2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2654

 

 

                                               

 

 

 

   

 2025       11       25                                      2025/ШЦТ/2654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч П.Еркебулан,

хохирогчийн өмгөөлөгч Н.Жамц нарыг оролцуулан,

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

О.М, 

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороонд байрлах  “**************”-ын арын замд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 25 минутын орчимд "*******” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар явж байсан хохирогч Б.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн * дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч П.Еркебулан нь өөрийн үйлчлүүлэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар, хохирогчийн өмгөөлөгч Н.Жамц нь өөрийн үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч О.М нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороонд байрлах  “**************”-ын арын замд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 25 минутын орчимд "*******” маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар явж байсан хохирогч Б.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хавтаст хэргийн 03 дугаар тал/,  

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзпэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дугаар тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

- Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "...Тэр өдөр миний машин гардаггүй өдөр байсан учир такси бариад явж байгаад төв шуудангийн урд буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явдаг зам дээр буугаад явган ахлаж “********”-ын хойд явган хүнийн гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гарч байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байсан цагаан өнгийн *******улсын дугаартай машин ирж мөргүүлж газар унасан. Миний гарч байсан явган хүний гарцан дээр гэрлэн дохио байгаагүй, гэрлэн дохиогүй гарц байсан. Би гарцаар гарахаас өмнө гарцны 2 тал руу сайн харж байгаад миний зүүн гар талын машинууд зогсохоор зам хөндлөн гарсан тэр үед би баруун тийш харахад цагаан өнгийн машин холоос ирж байсан машинууд зогсчихсон явган хүний гарцаар гарч байхад зогсоно гэж бодоод алхаж байтал ирээд мөргөчихсөн. Миний баруун талаас мөргөсөн. Газар унахдаа биеийнхээ зүүн талаар унасан, мөн толгойн дагз хэсгээр газар мөргөсөн. Яаралтай түргэн тусламжийн эмчид үзүүлээд гэмтлийн эмнэлэг орж рентгэн зураг авахуул гэж хэлээд явсан тул 100 айлын “ГССҮТ” эмнэлэг дээр очиж рентгэн зураг авхуулсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Эмчилгээтэй холбоотой баримт гаргаж өгнө. Одоо зүүн талын мөр хэсгээр эмзэглэлтэй бүрэн эдгээгүй байгаа, мөрний эмчилгээг гадаадад эмчилгээ хийлгэхээр судалж байгаа. Би бөөрний дутагдалтай зам тээврийн ослын улмаас үүдэлтэй бөөрний өвчин сэдэрсэн байгаа бөөрөндөө мөн эмчилгээ хийлгэж байгаа. Зам тээврийн ослын улмаас эмчилгээний зардлууд мөн энэ хугацаанд эмчийн чөлөөтэй байсан хугацааны цалинг нэхэмжлэнэ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 174,682 төгрөг гарсныг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсэн байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын №25/205 дугаартай дүгнэлтэнд “...хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 839 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй а. Б.Э-ын биед тогтоогдсон гэмтлүүд нь тухайн үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” дүгнэлт /хавтаст хэргийн 32-35 дугаар тал/,

- Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 528 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дугаар тал/,

- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 188 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

- Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт “...2024 оны 12 дугаар сарын  12-ны өдөр Төв аймгийн ********* сумаас ажил явдалд оролцоод хотруу орж ирж явсан. Улсын Драмын эрдмийн тейтрын хойд талын явган хүний гарц дээр би зогсоод явган зорчигч нарыг гаргасны дараа дууслаа гэж бодоод хөдөлгөөнд оролцох гэтэл цонхны баганад халхлагдаад хохирогч гарч ирээд зорчигч талын урд хэсгээр мөргүүлээд унасан. Тухайн үед цагдаа, эмнэлэг дуудаад хохирогчийг босгоод машиндаа суулгаж байгаад 30-40 минут хүлээгээд эмнэлэг ирсний дараа үзүүлээд өөрсдийн унаагаар Гэмтлийн эмнэлэг рүү яваад үзүүлчих гэж хэлээд яваад өгсөн. Хохирогчийг би таксинд суулгаад “Түрүүлээд явж бай, очоод үзүүлж бай” гээд явуулсан. Араас нь би машинаа замаас гаргаж байршуулаад араас нь очиж хамт эмнэлэгт үзүүлээд тухайн орой салцгаасан. Тухайн үедээ хайхрамж болгоомжгүй гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, бичгийн бусад нотлох баримтууд шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй. 

            Шүүгдэгч О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх дараах үүргийг хүлээлгэнэ”, 2.5 дахь заалтад “оршин суух газар, ажлаа, өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэж заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч О.М-д оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

Шүүгдэгчид тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолохоор шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч О.М нь хохирол төлөхөөр хуульд заасан хугацаагаар завсарлага авч хохирлыг бүрэн барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч О.М-д оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.

5. Хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.АРИУНБОЛД