| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/2252/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2530 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Гантулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2530
2025 11 11 2025/ШЦТ/2530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах,
улсын яллагч Б.*****а,
хохирогч Э.*****,
шүүгдэгч Э.***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***** овогт *****-*****ы *****т холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ***** ***** ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт ********* дүүргийн ******* дугаар хороо, ******** дугаар гудамж ******** тоотод оршин оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ***** овогт *****-*****ы ***** (РД:***********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.***** нь 2025 он 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *****-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.*****тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны зөрөөтэй, хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Э.***** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Э.*****: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хохирогч Э.*****: “...энэ хүнээс хохирол төлбөр гэж бага зэрэг мөнгө авсан. Хагалгаанд орох шаардлагатай байгаа тул тухайн хагалгааны төлбөрийг нэхэмжилж байгаа...” гэв.
Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Э.***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 3-4 дүгээр хорооллын эцэс дээр байрлах хорооллын баарнаас гараад танил дүү болох *****аар тээврийн хэрэгслээ бариулаад Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** орохоор явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хорооллын автобусны буудал хүртэл явахдаа замдаа ширүүн яваад байсан. Тэгээд би араас нь уурлаад зөөлөн яв гээд хэлсэн. Тэгсэн 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр зогсоод та түрүүнээс хойш олон үг хэлээд байх юм гээд би өөрийгөө мэдэж байна ах гэж хүндлэхгүй гээд урдаас бууж ирээд арын хаалга нээгээд миний нүүрэн тус газар руу гараараа 4-5 удаа цохиод хөлөөрөө 2-3 удаа нүүр рүү өшиглөсөн. Тэгээд зодож байгаад намайг тээврийн хэрэгсэл дотор минь үлдээгээд яваад өгсөн. Тэгээд би найзыгаа дуудаж хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/10587 дугаартай: “...Э.*****ийн биед эрүү ясны зөрөөтэй, хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дах тал),
Иргэний нэхэмжлэгч Д.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан: “...Э.***** нь 2025 оны 08 дугаар сард эрүүл мэндийн байгууллагаас 149.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээд Э.*****аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж өгнө үү...” гэсэн нэхэмжлэл (хавтаст хэргийн 46 дах тал),
Яллагдагч Э.*****аас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн 8011200710 тоот данс руу эмчилгээ үйлчилгээний төлбөр шилжүүлсэн баримтууд (хавтаст хэргийн 49-52 дахь тал),
Яллагдагчаар Э.***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед миний ажил тарсан ба над руу хуурай ах Э.***** миний ***** дугаарын утас руу холбогдсон. Тухайн үед Э.***** ****1 дугаарын утаснаас холбогдсон ба сансрын колонкын тэнд хүрч ирээд машин бариад өг гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу 20 цагийн үед хэлсэн газарт нь яваад очсон ба Э.***** ахтай уулзаж, хамт явсаар 2025 оны 08 дугаар сарын 03-ны үүрийн 03 цагийн үед Э.***** ахын машинаар Э.***** ахтай хамт Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, ****д байдаг найз *****ын гэрт нь очихоор явсан. Очихоор явж байх замдаа буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт драгон автобусны буудлын тэндээс Э.***** ах над руу зөөлөн яв, машин эвдэллээ гэх мэтээр уурлаж намайг хараагаад байсан ба би Сонгинохайрхан дүүргийн **** хорооллын автобусны зүүн талын буудал дээр машиныг нь зогсоогоод ат энийгээ өөрөө бариад яв гэж би хэлсэн. Би машиныг нь парклаад буух гэж байхад миний дагз хэсэг рүү цохисон ба би уурлаад арын хаалгыг онгойлгож байгаад гурваас дөрвөн удаа нүүрэн тус газар руу нь цохисон. Түүний дараа Э.***** ах машинаасаа бууж ирсэн ба би ахиад 2-3 удаа нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 07 цаг хавьцаа болж байсан байх би Э.***** ахыг машинд нь суулгачхаад би гэр рүүгээ харихаар явсан.
...Э.*****ийн биед учирсан дээрх гэмтлүүдийг би 2-3 удаа гараараа цохиж газарт унагааж мөн газарт унасных нь дараа нүүрэн тус газарт нь 2-3 удаа өшиглөж учруулсан. Гэхдээ тухайн үед миний цохисон хэсэг нь хамар биш, шанаа хэсэгт цохисон ба мөн өшиглөсөн газар нь хамрын хэсэгт учруулаагүй, өөрийнхөө хамрыг гараараа хамгаалж байсан. Би хамар ясны цөмөрсөн хугарал хэсгийг учруулаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.***** эмчилгээ үйлчилгээ авсан тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал),
Шүүгдэгч Э.*****ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 36-40 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.*****т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Э.***** нь 2025 он 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.*****тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны зөрөөтэй, хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.*****, шүүгдэгч Э.***** нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/10587 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дах тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.*****ийн эрүүл мэндэд нь учирсан “...эрүү ясны зөрөөтэй, хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Э.***** түүнийг нүүрэн тус газарт нь гараараа цохих болон хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж цохиж зодох үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.*****, хохирогч Э.*****ийн эрүүл мэндэд нь “...эрүү ясны зөрөөтэй, хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.***** нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэргийг тус тус харгалзан үзэж тус зүйл заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтгүй мөн сэтгэл санааны хохирлын хор уршгийг нэхэмжлэхээс татгалзсан. Шүүгдэгч нь сайн дураараа хохирогчийн эмчилгээ үйлчилгээний төлбөрт 1.430.000 төгрөгийг төлсөн. Эрүүл мэндэд даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээ авсан 149.000 төгрөг гарч шүүгдэгчийн зүгээс нөхөн төлөөгүй байх тул түүнийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна...” гэсэн саналыг шүүхэд гаргасан.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг прокурорын гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.*****ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.*****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.*****т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.*****ийн эрүүл мэндэд эрүү ясны зөрөөтэй, хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд хэргийн хохирогч Э.Жавхлан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүхийн шатанд хагалгаа хийлгэх шаардлагатай бөгөөд хагалгааны төлбөр 3.00.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ шүүгдэгч Э.***** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ үйлчилгээ төлбөр гэж 1.430.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн **** данснаасаа хохирогчийн ***** тоот данс руу шилжүүлэн өгсөн байх тул хохирол төлбөрийг барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хохирогч Э.***** нь хагалгаа хийлгэх шаардлагатай хагалгааны төлбөр болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг хагалгаа нь хэзээ, яаж хийлгэх нь тодорхойгүй эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эмчлүүлэгчийн карт зэрэг анхан шатны эмнэлгийн баримтуудыг гаргаж өгөөгүй байна.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хохирогч Э.***** эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 149.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай улсын яллагчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Э.*****аас 149.000 /нэг зуун дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 80 тоот дансанд нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт *****-*****ы *****ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*****ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.***** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.*****т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт Э.*****аас нийт 149.000 /нэг зуун дөчин есөн мянга / төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ********** тоот дансанд тус тус нөхөн төлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээ авсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*****т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9.Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ