| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/2292/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2653 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2653
2025 11 25 2025/ШЦТ/2653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан, Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-д холбогдох эрүүгийн “******************” дугаартай хэргийг 2025 оны 00 сарын 27-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.Ц
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ц нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах ********” хотхоны гадна жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эргүүлийн офицер Б.П-ийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газарт нь мөргөж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн * дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдав.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.Ц нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, Баянзүрх дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах ********” хотхоны гадна жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эргүүлийн офицер Б.П-ийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газарт нь мөргөж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
- Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст авто эргүүлийн Гачуурт-114 чиглэл дээр 24 цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн орой 23 цагийн үед үүрэг гүйцэтгээд явж байхад хэлтсийн жижүүр “Гачуурт-10-с жижүүрийн ахдах мөрдөгч залгаж Баянзүрх дүүргийн 00 хороо *********** хотхон дээр Гачуурт чиглэл дээр согтуу хүмүүс алба хаагчдын шаардлага эсэргүүцээд байна. Нэмэлтээр очиж үүрэг гүйцэтгэ” гэсэн чиглэл өгсний дагуу Баянзүрх дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэр “***********” хотхон дээр очсон. Уг газарт очиход а/д Г.Ж, д/а О нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэх М.Ц-ийг гавласан байдалтай байсан. М.Ц нь авто машинд сууж өгөхгүй. Хажууд нь манай 2 алба хаагчийг 3-4 согтуу иргэн хашаад зогсчихсон явуулахгүй байхаар нь тэдгээр хүмүүсийг холдуулж М.Ц гэх иргэнийг өөрийн чиглэл дээр явж байсан машинд суулгах гэтэл М.Ц нь эсэргүүцэл үзүүлж, хөлөө сарвалзуулаад, хүн рүү өшиглөөд алба хаагч нарын шаардлага эсэргүүцээд байсан. Тэгээд М.Ц-ийг би машинд суулгаад өөрөө хажууд нь хамт суугаад эрүүлжүүлэх байр луу хөдлөх үед М. М.Ц нь миний уруул руу толгойгоороо 1 удаа мөргөж миний уруулыг язалсан, тухайн үед миний уруулнаас цус гарч хавдсан. Мөн намайг очихоос өмнө цагдаагийн алба хаагч О-ын хэвлий болон, гуя хэсэгт өшиглөсөн байсныг а/д Г.Ж илтгэх хуудас дээр бичиж өгсөн. Тэрнээс хойш миний толгой хатгаж өвддөг болсон. Би ажлын ачаалал их байсан тул шүүхийн шинжээч эмчид үзүүлж амжаагүй. М.Ц-ийн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн. Мөн цагдаагийн алба хаагчийн биед халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би тухайн үед ээлжит хувиар томилгооны дагуу авто эргүүлд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
- Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “... Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Тухайн үед камерын бичлэг хийж чадаагүй. Учир нь М.Ц нь шаардлага эсэргүүцээд ноцолдоод байсан болохоор бичлэг хийх боломж гараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
- Гэрч Г.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд “.. Би Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер ажилтай бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Гачуурт чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Хөдөлгөөнт эргүүл нь 102 дугаарт ирсэн дуудлага мэдээллийг тус хэлтсийн жижүүрээс дамжуулан ирсний дагуу очиж шийдвэрлэдэг үүрэгтэй ажилладаг юм. Тухайн өдөр хэлтсийн жижүүрээс Баянзүрх дүүргийн 00 хороо, **********-н ард талд СӨХ-ын байранд согтуу хүмүүс архидан согтуураад унтуулж амраахгүй байна гэсэн дуудлагын дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.О-ын хамт очиход М.Ц гэх иргэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсэн байдалтай үргэлжлүүлэн архи ууж байгаа байдалтай байсан. Бид хоёр очоод шөнийн цагаар чанга дуу чимээ гаргаж болохгүй гэдгийг хэлэхэд М.Ц гэх иргэн нь бид хоёрыг “зайл” гэж хэлээд “та нарын байх газар биш миний эзэмшил газар луу орж ирэх эрх та нарт байхгүй” гэж хэлээд намайг мөргөх гэж оролдсон. Намхан нуруутай хүн байсан болохоор би толгойгоо бага зэрэг хойшлуулаад мөргүүлээгүй холдсон ба хажуунаас цуг архи ууж байсан хүмүүс нь орж ирээд Г.О бид хоёр луу дайраад байсан болохоор би Гачуурт чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер цагдаагийн хошууч, Б.П, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлах Ц нараас тусламж гуйж дуудсан. Тэгээд 4 үүлээ болж байгаад арай гэж М.Ц-ийг Б.П хошуучийн Гачуурт чиглэлийн автомашинд арай гэж суулгасан ба машинд суулгах явцад бас шаардлага эсэргүүцэж, машины шил цонхыг өшиглөсөөр байсан. Машинд суугаад хөдлөх гэж байхад М.Ц нь хошууч Б.П-гийн нүүрлүү нь толгойгоороо мөргөсөн. Тухайн үед уруул нь хавдсан байсан дараа нь М.Ц-ийг Налайх дүүргийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Би болсон асуудлыг талаар илтгэх хуудас бичиж танилцуулсан. Би бол сүртэй цохиулсан зүйл байхгүй надад гомдол санал байхгүй. Тухайн газар *********** хотхоны СӨХ-ны байр байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
- Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд “... 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай гэр бүлийн одоо 3 гэр бүлийн найзууд байдаг юм. Бид нар ойрд уулзаагүй байж байгаад уулзсан. Тэр өдөр тэгээд манай найзуудыг уулзаад сууж байхад манай байрны хүмүүс бас ирсэн юм аа. Тэр өдөр манай СӨХ-ны хурал болсон. Тэгээд хуралдаа оролцчихоод бид хэд цуг уулзаад ганц 2 юм уугаад тэгээд би уугаад л манай ажлын өрөөнд байж байгаад харьсан юм. Би гэртээ хариад унтчихсан байсан. Тэгээд өглөө сэрсэн чинь манай нөхөр байхгүй байсан. Тэгээд л би найз руугаа утасдаад “манай хүн хаачсан юм бэ?” гэж асуухад “эрүүлжүүлэх гээд цагдаа ирээд аваад явсан” л гэсэн. Тэгээд л би өглөө цагдаа дээр очиж нөхрөө авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар тал/
- Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Бид хэд 12 цаг болохоос өмнө яг СӨХ-ны байрнаас гарч явж байхад цагдаа орж ирсэн. Тэгээд юу болов гээд тэгсэн чинь энд ингээд хоорондоо хүмүүс зодолдоод байна гэсэн. Тэгээд бид хэд хоорондоо бол тийм зодолдож барьсан зүйл байхгүй байсан. Тэгээд М.Ц-ийн эхнэр нь түрүүлээд гэр лүүгээ орчихсон байсан учраас бид нар М.Ц-ийг явуулахгүй ээ. Ингээд эхнэр нь байхгүй ээ, ууж байсан хүнээ ингээд бид нар нэгийг нь эрүүлжүүлэхэд оруулахгүй ээ гээд тэгээд 1 жоохон нэг тиймэрхүү юм болсон. М.Ц-ийн эхнэр нь түрүүлээд гэр лүүгээ орчихсон байсан. Тэгээд цагдаагаас нь гуйсан юм л даа. Одоо ингээд бид хэд ингээд найзууд юм аа гээд ерөөсөө урьд нь ингэж хэрүүл уруул янз бүрийн юм асуудал тарьдаггүй юм. Тэгээд М.Ц-ийг аваад үлдчихье ээ гээд тэгсэн уг нь цагдаа нь “за тэгвэл та хэд ингээд гэр лүүгээ орчих оо”, уг нь хоорондоо хэрэлдэж зодолдоогүй юм байна гээд байж байтал дахиад манай 1 найз байсан. Тэр ирээд яагаад хүнийг авч явдаг юм бэ? Баривчлах гээд байдаг юм бэ? гээд цагдаагийн уурыг хүргээд. Үүнээс болж нөгөө цагдаа маань “тэгвэл энэ М.Ц-ийг чи очиж эрүүлжүүлнэ” гээд тэгэхлээр нь бид хэд гуйж машиных нь хаалган дээр зогссон. Тэгээд өөр юм байхгүй. Тэгээд М.Ц-ийг эрүүлжүүлэх рүү аваад явсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/,
- 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт авто эргүүлд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо, албан тушаалын тодорхойлолт /хавтаст хэргийн 38-43 дугаар тал
- Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул өөрийн ухаангүй байсан. Өглөө сэрэхэд Багануур дүүргийн эрүүлжүүлэхэд байсан. Надад мөргүүлсэн цагдаагийн алба хаагч миний хажууд байхдаа өргөдлөө бичиж өгсөн...” гэх, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, ажил эрхэлдэг, бага насны 5 хүүхэдтэй зэргийг харгалзан шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн талаар.
Шүүгдэгч М.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.00 зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД