манан хөөрийг 33 ширхэг 10 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртээр, мөн 18 ширхэг 100-тын ам долларын хуурамч мөнгөн дэсгэртээр худалдан авч 2.200.000 төгрөгийн,

2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баяраас 3 ширхэг мөнгөн хазаарыг 26 ширхэг 100-тын ам долларын хуурамч мөнгөн дэвсгэртээр худалдан авч 1.400.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан,

мөн 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баяраас 3 ширхэг мөнгөн хазаарыг хуурамч мөнгөн дэвсгэртүүдээр худалдаж авах үедээ түүний 3 ширхэг мөнгөн хазаарыг авах зорилгоор толгойн тус газар нь хутга тулгаж, хүч хэрэглэж дээрэмдсэн /1.400.000 төгрөгийн хохирол/

2015 оны 12 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийгөө “Бурхан Халдун” ХХК-ийн охин компани болох “Төгөлдөр” ХХК-ийн захирал хэмээн танилцуулж “Хятад улсаас сандал, ширээ оруулж ирнэ, компанид санхүүжилт орж ирэхээр төлнө” хэмээн хууран мэхэлж иргэн О.Төрсайханаас 17.020.000 төгрөгийг,

давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сард иргэн Г.Бүжинлхамд “яамнаас машин авах гэж байгаа, мөн ажилд оруулж өгнө” хэмээн хууран мэхэлж 448.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 17.468.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Товуудорж нь 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Энхцолмонгоос IPhone 5 загварын гар утсыг 28 ширхэг 10.000 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртээр худалдан авч 280.000 төгрөгийн,

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо дэвсгэр “Бродвей” рестораны орчим иргэн Б.Төмөрбатаас IPhone 5 загварын гар утсыг 27 ширхэг 10.000 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртээр худалдан авч 270.000 төгрөгийн,

2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим иргэн Б.Даарийгаас IPhone 6 plus загварын гар утсыг 82 ширхэг 10.000 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртээр худалдан авч 820.000 төгрөгийн,

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Нарлаг” хотхоны орчим иргэн Б.Баяртөгсөөс оюу хавчуургатай, алтан нуухтай дунд гарын шар манан хөөрийг 33 ширхэг 10 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртээр, мөн 18 ширхэг 100-тын ам долларын хуурамч мөнгөн дэсгэртээр худалдан авч 2.200.000 төгрөгийн,

2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баяраас 3 ширхэг мөнгөн хазаарыг 26 ширхэг 100-тын ам долларын хуурамч мөнгөн дэвсгэртээр худалдан авч 1.400.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан,

мөн 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баяраас 3 ширхэг мөнгөн хазаарыг хуурамч мөнгөн дэвсгэртүүдээр худалдаж авах үедээ түүний 3 ширхэг мөнгөн хазаарыг авах зорилгоор толгойн тус газар нь хутга тулгаж, хүч хэрэглэж дээрэмдсэн /1.400.000 төгрөгийн хохирол/

2015 оны 12 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийгөө “Бурхан Халдун” ХХК-ийн охин компани болох “Төгөлдөр” ХХК-ийн захирал хэмээн танилцуулж “Хятад улсаас сандал, ширээ оруулж ирнэ, компанид санхүүжилт орж ирэхээр төлнө хэмээн хууран мэхэлж иргэн О.Төрсайханаас 17.020.000 төгрөгийг,

давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сард иргэн Г.Бүжинлхамд “яамнаас машин авах гэж байгаа, мөн ажилд оруулж өгнө хэмээн хууран мэхэлж 448.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 17.468.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Б.Товуудоржийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар маргаантай байгаа. Бусад үйлдэл дээр маргаан байхгүй. Би С.Баярт тухайн өдөр хуурамч мөнгөө өгөөд 3 хазаарыг нь хүнд үзүүлчихээд ирье гээд машинаас нь аваад буусан. Түүнээс биш С.Баярт хутга тулгаж дээрэмдсэн зүйл байхгүй. Тухайн хүнийг дээрэмдэх гэж байсан бол мөнгө төгрөг өгөх шаардлага байхгүй байсан. Төрсайханы эхнэр манай эхнэр хоёр Өвөрхангай аймгийн халамжийн төвд хамт ажилладаг байсан. О.Төрсайханаас залилж мөнгө аваагүй. Миний хийж байсан ажлыг бүгд мэдэж байгаа. О.Төрсайхан надаас анх 28.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Гэтэл одоо 17.020.000 төгрөг болсон байна. Би О.Төрсайханы хохирол 17.020.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ үйлдлийн хувьд Төрсайханаас залилж аваагүй...Тэр хүн би хуурамч мөнгийг үлдээгээд буусан. Та энэ мөнгийг авч бай, би энэ гурван хазаарыг чинь хүнд үзүүлчихээд ирье гээд аваад буусан...Намайг яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна. Тухайн үед миний гарт хутга, мэсийн чанартай зүйл байгаагүй...Яагаад ийм мэдүүлэг өгснийг ойлгохгүй байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үйл явдал байгаа. Тухайн үед 72А гэсэн байрны авто зогсоолын камер байсан. Тухайн хэрэг нь Баянзүрх дүүрэг дээр болсон байхад Хан-Уул дүүрэгт ирсэн. Би удаа дараа мөрдөн байцаагч болон прокурорт хүсэлт тавьсан. Камерыг шалгаад өгөөч гэсэн. Тухайн камер дээр миний үйлдэл байгаа гэхэд одоо шалгах боломжгүй гэсэн тайлбар өгсөн...Хохирогч О.Төрсайханыг залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би сайн ойлгохгүй байна. Би  О.Төрсайханаас авсан мөнгөө хүлээн зөвшөөрч байгаа, залилсан гээд байгааг ойлгохгүй байна...Би 17.020.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, маргахгүй...Би өөртөө дүгнэлт хийж байгаа. Хохирлоо үнэн зөв гаргуулмаар байна, бусдад учруулсан хохирлоо удахгүй төлөх болно...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/       

            2. Хохирогч О.Төрсайханы шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Товуудорж бид хоёр анх 2013 онд танилцсан.  Товуудорж Бурхан халдун группийн охин компани Төгөлдөр ХХК-ийн захирал, тухайн компани нь санхүүжилт орж ирэхээр урдаас ширээ сандал авах гэж байгаа. Би чамаар ачаа тээврээ зөөлгөе, надад мөнгө хэрэг болоод байна, чи надад мөнгө олоод өгөөч гэж хэлж байсан. Намайг банкны зээлтэй гэдгийг Товуудорж мэднэ. Тэгээд би аав, ээжийнхээ тэтгэврийг хүртэл зээлж авч өгсөн. Би банкны зээлээ ч төлөхгүй Товуудоржид мөнгөө өгсөн. Товуудорж надад мөнгө ороод ирэхээр банкны мөнгийг чинь хаагаад өгнө, чамайг ачаа тээвэрт явуулна гэж хэлж байсан. Миний машиыг ломбардад тавиулсан. Миний машиныг ломбардад тавиулахдаа би хүнтэй ярьсан байгаа, чиний машиныг томруулж авна, үлдэгдэл зөрүү мөнгийг нь чи ачаа ачаад төлнө биз гэж хэлж байсан. Тэгээд аймгаас машинаа аваад хотод ирэхэд Товуудорж нөгөө миний ярьсан хүн Орос явчихсан байна. Ажил гараад явчихлаа, 14 хоногийн дараа ирэх юм шиг байна, надад мөнгөний хэрэг болоод байна гээд 14 хоногийн хугацаатай гэж ломбардад тавиулсан. Тэгээд ломбардад тавьсан миний машины хүүг нь төлж байгаа гэсэн чинь төлөхгүй байсаар байгаад зарагдсан байсан...Би анх машинаа 17.000.000 төгрөгөөр авсан. Бүх мөнгө төгрөгөө Товуудоржийн хэлснээр хасаж, годон гутлыг нь тус бүрийг нь 450.000 төгрөгөөр тооцож хассан, дээлийн өнгийн 100.000 гаруй төгрөгөөр тооцож хасаад одоо 17.020.000 төгрөг болж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч А.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 5 дугаар сард Теди төвөөс IPhone 5 загварын хар өнгийн гар утсыг 300.000 төгрөгөөр авсан. 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр сургалтын төлбөрөө төлөх гэтэл мөнгө байгаагүй учраас гар утсаа зарахаар шийдсэн. Тэгээд би тэр өдрөө www.unegui.mn сайтад IPhone 5 загварын гар утсыг 300.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан. Над руу зарын дагуу нэг л эрэгтэй хүн ярьсан. Тэр эрэгтэй над руу 94343223 гэсэн дугаараас 16 цагийн үед залгаад “гар утсаа хэдэн төгрөгөөр зарах вэ” гэж асуухаар нь 300.000 төгрөгт зарна гэсэн чинь “доошоо ярих уу” гэхээр нь би 280.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд тэр залуутай утсаар холбогдож байгаад оройн 22 цагийн үед Зайсанд уулзахаар болсон. Бид хоёр Зайсангийн танктай хөшөөний дэргэд уулзаж түүнд IPhone 5 загварын хар өнгийн утсаа үзүүлсэн. Тэр залуу “ах нь хөдөө явах гээд яараад байна, дүүдээ гар утас авч өгч байгаа юм” гэсэн. Тэгээд надад өмдний халааснаас 10.000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирээд 28 ширхэгийг тоолж өгсөн. Тухайн үед харанхуй байсан учраас би тэр залуугийн өгсөн мөнгийг тоолж үзэлгүй шууд цүнхэндээ хийгээд, тэндээсээ такси бариад гэрлүүгээ явсан. Би таксины жолоочид нөгөө залуугийн өгсөн мөнгөнөөс 10.000 төгрөгийг өгсөн. Тэгээд гэртээ ирээд маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр цүнхнээсээ мөнгөө гаргаж, тоолж үзтэл мөнгөний нууцлал нь байхгүй, өнгө муутай цаас нь зузаан байсан. Би хуурамч мөнгө байж магадгүй гээд гэрийнхээ ойролцоо байдаг “Хаан” банк руу орж банкны ажилтанаар шалгуулж үзтэл надад хуурамч мөнгө байна гэж хэлэхээр нь Цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэр залуу надад нэрээ хэлээгүй, 168-170 орчим см өндөртэй, цайвар шөвгөр царайтай, өтгөн хар хөмсөгтэй, цайвар цэнхэр өнгийн цамцтай байсан. Тэр өөрийгөө Өвөрхангай аймгаас ирсэн, яараад байна гэж байсан. Би тэр залууг харвал танина, зургийг нь үзвэл бас танина...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-36/

            4. Хохирогч Б.Төмөрбатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр таньдаг хүнээсээ IPhone 5 загварын гар утсыг 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Би өмнө нь барьж байсан юм. Тэгээд надад мөнгөний хэрэгцээ гараад 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр www.unegui.mn сайтад оргинал IPhone 5 гар утсыг 279.000 төгрөгөөр зарна гэсэн зар тавьсан. Над руу хүмүүс утасдаж гар утсыг сонирхож асууж байсан. Тэгтэл оройн 21 цагийн орчим надруу скайтелийн дугаараас “утсыг чинь сонирхоё, би дүүдээ авч өгөх гэсэн юм” гэсэн. Тэр залуу 270.000 төгрөгөөр авъя гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр эхлээд 19 дүгээр үйлчилгээний төвийн орчим уулзахаар болсон боловч оройн 22 цагийн орчим “Бродвей” рестораны урд уулзсан. Тэр залуу ганцаараа байсан. Тэр залуу “би хөдөөнөөс ганцаараа ирсэн, буцах гэж байгаа юм, дүүдээ IPhone 6 авч өгсөн чинь алдчихаж. Тэгээд хямдхан утас авч өгөх гэж байгаа юм” гэсэн. Тэр залуу надад нэрээ хэлээгүй. Би өөрийн барьж байсан гар утсаа нүдэн дээр нь форматлаад өгсөн. Тэр залуу надад гадуур хувцасныхаа халааснаас 10.000-ын дэвсгэртүүд гаргаж өгөөд өөрөө 27 ширхэгийг тоолж өгсөн. Би тэр залууг мөнгөө өөрөө тоолсон болохоор нь дахин тоололгүйгээр аваад халаасандаа хийсэн. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад Зайсанд байрлах “Экспресс” банкинд гар утас зарсан мөнгөө карт руугаа хийх гэтэл нөгөө 10.000-ын дэвсгэртүүд уншихгүй буцаж гарч ирээд миний картыг залгичихсан. Би гайхаад нөгөө гар утас зарсан залуугийн мөнгийг тэмтэрч үзтэл гарт наалдахгүй, зөөлөн, өнгө муутай, нууцлалгүй мөнгө байсан. Тэгээд би хуурамч мөнгө байна гэдгийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан. Тэр залуу надад нэрээ хэлээгүй, хөдөө байдаг хүн, маргааш хөдөө явна, дүүдээ утас авч өгөх гэж байгаа юм гэсэн. 165-168 орчим см өндөртэй, шөвгөр царайтай, баруун нүд нь долир, саравчтай малгайтай, зүүн энгэртээ станц зүүсэн, хар өнгийн хувцастай залуу байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53/

            5. Хохирогч Б.Даарийгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 6 дугаар сард хүнээс IPhone 6 плас загварын заарал өнгийн гар утсыг 850.000 төгрөгөөр авсан. Сургууль эхлэх гээд надад сургалтын төлбөр хэрэгтэй байсан учраас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хавьцаа www.unegui.mn сайтад оргинал IPhone 6 плас гар утас 830.000 төгрөгөөр зарна гэсэн зар тавьсан. 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим 93440111 гэсэн дугаараас миний утас руу нэг эрэгтэй хүн залгаад “гар утас зарах гэж байгаа юм уу, асуудалгүй биз дээ, би хөдөөнөөс ирсэн юм” гэж хэлсэн. Тэр залууд би 830.000 төгрөгөөр зарна гэхэд доошоо ярихгүй юм уу гэхээр нь би 820.000 төгрөгөнд ав гэсэн. Тэр залуу өдөржин над руу яриад “би найман шарга дээр валют солиулж байна, Теди төвөөс гар утас авах гэхээр хулхидуулах гээд байна” гээд байсан. Тэгээд би тэр залуутай оройн 21 цаг 40 минутын орчим Төв цэнгэлдэхийн тэнд уулзъя гэхээр нь очсон. Тэр залуу надад хэлэхдээ “ах нь хот мэдэхгүй” гэсэн. Би такси бариад очтол 20-25 орчим насны 168-170 см орчим өндөртэй, баруун нүд нь хялар, хүрэн өнгийн савхин куртиктэй байсан. Тэгээд “өнөөдөр автобусанд гар утсаа алдчихсан, хөдөөнөөс ирсэн, оюутан дүүдээ утас авч өгөх гэж байгаа юм” гэж хэлсэн. Би анх суусан таксин дотроо тэр залууд IPhone 6 плас загварын саарал өнгийн гар утсаа өгч, тэр залуу надад савхин хүрэмнийхээ халааснаас 10.000 төгрөгийн дэвсгэртүүдээр 82 ширхэгийг тоолж өгсөн. Тэр залуу өөрөө тоолж өгсөн болохоор би мөнгийг тоололгүй шууд цүнхэндээ хийн таксигаар гэртээ харьсан. Гэртээ хариад мөнгөө гаргаж, тоолж үзтэл мөнгөний голын нууцлал нь цэнхэр өнгөтэй, цаас нь зузаандуу, мөн гарт тоологдохгүй байсан. Тэгэхээр нь 1 ширхэгийг барьж гараад АТМ ороод данс руу хийх гэтэл мөнгө алдаатай байна гээд уншихгүй болохоор нь мөнгийг хуурамч гэдгийг мэдсэн. Би тэр залууг харвал танина, зургийг нь харсан ч танина...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73-74/

            6. Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би гар утас худалдан авахаар Теди төв орчихоод утас үнэтэй байхаар нь Монтел руу очсон. Монтел дээр нэг залуу, хүүхэн хоёр утас зарна гээд явж байсан. Тэгээд би тэр хоёрт утас зарж байгаа юм уу гэхэд тиймээ ойрхон код гаргаж байгаа гэсэн. Удалгүй тэр хоёр хүн утасныхаа кодыг гаргуулчихаад ирлээ гээд саарал өнгийн IPhone 6 плас загварын гар утас үзүүлсэн. Би гар утсыг шалгаж үзэхэд ямар нэгэн код байгаагүй, эрэгтэй нь надад уг утасны ай ди кодыг байхгүй гэж хэлсэн. Тэр залуу надад би энэ утсыг найзаасаа өрөнд авсан юм гэхээр нь би ямар үнэтэй өгөх вэ гэхэд 800.000 төгрөг гэсэн. Би 750.000 төгрөгөнд авъя гэхэд зөвшөөрөөд бид гурав Төв шуудангийн дотор байрлах “Хаан” банкны АТМ-ээс би өөрийн данснаас 750.000 төгрөг авч тэр эрэгтэйд өгөөд гар утсыг худалдаж авсан. Би мөнгөө өгчихөөд иргэний үнэмлэх байна уу, сүүлд ямар нэгэн юм болбол хэрэгтэй гэхэд надад алга байна, чамд байна уу гээд нөгөө эмэгтэйд хэлсэн чинь тэр эмэгтэй цүнхнээсээ иргэний үнэмлэх гаргаж ирэхээр нь би гар утсаараа үнэмлэхний зураг зэргийг дарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 241/

            7. Хохирогч Б.Баяртөгсийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би баз хүргэн Батбилэгт өөрийн эзэмшлийн шүрэн толгойтой, алтан нуухтай, халтар манан хөөргийг заруулахаар өгсөн юм. Учир нь манай том охин оюутан болсон тул мөнгөний хэрэг гарсан. Гэтэл манай дүү зарах гэж хүмүүс үзүүлж яваад 3-4 сая төгрөгөөр зарагдах юм байна гэж хэлж байсан. Хөөргийг би 2 жилийн өмнө 2.400.000 төгрөгөөр авч байсан, хуучны хөөрөг байсан. Би одоо хөөргөө 4 сая төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99-100/

            8. Гэрч Н.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Манай баз хүргэн ах Баяртөгс өөрийнхөө шүрэн толгойтой, оюу хавчуургатай, алтан нуухтай, дунд гарын шар манан хөөргийг намайг зараад өг гээд явуулахаар нь би 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Нарантуул зах ороод хөөрөг зардаг хүмүүс дээр очиж үзүүлсэн. Энэ үед 160-165 см орчим өндөртэй, туранхай шар царайтай, онигор жартгар нүдтэй, халимаг үстэй залуу миний хөөргийг үзээд “яг одоо мөнгө гүйцэхгүй байна, би мөнгөө гүйцээгээд орой чамаас авъя” гэхээр нь тэгье гэж хэлээд хөөргөө 2.600.000 төгрөгөөр зарахаар тохирч би тэр залуугийн 94743337 гэсэн дугаарыг авч үлдсэн. Ингээд оройн 22 цагийн үед хөөрөг авах залуу ярьж “би ажилтай явж байгаад оройтчихлоо, хөөргийг чинь авъя” гээд бид хоёр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Нарлаг” хотхонд уулзсан. Уулзаж байхад тэр залуу надад “одоогоор бэлэн мөнгө 500.000 төгрөг байна, би үлдэгдэл мөнгийг нь доллараар өгчих үү” гэхээр нь би яахуу гэтэл тэр залуу “би доллараа найздаа өгчихье, тэгээд монгол мөнгөөр мөнгөө төлье” гэж ярилцаж сууж байгаад “манай нэг настай ах хөөргийг чинь үзье гээд байна би үзүүлээдхье, манай найз одоо буугаад ирнэ, тэгэхээр нь чи энэ доллараа өгөөрэй” гээд миний хажууд тавиад хөөргийг маань аваад машинаас буугаад явсан. Ингээд 20-30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь надтай холбоо барьж байсан дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би надад үлдээсэн мөнгийг нь гаргаж үзэхэд гялгар уутанд боочихсон хуурамч 10.000-ын дэвсгэрт 33 ширхэг, хуурамч ам доллар 18 ширхэг байхаар нь шууд цагдаад мэдэгдсэн. Би тэр этгээдийг одоо ч харвал танина. Тэр залуу “Шувуун фабрик руу морь ачуулчихаад яваад очъё” гэж хэлсэн. Орой уулзахдаа “би морь уядаг, Хэнтий аймгийн Дадал сумынх, морь уядаг болохоор надад хөөрөг хэрэг болоод байна” гэж байсан. Тэр залуу өөрөө надад оройн 22 цагийн үед уулзъя гэж хэлсэн юм. Дөрвөлжин хар хавтсанд мөнгөнийхөө үзүүрийг гаргаад хийчихсэн байсан. Мөн гялгар уутаар ороочихсон долларууд өгсөн. Доллар өгөхдөө “банкинд ажилладаг манай найз ирээд долларыг чинь авчихна, намайг доллар зарах гэхээр хямдхан авчих гээд байна, чамайг зарвал ханшаар нь өгнө” гэж хэлсэн. Машины суудал дээр нөгөө боодолтой, хавтастай мөнгөө үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 101-102, 103/

            9. Хохирогч С.Баярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би мөнгөн хазаар захаар үнэгүй.мн сайтад зар тавьсан. 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 95813003 дугаараас миний дугаар луу үл таних эрэгтэй хүн залгаад хазаарыг чинь үзье гэсэн. Тэгээд орой 16 цагийн үед “Нарантуул” захын зүүн хойд талд байх “Шунхлай” шатахуун түгээх станцын талбай дээр уулзсан. Тэр залуу ганцаараа явган явж байсан. Тэгээд миний 3 ширхэг мөнгөн хазаарыг үзээд авъя гэж тохироод би орой мөнгөө солиулаад ирье гэсэн. Орой 22 цагийн орчим дахин утсаар холбогдоод Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойд талд байх байрнуудын дунд эхнэр бид хоёр өөрсдийн машинтайгаа очсон. Тэр залуу ганцаараа ирээд машины арын суудалд суугаад хазаар үзэж байснаа “доллараа солиулж чадсангүй” гэж хэлсэн. Тэгээд “би хазаарыг авъя” гээд гялгар хүнсний скоч маягийн уутанд боосон доллар өгсөн. Би боодолтой долларыг задлах гэсэн чинь араас улаан иштэй хутга гаргаж ирээд миний толгой руу тулгаад нөгөө гурван ширхэг хазаарыг аваад цаашаа гүйгээд явсан. Эхнэр тухайн үед “хүүе” гэж орилсон, миний хажууд урд талын суудалд сууж байсан юм. Би айсан учраас хойноос нь хөөцөлдөж чадаагүй, тэр залуу хойшоо гүйгээд явчихсан. Миний биед цохиж, зодсон зүйлгүй, хутга барьж айлгаж байгаад 3 ширхэг хазаарыг маань аваад явсан. Нэг нь хуучны мөнгөн хазаар, нөгөө хоёр нь адилхан бөгөөд арай сүүлд хийгдсэн. Хуучны хазаарыг 900.000 төгрөгөөр, нөгөө хоёр хазаарыг нь нийлүүлээд 700.000  төгрөгөөр үнэлж байна. Хэрэг болох үед тухайн 3 хазаарыг 1.400.000 төгрөгөнд өгөхөөр тохиролцсон байсан. Ойролцоогоор 25 орчим насны, 160-170 орчим см өндөртэй, шар бордуу царайтай, солирдуу нүдтэй, саравчтай малгайтай байсан. Би эд зүйлийн үнэлгээтэй уншиж танилцлаа, санал нийлж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 159-160, 161/

            10. Гэрч Ж.Норовын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нөхөр С.Баярын хамт хазаар зарахаар явсан. Тухайн өдөр нэг залуу хазаар үзэхээр утсаар залгаад бид хоёртой 16 цагийн орчимд Баянзүрх дүүрэг, Нарантуул захын зүүн талд байх Шунхлай шатахуун түгээх станцад уулзсан. Тухайн залуу ганцаараа ирээд манай машинд суугаад хазаар үзсэн. Тэгээд мөнгө солиулчихаад ирнэ тэгээд эргээд тантай яриад хүрээд ирье гэсэн. Тэгээд орой 22 цагийн үед нөгөө залуутай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойд талын байрнуудын дунд нөгөө залуутай уулзсан. Нөгөө залуу ганцаараа ирээд машины хойд талд суугаад хазаарыг чинь 1.400.000 төгрөгөөр авахаар тохироод би мөнгөө солиулж чадсангүй гээд энэ доллар байгаа юм та нар өөрсдөө солиулаад авчихаа гэсэн. Тэгэхээр нь нөгөө гялгар ууттай долларыг нь задлаад үзэх гэтэл манай нөхрийн толгой чихний ар хэсэгт нь хутга тулгасан. Тэгэхээр нь би хүн байна уу туслаарай гэж орилоход нөгөө 3 ширхэг үзэж байсан хазаараа аваад зугтаагаад гүйгээд алга болсон...Тухайн залуу нь туранхайвтар шар бордуу царайтай, солир нүдтэй, 160-170 см өндөртэй. Хар бараан өнгийн саравчтай малгайтай, савхин куртиктэй байсан, улаан иштэй хутгатай байсан...Надад болон манай нөхөрт ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Хутга барьж айлгаж 3 ширхэг хазаарыг маань аваад явсан...Тухайн залуу явган явж байсан ертөнцийн зүгээр зүүн хойшоо гүйгээд байрнуудын дунд ороод алга болсон. Нөхөр бид хоёр араас нь хөөгөөгүй тэгээд шууд цагдаа дээр ирж өргөдлөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168-169/

            11. Хохирогч О.Төрсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Б.Товуудоржийг 2015 оны 7 дугаар сараас хойш таньдаг болсон. Би хотоос Өвөрхангай руу морь ачуулж байгаад Товуудоржтой танилцаж байсан. Үүнээс хойш бид хоёр танилууд болсон. Товуудорж надад өөрийгөөө “Бурхан Халдун” группийн охин компани болох “Төгөлдөр” ХХК-тай юмаа. Манай компани 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн ширээ, сандалыг урдаас оруулж ирдэг. Чамайг тээвэрт явуулна гэж хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр намайг Өвөрхангай аймагт байхад “компанийн татварыг оноос өмнө төлөхгүй бол болохгүй байна” гээд надаас 4.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 10-нд “мөнгө хэрэгтэй байна, он гарангуут ахиад татвар төлдөг юм байна” гээд надаас 2.000.000 төгрөгийг ах Алтангэрэлийн дансаар дамжуулж, Товуудоржийн 5028298577 дугаарын данс руу шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “дахиад мөнгө хэрэг болоод байна” гээд 1.110.000 төгрөгийг би өөрийнхөө 5540281580 дугаарын данснаас Товуудоржийн данс руу шилжүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бид хоёр хамт Өвөрхангай аймгаас хот руу орж ирсэн. Товуудорж мөнгө хэрэг болоод байна гээд миний барьж явсан 50-06 ӨВР улсын дугаартай Пусо загварын автомашиныг Драгоны тэнд байрлах “Сайн” авто ломбарданд 5.500.000 төгрөгийн барьцаанд тавиулсан. Уг мөнгийг Товуудорж аваад хажууд нь байрлах банкнаас өөрийнхөө данс руу шижлүүлсэн. Надад 14 хоногийн дараа авч өгнө гэсэн боловч одоог хүртэл авч өгөөгүй. “Сайн” ломбардтай би гэрээ хийсэн, одоо хүү нь өсөөд нийт үнийн дүн 10 орчим сая төгрөг болсон. 2016 оны 7 дугаар сард Товуудорж “би Байгаль орчны газарт баруун бүс хариуцсан санхүүгийн албаны даргаар томилогдсон. Чамайг жолоочоор авна” гээд надад 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тушаал үзүүлж байсныг би утсан дээрээ авсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт байхад Товуудорж “мөнгө хэрэгтэй болоод байна, компанийн санхүүжилт орж ирэхээр мөнгө өгнө” гээд 4.500.000 төгрөгийг дансаар авсан. Үүнээс хойш ингэж мөнгө авсаар байгаад 28.140.000 төгрөгийн хохирлыг надад учруулаад байна. Сүүлдээ Товуудорж зээлсэн мөнгөө өгөлгүй алга болчихсон. Эхнэр, хүүхэд нь Өвөрхангай аймагт байдаг, би эхнэртэй нь очиж уулзахаар хот явчихсан гэдэг. Товуудорж хотод ирчихээд “манай гэр энэ шүү дээ” гээд улаан тоосгон хаус үзүүлж байсан...2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ахиад мөнгө хэрэг болоод байна гээд 2.110.000 төгрөгийг би өөрийнхөө 5540281580 данснаас Товуудоржийн Хаан банкны 5028298577 данс руу шилжүүлсэн. Өмнө нь би 1.110.000 төгрөг гэж буруу хэлсэн байна. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу машин барьцаанд тавьсаны маргааш нь Товуудорж над руу яриад “сум хөгжүүлэх сангийн тендерт 2-3 сая төгрөг хэрэг болоод байна” гээд надаас 100.000 төгрөгийг дансаараа авсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөнгө хэрэг болоод байна гээд 500.000 төгрөгийг авсан, надад нийт 18.110.000 төгрөгийн хохирол учирсан. Товуудорж надад сум хөгжүүлэх сангийн 1 дүгээр ангийн хүүхдүүдийн ширээ, сандалыг Хятадаас оруулж ирэх тендерийн ажил гэж ярьдаг байсан. Тухай тендерийн охин компани нь “Төгөлдөр” ХХК, “Бурхан Халдун” ХХК гэж ярьдаг байсан. Тухайн тендерийн санхүүжилт удахгүй орж ирнэ, мөнгө байвал зээлээч гээд мөнгө авдаг байсан. Тэгтэл Товуудоржийн яриад байгаа тендерийн ямар ч ажил байхгүй гэдгийг би сүүлд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 198, 199, 200, 201/

            12. Хохирогч Г.Бүжинлхамын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Манай хүргэн ах Төрсайхан Товуудоржийг таньдаг юм. 2016 оны 4 дүгээр сард хүргэн ах Төрсайхан Өвөрхангай аймгийн Байгаль орчны яамны санхүүгийн дарга гэсэн ажил байна, Товуудорж оруулж өгнө гэж надад хэлсэн. Тэгээд би төрийн албан хаагчийн анкет, дипломны хуулбар, цээж зураг зэргийг бүрдүүлж Товуудоржид 2016 оны 4 дүгээр сард өгсөн. Товуудорж “за тэгээд ажилд ороход бэлэн байгаарай” гэж хэлсэн. Товуудорж надад Байгаль орчин ногоон хөгжлийн яамны баруун бүсийн санхүүгийн албаны дарга гэсэн нэрийн хуудсаа өгсөн. Түүнээс хойш 2016 оны 5 дугаар сард манай ажил дээр ирээд үсээ засуулахдаа “байгаль орчны талаар хэл судалж байгаарай, удахгүй ажил чинь бүтнэ шүү” гэж хэлсэн. Мөн түүнээс хойш удалгүй над руу утсаар яриад “яамнаасаа Ланд 200 загварын машин авч байгаа, мөнгө байна уу санхүүжилт орж ирэхээр өгье” гээд 1.000.000 төгрөг асуусан. Надад 800.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд өөрт байсан 800.000 төгрөгийг Товуудоржийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш 2-3 хоног болоод Товуудорж руу ярихад “тендерийн санхүүжилт орж ирээгүй байна” гэдэг байсан. Намайг одоо болтол ажилд оруулаагүй, тушаал нь 2016 оны 9 дүгээр сарын 01-нд гарна гэдэг болсон. Би Товуудоржоос 448.000 төгрөг нэхэмжилж байна...2016 оны 8 дугаар сард Товуудорж над руу өөрийнхөө утаснаас залгаад “талбайн хажууд хүрээд ирээч уулзах ажил байна” гэсэн. Тэр үед би 120 мянгатын үсчинд ажилладаг байсан ба ажлаасаа гараад талбай дээр очсон. Товуудорж надад 2016 оны 9 дүгээр сард Өвөрхангай аймаг дахь байгаль орчинд орох ажил чинь бүтнээ гэж хэлсэн. Мөн тендерийн санхүүжилт орж ирэхгүй байгаа, гар утас зараад тендер лүү зарцуулна, надад нэг гар утас байгаа, чи надтай хамт яваад зараад өгөөч, намайг зарах гэхээр эрэгтэй хүнээс авахгүй байх гэсэн. Би зөвшөөрөөд бид хоёр талбайн баруун талд байрлах утас зардаг төв рүү очсон. Товуудоржийн зарна гэсэн утас нь точтой, том утас байсан. Гар утас зардаг худалдааны төвд явж байтал 30-35 орчим насны залуу уг гар утсыг сонирхсон. Товуудорж миний гар утас байгаа юм, би 750.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь тэр залуу авахаар болсон. Бид гурав тэндээсээ гараад банк ороод би гадаа нь хүлээж байтал нөгөө залуу, Товуудорж хоёр буцаж гарч ирээд надаас бичиг баримт чинь байна уу гэж асуусан. Би иргэний үнэмлэхээ гаргаад өгсөн чинь утас худалдаж авсан залуу гар утсан дээрээ зургийг нь дарчихаад яваад өгсөн. Гар утас зарсан мөнгөнөөсөө надад өгөөгүй, чиний мөнгийг өгчихмөөр л байна, даанч тендерт мөнгө хэрэгтэй байна, бүтэхээр нь өгнө,  9 сард орох ажилдаа бэлтгэж байгаарай гээд бид хоёр салсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 221, 222-223, 225-226/

            13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн №5323 тоот дүгнэлт:

                        -Шинжилж буй 27 ширхэг мөнгөн тэмдэгт гэх зүйлүүд нь жинхэнэ мөнгөн тэмдэгтийн шинж тэмдэггүй, нууцлал агуулаагүй.

                        -Шинжилж буй 27 ширхэг мөнгөн тэмдэгт гэх зүйлүүдийг ердийн зориулалттай цаасан дээр хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч мөнгөн тэмдэгтүүд байна. /1хх-ийн 40-43/ 

            14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн №5432 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн AF1072512-сери дугаартай 4 ширхэг, AD3405096-сери дугаартай 4 ширхэг, AG0053063-сери дугаартай 7 ширхэг, AH3251384-сери дугаартай 2 ширхэг, AG2818203-сери дугаартай 8 ширхэг, AJ6270595-сери дугаартай 1 ширхэг, AJ6488971-сери дугаартай 1 ширхэг нийт 27 ширхэг 10.000 мөнгөн тэмдэгтүүд нь хуурамч.

                        -Хуулбарлах төхөөрөмж ашиглан ердийн өнгөт хэвлэх /InkJ Jet/ төхөөрөмжөөр ердийн цаасан дээр хэвлэсэн.

                        -Дээр дурдсан нийтлэг шинжээрээ урьд нь шинжилгээнд ирүүлж байсан хуурамч мөнгөн тэмдэгтүүдтэй ижил байна. /1хх-ийн 56-58/ 

            15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн №5622 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн 82 ширхэг МУ-ын 10000-тын мөнгөн дэвсгэртүүдэд нууцлал байхгүй, өнгөт хувилан олшруулах төхөөрөмж ашиглан ердийн цаасан дээр хэвлэсэн хуурамч мөнгөн дэвсгэртүүд байна.

                        -Шинжилгээнд ирүүлсэн 82 ширхэг МУ-ын 10000-тын мөнгөн дэвсгэртүүд нь хуурамч байна. /1хх-ийн 77-86/ 

            16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн №5467 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд ирүүлсэн AE77665544ВЕ5-сери дугаартай АНУ-ын мөнгөн тэмдэгт 100 доллар 2ш, JB00000000ТВ2-сери дугаартай АНУ-ын мөнгөн тэмдэгт 100 доллар 16ш, AJ5958821-сери дугаартай 1ш, AB3297297-сери дугаартай 2ш, AH5667769-сери дугаартай 2ш, AJ6488971-сери дугаартай 3ш, AH3251384-сери дугаартай 6ш, AJ6270595-сери дугаартай 9ш, AG0053063-сери дугаартай 1 ширхэг /нийт 33 ширхэг/ 10.000 мөнгөн тэмдэгтүүд нь хуурамч.

                        -Хуулбарлах төхөөрөмж ашиглан ердийн өнгөт хэвлэх /Ink Jet/ төхөөрөмжөөр ердийн цаасан дээр хэвлэсэн.

                        -Дээр дурдсан нийтлэг шинжээрээ урьд шинжилгээнд ирүүлж байсан хуурамч мөнгөн тэмдэгтүүдтэй ижил байна. /1хх-ийн 105-108/ 

            17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн №432 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд  ирүүлсэн JB00000000Т дугаартай АНУ-ын мөнгөн тэмдэгт гэх 100-тын 26 ширхэг дэвсгэрт нь хуурамч.

                        -Шинжилгээнд ирүүлсэн хуурамч JB00000000Т дугаартай АНУ-ын мөнгөн тэмдэгт гэх 100-тын 26 ширхэг дэвсгэртэнд үнэт цаасны нууцлалын шинж тэмдэг илрээгүй. /1хх-ийн 165-167/

            18. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...IPhone 5 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг,...Б.Товуудоржийн барьж байсан гар утас нь хохирогч Энхцолмонгийн утас байсан...хүлээн авсан: А.Энхцолмон...” /1хх-ийн 44/ 

            19. Эд зүйл хураан авсан тэмдэглэл “...AG0053063 серийн дугаартай 10.000-тын Монгол улсын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AF7862606 серийн дугаартай 10.000-тын Монгол улсын мөнгөн дэвсгэрт 26 ширхэг, NZ2159904 серийн дугаартай 10.000-тын Монгол улсын мөнгөн дэвсгэрт 13 ширхэг, NZ2498956 серийн дугаартай 10.000-тын Монгол улсын мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, AF1072512 серийн дугаартай 10.000-тын Монгол улсын мөнгөн дэвсгэрт 12 ширхэг, AG2818203 серийн дугаартай 10.000-тын Монгол улсын мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, AD3405096 серийн дугаартай 10.000-тын Монгол улсын мөнгөн дэвсгэрт 9 ширхэг, NZ9546362 серийн дугаартай 10.000-тын Монгол улсын мөнгөн дэвсгэрт 11 ширхэгийг хураан авч тэмдэглэл үйлдэв...” /1хх-ийн 68/

            20. Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл “...Саарал өнгийн IPhone 6 плас маркийн гар утас 1 ширхэг. Уг утас нь дэлгэцэндээ шилэн наалттай, ар хэсэгтээ Apple маркийн бренд зурагтай, iphone imei 354379062830286 гэх кодтой харахад бүрэн бүтэн утас 1 ширхэгийг хураан авлаа...Хүлээлгэн өгсөн: Б.Мөнхбат...” /1хх-ийн 69/

            21. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...IPhone 6 плас маркийн гар утас 1 ширхэг...Хүлээн авсан: Б.Даарий...” /1хх-ийн 70/     

             22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн №02/1045 тоот дүгнэлт:

                        -Шинжилгээнд хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 3-5 гэсэн дугаартай 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 1-2 гэсэн дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

                        -Шинжилгээнд тэнцсэн 3, 4 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN000110018272 бүртгэлийн дугаартай Булган-Эрдэнэ овогтой Товуудоржийн зүүн гарын долоовор, ядам хуруунуудын гарын дардсуудтай тохирч байна. /1хх-ийн 110-115/

            23. Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 173-174, 175-176, 177, 178, 179, 180, 186-187, 188-190, 242-243/

            24. Хохирогч О.Төрсайханы мөрдөн байцаалтын шатанд гаргасан нотлох баримтууд /1хх-ийн 203-215/

            25. Хохирогч Г.Бүжинлхамын мөрдөн байцаалтын шатанд гаргасан нотлох баримтууд /1хх-ийн 232-237/

            26. Гэрч Ян Жүн /Yang Jun/-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би Товуудорж гэх залууг танихгүй, өмнө нь ч харж байгаагүй. “Монгол Эко Мах” ХХК-д хятад ажилчид байдаггүй, манай компани нь Эмээлтэд том компанийн тоонд ордог, хүний нүдэнд амархан тусдаг, хүн болгон манай компанийг мэддэг болохоор мэдүүлэг өгсөн залуу манай компанийг гэж заасан байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 250, 2хх-ийн 1/

             27. Гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Б.Товуудорж маш муухай худлаа ярьдаг залуу, дандаа ах, дүү нартаа худлаа ярьдаг юм. Товуудорж хаана ч, юу гэж худлаа ярьж мэдэхээр хүн. Тэр амьдралдаа надад компьютер, нөөтбүүк, процессор өгч байгаагүй. Түүнээс ямар нэгэн зүйл авч байгаагүй. Товуудорж “Бурхан Халдун” группд огт ажиллаж байгаагүй, ямар нэгэн холбоогүй юмаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 13/

            28. Шүүгдэгч Б.Товуудоржийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар хэргийн талаар мэдүүлсэн: “…Манай аав, дүү бид гурав Ханбогд амралтын газарт амрагчдад морь унуулж мөнгө олдог юм. 2016 оны 8 дугаар сарын эхээр би амрагчдад морь унуулж байхад 2 монгол, 2 хятад залуу ирж морь унасан. Морь унасан Хангай гэх залуу хоёр хятадынхаа хамт намайг дуудсан. Тэд саарал өнгийн 19-58 УБВ улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтай явж байсан. Хангай гэх монгол залуу машиныхаа хаалганы хатавчнаас эрэгтэй хүний гар цүнх гаргаж ирээд боодолтой мөнгө өгсөн. 1 бүтэн, 1 тал боодол 10.000-ын дэвсгэртүүд байсан. Тэгээд би мөнгийг авч халаасандаа хийсэн. Тэдгээр залуучууд надад утасныхаа дугаарыг өгөөгүй, би үхрээ хайчихад иртэл машин байхгүй, харин газарт 4 ширхэг гар утасны үүр байсан. Би мөн тэрийг нь авсан. Гэртээ хариад боодолтой мөнгийг тоолж үзтэл 10.000-ын дэвсгэрт бүхий 1 сая гаран төгрөг нь хуурамч юм шиг байсан. Хуурамч юм шиг санагдсан 1 сая гаран төгрөгийг би тэр үед цагдаад аваачиж өгч шалгуулъя гэж бодсон боловч өмнө нь ял шийтгэлтэй байсан болохоор эмээгээд аваачиж өгөөгүй. Надад тухайн үед тэр хүмүүс их хэмжээний мөнгө өгөхөөр нь би хуурамч байж магадгүй гэж бодсон юм. Эхний охиноос авсан утсанд би олсон симийг хийгээд тухайн охин луу ярьж гар утсыг худалдаж авахдаа Хангай гэх залуугийн өгсөн мөнгөөр тооцоог хийсэн. Тухайн охиноос худалдаж авсан гар утсанд өөрийнхөө 94444991 дугаарыг хийгээд барьсан. Үүнээс хэд хоногийн дараа би мөн адил Ай фоне 5 маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу ярихад эрэгтэй хүн байсан. Тэгээд орой 20-21 цагийн үед тухайн залуутай уулзаад гар утсыг нь 200 гаруй мянган төгрөгөөр худалдаж авсан. Тооцоог нь мөн Хангай гэх залуугийн өгсөн мөнгөөр хийсэн. Тэр гар утсыг би маргааш нь Нарантуул зах дээр танихгүй хүнд 230.000 төгрөгөөр зарсан. Хэд хоногийн дараа мөн зараас Ай фоне 6 маркийн гар утсыг зарна гэсэн зарын дагуу ярихад эмэгтэй хүн байсан. Тэр өдрөө 120 мянгатын орчим орой 20 цагийн үед уулзаж гар утсыг нь 800 гаруй мянган төгрөгөөр худалдаж авсан. Уг гар утсыг мөн Нарантуул зах дээр зарсан. Тухайн хүмүүсээс их хэмжээний мөнгө авсан болохоор надад хуурамч юм шиг санагдаад байхаар нь би гар утас худалдаж авсан юм. Тэгээд гар утас худалдсан мөнгөө өөрийн данс руу хийсэн...2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би Нарантуул зах дээр явж байтал үл таних залуу хөөрөг авах уу гээд хүрээд ирсэн. Орой нь би тэр залуугийн утас руу залгаж Нарлаг хотхон дээр уулзъя гэсэн. Тэр залуу суудлын жижиг тэрэгтэй ирсэн. Би тэр залуугийн машинд орж суугаад хөөргийг нь үзэж байгаад манай нэг ахынх энэ байранд байдаг, би үзүүлчихээд ирье гээд өөрийнхөө барьж байсан касктай хуурамч мөнгийг орхиж, гарч яваад гар утсаа унтраагаад явсан...Би...2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “үнэгүй.мн” сайтаас харж байгаад мөнгөн хазаар зарна гэсэн зар байхаар нь утсаар холбогдсон...40 гаруй насны эрэгтэй хүн хажуудаа эхнэрээ суулгасан байсан. Тэгээд тухайн хүмүүстэй уулзаж би арын суудалд нь сууж мөнгөн хазаарыг нь үзэж өөрт байсан хуурамч долларыг үлдээгээд би хазаарыг нь хүнд үзүүлчихээд эргээд ирье...Тэгээд би тэр чигтээ явсан...Би тухайн хүмүүсийг айлган сүрдүүлсэн зүйл огт байхгүй, надад ямар нэг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл байхгүй байсан...Би дээрмийн гэмт хэрэг хийгээгүй хуурамч мөнгөөр хазаар худалдаж авсан...Төрсайхан надаас ойр зуурын хэрэглээний мөнгө зээлдэг байсан. 2016 оны 7 дугаар сард Төрсайхан бид 2 хамт хот руу орж ирсэн юм. Төрсайхан бид 2-т тэр үед мөнгө хэрэг болоод бид 2 хамт Драгоны тэр хавьд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт 5.000.000 төгрөгөөр барьцаалсан...Тухайн машин барьцаалсан мөнгөнөөс нь 3 сая орчим төгрөгийг нь авсан. Үлдсэн мөнгийг Төрсайхан өөрөө авсан...Дээрх мөнгөнөөс би талыг нь төлж барагдуулсан. 2016 оны өвөл буюу 02 дугаар сар хавьцаа Төрсайхан надаас өвлийн 4-н ширхэг гутал авсан. Тэгээд тэр гутлынхаа мөнгийг Төрсайхан өгөөгүй...машин барьцаалсан мөнгөнөөс авсан 3 орчим сая төгрөгөнд дээрх гутлын мөнгийг оруулж тооцсон юм...Миний санаж байгаагаар бид 2-н хооронд 6-н сая орчим төгрөгийн тооцоо байгаа. Би түүнд 6.000.000 төгрөг өгөх дутуу байгаа...Бүжинлхам нь Төрсайханы эхнэрийн дүү юм...Бүжинлхам бид 2-ын дунд мөнгөний асуудал байгаа. Би түүнд үлдэгдэл 400 гаран мянган төгрөгийн асуудал байгаа...би Бүжинлхамаас Улаанбаатар хотод байхад нь 800.000 төгрөг зээлж байсан...Би уг мөнгөнөөс эргүүлэн төлсөн одоо ойролцоогоор 400 гаран мянган төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 201-202, 204-205, 207-208, 210, 211, 213-214/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Товуудорж нь 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 578 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захирамжийн хуулбар, зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 221-223, 224, 225, 226/ зэргээр тогтоогдож байх бөгөөд хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан 1 жил 6 сар 14 хоног нь 2016 оны 6 дугаар сарын 17-нд дуусч ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа тоологдож байх үед буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасныг зөрчиж 2016 оны 12 дугаар сараас дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнийг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Харин шүүгдэгчийн 2011 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад заасан Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” зэрэгт хамаарч байх тул шүүгдэгч Б.Товуудоржийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн №5323, №5432, №5622, №5467, №432, №02/1045 дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

             Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2, 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт “...5-аас дээш 10 жил хүртэл...”, 148 дугаар зүйлийн 148.2 дах дэх хэсэгт “...2-оос 5 жил хүртэл...”, 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсэгт “...5-аас дээш 10 жил хүртэл...” гэсэн хорих ял оногдуулахаар, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...5-аас 12 жил...”, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...6 сараас 3 жил хүртэл...”, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...2 жилээс 8 жил хүртэл...” ял оногдуулахаар тус тус хуульчилсан байна.

            Үүнээс үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлж /5-12 жил/ эрх зүйн байдлыг дордуулсан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн /хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах/ 3 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй...” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх боломжгүй бөгөөд мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Товуудорж нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар маргаантай байгаа. Бусад үйлдэл дээр маргаан байхгүй. Би С.Баярт тухайн өдөр хуурамч мөнгөө өгөөд 3 хазаарыг нь хүнд үзүүлчихээд ирье гээд машинаас нь аваад буусан. Түүнээс биш С.Баярт хутга тулгаж дээрэмдсэн зүйл байхгүй...Би О.Төрсайханы хохирол 17.020.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ үйлдлийн хувьд Төрсайханаас залилж аваагүй...Хохирогч О.Төрсайханыг залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би сайн ойлгохгүй байна. Би  О.Төрсайханаас авсан мөнгөө хүлээн зөвшөөрч байгаа, залилсан гээд байгааг ойлгохгүй байна...” гэж маргасан нь дараах нотлох баримтуудаар хангалттай няцаагдаж байна гэж шүүх үзлээ. Үүнд:

1. Хохирогч С.Баярт хутга тулгаж дээрэмдсэн гэх үйлдэл нь: Хохирогч С.Баярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би мөнгөн хазаар захаар үнэгүй.мн сайтад зар тавьсан. 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 95813003 дугаараас миний дугаар луу үл таних эрэгтэй хүн залгаад хазаарыг чинь үзье гэсэн...Орой 22 цагийн орчим дахин утсаар холбогдоод Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойд талд байх байрнуудын дунд эхнэр бид хоёр өөрсдийн машинтайгаа очсон...Тэгээд “би хазаарыг авъя” гээд гялгар хүнсний скоч маягийн уутанд боосон доллар өгсөн. Би боодолтой долларыг задлах гэсэн чинь араас улаан иштэй хутга гаргаж ирээд миний толгой руу тулгаад нөгөө гурван ширхэг хазаарыг аваад цаашаа гүйгээд явсан...” гэсэн /1хх-ийн 159-160, 161/,

            хохирогч С.Баярын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд Б.Товуудорж нь хазаараа үзэж байгаад нэг гартаа хазаараа бариад нөгөө гартаа улаан иштэй хутга барьж ар талын шанаа руу нэг тулгасан. Би толиндоо харж байсан. Тэгээд Б.Товуудорж нь гараад явсан...Б.Товуудорж нь машинаас гарахдаа хутга шанаанд тулгаад гараад явсан...Би баттай хэлж байна. Эхнэр бид хоёр хоёулаа байсан. Би үнэн зөв мэдүүлэг өгч байна. Надад худлаа ярих шалтгаан байхгүй...” гэсэн тогтвортой мэдүүлгүүд /3хх-ийн 129-130/,

            гэрч Ж.Норовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойд талын байрнуудын дунд нөгөө залуутай уулзсан. Нөгөө залуу ганцаараа ирээд машины хойд талд суугаад хазаарыг чинь 1.400.000 төгрөгөөр авахаар тохироод...Тэгэхээр нь нөгөө гялгар ууттай долларыг нь задлаад үзэх гэтэл манай нөхрийн толгой чихний ар хэсэгт нь хутга тулгасан. Тэгэхээр нь би хүн байна уу туслаарай гэж орилоход нөгөө 3 ширхэг үзэж байсан хазаараа аваад зугтаагаад гүйгээд алга болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168-169/ зэргээр,

            2. Хохирогч О.Төрсайханыг хуурч мэхлэн 17.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь: Хохирогч О.Төрсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Товуудорж Бурхан халдун группийн охин компани Төгөлдөр ХХК-ийн захирал, тухайн компани нь санхүүжилт орж ирэхээр урдаас ширээ сандал авах гэж байгаа. Би чамаар ачаа тээврээ зөөлгөе, надад мөнгө хэрэг болоод байна, чи надад мөнгө олоод өгөөч гэж хэлж байсан...Товуудорж надад мөнгө ороод ирэхээр банкны мөнгийг чинь хаагаад өгнө, чамайг ачаа тээвэрт явуулна гэж хэлж байсан. Миний машиныг ломбардад тавиулсан...Тэгээд ломбардад тавьсан миний машины хүүг нь төлж байгаа гэсэн чинь төлөхгүй байсаар байгаад зарагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            хохирогч О.Төрсайханы 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 12 дугаар сараас эхлэн надаас мөнгө авсан. “Бурхан Халдун” ХХК-ийн охин компани болох “Төгөлдөр” ХХКомпанитай, компанид санхүүжилт орж ирэхээр төлнө, 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн ширээ сандал оруулж ирэх гэж байгаа гэж байсан. Б.Товуудоржид цувуулж 2.000.000 төгрөг, 2.500.000 төгрөг, аавынхаа тэтгэврийг зээлж авч өгсөн, дараа нь машинаа ломбардад тавьж мөнгө өгсөн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 129-130/,

            хохирогч О.Төрсайханы мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэх нотлох баримтууд: “...2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчийн утсанд ирсэн гэх “...MONGOL BANK…Medegdel erhem hvndet noen O.TORSAIHAN tanii TOGOLDOR HHK ner deer 4562::::97 vl hodlohiin dugaartai 575::86 dugaartai tinderiin ehnii sanhvvjil boloh 70.000.000 togrog HAAN BANK O.TORSAIHAN 5540281580 toot dansand oroh bolson medegdii taind ajiliin amjilt hvsie MONGOL BANK...” гэсэн мессеж /гэрэл зургаар/, Хаан банкны орлогын мэдүүлэг /хуулбараар/, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Баруун бүсийн санхүү, албаны дарга Б.Товуудорж гэсэн нэрийн хуудас /хуулбараар/...” /1хх-ийн 203-206/

            гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Б.Товуудорж маш муухай худлаа ярьдаг залуу, дандаа ах, дүү нартаа худлаа ярьдаг юм. Товуудорж хаана ч, юу гэж худлаа ярьж мэдэхээр хүн...Товуудорж “Бурхан Халдун” группд огт ажиллаж байгаагүй, ямар нэгэн холбоогүй юмаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 13/ зэргээр тус тус тогтоогдож байгаа болно.

            Гэрч, хохирогч нараас хууль сануулж мэдүүлэг авсан бөгөөд тэдгээр нь хэргийн талаар тогтвортой, зөрүүгүй мэдүүлэг өгсөн болохыг тэмдэглэж байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Товуудорж нь 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 9 дүгээр сарын 10-ны хооронд нийт 5 удаагийн давтан үйлдлээр Монгол Улсын /үндэсний/ болон Америкийн нэгдсэн улсын /гадаад/ мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж бусдаас гар утас /3 ширхэг/, хөөрөг /1 ширхэг/, мөнгөн хазаар /3 ширхэг/ зэргийг худалдан авах байдлаар ашиглан бусдад /хохирогч А.Энхцолмон, Б.Төмөрбат, Б.Даарий, Б.Баяртөгс, С.Баяр/ 4.970.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Баяраас 3 ширхэг мөнгөн хазаарыг хуурамч мөнгөн дэвсгэртүүдээр худалдаж авах үедээ хохирогчийг хуурамч мөнгөн дэвсгэртийг тоолж үзэхээр боолтыг нь задлах гэхэд нь толгойн тус газар нь хутга тулган эд зүйлийг нь авч зугтаасан, 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийгөө “Бурхан Халдун” ХХК-ийн охин компани болох “Төгөлдөр” ХХК-ийн захирал хэмээн танилцуулж “Хятад улсаас сандал, ширээ оруулж ирнэ, компанид санхүүжилт орж ирэхээр төлнө” хэмээн хууран мэхэлж иргэн О.Төрсайханаас 17.020.000 төгрөгийг, давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сард иргэн Г.Бүжинлхамд “яамнаас машин авах гэж байгаа, мөн ажилд оруулж өгнө” хэмээн хууран мэхэлж 448.000 төгрөгийг тус тус залилан авч, хохирогч О.Төрсайхан, Г.Бүжинлхам нарт нийт 17.468.000 төгрөгийн хохирол учруулсныг Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж тус тус үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Б.Товуудоржийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан, Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2, 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Би О.Төрсайханы хохирол 17.020.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа..., маргахгүй...Би өөртөө дүгнэлт хийж байгаа. Хохирлоо үнэн зөв гаргуулмаар байна, бусдад учруулсан хохирлоо удахгүй төлөх болно...” гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2, 176.2/, хохирогч А.Энхцолмон, Б.Даарий нарт төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг /хохирогч Б.Төмөрбат, Б.Баяртөгс, С.Баяр, О.Төрсайхан, Г.Бүжинлхам, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбат/ төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал /24 настай/ зэргийг харгалзан Б.Товуудоржид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 5 сарын хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 5 сарын хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 8 жилийн хорих ялын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “...Хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан,...эрэгтэй...ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгчийн эдлэх 8 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно...” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Товуудоржоос 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Төмөрбатад, 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баяртөгсд, 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Баярт, 17.020.000 /арван долоон сая хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Төрсайханд, 448.000 /дөрвөн зуун дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Бүжинлхамд, 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад тус тус олгох нь зүйтэйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх  хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Товуудоржийн эзэмшлийн 62-64 УБҮ улсын дугаартай “Toyota BB” загварын тээврийн хэрэгслийг /2хх-ийн 43/ хурааж, хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн AB3297297 /2 ширхэг/, AJ6488971 /6 ширхэг/, AJ6270595 /11 ширхэг/, AJ5958821 /1 ширхэг/, AG2818203 /13 ширхэг/, AF1072512 /16 ширхэг/, AG0053063 /32 ширхэг/, AD3405096 /13 ширхэг/, AH5004330 /2 ширхэг/, AH5667769 /6 ширхэг/, AH3251384 /12 ширхэг/, AF7862606 /26 ширхэг/, NZ2159904 /13 ширхэг/, NZ9546362 /11 ширхэг/, NZ2498956 /5 ширхэг/ серийн дугаар бүхий нийт 169 ширхэг Монгол Улсын 10.000 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэрт, AE77665544B /2 ширхэг/, JB00000000T /42 ширхэг/ серийн дугаар бүхий Америкийн нэгдсэн улсын 100 долларын хуурамч мөнгөн дэвсгэрт зэргийг устгуулахаар Монгол банкинд тус тус шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 323 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Товуудоржийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Шүүгдэгч Дамбахаван овогт Булган-Эрдэнийн Товуудоржийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Дамбахаван овогт Булган-Эрдэнийн Товуудоржийг эд хөрөнгийг хураахгүйгээр 6  /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хорих ялаас заримыг буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 5 /тав/ сарын хорих ялаас заримыг буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Б.Товуудоржийн нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 8 /найм/ жилийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан Б.Товуудоржийн эдлэх 8 /найм/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Товуудоржийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 323 /гурван зуун хорин гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Товуудоржоос 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Төмөрбатад, 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баяртөгсд, 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Баярт, 17.020.000 /арван долоон сая хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Төрсайханд, 448.000 /дөрвөн зуун дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Бүжинлхамд, 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад тус тус олгосугай.

8. Б.Товуудоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх  хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Товуудоржийн эзэмшлийн 62-64 УБҮ улсын дугаартай “Toyota BB” загварын тээврийн хэрэгслийг хурааж, хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 169 ширхэг Монгол Улсын 10.000 төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэрт, 44 ширхэг Америкийн нэгдсэн улсын 100 долларын хуурамч мөнгөн дэвсгэрт зэргийг устгуулахаар Монгол банкинд тус тус шилжүүлсүгэй.

10. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Товуудоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Товуудоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР   

                         

ШҮҮГЧИД                                         Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                    Х.ОДБАЯР