| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/03235/И |
| Дугаар | 101/ШШ2023/03556 |
| Огноо | 2023-07-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2023/03556
| 2023 07 27 | 101/ШШ2023/03556 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух О.Д /Регистрийн дугаар ххххххххх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот,хххххххххххх хаягт оршин суух Д.Б /Регистрийн дугаар хххххххххх/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,380,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагчид 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 650,000 төгрөг дансаар, 150,000 төгрөг бэлнээр, 11 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг дансаар, 80,000 төгрөг бэлнээр, нийт 1,380,000 төгрөгийг амаар тохирч зээлсэн болно. Түүнд мөнгөө дансаар шилжүүлсэн бөгөөд түүний хүсэлтийн дагуу машины зээл авах гэж байгаа тул цалин гэж шилжүүлж өгнө үү гэсний дагуу түүний данс руу шилжүүлсэн болно. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй бөгөөд өгч чадахгүй шүүхэд хандаад ав гэх болсон. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний дагуу 1,380,000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үүгэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад бичгээр хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банкны 2021.10.25, 2021.11.14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, О.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Д.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,380,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүгчийн захирамжаар 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлснийг хариуцагч хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ххххххххххдугаар захирамжийн дагуу хариуцагчийг албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчид гардуулан, хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчтай амаар тохирсны дагуу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 650,000 төгрөг дансаар, 150,000 төгрөг бэлнээр, 11 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг дансаар, 80,000 төгрөг бэлнээр амаар тохирч зээлсэн гэсэн үндэслэлээр нийт 1,380,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
6. ХААН банкны хххххххх дугаартай данснаас нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Д.Бгийн ххххххххххх дугаартай данс руу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 650,000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 11 дүгээр сарын 14-ний өдөр 80,000 төгрөг тус тус бэлнээр өгсөн гэх тайлбарыг гаргаж шаардаж байх ба хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгийг бэлнээр болон дансаар авсан эсэх асуудлаар маргаж мэтгэлцээгүй.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх ба хуульд зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлага тавигдах бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас өгсөн мөнгийг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцэж байх тул зээлдүүлэгч О.Д нь зээлдэгч Д.Бгаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
8. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээл, зээлийн төлөлт болон зээлийн үлдэгдэл төлбөрийн мөнгөн дүнгийн асуудлаар тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж баримт ирүүлээгүй.
9. Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн хариуцагч Д.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 1,380,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Дд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
11. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 1,380,000 /нэг сая гурван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Дд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР