Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/771

 

 

Г.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхбат,

            шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1905 04807 1303 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

....................., 19.......... оны .......... дугаар сарын ..................-ний өдөр Булган аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг, Шандын 61 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................../,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

1. Г.Н нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1151 тоотод “Хууль сахиулахын Их сургуульд хүүхдийг нь оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг бий болгон хохирогч М.Дэмбэрэлсүрэнг төөрөгдөлд оруулж, 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Урт цагаан орчим “Хүү болох Э.Улсболдыг нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Б.Наранчимэгийг төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5270442057 дугаартай дансаар 460.000 төгрөг, 5058424664 дугаартай дансаар 500.000 төгрөг, нийт 960.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Алтан жолоо” группийн гадна “Захирлын жолоочоор ажилд авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Л.Амгаланг төөрөгдөлд оруулж, 7.480.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багт амьдардаг Жалы гэх бөө хүнд үзүүлж үр, хүүхэдтэй болгож өгнө” хэмээн хуурч, сүсэг бишрэлийг далимдуулах замаар, мөн “түрээсийн орон сууцанд хамруулна, жолооны үнэмлэхийн ангилал даруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Ж.Янжмааг төөрөгдөлд оруулж, 27.604.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. Гэр бүлээр нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө, түрээсийн орон сууцанд хамруулна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Мөнхбатыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний амын 5-528 тоотоос 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн С.Ундармаагийн Хаан банкан дахь 5334023591 дугаарын дансаар дамжуулан 2.200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн И.Дуламсүрэнгийн Хаан банк дахь 5329032489 дугаарын дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Ууганжаргалын Хаан банк дахь 5001308712 дугаарын дансаар дамжуулан 2.500.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансарын тунелийн зүүн талд байрлах Хаан банкнаас иргэн Ч.Мөнх-Эрдэнийн 5013124663 дугаартай дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний амын 5-528 тоотоос 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн И.Дуламсүрэнгийн Хаан банкан дахь 5329032489 дугаарын дансаар дамжуулан 1.600.000 төгрөг, нийт 16.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцаа мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Мөнх-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, 7.690.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.Хишигдоржийг төөрөгдөлд оруулж, иргэн Г.Мөнхжингийн Хаан банк дахь 5420349413 дугаарын дансаар дамжуулан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5.740.000 төгрөг, нийт 8.740.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай, Олон Улсын жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч У.Тэлмүүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.Мөнхжолоогийн Хаан банк дахь 5420349413 дугаарын дансаар дамжуулан 550.000 төгрөг, нийт 8.761.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2019 оны 12 дугаар сарын 30-ын өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” хотхоны 14 дүгээр байрны 32 тоотод “Бэрэн” группэд ерөнхий захирлын жолоочоор ажилд авна, барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй” гэж зар байршуулж хохирогч Б.Нямбадрахыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 8.200.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,

10. “Үнэгүй.мн” сайтад “...барьцаатай жолооч ажилд авна. Хангамж сайн, орон сууцаар хангана” гэсэн зарж тавьж, зохиомол байдлыг зоруудаар бий болгох замаар хохирогч Р.Оргилыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлах Хаан банкны салбараас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г.Мөнхжингоо гэх хүний Хаан банкан дахь 5420349413 тоот дансаар дамжуулан 8.190.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Саппорагийн үйлчилгээний төвийн автобусны буудлын баруун хойд талд байрлах Хаан банкны урд талын автомашины ил зогсоол дээр “түрээсийн байранд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч С.Батчулууныг төөрөгдөлд оруулж, 6.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

12. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Батзоригийг төөрөгдөлд оруулж 3.000 ам.доллар буюу 8.207.640 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

13. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Батжаргалыг төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Макс молл” худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Г.Мөнхжолоогийн 5420349413 дугаарын дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Гантулгыг алтны уурхайн захирлын жолоочоор ажилд орлуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 1.272.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний 19-ний өдрийн хооронд Хаан банкны 5062161914, 5131082682, 5077439769 тоот дансуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

15. 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Алтны уурхайд ажилд оруулна, мэргэшсэн үнэмлэх авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч З.Лхамыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16 дугаар гудамжны 310 тоотоос мобайл банкаар шилжүүлсэн 770.000 төгрөгийг залилсан,

16. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Батнасанг “Алтны уурхайд захирлын жолоочоор ажилд авна, Мэргэшсэн жолоочийн ангилал даруулна, хувцасны мөнгө шилжүүлэх шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.Отгонбаярын Хаан банкан дахь 5131082682 дугаарын дансаар дамжуулан 280.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэн О.Бархасбаярын Хаан банкан дахь 5077439769 дугаарын дансаар дамжуулан 91.500 төгрөг, нийт 371.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

17. “Үнэгүй.мн” сайтад “Уурхайд жолооч авна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу 94652876 дугаарт холбогдсон хохирогч Д.Тогтохбаатарт “Захирлын жолоочоор авна, В ангиллын мэргэшсэн үнэмлэхтэй байх ёстой” гэж итгүүлэн, улмаар 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 58-16 тоотод байхад нь Хаан банкны 5030337920 дугаартай иргэн О.Бархасбаярын эзэмшлийн данс руу 280.000 төгрөг, Хаан банкны 5131082682 дугаартай иргэн А.Отгонбаярын эзэмшлийн данс руу 84.000 төгрөг тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 364.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Сүхтөмөрийг “Өөрийг нь болон хүүхдийг нь захирлын жолоочоор ажилд авна, мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 8.650.000 төгрөгийг Хаан банкны 5077439769, 549561777 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

19. “Алтны уурхайн захирлын жолоочоор ажилд авна, В, С ангиллын мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргуулна. Ажлын хувцасны мөнгө төлөх хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Ч.Мэндбаярыг төөрөгдөлд оруулан 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 7 буудлын АТМ-ээс шилжүүлсэн 350.000 төгрөг, Улсын их дэлгүүрийн авто зогсоол дээр бэлнээр өгсөн 192.000 төгрөгийг залилж, нийт 542.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэт” худалдааны төвд “51-78 УНР” улсын дугаартай “Тоёота хариер” маркийн тээврийн хэрэгсэл худалдана” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Гэрэлчулууныг төөрөгдөлд оруулж, иргэн О.Бархасбаярын Хаан банкан дахь 5077439769 дугаарын дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

21. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилл сайд” хотхоны 9а байрны 111 тоотод хохирогч Т.Батбуянд өөрийгөө Цолмон гэж танилцуулан Оюутолгой компанид орчуулагч хийдэг манай компани хэдэн акталсан ланд 200 маркийн автомашинууд байгаа би тэрийг худалдан авч зарах гэж байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.860.000 төгрөгийг бэлнээр, 224.000 төгрөгийн үнэ бүхий “Оппо А3” загварын гар утсыг залилан авч нийт 4.084.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 18-наас 21-ний өдрийн хооронд Хөвсгөлийн бөөгөөр салсан нөхрийг нь гэрт нь авч ирүүлнэ хэмээн хуурч, сүсэг бишрэлийг далимдуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд орлуулан хохирогч Ц.Баяртунгалагаас нийт 650.000 төгрөг, 650.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг монетон бөгж, “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө хэмээн 350.000 төгрөгийг тус тус залилан авч, түүнд нийт 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Энхтөгсийг “Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө, Хувцасны мөнгө шилжүүлэх шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Т.Батбуянгийн Хаан банкан дахь 5077407602 дугаарын дансаар дамжуулан 640.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 296.000 төгрөг, нийт 936.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

24. “Үнэгүй.мн” зарын сайт дээр “алтны уурхайн захирлын жолооч ажилд авна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон хохирогч С.Дэлгэрбаярыг “В, С” ангиллын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн мөнгө болох 770.000 төгрөг төлөх шаардлагатай гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Булгийн 19-264 тоотоос 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 100.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 400.000 төгрөгийг О.Бархасбаярын Хаан банк дахь 5077439776 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 500.000 төгрөг залилан авсан,

25. 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 6-ны өдрийн хооронд цахим орчинд “ажилд авна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.Анхбаярыг ажилд авах гэж буй дүр үзүүлэн төөрөгдөлд оруулж, бусдын Хаан банкны дансаар нийт 735.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

26. 2020 оны 11 дүгээр сарын 8-наас 9-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсэлж байсан байрны эзэн болох иргэн С.Наранчимэгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Содон Бөмбөгөр” худалдааны төвд байхад нь “шинэ машин авсан, даатгал хийх гэсэн мөнгө хэрэгтэй байна, зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж, 1.050.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ныг “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ныг 5 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Нд оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нын урьд цагдан хоригдсон 157 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Наас нийт 139.283.140 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Янжмаад 27.604.000 төгрөг, хохирогч Б.Мөнх-Эрдэнэд 6.590.000 төгрөг, хохирогч Б.Гэрэлчулуунд 10.000.000 төгрөг, хохирогч Б.Батжаргалд 3.900.000 төгрөг, хохирогч Л.Амгаланд 7.480.000 төгрөг, хохирогч М.Дэмбэрэлсүрэнд 3.000.000 төгрөг, хохирогч Х.Мөнхбатад 16.300.000 төгрөг, хохирогч Ц.Хишигдоржид  7.640.000 төгрөг, хохирогч С.Батзоригт 7.107.640 төгрөг, хохирогч У.Тэлмүүнд 7.661.000 төгрөг, хохирогч З.Лхамд 770.000 төгрөг, хохирогч Ч.Мэндбаярт 542.000 төгрөг, хохирогч С.Батчулуунд 6.500.000 төгрөг, хохирогч Б.Наранчимэгт 960.000 төгрөг, хохирогч Б.Нямбадрахад 7.100.000 төгрөг, хохирогч Г.Гантулгад 1.272.000 төгрөг, хохирогч Р.Оргилд 7.090.000 төгрөг, хохирогч Ц.Батнасанд  371.500 төгрөг, хохирогч Н.Сүхтөмөрт 8.650.000 төгрөг, хохирогч Д.Тогтохбаатарт 364.000 төгрөг, Т.Батбуянд 3.860.000 төгрөг, Ц.Баяртунгалагт 1.300.000 төгрөг, хохирогч Ц.Энхтөгсөд 936.000 төгрөг, хохирогч С.Дэлгэрбаярт 500.000 төгрөг, хохирогч Б.Анхбаярт 735.000 төгрөг, хохирогч С.Наранчимэгт 1.050.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 2009003201308, 2006022641309, 2005003701311, 1906013381312, 1805054951310, 2009003461339, 2009003211338, 2009003191341, 2009003181310, 2010009250889, 2011010250927, 2008005941292, 1911010380931, 2009000001277, 2006022632381, 2010002100824, 2006022801489, 2005017871376, 2008018831528, 2105000000052, 2005027170071, 2105000000050, 2008019600023, 2109000340154, 2011019360046 тоот хэргүүдийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн гэм буруугийн хурал болох үед миний өмгөөлөгч А.Энхбуйр давхцсан хуралтай байсан учир хуралд ороцлох боломжгүйгээ илэрхийлсээр байхад хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээр минь хангалгүй шүүх хурлыг хийж эцэслэн шийдвэрлэсэн. Мөн өөр гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагаа мэдэгдэж хэргээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч нотлох баримтгүй гэх шалтгаанаар хүсэлтийг минь хүлээн аваагүй. Би 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс хойш цагдан хоригдож байсан учир нотлох баримт авч ирэх боломжгүй байсан. Миний өмгөөлөгч А.Энхбуйрт нотлох баримтууд байсан. Мөн миний бие Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр 2 хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтанд байсан. Яллагдагчаар татсан тогтоол, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолуудыг өмгөөлөгч хэлж авахуулсан бөгөөд миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж хэргүүдийг нэмж нэгтгэн мөрдөн байцаалтанд буцаан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хурал дээр цагдан хоригдож байсан тул тогтоолуудыг авч чадаагүй. Иймд миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Нын өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хэрэг нь хянагдаж байгаа. Уг хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна. Гэм буруугийн талаар маргаагүй боловч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үүнийгээ илэрхийлж нотлох баримтаа хавсаргаж өгч чадаагүй. Иймд хэргийг нэгтгэж шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан.” гэв.

Прокурор Н.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэргийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан талаарх хүсэлт ирүүлээгүй. Шүүгдэгч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар тайлбар гаргасны үндсэн дээр анхан шатны шүүх хуралдаан явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд явуулж болохооргүй үндэслэл байгаагүй. Шүүх хуралдааны үеэр өөр гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан болон эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч өөр хэрэгт шалгагдаж байгаа эсэх талаар албан бичгүүдийг явуулсан, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа өөр хэрэг байгаагүй учраас хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж болохоор зааж өгсөн. Шүүгдэгчийг Архангай аймгийн сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаатай ял тэнссэн. Энэ хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Шийтгэх тогтоолд нь өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэл тогтоогдлоо.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ныг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 26 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгэжээ.

Гэвч шүүгдэгч Г.Н нь урьд мөн энэ төрлийн гэмт хэрэгт буюу бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзжээ.

Шүүгдэгч Г.Н нь дээрх хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэх асуудалд дүгнэлт өгөөгүй, Г.Нд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Түүнчлэн, Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Нын өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хууль зүйн туслалцаа авч байсан өмгөөлөгчөөсөө татгалзсан, өмгөөлөгч А.Энхбуйрын хамт оролцоно гэж хүсэлтээ илэрхийлсэн байхад өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэж, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хангаж ажиллаагүй, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, ...шударга шүүхээр шүүлгэх эрх...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөө сонгох...” эрхийг зөрчсөн ноцтой зөрчилд хамаарч байна.

Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Нд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа талаарх баримтуудыг тус шүүхэд ирүүлсэн байх бөгөөд энэ талаар дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэйг магадлалд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Нд холбогдох 1905 04807 1303 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ