Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга В.Орхон,

Улсын яллагч Б.Баярхүү,

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Даваагийн Жаргалсайханд холбогдох эрүүгийн 1710000340002 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 11, эхнэр, 9 хүүхдийн хамт  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9Б гудамж, 2 тоот оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн сум дундын шүүхийн 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 35 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1, 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 3 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:НЭ65061574/, Боржигон овогт Даваагийн Жаргалсайхан нь:

- 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9Б гудамж, задгай тоотод иргэн О.Бат-Оршихын баруун гарын бугалганд нэг удаа хутгалж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бат-Орших мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Тэнд очихдоо бага зэрэг архи уусан байсан. Жагаа ах нилээн согтолттой байсан ба би  гэрээс гараад үүдний ойролцоо зогсож байтал Жагаа ах гэрт байхдаа эргүүлж дугаргаж байсан эвхэгддэг бор өнгийн хутгаар миний баруун гарын булчингийн эсрэг талд 1 удаа дүрээд авсан. Миний гараас их цус гараад байхаар нь гараа  дараад байж байтал Жагаа ах зугтаагаад явсан. Тэгээд би найз Оршихоог дуудаад тэр түргэн тусламж дуудсан байх баруун гар одоо бага зэргийн зовиуртай байгаа. Өөр ямар нэгэн зовиур байхгүй. Д.Жаргалсайхан миний хохиролыг бүрэн  барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Би эмчилгээнд гарсан бүх зардлыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Тухайн өдөр би архи нилээн уусан согтуу байсан юм. Тэгээд тоглоом наргиа болоод Жаргалсайхан ахыг хуруугүй Жагаа гэж хэлсэн юм. Одоо тэгэж хэлсэндээ гэмшиж байна...” гэжээ. / хх 8-9,10 /,

Гэрч Ж.Мөнх-Орших мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр Жагаа, Огдоо, Долгор, мөн танихгүй нэг ахын хамтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9-ийн задгайд айлд хөзөр тоголсон. Жагаа ах дэлгүүрээс 2 шил Монгол стандарт нэртэй архи авч ирэн, бид нар уг архийг уусан. Тэгээд Жагаа ах гарч яваад Бат-Орших гэх залууг дуудаж ирсэн. Бид нар голын эрэг орохоор болоод тухайн гэрийн эзэн болох танихгүй ахын хамтаар гэрээс нь түрүүлж гараад явж байтал араас Бат-Орших “намайг хутгалчихлаа” гэж хэлээд газар унасан. Би очоод Бат-Оршихыг тэврээд өөрийн өмсөж явсан бор өнгийн цамцаар шархан дээр нь дараад түргэн дууд гэж хэлсэн.Тэгтэл удалгүй түргэн болон цагдаа ирж түргэний эмч Бат-Оршихыг аваад явсан. Тухайн үед Жагаа байгаагүй зугтсан байсан. Цагдаа нар намайг хэлтэс дээр авч ирээд удаагүй байж байтал Жагааг авч ирсэн...” гэжээ. / хх 12-13 /,

Гэрч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэртээ хүүхдээ хараад байж байсан. 21 цагийн орчим манай ээж Л.Сосорбарам надруу залгаад “сая манай гэрт Бат-Оршихын найзын хүүхэд орж ирээд Бат-Орших ах хутгалуулчихлаа, түргэн ирээд аваад явлаа гэж хэллээ” чи яаралтай ГССҮТөвд оч гэж хэлсэн. Тэгэхээр нь үеэл дүү Б.Бямбацогтыг дагуулаад Гэмтлийн эмнэлэгт очиход миний төрсөн дүү Б.Бат-Орших эмнэлэгийн коридорт түрдэг тэргэн дээр баруун мөрнөөс доош булчин хэсэгт оёо тавиулсан, ухаан санаа орон гаран байдалтай сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад өөдөөс юм ярьж чадахгүй байсан. Тэгээд би эмчтэй уулзахад цус их алдсанаас ухаан санаа орон гаран байгаа, баруун мөрөндөө хутгалуулсан байна. Маргааш нарийн шинжилгээнд орж байж мэдэгдэнэ, маргааш ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Б.Бат-Оршихоос юу болсон талаар асуусан боловч надад юу ч хэлээгүй. Цагдаагийн газар ирээд хамт байсан гэх хүмүүсээс хэргийн талаар сонссон...” гэжээ. / хх 15 /,

Гэрч Ю.Март мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Намайг амбаарт аяга угааж байх хооронд Оршихоо ах аавыг хуруугүй Жагаа зэргээр доромжилсон янзтай орилоод байсан. Тэгээд би гайхаад гарч очтол аав Оршихоо ахыг гэмтээсэн байсан. Тухайн үед аавыг Оршихоо ах доромжлоод байсан болохоор аав тэсэлгүй Оршихоо ахыг зүссэн гэж хэлсэн...” гэжээ. / хх 17 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8719 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Бат-Оршихын биед баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. / хх 25 /,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч С.Норжмаагийн дүгнэлт / хх 48 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Жаргалсайхан мэдүүлэхдээ: Тухайн өдөр найзуудтайгаа найзынхаа гэрт хөзөр тоглож байгаад архи авахаар дэлгүүр явсан юм. Замдаа Б.Бат-Оршихтой таарсан юм. Тэр намайг “ хуруугүй Жагаа нааш ир” гэж дуудсан. Надаас Б.Бат-Орших архины мөнгө нэхээд хэл амаар доромжлоод байхаар нь хутгаар гарыг нь хутгалсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн гэв.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, ял шалгах хуудас /хх-30/, хохирогчийн гомдол саналгүй, хохирол хүлээн авсан тухай хүсэлт /хх-56/, шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийг хангасан мөрдөн байцаагчийн тогтоол /хх-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9Б гудамж, задгай тоотод иргэн О.Бат-Оршихын баруун гарын бугалганд нэг удаа хутгалж, хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8719 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Жаргалсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жаран/ нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайханд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайханы торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь хохирогч Б.Бат-Оршиход 500.000 /таван зуун мянган/ төгрөг төлснийг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                            ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Даваагийн Жаргалсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайханыг 460 / дөрвөн зуун жаран /  нэгж  буюу 460.000 / дөрвөн зуун жаран мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Жаргалсайханд оногдуулсан 460.000 / дөрвөн зуун жаран мянган / төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Жаргалсайхан нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Жаргалсайханд оногдуулсан 460.000 / дөрвөн зуун жаран мянга / төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Жаргалсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД