Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.М,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: Л.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон

“Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/269 дугаар захирамжийн Л.Т-д холбогдох хэсэг, 8516009431 нэгж талбарын дугаар бүхий 000618249 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Б, гуравдагч этгээд Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн Л.М нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/269 дугаар захирамжийн Л.Т-д холбогдох хэсэг, 8516009431 нэгж талбарын дугаар бүхий 000618249 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/270 дугаар захирамжаар Л.Т-д 150м 2  газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Л.М  Увс аймгийн Засаг даргаас Л.Т-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мэдэж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Т-д олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулан,газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан талаар тайлбар гаргасан ба Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШЗ2023/00032 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус,ойлгомжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Л.М нь шүүгчийн захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  хүлээн аваад 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.Иймд нэхэмжлэгч Л.М-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4. Хариуцагчаас Л.М нь аймгийн Засаг даргын шийдвэрийн талаар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэнээс хойш аймгийн Засаг даргад хандах байсан гэсэн тайлбар гаргасан ба аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд дахин аймгийн Засаг даргад хандахыг шаардахгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд хандах эрхтэй болно.

5. Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/496 дугаар захирамжийн дагуу Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 241.2м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн. Улмаар тухайн газартаа кадастр хийлгэж хууль ёсны дагуу эзэмшсэн ба уг газарт үйлчилгээний зориулалттай 3 давхар оффисын барилга барьсан.

Намайг тухайн газрыг эзэмшиж авсны дараа аймгийн Холбооны газарт надтай хамт ажиллаж байсан Орлом гэх хүн ирж уулзаад " Миний хүүг Т гэдэг, цагдаад ажилладаг юм. Гэр нь Чандманьд байдаг, цагдаагийн ажил зав чөлөөгүй учир хэцүү байна, хашаа олоод автал чи хашаандаа буулгаж тус болооч" гэж гуйгаад байхаар нь би 2012 онд хүү Л.Тулгыг нь өөрийнхөө хашаанд түр хугацаагаар буулгасан. Л.Т нь 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл манай хашаанд амьдарч байгаа ба түүнээс би өнөөдрийг хүртэл нэг ч удаа төлбөр, түрээс авч байгаагүй болно. Би 2013, 2014, 2015 онуудад хашаанаас нүүж, газар чөлөөлж өгөхийг түүнд сануулж байсан ба тэр нүүхгүй байсан. Тухайн үед би аймгийн төвд хашаатай болоогүй байгаа юм байна гэж бодоод хашаатай болсныхоо дараа нүүх байх гээд орхисон юм. 2022 оны 9 дүгээр сард Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт тухайн газрыг шалгуулах гээд очиход Л.Т бууж байсан газраа эзэмшихээр авсан байсан. Анх барилга барих үед газрын албаны хүмүүс “Та байраа урагшаа барьчих аа,шугам сүлжээ бүхий газрыг оруулчихсан байна, урагшаа шахсан газрыг чинь нэмэлтээр оруулж өгнө гэж тухайн үед хэлсэн. Мөн ар талын газрыг нь нэмэлтээр оруулсан эсэхийг шалгуулахад Л.Т нь тухайн газар дээр газрын гэрчилгээ авчихсан байсан. Улмаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Л.Т-д олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, газар чөлөөлүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 152/Ш32023/00032 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би тухайн захирамжийг 2023 оны 01 сарын 09-ны өдөр гардаж аваад зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 13-ны өдрийн А/269 дугаар захирамжийг гаргахдаа надад урьдчилан мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулахгүйгээр миний хууль ёсны дагуу газар эзэмших эрхэд хууль бусаар халдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд миний газар эзэмших эрхийг хууль бусаар зөрчсөн Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 13-ны өдрийн А/269 дугаар захирамжийн Л.Т-д холбогдох хэсгийг, 8516009431 нэгж талбарын дугаар бүхий 105 м2 газрын 000618249 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/269 дугаартай захирамжийн Л.Т-д холбогдох хэсгийг, тухайн газарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Тухайн маргаан бүхий газрыг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Засаг даргын А/496 дугаартай захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 241.2 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн. Энэ захирамжид үндэслэн 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан. Тухайн газар дээгүүр бохирын шугам сүлжээ дайран өнгөрөх асуудал гарч тухайн газрыг урагшлуулах асуудал яригдаж,үүний дагуу үйлчилгээний зориулалттай байраа урагшлуулж барихаар тохиролцож барьсан.Гэтэл аймгийн Засаг дарга нь гуравдагч этгээд Л.Т-д 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/269 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газартай давхцуулж газар эзэмшүүлсэн. Энэ нь миний үйлчлүүлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшигчийн зүгээс тухайн газрыг нэхэмжлэгчид шилжүүлсэн асуудал байхгүй, мөн хуулийн 39 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон асуудал тус тус байдаггүй. Тухайн газарт үзлэг хийхэд уг газар нь давхацсан гэдэг нь нотлогдон тогтоогдсон. Хариуцагчийн зүгээс аймгийн Засаг даргад хандах ёстой байсан гэж хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Аймгийн Засаг даргын шийдвэрийг зөвшөөрөхгүй маргаж байгаа тул зайлшгүй урьдчилан шийдвэрлүүлэх тохиолдол биш, шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учраас хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. 2016 онд Л.М-ын эзэмшлийн газар дээр давхцуулж газрыг нь олгосон. Ийм шийдвэр гаргаснаа мэдэгдэж танилцуулаагүй зэрэг асуудал байна. Нөгөө талаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Гуравдагч этгээдийн зүгээс газар эзэмших хүсэлт гаргаж, хэн нэгний эзэмшлийн газрыг эзэмшээгүй гэж хэлсэн боловч 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 496 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа учраас давхацсан гэж үзэж байна.  Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

7. Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас ирүүлсэн тайлбарт:” Л.М нь нэхэмжлэлдээ Л.Т нь гэр барьж амьдарч байгаа хэсэгтээ 2016 онд захирамж гаргуулан эзэмшиж байсныг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мэдэж улмаар Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайгаа дурдсан байдаг.  Энэ үеэс аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргах ёстой байсан. 2016 оны 5 сарын 13-ны өдрийн А/270 дугаар захирамж гарах үед Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлээгүй байсан. Иймд Л.М-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Нэхэмжлэгч нь тухайн газарт бохирын шугам сүлжээний асуудал байсан учраас газрын албаны хүмүүстэй тохиролцож урагшаа татаж газраа нэмэгдүүлэхээр болсон гэж хэлсэн. Гэтэл яг тохиролцсон гэснийг нотлох баримт байдаггүй. Тухайн үед Л.Т-д газар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулахдаа Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас давхцалгүй гэж үзсэний үндсэн дээр уг захирамжийг батлуулсан байдаг. 2016 онд Л.Т-д газар эзэмшүүлэх захирамж гарахаас өмнө Захиргааны ерөнхий хууль нь үйлчилж эхлээгүй байсан учраас сонсох ажиллагаа явуулах боломжгүй байсан. Тухайн газар нь давхцалгүй гэсэн захирамжийн төслийг батлуулсан учраас мэдэгдэл өгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийх боломжгүй гэж үзэж байна. Хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байна” гэв.   

9. Гуравдагч этгээд Л.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь холбооны арын хашаанд байх нийтийн нэг давхар нэг өрөө орон сууцанд 2003 оноос хойш аав ээж дүүгийн хамт 4-2 тоотод 2010 он хүртэл амьдарч байгаад 2010 оны 08 дугаар сард аав ээжээс өрх тусгаарлаж өөрийн 8-н ханатай гэртэй болж тухайн жил 2010 онд холбооны хажуу талд байх тагнуул холбоо хоёрын хооронд тэр үед холбооны газар гэж явж байсан иргэн Мөнбаярын аав болох тэр үеийн холбооны даргаас зөвшөөрөл авч нэг жил өнжөөд 2011 онд гэрээ хураачхаад байшиндаа өвөлжсөн юм. Тэгээд миний аав болох Д.Л нь 2011 оны өвөл хүнд өвчний улмаас нас барахад би өөрийн гэрээ гаргаж ирээд одоо байгаа газартаа бариад ааваа нутаглуулсан тэр үед манай холбооны арын байрны  доод хэсэгт хаалганы харалдаа газар дээр барьсан.Тэр газар ямар нэгэн хашиж авсан газар байгаагүй эзгүй байсан.Миний нэг жил намаржсан газар тухайн үед холбооны хашаа байсан. Тэгээд 2011 оноос хойш тэр газраа амьдарч байгаад 2016 онд хууль ёсны дагуу өргөдөл өгч 150м2 газрыг гэр, байшингийн зориулалтай өөрийн нэр дээр эзэмших шийдвэр гаргуулан одоог хүртэл амьдран сууж байна. Иргэн Мөнхбаярын хашаа болон манай хашаа хоёрын хооронд бохирын шугамаар тусгаарлагдсан байдаг ба газар доорх дэд станцыг оролцуулж газар олгоно гэж байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн талаас “ Л.Т-д эзэмшүүлсэн газар нь Л.М-т эзэмшүүлсэн газартай давхцалтай байгаа” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Л.М нь аймгийн Засаг даргад хандаагүй, Л.М-ын газар эзэмших эрхийг хөндөөгүй” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Гуравдагч этгээд Л.Т “Тухайн газраа 2011 оноос хойш гэрээ барин амьдарч байгаад 2016 онд өргөдөл өгч хууль ёсны дагуу эзэмшиж байгаа” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

5. Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/270 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн г, 29 дүгээр зүйлийн 29.3, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015.10.09-нйи өдрийн А/136 тоот тогтоолыг үндэслэн Улаангом сумын 3-р багийн нутагт Л.Т-д 150м2 газрын амины орон сууцны зориулалтаар, Ц.Ц 660м 2  газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Л.Т-д 150м2  газар эзэмших эрхийн 000618249 дугаартай, нэгж талбарын 8516009431 дугаар бүхий гэрчилгээ олгогдож,иргэнд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа маргаан бүхий актыг Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/269 дугаартай гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л.Т-д Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/270 дугаартай захирамжаар газар эзэмшүүлсэн байх ба газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнд аймгийн Засаг даргын шийдвэрийн дугаарыг 269 гэж алдаатай тэмдэглэсэн байна.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/270 дугаартай захирамжийн Л.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж тодорхойлсон болно.

7. Нэхэмжлэгч Л.М нь 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Засаг даргад хандан “Улаангом суманд мэдээлэл харилцааны цогцолбор байгуулахад зориулж үйлчилгээ явуулах 2 давхар барилгын газар олгож өгөхийг хүссэн хүсэлт”-ийг гаргаж төслийг хавсаргажээ.Мөн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 241.2м 2  газрын кадастрын зургийг Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилтан М.Чулуунбатаар зуруулсан байна.

8. Л.М-ын хүсэлтийн дагуу Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/496 дугаартай захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутагт Мэдээлэл,холбооны сүлжээ ТӨХК-ний доод талд 241.2м2  газрыг Л.М-т үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

9. Газар эзэмших шийдвэрийг үндэслэн Л.М-т 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэгж талбарын 8516000179 дугаар бүхий 241.2м2 газрыг эзэмших эрхийн 0389970 дугаартай гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна.

10. Газрын нэгж талбарын 8516000179 дугаартай хувийн хэрэгт 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 241.2м2  газрын кадастрын зургийг хавсаргасан байх боловч кадастрын мэдээллийн нэгдсэн санд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хувийн хэрэгт хавсаргагдсанаас өөр байршил бүхий кадастрын зураг бүртгэгдсэн нь  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 1/843 дугаар албан бичиг, хавсралтаар ирүүлсэн кадастрын зураг, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 177 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн кадастрын зургаар тогтоогджээ.

11. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдсон болно.Үүнд: 1. Л.М-ын барьсан 3 давхар барилга, барилгын ард талд хоосон зай бүхий талбай буюу бохирын шугам явах хэсэг, уг хэсгээс цааш үргэлжлэн Л.Т-ын эзэмшлийн гэх хашаагаар хүрээлэгдсэн гэр барьсан газар байв.

12. Л.М-ын эзэмшлийн нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргагдсан 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн кадастрын зургийг Л.Т-ын эзэмшлийн нэгж талбарын кадастрын зурагтай харьцуулан хэмжилт хийж үзэхэд Л.Т-ын эзэмшлийн газрын зарим хэсэг давхцалтай, барилгын доорх газрын хэмжээ 241.2м2  байв.

13. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын хувьд маргаан бүхий газарт тогтоогдсон нөхцөл байдлууд болох бохирын шугамын байршил, Л.М-ын эзэмшлийн нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргагдсан 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн кадастрын зургийн дагуу Л.Т-ын эзэмшлийн газрын зарим хэсэг давхцалтай, Л.М-ын барьсан барилгын доорх газрын хэмжээ 241.2м2  байгаа, кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зураг нь барилгын доорх хэмжээгээр зурагдаж бүртгэгдсэн талаар маргаангүй байгаа болно.

14. Харин нэхэмжлэгч Л.М нь “барилгыг барих үеэр бохирын шугамтай газар олгогдсон тул барилгыг бохирын шугамаас урагшлуулж барих, кадастрын зурагт урагш сунгагдсан газрыг нэмж оруулж тусгахаар газрын мэргэжилтнүүдтэй тохиролцсон тул Л.Т-д газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх,ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тайлбарлан маргаж байна.

15. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зохицуулжээ.

16. Нэхэмжлэгч Л.М нь бодит байдал дээр Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/496 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэмжээ болох 241.2 м2 газрыг гэрээ,гэрчилгээнд заасан зориулалтын дагуу буюу үйлчилгээний барилгын зориулалтаар /барилгын доорх газрын хэмжээ 241.2 м2 / эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсэн зохицуулалттай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч нь захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын хэмжээнээс илүү газрыг эзэмшихээр Л.Т-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэртэй маргах эрхгүй юм.

17. Нөгөөтэйгүүр Л.М-ын газрын хувийн хэрэгт хавсаргагдсан кадастрын зураг нь газар эзэмших шийдвэр гарахаас өмнө буюу 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр судалгааны явцад хийгдсэн, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд Л.М-ын эзэмшлийн газрын хэмжээг барилгын доорх газар буюу  241.2м 2  газрын хэмжээтэйгээр газар эзэмших шийдвэр гарсны дараа бүртгэсэн тул Л.Т-ын газар эзэмшихээр гаргасан хүсэлт нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс “газрын албаны хүмүүс миний газрын кадастрын зургийг нэмж газар эзэмшүүлэхээр өөрчилж өгнө гэж тохиролцсон” гэх тайлбар гаргасан нь баримтаар тогтоогдоогүй, газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс газрыг нэмж эзэмшүүлэх шийдвэрийг гаргаагүй байна.

Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/270 дугаартай захирамжаар Л.Т-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Л.М-ын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

18.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.М-ын  Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “ Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/270 дугаар захирамжийн Л.Т-д холбогдох хэсэг, 8516009431 нэгж талбарын дугаар бүхий 000618249 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АЛТАНЦЭЦЭГ