| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/2201/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2677 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2677
2025 11 27 2025/ШЦТ/2677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Дашням,
хохирогч Х.З, түүний өмгөөлөгч Т.Багахүү,
шүүгдэгч Д.Я нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Я холбогдох эрүүгийн “0000 00000 0000” дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Я, /РД:**********/,
Монгол Улсын иргэн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Сэтгэл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Я нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ********** байрлах авто зогсоол дээр Х.З-тай “тээврийн хэрэгслээ зөв байрлуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт цохиж, үснээс зулгаан газарт унагаж эрүүл мэндэд нь хавирганы хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, өвдөгт цус хуралт, хоёр шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Я Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдав.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Я нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Я нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ********** байрлах авто зогсоол дээр Х.Зтай “тээврийн хэрэгслээ зөв байрлуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт цохиж, үснээс зулгаан газарт унагаж эрүүл мэндэд нь хавирганы хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, өвдөгт цус хуралт, хоёр шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Х.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...**********урд талын зогсоол дээр 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 40 минутын орчим зогсоолд машинаа байрлуулаад хүнээс бичиг авах гээд буух гэтэл нэг танихгүй эмэгтэй ирээд миний цонхыг тогшоод “чи машинаа цааш нь шахаад тавьчих. Хоёр машины зогсоол хаагаад тавьсан байна. Ямар хувиа хичээсэн юм бэ?” гэж хэлэхээр нь би “машин хааж тавиагүй байна” гэж хэлсэн. Тэр үед тухайн эмэгтэй надад хандан “амиа бодсон гичий вэ” гэж хэлэхээр нь би “чи хүнийг хэл амар доромжилдог хэн бэ?” гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл миний гар утсыг булааж аваад баруун гараараа миний баруун шанаа руу 2-оос 3 удаа цохиж аваад миний машины хаалгыг гадна талаас нь онгойлгоод намайг “буугаад ир”. “Чам шиг янхныг яасан ч яадаг юм бэ” гэж хэлээд машин руугаа яваад өгөхөөр нь би машинаасаа буугаад араас нь бичлэг хийгээд байж байсан. Тэр үед миний утсыг булааж аваад тэгээд түлхэхээр нь би буцаагаад түлхсэн чинь тэр эмэгтэй намайг үстэж аваад гараараа 7-оос 8 удаа толгой хэсэгт цохисон. Тэгээд намайг газар унагаж байгаад үснээс газар чирээд тэгээд баруун хавирга хэсэгт 2 удаа өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 15268 дугаартай “...Х.З-ийн биед баруун 5 дугаар хавирганы хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, өвдөгт цус хуралт, хоёр шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-26 дугаар тал/,
- Шинжээч Э.Б-с мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Х.З-ийн биед тогтсон гэмтлүүд нь 1-ээс 2 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох зэрэг хэсэг газрын үйлчлэлээр үүснэ. Хохирогч Х.З-ийн биед тогтоогдсон баруун 5 дугаар хавирганы хугарал нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд болон тус тусдаа хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн * дугаартай "...Х.З-ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/
Хохирогч Х.З шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн хэргээс болоод бие эрхтэн хохирсон ба сэтгэл санааны хувьд хүнд цохилтод орсон. Одоогоор мэдрэлийн асуудалтай болсон ба үүнийг Солонгос Улсад эмчлүүлнэ...” гэх,
Шүүгдэгч Д.Я шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бодлогогүй зүйл хийсэндээ харамсаж, гэмшиж байна. Уучлаарай...” гэх, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Я Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Я-аас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцааны данс болох 100900005406 тоот Төрийн сангийн дансанд байршуулсан 5,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигт тооцон хохирогч Х.З-д олгуулж,
хохирогч Х.З-ийн цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Я Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Я Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгчийг чөлөөлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Я-аас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцааны данс болох 100900005406 тоот Төрийн сангийн дансанд байршуулсан 5,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.З-д олгуулсугай.
5. Хохирогч Х.З-гийн цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД