Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0070/З |
Дугаар | 128/ШШ2023/0369 |
Огноо | 2023-04-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2023/0369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Сентрал азиа майнинг” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Энхзаяа,
Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газар,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Амгалан, Б.Мөнхбат, Ч.Эрхэмбаяр,
Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхбат,
Маргааны төрөл: “Сентрал азиа майнинг” ХХК-ийн эзэмшиж байсан XV-004838 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болгон бүртгэсэн нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Сентрал азиа майнинг” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газар болон “Сентрал азиа майнинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээг, “Сентрал азиа майнинг” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-004838 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг үндэслэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Залаагийн худаг” нэртэй газарт орших 1064 гектар талбайд ашигт малтмал хайх 4838Х дугаар тусгай зөвшөөрлийг “Мандтрейд” ХХК-д 3 жилийн хугацаагаар 2002 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгожээ.
Харин дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1194 дүгээр шийдвэрээр “Мандтрейд” ХХК-иас “Монголросцветмет” нэгдэлд шилжүүлж, 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1977 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр, 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 917 дугаар шийдвэрээр 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 159 дүгээр шийдвэрээр XV-004838 дугаар тусгай зөвшөөрлийг “Сентрал азиа майнинг” ХХК-д шилжүүлжээ.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тус ордын нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ХХ-18-02 дугаар дүгнэлтийн дагуу Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 450 дугаар тушаалаар ашигт малтмалын нөөцийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр “Сентрал азиа майнинг” ХХК-иас Ашигт малтмалын газрын даргад холбогдуулан гаргасан ““Сентрал азиа майнинг” ХХК-ийн XV-004838 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын өмнөх гэрээ байгуулахгүй байгаа Ашигт малтмалын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Ашигт малтмалын газрын даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг үндэслэн Ашигт малтмалын газар “Сентрал азиа майнинг” ХХК-тай ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болгохоор 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн АӨҮА-2013/46/154 дүгээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг байгуулан Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг бүртгэсэн байна.
Харин Ашигт малтмалын газрын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5-6342 дугаар албан бичгээр 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэмэлт, өөрчлөлт оруулах болсныг мэдэгдэж, улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болгохоор 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Ашигт малтмалын газрыг төлөөлж Уул уурхайн хэлтсийн дарга, “Сентрал азиа майнинг” ХХК-ийн захирал нар гарын үсэг зурсан байна.
3. “Сентрал азиа майнинг” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргахад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10/94 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болгосныг бүртгэсэн тул шүүхэд хандах талаар хариуг хүргүүлжээ.
Улмаар 22023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“1/ Нэхэмжлэгчийн зүгээс дараахь үндэслэлээр АӨҮА-2013/46/154 тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг илт хууль бус захиргааны гэрээ гэж үзэж байгаа болно.
Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заасны дагуу захиргааны гэрээний үндсэн ойлголт, шинжийг тусгасан байх бөгөөд "Сентрал азиа майнинг” ХХК Ашигт малтмалын газартай байгуулсан АӨҮА-2013/46/154 тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ нь захиргааны гэрээний ойлголтод хамаарахаар байна.
Тодруулбал, “Сентрал азиа майнинг” ХХК болон Ашигт малтмалын газрын хооронд байгуулагдсан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ нь доорхи байдлаар захиргааны гэрээний үндсэн шинж нь хангагдсан байна. Үүнд:
Захиргааны гэрээг байгуулж буй гэрээний 1 тал нь захиргааны байгууллага байх шаардлагатай ба “Сентрал азиа майнинг” ХХК-тай гэрээ байгуулсан Ашигт малтмалын газар /тухайн үеийн нэршлээр/ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагад хамаарахаар байна. Мөн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн" гэж заасны Монгол Улсын Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар нь төрийн захиргааны байгууллага гэх тодорхойлолтод хамаарч байна.
Захиргааны гэрээний зүйл нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагддаг бөгөөд Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Сентрал азиа майнинг” ХХК-тай байгуулсан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ нь нийтийн эрх зүйн хүрээнд байгуулагдсан байх шаардлагыг хангаж байна.
Гэрээний зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд байдаг тул захиргааны байгууллага нь гэрээ байгуулахдаа зөвхөн өөрт хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд гаргасан байдгаараа онцлогтой бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан эрхийг төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаагаараа иргэний эрх зүйн гэрээнээс ялгаатай болно.
Захиргааны ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д "Захиргааны гэрээг бичгээр байгуулна” гэж заасны дагуу "Сентрал азиа майнинг” ХХК нь Ашигт малтмалын газар /тухайн үеийн нэршил/-тай АӨҮА-2013/46/154 тоот гэрээг болон түүний нэмэлт, өөрчлөлтийг бичгээр байгуулсан байна. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно”, 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж заасны дагуу гэрээ байгуулсанд тооцох хуульд заасан шаардлагыг хангасан болно.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Ашигт малтмалын газар /тухайн үеийн нэршил/ болон “Сентрал азиа майнинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн АӨҮА-2013/46/154 тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан захиргааны гэрээний үндсэн шинжийг агуулж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар 23.1-д "Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ”, 23.2-т “Ашигт малтмалын ордыг ашиглаж эхлэх буюу уурхай байгуулж эхлэх хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна", 23.3-т "Ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулна", 23.4-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23.2-т заасан хугацаанд мөн хуулийн 32.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилийн төлбөр төлнө” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Залаагийн худгийн төмрийн хүдрийн ордын талбайн ашигт малтмалын хайгуулын XV-004838 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болох талаар эрхзүйн үндэслэлгүйгээр дахин тогтоон, мөн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллах талаар тусгаж өгсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд 55.1-д "Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна", 55.1.1-д "захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, 55.1.4-д захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан”, 55.1.5-д "захиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан”, 55.1.6-д “захиргааны байгууллага гэрээний талуудаас хууль зөрчсөн зүйл шаардсан", 55.1.7-д “илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий” гэж заасан.
Гэтэл Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ашиглалтын өмнөх үйл ажиллагаатай холбоотой хуулийн зохицуулалтыг хүчингүй болсныг мэдсээр байж манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-004838 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болохоор нэмж оруулсан нь учир дутагдалтай байх бөгөөд хүчингүй болгосон хуулийн заалтын дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагаатай холбоотой гэрээний харилцааг үргэлжлүүлэн тооцсон нь уг гэрээг илт хууль бус болох үндэслэл болж байна.
Түүнчлэн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн даргад Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-11.1.12 дахь заалт, 23 дугаар зүйл /2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон зүйл/-ийн дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулах эрх хуулиар олгогдоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4 дэх заалтад заасан үндэслэлд хамаарна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
Захиргааны байгууллага нь захиргааны гэрээг байгуулахдаа зөвхөн өөрт хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нэг талын хүсэл зоригийн дагуу байгуулдаг бөгөөд манай компанид итгэл төрүүлэн хүчингүй болгосон хуулийн зохицуулалтыг баримтлан гэрээний харилцааг цааш үргэлжлүүлэн явуулсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчим хэрэглэгдэнэ гэж үзэж байна.
2/ Манай компанийн Ашигт малтмалын газартай байгуулсан АӨҮА-2013/46/154 тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд 2015 оны 01 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа "... XV-004838 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болох"-оор тусгасан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн бөгөөд түүнд үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл нь дараахь үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй", 47.2-т "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна", 47.3-т "Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус заасан байна.
Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь илт хууль бус захиргааны акт байтал түүнд үндэслэн манай компанийн хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь дээрх зохицуулалтын дагуу илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлд хамаарч байна.
Тодруулбал, Манай компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг илт хууль бус захиргааны гэрээгээр тогтоож, түүнд үндэслэн XV-004838 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.
Зүй нь хүчингүй болсон Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Ашигт малтмалын ордыг ашиглаж эхлэх буюу уурхай байгуулж эхлэх хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна" гэсэн зохицуулалттай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр мөн хугацаанд орсон өөрчлөлт болох 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтын дагуу манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-004838 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг үргэлжлүүлэн тооцож бүртгэх хууль зүйн үндэслэлтэй байсан болно.
Харин Ашигт малтмалын газартай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн "Сентрал азиа майнинг” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-004838 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоосноор манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрх нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтын дагуу нээгдэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх юм.
Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно, 53.1.1-д "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан", 53.1.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн”, 53.1.3-т "төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан" гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлд зөвхөн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцон үзэх үндсэн нөхцлийг заасаар байтал уг хуулийн зохицуулалтад нийцээгүй байдлаар буюу гэрээнд заасан гэрээний хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг тооцсоныг манай компаниас хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Мөн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулах хуулийн зохицуулалтыг хүчингүй болгосон хуулиар буюу 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу "Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтын "2" гэснийг "3" гэж” өөрчилсөн бөгөөд шинэ хуулийн зохицуулалтад нийцүүлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгаж шийдвэрлэх биш харин тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэж байгаа нь хариуцагчийг буруутгах гол үндэслэл болно.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн 4 болон 5 дүгээр зүйлд оруулсан хууль тогтоогчийн гол үзэл баримтлалын дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагааг зохицуулсан зохицуулалтыг хасч, харин эсрэгээрээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 9 жилийн хугацаатай байсныг 12 жилийн хугацаагаар тооцох боломжтой болгосон атал хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг үндэслэсэн нь учир дутагдалтай болжээ.
Өөрөөр хэлбэл, тухайн үед манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-004838 тоот тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болсон хэдий ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулахыг Ашигт малтмалын газарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн АӨҮА-2013/46/154 тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хүчин төгөлдөр хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дахин 3 жил сунгах боломж бололцоогоор хангасаар байтал Ашигт малтмалын газраас энэ асуудалд дутмагшилтай хандаж хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэлээ болгон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд нь манай компанийн зүгээс гомдолтой байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газар болон “Сентрал азиа майнинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээг болон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “Сентрал азиа майнинг” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-004838 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Манай компани 2011 оны 03 дугаар сард Залаагийн худаг нэртэй ордыг Монголросцветмет ХХК-иас худалдан авсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар 09 дүгээр сард манай лицензийг хүчингүй болгосон. Энэ 6 сарын хугацаанд эрэл хайгуулын ажлын тайлангаа нэгтгээд эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хянуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газартай ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах байсан бөгөөд хүсэлт өгсөн боловч шийдвэрлээгүй. Иймээс ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандаж байсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулж 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэлийг сэргээсэн. Ашигт малтмал, газрын тосны газар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү гэрээ нь захиргааны гэрээ мөн боловч илт хууль бус гэрээ болсон гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно гэж заасан байдаг. Захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна. Захиргааны гэрээ мөн гэж үзэх шаардлагуудыг ч хангасан. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах гэдэг нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээг байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчиж байна. Тус гэрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга н.Баттулга гарын үсэг зурсан. н.Баттулгад төрийн захиргааны байгууллагыг төлөөлөх, гарын үсэг зурах аливаа шийдвэр байхгүй. Энэ талаарх баримт хавтаст хэргийн 99 талд бий. 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын тушаалд шүүхийн журмаар үзлэг хийхэд гэрээ байгуулах эрхийг олгосон тушаал, шийдвэр байгаагүй. Нэмэлт өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болно гэж тогтоож өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газрын бүртгэл дээр үндэслэн дуусгавар болох хугацааг тогтоох байтал нэмэлт өөрчлөлтийн гэрээ гэж байгуулан хугацааны асуудлыг шийдвэрлэсэн.
2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.4, 55.1.5, 55.1.6, 55.1.7 д тус тус заасан заалтыг илтэд зөрчсөн хууль бус гэрээ болсон. Уг гэрээг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын лиценз хугацааг дуусгавар болгох бүртгэл хийгдсэн.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасан Захиргааны акт илт хууль бус болох нөхцөлийг бүрдүүлж байна. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10/1747 дугаар албан бичгээр тайлбар ирүүлэхдээ Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулснаар уг гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон тул Кадастрын бүртгэл, мэдээллийн системд 2 сараар тооцож бүртгэгдсэн гэсэн байна. Энэ нь захиргааны байгууллага илт бус гэрээнд үндэслэж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн ойлголт юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.3-д тус тус заасанчлан илт хууль бус гэрээний заалт дээр үндэслэж тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь илт хууль бус юм.
2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хүчингүй болсон хуулийн заалттай холбоотойгоор дагаж мөрдөх журамд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний дотор шинэчилсэн бүртгэл хийхийг төрийн захиргааны байгууллагад даалгасан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар шинэчилсэн бүртгэл хийхгүйгээр 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон зүйл заалтыг ашигласан. Ашиг малтмалын тухай хууль 21 дүгээр зүйлийн 21.1.5 дах заалтын дагуу шинэчилсэн бүртгэл хийж хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилээр 3 удаа сунгах байсныг Ашигт малтмал, газрын тосны газар зөрчсөн. Шинэчлэн бүртгэл хийх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байхад 20-ны өдөр манай компанитай гэрээ хийсэн.
Ашиг малтмалын тухай хуулийг илтэд буруу хэрэглэн манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Иймд Ашигт малтмалын тухай хуулиар эрх олгогдоогүй ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ болон түүнд үндэслэж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулнагэж заасан байдаг. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулж 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээнд өөрчлөлт орсон зохицуулалтаар ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээтэй холбоотой хугацааг 2013 оны 11-дүгээр сарын 13-ны өдрөөр буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байхад тогтоож байгаа нь учир дутагдалтай байна.
2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болох Ашигт малтмал, газрын тосны газар бичгээр хүлээж авсан бөгөөд энэ нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10/1747 тоот албан бичгээс тодорхой харагдаж байна. Уг албан бичигт Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн хугацаанаас гэрээний хугацаа тоолно гэж үзэхээр байна гэсэн нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох хуулийн зохицуулалт байдаг. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэх зохицуулалттай. Сентрал азиа майнинг ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-004838 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хамт хэрэгт авагдсан байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж заасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг тооцож жил бүрийн төлбөрийг бүрэн төлсөн. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-т аль нэг тал нь эрх зүйн чадамжгүй, 55.1.14-т төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тохиолдолд Захиргааны гэрээ илт хууль бусад тооцох хуулийн зохицуулалт байна.
Ашигт малтлагын тухай хуулийн нарийвчлан зохицуулалтаар ашигт малтлагын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаагаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс бол үзэж байна.
Мөн гэрээнд ордын туршилтын хугацааг 1 жил, ордыг ашиглах хугацааг 3 жил байхаар тусгасан. Гэтэл гэрээний хугацааг шууд 3 жилээр тооцсон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-т заасанчлан илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Акт болон гэрээний аль 1 хэсэг нь илт хууль бус болох нь тогтоогдвол захиргааны акттай бүхэлдээ илт хууль бус байна. Сентрал азиа майнинг ХХК-ийн XV-003848 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон нөхцөлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д хамаарахаар байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
7. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 482 дугаар шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газар, "Сентрал азиа майнинг” ХХК-тай ашигт малтмалын хайгуулын XВ-004838 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн AӨYA-2013/46/154 дүгээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулсан.
Тус гэрээнд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Уул уурхайн хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт оруулсан ба гэрээний 1-т Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Залаагийн худгийн төмрийн хүдрийн ордын талбайн 1063.94 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 4838X дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болохоор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
8. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мөн өдрөөр Ашигт малтмалын тухай хуульд 23 дугаар зүйл "Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа” гэсэн зүйл, заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан ба хуулийн 1 дүгээр зүйлд “...мөн өдрөөс хойш 6 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцож тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу төлбөр төлнө...” гэж зохицуулсан. Тус хуулийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулах байсан.
Кадастрын асуудал хариуцсан нэгжийн үйл ажиллагааны чиг үүргийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар зохицуулсан ба 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан "Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа” гэсэн зохицуулалтанд төрийн захиргааны байгууллагыг төлөөлж тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхгүй болно.
Харин ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээгээр тогтоосон тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Кадастрын бүртгэлийн систем /СМСS/-д Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу бүртгэл хөтөлж, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-004838 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болох талаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад бүртгэсэн.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3. 14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Кадастрын хэлтсийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбараа бичгээр өгсөн. Тусгай зөвшөөрлийг анх 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр олгосон бөгөөд Сентрал азиа майнинг ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 159 дүгээр шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлж эзэмшсэн байдаг.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Нөөц хүлээн авч, бүртгэх тухай 450 дугаар тушаалаар нөөцийг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулахыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж шийдвэрлэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал газрын тосны газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болгохоор гэрээ байгуулсан. Кадастрын асуудал хариуцсан нэгжийн үйл ажиллагааны чиг үүргийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар зохицуулсан ба 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмал тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан ашиглалтын өмнөх үйл ажиллагаа гэсэн зохицуулалтад төрийн захиргааны байгууллагыг төлөөлж тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхгүй гэж заасан байдаг.
Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 сарын 01-ний өдөр хуульд нэмэлт өөрчлөлт орж 23 дугаар зүйл бүхэлдээ хүчингүй болсон. Ашигт малтмал, газрын тосны газраас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцож тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу төлбөр төлнө гэж заасан. Тус хуулийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэрээ байгуулах ёстой байсан. Гэтэл 20 хоногийн дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан нь энэ хууль тогтоомжийг биелүүлээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнд ордын туршилтын хугацааг 1 жил, орд ашиглах хугацаа 3 жил байна гэж зааж өгсөн боловч гэрээ дуусгавар болох хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байна гэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл утга агуулгын зөрчилтэй гэрээ байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10/1747 дугаар албан бичгээр шүүхээс шаардсан тайлбар нотлох баримтуудыг хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрыг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг үүрэг болгон хуульчилсан. Ашигт малтмал газрын тосны газрын төлөөлөх эрх нь зөвхөн газрын даргад байдаг. Гэтэл гэрээнд Уул уурхайн хэлтсийн дарга нь төлөөлж гарын үсэг зурсан нь хууль бус гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 11.1.7-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу гэрээний дуусгавар болох хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэж бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь Кадастрын хэлтэс гэрээ байгуулаагүй. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ дуусгавар болсон мэдээллийг л мэдээллийн санд бүртгэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсаннчлан АӨҮА-2013/46/154 дүгээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг Ашигт малтмалын газартай тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.”Ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулна.” гэж заасны дагуу байгуулж, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж Ашигт малтмалын газрыг төлөөлж Уул уурхайн хэлтсийн дарга, “Сентрал азиа майнинг” ХХК-ийн захирал нар гарын үсэг зурсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.”Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 11.1.8.”уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлогыг хэрэгжүүлэх;”, 11.1.9.”уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, тухайн үед үүссэн нөхцөл байдалд үнэлэлт өгөх;”, 11.1.10.”уул уурхайн үйлдвэрлэлээс улс орны эдийн засаг, нийгмийн салбарт үзүүлж байгаа нөлөөллийг үнэлэх, дүгнэлт гаргах;”, 11.1.11.”уул уурхайн бүтээгдэхүүний үнийг судлах, эрэлт, хэрэгцээ, хэтийн төлвийг тодорхойлох;”, 11.1.12.”уул уурхайн үйлдвэрлэлийн тодорхой төслийг хэрэгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, хэрэгжүүлэх;”, 11.2.”Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 – 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 – 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ.” гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх нэгжүүдийн хамт нарийвчилан зохицуулсан байх ба уул уурхайн асуудал хариуцсан нэгж буюу Уул, уурхайн хэлтэст ашиглалтын өмнөх гэрээ байгуулах эрхийг хуулиар олгоогүй бөгөөд шүүхээс хариуцагч байгууллагын архивт хийсэн үзлэгээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга чиг үүргээ тухайн нэгжид шилжүүлж тушаал гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Ийнхүү хуулиар эрх олгоогүй байхад Ашигт малтмалын газрыг төлөөлж Уул уурхайн хэлтсийн дарга гэрээ байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.”Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна:”, 55.1.4.”захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан;” гэж заасан илт хууль бус захиргааны гэрээ байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Сентрал азиа майнинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.”Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6.”захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” 47.2.”Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж заажээ.
Нэхэмжлэгч компаний ашигт малтмалын хайгуулын XV-004838 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмал, газрын тосны газар болон “Сентрал азиа майнинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнийн нэмэлт өөрчлөлтөд зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсоноор бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэл нь хуулийн дээрх заалтад зааснаар илт хууль бус байна.
Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу нэхэмжлэгч компаний ашигт малтмалын хайгуулын XV-004838 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа буюу орд ашиглаж эхлэх хугацаа хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байх боловч шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газар болон “Сентрал азиа майнинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоосноор тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэсэн бүртгэл мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус гэж шүүх дүгнэлээ.
Иймд “Сентрал азиа майнинг” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-004838 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2, 55 дугаар зүйлийн 55.1.4сдэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Сентрал азиа майнинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газар болон “Сентрал азиа майнинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээг болон “Сентрал азиа майнинг” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-004838 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН