Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/03694

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 17 101/ШШ2023/03694

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0000 тоот хаягт оршин суух З.Н /Регистрийн дугаар 00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00000 тоот хаягт байрлах Т ТӨХХК /Регистрийн дугаар 0000/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ё.О

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Улаанууд овогт З.Н нь Т ТӨХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэмжүүрийн инженер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон, улмаар 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Чанар хяналтын инженер албан тушаалд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/61 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэлгүй зөрчил гаргаж байгаагүй болно. 1/. Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар: Миний бие Т ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэг ажлаас чөлөөлсөн. Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэг, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, Төрийн хэмнэлтийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6, Т ТӨХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.6.5, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6, 3.Нямсүрэнтэй хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийг тус тус үндэслэн тушаах нь гэжээ. Тушаалын тушаах хэсгийн нэг дэх заалтад ...Эрчим хүчний яамны Хяналт-Шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн в/4369 дүгээр зөвлөмжид төслийн үйл ажиллагаа эхлээгүй байхад тодорхой үүрэг гүйцэтгээгүй орон тоонд ажилтан авч ажиллуулсан гэж дүгнэж, Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг зөвлөсний дагуу ажилтан Зоригтбаатарын Нямсүрэнтэй харилцан тохиролцсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож, Чанар хяналтын инженерийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. Миний бие хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох талаар ажил олгогчтой тохиролцсон үйл баримт огт байхгүй. Ажил олгогч ажлаас халж буй талаар мэдэгдэхэд ажлаас халсан тушаалыг өгөхийг шаардсан болно. Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор дуусгавар болгох харилцаа нь хэн алины санаачилгаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу ямар нэгэн тохиролцсон үйл баримт байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.6, 154.7-д зааснаар Т ТӨХХК-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй тул Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хорооны 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд талууд харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгож иргэний гаргасан гомдлыг шүүхэд шилжүүлэх шийдвэр бүхий хуралдааны тэмдэглэл гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар хэлцлийн хэлбэрийг агуулах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т заасан харилцаа бий болоогүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар орон тоо бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн үндэслэл нь аудитын хяналт шалгалтын тайлангаар тогтоогдож байгаа гэсэн. 4 хүний 2 хүн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 2 хүн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар харилцсан тохиролцсон гэдэг үндэслэлээр чөлөөлсөн. Тухайн байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан эрх зүйн харилцаа бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т харилцан тохиролцсон бичгийн хэлбэрээр хийсэн байхыг шаардах ёстой. Энэ талаар хэд хэдэн удаагийн гэрчийн мэдүүлэг болон дууны аудио бичлэгээр нэхэмжлэгч хүсэл зоригийн илэрхийлэл нь би эргээд хариу өгөх талаар үйл баримт болдог. Хавтаст хэрэгт байх тэмдэглэл гэдэг агуулга бүхий баримтаас хойш 2 хоногийн дараа уулзахад, эргээд хариу өгөх талаар хэлдэг. Ажил олгогч өргөдөл өгөхийг шаарддаг. Ажил олгогчид өнөөдрийг хүртэл өргөдөл өгөхгүй гэсэн байр суурьтай байсан. Иймд ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан чанар хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тухайд өнөөдрийг хүртэл бүх нийтийн амралтын өдрийг хасаж нийт 122 өдөр болж байгаа. 1 сарын дундаж цалин 2,575,708.73 төгрөг, дундаж цалин хөлс бодох журмын дагуу тус мөнгөн дүнг 21-т хуваахаар нэг өдрийн цалин 122,652.79 төгрөг, үүнийг 122 өдөрт үржүүлэхэд 14,963,641 төгрөг болж байна гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ТӨХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолын дагуу байгуулагдсан төслийн компани юм. Уг төслийн хөрөнгө оруулалт татах, цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах ажлууд нь Ковид-19 цар тахал болон ОХУ-ын дайн бүхий байдал, БНХАУ-аас гаргасан нүүрсээр ажилладаг станцыг аливаа хэлбэрээр санхүүжүүлэх, дэмжихийг хориглосон шийдвэр зэрэг гадаад хүчин зүйлийн улмаас төслийн хэрэгжилт удааширч цахилгаан станцын барилга угсралтын ажил эхлээгүйн улмаас энэ хугацаанд тодорхой ажилтнуудаар ажил үүрэг гүйцэтгүүлэх боломжгүй болох, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгүүлэлгүй сул цалин олгох зэрэг бодит хүндрэл гарч эхэлсэн. Гэсэн хэдий ч ажилтны нийгмийн баталгааг хангах үүднээс компани орон тоо хасахгүйгээр ажилтнуудыг ажиллуулж, цалин хөлсийг тогтмол олгож байсан. Тус компанийн төрийн өмчлөлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Эрчим хүчний яамны дотоод аудитын шалгалтаар "төсөл эхлээгүй байхад ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй, Чанар хяналтын инженерийн шаардлагагүй ажлын байранд ажилтан авсан гэж дүгнэн, холбогдох арга хэмжээг авч бүтэц орон тоог цөөрүүлэх зөвлөмж өгсөн тул хэд хэдэн ажилтантай харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны нэг нь 3.Нямсүрэн юм. Түүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр уулзалт хийн нөхцөл байдлыг танилцуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор хоёр тал харилцан тохиролцсон. Ажил олгогчийн хувьд төсөл амжилттай хэрэгжиж, барилга угсралтын ажил эхэлсний дараа 3.Нямсүрэнг Чанар хяналтын инженерийн ажлын байранд дахин ажиллах нөхцөлийг хадгалж, бүтэц орон тоог хасахгүйгээр ажилтантай харилцан тохиролцож, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Хэрэв компанийн бүтэц орон тооны жагсаалтаас Чанар хяналтын инженерийн ажлын байрыг хасчихвал төсөл амжилттай хэрэгжиж эхлэхэд 3.Нямсүрэнг дахин ажилд томилох орон тоогүй болох юм. Энэ нөхцөл байдлыг тайлбарлаж, ойлголцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтын дагуу 3.Нямсүрэнтэй харилцан тохиролцож, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ба энэ тохиролцоог хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн тэмдэглэл дээр гарын үсэг зурж, хэлцлийг баталгаажуулсан. Иймд ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хороо нь 3.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдол /нэхэмжлэл гэж гаргасан/-ын дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хороо нь гомдол гаргагч буюу 3.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх бүхий байдлыг шалгахгүйгээр шууд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, 3.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн огноотой бөгөөд түүнд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М гарын үсэг баталгаажуулсан байдаг. Гэтэл тухайн гомдолд хавсарган өгсөн 3.Нямсүрэнгээс Ц.Мад олгосон итгэмжлэл нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 08 минутад олгогдсон болох нь Нийслэлийн тойргийн нотариатч Б.Туяажаргалын бүртгэлийн дугаар 0235 итгэмжлэлээр нотлогдож байна. Ц.Мын гаргасан гомдол нь түүнд төлөөлөх эрх олгохоос 3 хоногийн өмнө гаргасан байгаа нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ" гэж заасныг шууд зөрчсөн байна. Мөн итгэмжлэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхийг Ц.Мад олгоогүй байна. Хороо нь гомдол гаргагчийн төлөөлөх эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүссэн эсэхийг нягтлан шалгаж, төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах ажиллагааг хийлгүйгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 28 дугаар тэмдэглэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрхээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй ба төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан гомдлын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтад шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна. Иймд З.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, Т ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.11.01-ний Б/60, 2022.01.03-ны Б/15, 2022.02.01-ний Б/34, 2022.07.01-ний Б/61, 2023.02.15-ны Б/15 дугаар тушаал, 2021.11.01-ний 37 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Нууц хадгалах гэрээ, 202302.27-ны итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.03.13-ны өдрийн 28 дугаартай хуралдааны тэмдэглэл, өмгөөлөгч оролцуулах хүсэлт,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.03.28, 2023.04.25-ны итгэмжлэл, хариу тайлбар, Чанар хяналтын инженерийн ажлын байрны тодорхойлолт, 2023.01.19-ний өдрийн уулзалтын тэмдэглэл, З.Нгийн 2022 онд ажилласан цагийн бүртгэл, 2022.12.26-ны Чанар хяналтын инженерийн үр дүнг үнэлэх хуудас, төлөвлөгөөний биелэлт, цалин олгох хүснэгт, цалингийн карт, Т ТӨХХК-ийн 2023.02.03-ны 01/21 дугаартай БНСУ-ын Элчин сайдын яаманд гаргасан тодорхойлолт, 2023.01.19-ний өдрийн уулзалтын тэмдэглэл, Эрчим хүчний яамны 2022.11.11-ний 6/4368 дугаартай Хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичиг, Т ТӨХХК-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Т ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.11.17-ны өдрийн 11 дүгээр сарын ээлжит хурлын тэмдэглэл, 2023.06.05-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөр хамгааллын өвөл, зуны гутал хүлээн авсан ажиллагсдын нэрс, ажилтны ашиглаж байгаа эд хөрөнгийн бүртгэл, 2023.08.10-ны өдрийг бичиг хүлээлцэх акт,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Т ТӨХХК-д хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, 2023.06.05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2023.06.22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Долгормаагийн мэдүүлэг, гэрч Б.Нарандуламын мэдүүлэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч Т ТӨХХК-д холбогдуулан тус компанийн Чанар хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Хариуцагч Т ТӨХХК нь Эрчим хүчний яамны дотоод аудитын хяналт шалгалтаар цахилгаан станц барих төслийн үйл ажиллагаа эхлээгүй байхад Чанар хяналтын инженерийн шаардлагагүй ажлын байранд ажилтан ажиллуулсан гэж дүгнэн, холбогдох арга хэмжээг авч бүтэц, орон тоог цөөрүүлэх зөвлөмж ирүүлсний дагуу З.Нтэй харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

4. Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан шийдвэрлүүлэхээр заасан.

 

4.1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай хуралдааны тэмдэглэлээр З.Нгийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ЭМД, НДШ нөхөн төлүүлэх шаардлага бүхий гомдлыг хянан хэлэлцэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгож иргэний гаргасан гомдлыг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

4.2. Хариуцагч тал нь эрх олгогдоогүй этгээдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, тэмдэглэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй гэсэн тайлбарыг гарган маргасан.

 

4.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШТ2023/00420 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос гомдол гаргагч З.Нг төлөөлөн хэн гомдол гаргасан талаарх лавлагаа, холбогдох баримтыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/17240 дугаар захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван тал хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасны дагуу гомдлыг хэлэлцэж хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр тэмдэглэл үйлдсэн нь хуульд нийцсэн, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ажиллагаанд гомдол гаргагчийн өмгөөлөгч оролцсоныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

 

Дээр дурдсан шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай хуралдааны тэмдэглэлээр З.Нгийн гомдлыг хянан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг хийж дуусгавар болгосон буюу хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.

 

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор маргалдагч аль нэг тал гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй ба хариуцагч Т ТӨХХК-аас Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай хуралдааны тэмдэглэлтэй холбогдуулан гомдол гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Т ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар З.Нг Хэмжүүрийн инженерээр ажилд томилон ажиллуулсан, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар Цахилгаан хэмжүүрийн инженерээр томилон ажиллуулсан, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/61 дугаар тушаалаар Чанар хяналтын инженерээр томилон ажиллуулсан байна.

 

5.2. Т ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/15 дугаар З.Нг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6, Т ТӨХХК-ийн дүрмийн 10.6.5, Хөдөлмөрийн дотоод журмын 10.6, 3.Нямсүрэнтэй хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийг тус тус үндэслэн Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн в/4369 дүгээр зөвлөмжид төслийн үйл ажиллагаа эхлээгүй байхад тодорхой үүрэг гүйцэтгээгүй орон тоонд ажилтан авч ажиллуулсан гэж дүгнэж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг зөвлөсний дагуу ажилтан Зоригтбаатарын Нямсүрэнтэй харилцан тохиролцсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож, Чанар хяналтын инженерийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

6. Дээр дурдсан З.Нг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон Эрчим хүчний яамнаас Т ТӨХХК-д хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланд ...Төслийн үйл ажиллагаа эхлээгүй байхад Техникийн албанд 9 орон тоон дээр ажилтан авч ажиллуулсан. Тухайлбал, Реле хамгаалалтын инженер 1, горим тооцооны инженер 1, барилгын зургийн инженер 1, дулааны инженер 1, дулааны зургийн инженер 1, чанар хяналтын инженерийн орон тоон дээр 2 инженер зэрэг тодорхой үүрэг гүйцэтгээгүй орон тоонд авч ажиллуулсан байгаа нь зохисгүй байна. ...Дүгнэлт. ...6.Компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа ажлын байрны тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн давхардал ихтэйгээс ажилтан, албан хаагчдын тоог хийсвэрээр нэмэгдүүлсэн. 7. Төслийн ерөнхий гүйцэтгэгч шалгарч барилга угсралтын ажил эхлүүлээгүй байхад Захиргаа, Хөрөнгө оруулалт, Техникийн хэлтсүүдэд шаардлагагүй орон тоонд ажилтан авч ажиллуулсан... Зөвлөмж ...1. ...компанийн хэмжээнд батлагдсан 93 орон тоонд албан тушаалын чиг үүргийн давхардал их байгааг арилгаж, давхардсан орон тоог цөөрүүлэн цомхотгох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх... гэжээ. /хх-125-146/

 

Т ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр сарын ээлжит хурлын тэмдэглэл хяналт шалгалтын тайлан, зөвлөмжийн асуудлыг танилцуулан хэлэлцүүлсэн байх боловч бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах шийдвэр гаргаагүй байна. /хх-118-121/

 

7. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч З.Нтэй 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дагуу ажлаас чөлөөлөх шаардлагатай болсон талаар танилцуулж, харилцан зөвшилцөлд хүрсэн, ажлаас чөлөөлөх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн 2 удаагийн уулзалт ярианы тэмдэглэлд үзлэг хийсэн ба үзлэгээр ажил олгогчийн төлөөллийн зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмжийн дагуу төсөл эхэлтэл 10-аад хүмүүсийг ажлаас чөлөөлөх шаардлагатай болсон талаар танилцуулсан, ажилтан З.Н үүссэн нөхцөл байдлыг ойлгож байгаа, эргээд хариу хэлье гэсэн агуулга бүхий харилцан ярилцсан болох нь тогтоогдож байна. /хх-150-153, 175-176/

 

Дээр дурдсан уулзалтад ажил олгогчийг төлөөлөн оролцсон Б.Долгормаа шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгтээ ......орон тооны цомхотгол 2 хүнд хийсэн ...4 ажилтныг 2023 оны 1 дүгээр сард ажлаас чөлөөлсөн., 2 ажилтныг харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн, 2 ажилтны орон тоо хасагдаад цомхотгосон. З.Н, А.Жанагүл хоёрыг харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн... гэж мэдүүлсэн. /хх-186-187/

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлийн зохицуулсан ба 78.1.1-д талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж заасан ба хариуцагч нь З.Нтэй харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан тушаал, гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

10. Т ТӨХХК нь ажилтан З.Нтэй харилцан тохиролцсон гэх тайлбарын үндэслэлээ З.Нгийн хүсэлтийн дагуу БНСУ-ын элчин сайдын яаманд тодорхойлолт гаргаж өгсөн, мөн 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон гэж тайлбарлаж байх боловч эдгээр үйл баримтаар ажилтантай ажлаас чөлөөлөх асуудлаар харилцан тохиролцсон гэж үзэх нь учир дутагдалтай байна.

 

11. Нэхэмжлэгч З.Нгийн зүгээс уулзалтад оролцохдоо ажил олгогчийн танилцуулсан асуудлыг ойлголоо, эргээд хариу хэлье гэж хэлсэн үйл баримтаар ажил олгогчийн гаргасан саналыг ажилтан хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байх ба хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох асуудлаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байх тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

 

12. Хэрэгт авагдсан баримтаар Т ТӨХХК-ийн үйл ажиллагаанд Эрчим хүчний яамнаас хийсэн хяналт шалгалтын дагуу байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт хийгдэж, орон тоо цөөрүүлсэн болох нь тогтоогдоогүй ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан Чанар хяналтын инженерийн орон тоо хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх үндэстэй байна.

 

13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Т ТӨХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул З.Нг Т ТӨХХК-ийн Чанар хяналтын инженерийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцнэ.

 

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127:1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу хариуцагч Т ТӨХХК нь З.Нг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажилтанд төлөх үүргийг хүлээнэ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үеийн цалингаас дундаж цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч З.Нгийн ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын цалинг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын маягтын бичилтээр 2022 оны 12 дугаар сард 2,779,214.29 төгрөг, 2023 оны 1 дүгээр сард 2,205,363.64 төгрөг, 2 дугаар сард 2,742,548.28 төгрөг байх ба 1 сарын дундаж цалин 2,575,708.73 төгрөг байна. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу 1 сарын дундаж цалинг 21 хоногт хуваахад 1 өдрийн цалин 122,652.79 төгрөг байна.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийн байдлаар тооцож, нийт 122 хоногийн цалинтай тэнцэх олговорт 14,963,640 төгрөгийг хариуцагч Т ТӨХХК-аас гаргуулж нэхэмжлэгч З.Нд олгох үндэслэлтэй.

 

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар ажилтан З.Нд олговол зохих цалин олговор болох 14,963,640 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Т ТӨХХК-д даалгах нь зүйтэй.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулахаар шийдвэрлэсэн 14,963,640 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 232,768 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Нг Т ТӨХХК-ийн Чанар хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Т ТӨХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,963,640 /арван дөрвөн сая есөн зуун жаран гурван мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Нд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Нгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 14,963,640 төгрөгөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Т ТӨХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчТ ТӨХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 232,768 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР