| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/00937/И |
| Дугаар | 101/ШШ2023/02915 |
| Огноо | 2023-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2023/02915
2023 06 08 101/ШШ2023/02915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, *******,*******,******* тоот хаягт оршин суух, Намнан овогт Жигжээгийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******лол,, өөрийн байр хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Монгол Улсын иргэн Ж.******* миний бие "******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №MTG-22/06 тоот Түрээсийн гэрээ-г байгуулсан билээ. Талууд тус гэрээгээр нийслэлийн *******, 14-р хороо, 14-р хороолол, ******* соёл амралт, худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах 258 дугаартай 54.45 м.кв талбайг "МИЧИД брэндийн хувцас худалдаалах зорилгоор түрээслэх, түрээслүүлэхээр харилцан тохиролцсон.
Тус гэрээний 3.4 дэх хэсэгт Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурмагц Түрээслэгч нь нийт 1 (нэг) сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 3,593,700 төгрөгийн барьцаанаас 2,000,000 төгрөгийн барьцааг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр... Түрээслүүлэгчийн дансанд хүүгүйгээр байршуулна" гэж заасны дагуу түрээслэгч Ж.******* би тухайн өдөр өөрийн охин Гантөмөрийн Хулангийн эзэмшлийн Хаан банкан дахь 5023626854 тоот төгрөгийн данснаас "******* ХХК-ийн Голомт банкан дахь 2405157715 тоот төгрөгийн дансруу 2,000,000 төгрөг шилжүүлсэн.
Ийнхүү түрээслэгчийн зүгээс гэрээнд гарын үсэг зурж, барьцаа төлбөрийг шилжүүлснээс хойш түрээслүүлэгч нь тус талбайг түрээслэгч надад огт хүлээлгэн өгөөгүй бөгөөд бид ч хувцас, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд анхаарч завгүй байсаар тодорхой хугацаа өнгөрч, улмаар миний бие барьцаа мөнгийг буцаан авах буюу гэрээнээс татгалзах талаар түрээслүүлэгчид бичгээр болон амаар удаа дараа хандсан. Гэвч түрээслүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлэх талаар өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөхгүй байгаа ба бүр нэмж их хэмжээний мөнгийг надаас шаардаж байсан.
Мөн талуудын хооронд байгуулагдсан №MTG-22/06 тоот "Түрээсийн гэрээ-ний 2.2-т хэсэгт ...Талууд нь энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор түрээсийн талбай хүлээлцэх акт үйлдэх бөгөөд биечлэн бөглөж энэхүү гэрээнд хавсаргана гэж заасан бөгөөд бид түрээсийн талбай хүлээлцсэн акт үйлдээгүй бөгөөд үйлдэх ч бодит нөхцөл бүрдээгүй юм.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслүүлэгч нь түрээсийн талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад огт шилжүүлэн өгөөгүй ба түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй байна.
Ийм байтал хариуцагч "******* ХХК нь түрээсийн барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг надад буцаан шилжүүлэхгүй байсаар хэдий нь 1 жил орчим хугацаа өнгөрсөн байна.
Гэрээнд зааснаар 2022.03.01-ний өдөр үйл ажиллагаагаа эхлэх ёстой байсан боловч нэхэмжлэгчид хүнд гарз тохиолдсон бөгөөд гэрээнээс татгалзаж байгааг амаар мэдэгдсэн, мөн 2022.03.22-ны өдөр бичгээр мэдэгдсэн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах биш гэрээнээс татгалзах шаардлага гаргасан, гэрээний аль нэг тал гэрээг ноцтой зөрчсөн бол цуцлах бөгөөд манайх гэрээг цааш үргэлжүүлэхгүй татгалзах шаардлага гаргасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр түрээслүүлэгч худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түрээслэгч нь түрээсийн талбай санал болгохдоо гэрээний стандарт нөхцлийг ашигласан. Энэхүү гэрээний 9 дүгээр зүйлийн 9.7-д түрээслэгч хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасан барьцааны зүйлийг буцаан олгохгүй гэсэн заалт оруулсан нь хүчин төгөлдөр бус стандарт бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь барьцаа хөрөнгийг буцаан өгөхгүй гэдэг тайлбар нь өөртөө давуу байдал бий болгосон.
Гэрээнээс татгалзаж байгаа тул үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар өгсөн, авсан зүйлээ буцааж авах талаар зохицуулсан.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... бол хөрөнгө олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу түрээсийн барьцаанд төлсөн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Одонтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ж.*******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК холбогдуулан гаргасан шаардлагатай хариуцагчийн зүгээс танилцан дараах тайлбарыг гаргаж байна.
Ж.******* нь "Централ Молл ХХК-тай 2022 оны 01-р сарын 21-ны өдөр байгуулсан №MTG-22/06 тоот Түрээсийн гэрээгээр *******, 14-р хороо, 14-р хороолол, Нам Ян Жүгийн ******* худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт 258 дугаартай 54.45 м.кв талбайг нэг жилийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулагдснаас хойш түрээсийн талбайг акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн түрээсийн гэрээг байгуулснаас хойш талбайг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн акт үйлдсэн тул түрээсийн талбайг хүлээж аваагүй гэдэг үндэслэлгүй.
Нэхэмжлэгч түрээсийн гэрээг цуцалсан гэх боловч тухайн үедээ амаар мэдэгдсэн, гэхдээ цагийн үеийн байдлаас шалтгаалж, бараа материалгүй болсон, үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг нь түүний өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой. Үүнийгээ мөн 2022.03.24-ний өдөр бичгээр ирүүлсэн хүсэлтдээ дурдсан байдаг. Түрээслүүлэгчийн зүгээс үйл ажиллагаа явуулах бүх боломж бололцоог хангаж, гэрээний эхний 3 сар түрээсийн төлбөрийг 100 хувь, дараагийн 9 сард нь 50 хувь хөнгөлөхөөр заасан.
Гэрээ 2022.01.21-ний өдөр байгуулагдсан, 2022.03.01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр тохиролцсон байсан боловч Ж.******* нь түрээсийн гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн байна.
2022 оны 01-р сарын 21-ны өдөр №MTG-22/06 тоот "Түрээсийн гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Түрээслэгч нь түрээсийн гэрээнд заасан хугацаанаас өмнө түрээсийн гэрээг дуусгавар болгох тохиолдолд тус гэрээний 3.4-т заасан барьцаа төлбөрийг буцаан олгохгүй талаар зохицуулсан байдаг. Үүнээс үзэхэд Ж.******* нь гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар шаардсан хариуцлагыг өөрөө хүлээх учиртай.
Дээрх шалтгаанаар Ж.*******ийн "Түрээсийн барьцаанд төлсөн 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Ж.*******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК холбогдуулан гаргасан, 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчээс 2023.01.19-ний өдөр од олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2022.01.21-ний өдөр байгуулагдсан №MTG-22/06 дугаар түрээсийн гэрээ, нэхэмжлэгчээс 2022.11.22-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн шаардлага, Хаан банкны Г.Хулангийн депозит дансны хуулга, тус шүүхийн шүүгчийн 2023.01.16-ны өдрийн 101/ШЗ2023/02097 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар/хх-ийн 2-22, 46-47/,
3.2.Хариуцагчаас ирүүлсэн: ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.02.16-ны өдөр Н.Отгонцэцэгт олгосон итгэмжлэл, 2023.03.03-ны өдөр т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, ын өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлт, 2022.03.25-ны өдрийн албан бичгийн танилцуулга, Ж.*******ийн 2022.03.24-ний өдөр гаргасан өргөдөл, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ, Ж.*******ийн ******* ХХК-д гаргасан хүсэлт, ******* ХХК-ийн 2022.03.30-ны өдрийн 22/29 тоот Ж.*******т хүргүүлсэн хариу албан бичиг /хх-ийн 30-31, 38-38, 51, 57-62/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №MTG-22/06 дугаартай Түрээсийн гэрээ-ээр түрээслүүлэгч ******* ХХК нь *******,*******,*******лол,ны ******* соёл амралт, худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт 258 дугаартай 54.45 мкв талбайг түрээслүүлэх,түрээслэгч Ж.******* нь түрээсийн төлбөр, бусад холбогдох зардлыг гэрээгээр тохирсон хугацаанд төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 6-16/
4.1. Дээрх гэрээний 4.1-т 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, дуусах өдөр 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байх, дотоод заслын хугацаа 2022.01.21-2022.02.28 хүртэл,
3.1.1-т нэг сарын түрээсийн төлбөр нь мкв тутамд 66,000 төгрөг, эхний 3 сар 100 хувь хөнгөлөх, сүүлийн 9 сар 50 хувь хөнгөлөх,
3.3.1-т талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурмагц түрээслэгч нь 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 3,593,700 төгрөгийн барьцаанаас 2,000,000 төгрөгийн барьцааг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүүгүйгээр байршуулан үлдэгдэл 1,593,700 төгрөгийн барьцааг 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор түрээслэгчийн дансанд хүүгүйгээр байршуулах гэжээ.
4.2. Гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.******* нь барьцааны 2,000,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч ******* ХХК-ийн 2405157715 тоот дансанд MICHID BRAND утгаар шилжүүлсэнтэй зохигч маргаагүй. /хх-ийн 18/
5. Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ бус түүний тодорхой хэсэг талбайг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т :Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасантай нийцсэн байх тул талбай түрээслэх гэрээг заавал улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй болно.
5.1. Аливаа үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэхээр зааж, харин үл хөдлөх эд хөрөнгийн хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн бол гэрээний дагуу үүрэг үүснэ.
5.2. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т :Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, гэрээнд заасны дагуу түрээсийн талбайг акт үйлдэж эзэмшил ашиглалтад шилжүүлэн өгөх үүргээ түрээслүүлэгч биелүүлээгүй тул түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй, гэрээнээс татгалзаж байгааг амаар болон бичгээр удаа дараа мэдэгдсэн гэж тайлбарласан.
7. Хариуцагч нь гэрээгээр түрээслүүлэхээр тохирсон талбайг акт үйлдэн, түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн өгсөн, түрээслэгч тохирсон хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгосон тохиолдолд барьцаа хөрөнгийг буцаан олгохгүйг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.7-т тусгасан гэж татгалзлын үндэслэлийг тодорхойлсон.
8. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.2-т....Талууд нь энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор түрээсийн талбай хүлээлцэх акт үйлдэх бөгөөд биечлэн бөглөж энэхүү гэрээнд хавсаргана гэж заасан. /хх-ийн 6/
8.1. Түрээсийн гэрээний зорилго нь түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад түрээсийн зүйлийг шилжүүлэн өгөх, ийнхүү хүлээлгэн өгсний үндсэн дээр төлбөр авах, түрээслэгч нь гэрээний зүйлийг хүлээн авч, тодорхой хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасны төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүрэг үүснэ.
9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар түрээслүүлэгч ******* ХХК нь гэрээгээр тохирсон 54.45 мкв талбайг түрээслэгч Ж.*******ийн эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгч, ийнхүү хүлээлгэн өгсөн талаарх акт үйлдсэн болох нь тогтоогдсонгүй.
10. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хэмжээний талбайг гэрээнд заасан хугацаанд нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-д заасан талбайг актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий гэж үзнэ.
10.1. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэв.
11. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.
Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тул мөн хуулийн 492.1.1-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болсны улмаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэх үндэслэлгүй юм.
12. Харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй, тэрээр барьцаа хөрөнгийг шаардах эрхтэй.
13. Иймд хариуцагч ******* ХХК-иас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-иас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
₮
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ