Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр

Хохирогч Б.Эрдэнэбаяр

Шүүгдэгч Д.Наранбат нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Дондогжавын Наранбатад холбогдох эрүүгийн 1719000000020 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өртөөний жижүүр мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 154-66 тоотод оршин суух, Сайншанд өртөөнд туслах найруулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Дондогжавын Наранбат /ЕЙ74102912/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Наранбат нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт иргэн Б.Эрдэнэбаярыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Наранбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 08 сарын 05-ны орой найз Доржготов хүрээд ир гээд 0,5 литрийн архи аваад очсон. Тэр архиа уугаад гарсан чинь халаасан дахь утас байхгүй эргэж ороод Готовын утаснаас залгахад миний утас холбогдох боломжгүй гэхээр нь Эрдэнэбаяртай маргаад түүнийг архины шилээр толгой руу цохиж, бас нүүр лүү нь цохиж биед гэмтэл учруулсан нь үнэн” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Готов ахтай Их соёнгийн тэнд таараад Готов ах нилээн согтуу явж байгаад ажил дээр орж ууя гээд явсан. Наранбат ахыг дуудсан, Наранбат ах гаднаас орж ирэхдээ согтуу байсан ба эхлээд нилээн том орж ирсэн. Архиа ууж дуусаад Наранбат утас алга боллоо гээд эхлээд нүүрэн тус газар цохиод би яаж байгаа юм бэ гээд дээшээ харсан чинь толгойны ар дагз руу цохисон. Би цаашид эмчилгээ хийлгэх учраас эмчилгээний зардалд 2 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоохондоо нотлох баримт байхгүй дараа нь цуглуулж өгч болно” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Наранбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 сарын 05-ны өдөр найз Доржготовтой 1 том пиво уугаад салцгаасан. Гэртээ ирээд байж байтал манай найз Готов залгаад ганц юм аваад хүрээд ир гэсэн. Би Оргил худалдааны төвөөс 0,5 литрийн экс нэртэй архи аваад Шинэ зуун үйлчилгээний төв дээр ирсэн. Б.Эрдэнэбаяр, Готовтой бас нэг танихгүй залуутай сууж байсан. Тэр архийж ууж байхад хамт байж байсан залуу яваад Готов, Эрдэнэбаяр бид 3 үлдсэн юм. Архиа ууж дуусчихаад би гараад кармаандаа гараа үзсэн чинь миний утас байхгүй байсан. Эргээд ороод миний утас байхгүй байна гэж хэлээд Готовоо чи залгаад үздээ гээд залгуултал холбогдох боломжгүй байсан. Хэн авах юм бэ хурдан гаргаад өг гэж Эрдэнэбаярт хэлсэн тэр үед Эрдэнэбаяр би аваагүй гэж хэлсэн. Чамаас өөр хэн авах юм бэ гээд уусан архины шилээрээ толгойны зүүн хэсэгт цохисон” гэсэн мэдүүлэг /хх-16/,  

Хохирогч Д.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ” ... Готов ах нилээн халамцуу архи ууя гээд ажил руу нь орсон. Тэгээд нэг найз 1 шил архи авч орж ирсэн. Тэр архиа хамт ууж дууссан надруу тэр ах томроод миний нүүр лүү цохисон миний зүүж явсан шил хагарч миний нүүрийг зүссэн. Цусаа гоожуулаад сууж байсан чинь тэр ах архины шилээр миний толгой руу цохисон” гэсэн мэдүүлэг /хх 4/,

Гэрч Э.Доржготовын мөрдөн байцаалтанд өгсөн: “... бид гурав архиа ууж дуусчихаад Наранбат явлаа гээд гарсан удалгүй утас алга болсон байна гээд ороод ирсэн. Манай найз Эрдэнэбаярыг чи авсан биз дээ гээд хоорондоо маргалдсан. Наранбат уусан архины шилээ аваад Эрдэнэбаярын толгой руу цохисон” гэсэн мэдүүлэг /хх 6/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.09-ний өдрийн 265 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-8/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэргийг шинжлэн судлав.

         

          Шүүгдэгч Д.Наранбат нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт иргэн Б.Эрдэнэбаярыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай,  улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Наранбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Эрдэнэбаяртай маргаад түүнийг архины шилээр толгой руу цохиж, бас нүүр лүү нь цохиж биед гэмтэл учруулсан нь үнэн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Наранбат утас алга боллоо гээд эхлээд нүүрэн тус газар цохиод би яаж байгаа юм бэ гээд дээшээ харсан чинь толгойны ар дагз руу цохисон ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Доржготовын мөрдөн байцаалтанд өгсөн ... Наранбат уусан архины шилээ аваад Эрдэнэбаярын толгой руу цохисон ...  гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.09-ний өдрийн 265 дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Д.Наранбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Эрдэнэбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт цаашид гарах эмчилгээний зардал 2 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч  нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учир шүүх хохирогчийн нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон ба хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэгт иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Наранбат нь хохирогч Д.Эрдэнэбаяртай эвлэрсэн болохоо талууд шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Дондогжавын Наранбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Д.Наранбатыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 460000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Наранбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Эрдэнэбаярын нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Д.Наранбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД