Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1321

 

Ш.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/01387 дугаар шийдвэртэй, Ш.Т-гийн нэхэмжлэлтэй, Ц.О-т холбогдох, барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Т-, хариуцагч Ц.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие улсын бүртгэлийн Ү-2206018309 дугаартай, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 5 дугаар гудамж, 65 тоот хаягт байрлах, 28 метр квадрат талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлалтай улсын бүртгэлийн Г-2206005237 дугаартай, 678 метр квадрат талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч юм. Төрсөн эгч Ш.С- нь надад мэдэгдэлгүйгээр миний бичиг баримтыг ашиглан 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр О.Г-аас 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн газарт барьцаалбараар бүртгүүлсэн байна.

Үүнийг би 2017 оны 8 дугаар сард мэдсэн даруйдаа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан. Нотариатч Ц.О- нь дээрх барьцааны гэрээг батлахдаа намайг оролцуулалгүй гарын үсэг хуурамчаар зуруулж, Иргэний хууль, Нотариатын тухай хуулийг зөрчсөн үйлдэл хийсэн байна. Иймд миний гарын үсгийг хуурамчаар зурж хийсэн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                              

Хариуцагч тал тайлбартаа: Иргэн Ш.Т-, О.Г-, Ш.С- нар нь 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвд байрлах миний ажлын байранд ирж зээлийн гэрээ, барьцааны гэрээ, улсын бүртгэлд барьцааны гэрээг бүртгүүлэх Ш.Т-гаас Ш.С-д олгосон итгэмжлэлийг тус тус гэрчлүүлсэн. Ш.Т- нь өөрийн биеэр нотариатын ажлын байранд ирж үйлчилгээ авсан нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гэрээний бүртгэлийн дэвтэр, мөн тухайн өдрийн 397 дугаар итгэмжлэл, итгэмжлэлийн бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг, үйлчлүүлэгчдийн хувийн байдлыг тогтоосон иргэний баримт бичгийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ш.Т- нь тухайн үед өөрөө ирээгүй, огт мэдээгүй мэтээр худал ярьж байгаа болон 2017 оны 8 дугаар сард анх мэдсэн гэдэг нь худал. Энэ нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр миний ажлын байранд ирж архивын баримтын хуулбар авч явсан бүртгэл хийсэн дэвтрээр нотлогдоно. Ш.Т- нь өөрийн биеэр барьцааны гэрээнд гарын үсэг зурсан ба ажилтай амжихгүй учир эгчдээ барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх итгэмжлэл өгье гээд итгэмжлэл өгч байсан. Иймд нэхэмжлэгч Ш.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гээд, Сонгинохайрхан дүүргийн нотариатч Ц.О-ийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй тооцуулах тухай Ш.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох барьцааны гэрээг баталсан үеийн нотариатчийн бүртгэлийн дэвтэр, түүний хуулбарыг улсын төв архиваас авсан боловч энэхүү баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, барьцааны гэрээний бүртгэлтэй холбоотой биш харин итгэмжлэл гэсэн бүртгэлийн бичилттэй хэсгийг ирүүлсэн байхад үнэлж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн эрхийг бүрэн хангаагүй, дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх эрхийг олгоогүй. Шүүхийн шинжилгээний харьцуулсан дүгнэлтэд 2 өөр зүйл харьцуулан шинжилгээ хийх ёстой байтал нэг эх баримтад 2 өөр шинжилгээ хийсэн мэтээр бичиж ирүүлснийг анхан шатны шүүх ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хариуцагч тал 2 өөр гарын үсэг бүхий огноо, дугаар ижил итгэмжлэлийг тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар гаргаж өгсөн. Эдгээр итгэмжлэл бүхий баримтуудыг нэхэмжлэгч тал мэдэхгүй огт гарын үсэг зураагүй, гарын үсэг зурж эрхийг олгоогүй гэж харилцан мэтгэлцэж байхад шүүх эдгээр баримтад ямар нэг дүгнэлт хийлгүй буруу үнэлж шийдвэрлэсэн. Үүнээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Т- нь хариуцагч Ц.О-т холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Ш.Т-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 5 дугаар гудамж, 65 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206018309 дугаартай, 28 метр квадрат талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2206005237 дугаартай, 678 метр квадрат талбайтай газрыг барьцаалахаар 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн О.Г-, Ш.Т- нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгчийнх мөн эсэх талаар зохигчид маргасан байна.

 

Хариуцагч Ц.О- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэл, мөн тэдгээрийг бүртгэсэн бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн бичиг баримтын хуулбар, орчуулгын бүртгэлийн дэвтрийн 1782 дугаарт зурагдсан гарын үсгийн загварууд нь нэхэмжлэгч Ш.Т-гийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгож, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай...” хүсэлт /хх30/-ийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2019/02978 дугаар захирамжаар О.Г-, Ш.С-, Ш.Т- нарын хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, О.Г- Ш.Т- нарын хооронд мөн өдөр байгуулсан барьцааны гэрээ, нотариатын бүртгэлийн дэвтэрт 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 667, 397 дугаарт зурсан гарын үсэг, Ш.Т-гаас Ш.С-д 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлд зурсан гарын үсэг нь Ш.Т-гийн гарын үсгийн хэв загвартай таарч байгаа эсэхэд шинжилгээ хийлгэхээр хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авсан, харин нотариатын бүртгэлийн дэвтэрт 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1782 дугаарт зурагдсан гарын үсгийг шинжлүүлэх нь маргааны зүйлд хамааралгүй гэж үзээд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна.  /хх32-33/

 

Дээрх захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1686 дугаар дүгнэлт гарсан байх боловч үүнийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж, “...2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 397 тоот итгэмжлэл нь эгч Ш.С-гаас гарч ирсэн, намайг мэдээгүй буюу байхгүй байхад миний гарын үсгийг  хуурамчаар үйлдэж хийсэн дээрх итгэмжлэл дээр шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, энэ итгэмжлэлийн эх хувь нь цэнхэр өнгийн балаар гарын үсэг зурж үйлдсэн, харин 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эгч Ш.С-гийн гуйлтаар О.Г-т хашаа байшинг барьцаалахыг зөвшөөрч барьцааны гэрээ хийж нотариатчаар гэрчлүүлсэн ба энэ нь миний гарын үсэг юм. Иймд уг гэрээнд зурагдсан гарын үсэгт шинжээч томилж, дүгнэлт гаргуулна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргаж буй дээрх  хүсэлт /хх64/ нь өөр гэрээнд зурагдсан гарын үсгийг маргаан бүхий итгэмжлэлд зурагдсан гарын үсэгтэй харьцуулах байдлаар шинжилгээг дахин хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан захирамж /хх65/ гаргасан байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах барьцааны гэрээтэй холбоотой итгэмжлэлийг олгоогүй гэж маргаж буй тохиолдолд түүний гарын үсэг зураагүй гэх баримтуудыг өөр бусад гарын үсгийн загвартай харьцуулан шинжилгээ хийх боломжтойг шүүх анхаарч үзээгүй нь учир дутагдалтай болжээ.  

 

Зүй нь, маргааны зүйл болж буй 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлд зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсгийн хэв загвартай тохирч байгаа эсэхэд дахин шинжилгээ хийх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дах хэсэгт заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах зүйлийн талаарх нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх ажиллагаа бүрэн хийгдээгүй, үүний улмаас хэргийн үйл баримтыг нарийвчлан, зөв тогтоогоогүй гэж үзэхээр байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, улмаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргаан, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос зарим хэсгийг нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/01387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Т- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН

 

   Т.ТУЯА