| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/2253/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2618 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2618
2025 11 19 2025/ШЦТ/2618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Намжилын Н.С
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Н.С нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт Э.Э биед халдаж хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хамрын нуруу, хүзүүнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун шуунд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
мөн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 00 хорооны орчимд маргалдан “чи цаашаа яв” гэх шалтгааны улмаас хохирогч Г.Р-ийн хэвлий хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 000 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Н.С нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нь өөрийн үйлчлүүлэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.
Н.С нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт Э.Э биед халдаж хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хамрын нуруу, хүзүүнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун шуунд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
мөн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 00 хорооны 7 буудлын автобусны буудлын орчимд маргалдан “чи цаашаа яв” гэх шалтгааны улмаас хохирогч Г.Р-ийн хэвлий хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би өдрийн 11 цагийн үед гэрээсээ гараад найз Гантүшигтэй хамт 200 граммын архийг хувааж уугаад салсан. Би 7 буудал орох санаатай явж байсан юм. Тухайн үед би замынхаа хойд талаар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр талаар явж байхад миний урд талд Н.С ганцаараа алхаад явж байхаар нь би ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр хажуу талаар нь зөрөөд гарахад Н.С надад хандаж "чи намайг юу гэнэ ээ? писдаа гэлээ" гээд над руу шууд дайраад хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд хүзүүг зүсээд, хамрыг зүсээд түлхэж унагаачихаад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд миний хүзүүнээс цус гараад байхаар нь хүзүүгээ дараад байж байхад хоёр цагдаа ирээд надад түргэн дуудаж, өгөөд түргэний эмчид үзүүлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
- Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай дүү Э.Э нь хүнд хутгалуулчихсан гээд ороод ирсэн. Би юу болсон талаар асуутал 7 буудал дээр хутгалуулсан. Тахир дутуу Н.С гэх хүнд хутгалуулсан гэж хэлсэн. Манай дүүгийн зүүн талын хүзүү хэсэгт 2 удаа зүсүүлсэн байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 10831 дугаартай шинжээчийн: “... Э.Э биед хамрын нуруу, хүзүүнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун шуунд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлага 48,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс Амбулаторийн тусламж 35,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс Амбулаторийн тусламж 15,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс Амбулаторийн тусламж 40,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс Амбулаторийн тусламж 60,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс Амбулаторийн тусламж 39,900 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,
- Хохирогч Г.Р мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би ********** байдаг хамаатныхаа хүний гэрлүү ганцаараа алхаад явж байсан юм. Тэгээд Чингэлтэй дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэр, долоо болон зургаан буудлын завсар байдаг сааданд үл таних эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамт юм яриад сууж байсан. Тухайн эрэгтэй, эмэгтэй хүмүүс архи ууж байсан ба надад архи хийж өгсөн боловч би өөрөө угаагүй юм. Тэгээд бид гурав сууж байхад зүс таньдаг /долоон буудал орчимоор яваад байдаг залуу/ ирээд “ууж байгаа архинаасаа хийгээд өгөөч” гэхэд надтай хамт байсан эрэгтэй "чи цаашаа яв" гэж хэлэхэд тухайн залуу хаанаас ч юм хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд хэвлийн баруун хэсэгт хоёр удаа хатгахад миний хэвлийд зүсэгдээд, цус гараад байсан. Тухайн үед намайг хоёр удаа хатгачихаад яваад өгсөн ба би хамаатныхаа дүү болох Хорлоод хэлж түргэн дуудуулаад, госпиталд очиж үзүүлэн хэвлийдээ хоёр оёдол тавиулж, эмнэлэгт долоо хоног хэвтэж байгаад гарсан юм...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар тал/,
- Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өглөө 08 цагийн үед би Н.С, М, О, Ч, С, Б нарын хамт хуванцар савтай 0.75 литрийн “Чанар” гэх нэртэй архи 1 шилийг уусан тэгээд цаашаа 10 цагийн үед бид салж явсан. Н.С бид 2 хамт явсан бөгөөд “Бүрэн плаза” ороод арын хогийн функерын хажууд 0.5 литрийн “Чанар” гэх нэртэй архи хувааж уусан. Тэндээс гарч ирээд Н.С би С гэх эмэгтэйн гэрлүү явлаа гэж хэлээд явсан. Н.С цэнхэр өнгийн жинсэн өмдний урд талын баруун халаасандаа урт эвэр шиг иштэй нэлээн урт хутга халааслаад яваад байсан юм. “Наад хутгаараа яах гээд байгаа юм бэ?” гэхэд “байж байг” гэж хэлсэн...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дугаар тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 65-68 дугаар тал/
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 11799 дугаартай: "...Г.Р-ийн биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/
Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Намайг дээрэлхээд байсан болохоор л тийм зүйл болсон...” гэх, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.С нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00хорооны нутаг дэвсгэрт Э.Э-ийн биед халдаж хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хамрын нуруу, хүзүүнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун шуунд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
мөн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 00 хорооны 7 буудлын автобусны буудлын орчимд маргалдан “чи цаашаа яв” гэх шалтгааны улмаас хохирогч Г.Р-ийн хэвлий хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол тус тус учруулсныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.
Учир нь хуулиар “хоёр, түүнээс олон хүнийг” гэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байхаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгоно.
Иймд шүүгдэгч Н.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.С-аас 237,900 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч Э.Э, Г.Р нар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тоооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.С-аас 237,900 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай.
5. Хохирогч Э.Э, Г.Р нар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД