Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0036/З |
Дугаар | 128/ШШ2023/0404 |
Огноо | 2023-05-02 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2023/0404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******,
Хариуцагч: *******а,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М*******, С.М*******,
Маргааны төрөл: “Ж*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******, С.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж******* ХХК-иас *******ад холбогдуулан “*******ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/413 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. *******ын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэгж талбарын 8017/0019 дүгээр 273000 м.кв газрыг амины орон сууцны хотхоны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 0233176 дугаар гэрчилгээг “С” ХХК-д олгожээ.
Харин 2010 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “С” ХХК-ийн эзэмшлийн дээрх газраас 31500 м.кв газрыг эзэмших эрхийг “Ж*******” ХХК-д шилжүүлэх гэрээг байгуулсныг үндэслэн *******ын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 8017/0033 дугаартай 31500 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
Улмаар *******ын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгахдаа цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориулалтаар 000343962 дугаар гэрчилгээг олгосныг *******ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/282 дугаар захирамжаар зориулалтыг орон сууц олгон өөрчилж, 000345733 дугаар гэрчилгээг олгожээ.
Дахин *******ын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын хэмжээг 41803 м.кв газар болгон өөрчилж, 000345960 дугаар гэрчилгээг олгосон байна.
*******ын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дүгээр захирамжаар “Ж*******” ХХК нь орон сууцны зориулалтаар ашиглаж байсан газрынхаа талбайн хэмжээг 10303 м.кв талбайгаар нэмэгдүүлсэн боловч газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газар ашиглуулах гэрээ байгуулаагүй байх тул тус компанийн газар ашиглах эрхийн талбайн хэмжээг өмнө нь ашиглаж байсан талбайн хэмжээгээр 31500 м.кв болгон өөрчилж, 5 жилийн хугацаагаар ашиглуулжээ.
*******ны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2639 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс болон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд өртсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байх тул тайлбар, санал, нотлох баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн байна.
Мөн ******* газраас *******ад хүргүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны 02-01/1355 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойн сан бүхий газарт газар эзэмших эрх олгосон нь холбогдох хуулиудыг зөрчиж байгаа тул арга хэмжээ авах талаар мэдэгджээ.
Улмаар *******ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/413 дугаар захирамжаар “Ж*******” ХХК нь хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
3. Нэхэмжлэгч дээрх захирамжийг эс зөвшөөрч *******ад гомдол гаргахад *******ны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар мэдэгджээ.
Улмаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“*******ын А/413 дугаар захирамжаас үзвэл тус актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Газрын тухай хуулийн ерөнхий зохицуулалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэжээ.
Манай компани газар ашиглах эрх авсан цагаас эхлэн газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн бөгөөд хууль тогтоомжийг зөрчөөгүй, нийтийн ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулаагүй. Мөн цаашид Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах бодлогыг дэмжин өөрийн эдэлбэр газар дээр орон сууцны өндөр барилга бүхий хороолол бус харин 30-40 айлын таун хаусны төсөл боловсруулж, нийт эдэлбэр газрын 65-с доошгүй талбайд ногоон байгууламж төлөвлөн үйл ажиллагаа явуулж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг баримтлан захиргааны актыг хүчингүй болгоход дараах хоёр урьдчилсан нөхцөл бүрдсэн байх шаардлагатай байна. Үүнд:
• Эрх олгосон буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь анхнаасаа хууль зөрчсөн /хууль бус/ байх
• Тухайн захиргааны акт нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх
“Ж*******” ХХК нь анх газар эзэмших эрх авахдаа болон тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглах болгон өөрчлүүлэхдээ хууль тогтоомж зөрчөөгүй буюу манай компанийн газар ашиглах эрх нь зохих журмын дагуу хууль ёсоор олгогдсон юм. Мөн дээр дурдсаны дагуу бид газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ нийтийн ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг хэрэглэж манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл огт бүрдээгүй байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:" гээд 11.1.1 "захиргааны акт", 11.1.2 "захиргааны гэрээ”, 11.1.3 "захиргааны хэм хэмжээний акт”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан.
*******а манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/413 дугаар захирамж гаргахдаа манай компанид огт мэдэгдээгүй буюу манай компанийн газар ашиглах эрх нийтийн ашиг сонирхолд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа тухай бидэнд тайлбарлаагүй, энэ тухай бидний зүгээс тайлбар гаргах боломж огт олгоогүй. Мөн захиргааны акт гарсны дараа акт гарсан тухай компанид мэдэгдээгүй.
Манай компани газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон А/413 дугаар захирамжийг өөрсдөө олж мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу *******ад өөрт нь гомдол гаргасан. Улмаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр маргааныг Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.
Иймд "Ж*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон *******ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/413 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ? гэдгийг зааж өгсөн байдаг. Гэтэл уг захирамжийг гаргахдаа Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудыг үндэслэсэн байдаг бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн бэ? гэдгийг дурдаагүй байна. Тэгэхээр Газрын тухай хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
******* тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдаад Зайсангийн орчмоос Маршалын хэсгийг барилгажуулах зорилготой байсан. *******аас 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “С”-д А/449 дүгээр захирамжаар барилга орон сууцны зориулалттай 273 метр квадрат газар эзэмших эрхийг өгсөн байдаг. “Ж*******” ХХК нь “С”-ээс 31500 метр квадрат газрыг шилжүүлж авсан. Төлөвлөгөөний дагуу Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл барилгын ажил явагдаж байхад 2021 оны А/413 дугаар захирамж гарсан нь бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр биш юм.
Маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/413 дугаар захирамжаар 2020 оны А/440 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Хариуцагч газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон гэж тайлбарладаг. 2020 оны А/440 дүгээр захирамж нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийг хүчингүй болгосон захирамж юм. А/562 дугаар захирамж нь “Ж*******” ХХК-д 31500 метр квадрат газар олгочихсон байсныг 41 мянга болгож нэмсэн юм. Нэмж олгосон газрын төлбөрийг зохих хугацаанд төлөөгүй гэдэг үндэслэлээр буцаасан захирамж. Газрын хэмжээг багасгасан болохоос газрыг хүчингүй болгосон захирамж биш. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр 2008 оноос эхлэлтэй. Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдсаны дагуу барилгажсан. Манай компаниас өөр газрын эрхийг хүчингүй болгосон компаниуд бий. Тэдгээр компаниудын эрх сэргэсэн.
Хэрэв бүх эрхийг хүчингүй болгоно гэвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 18 дугаар тогтоолыг хүчингүй болгох ёстой байсан. Гэтэл энэ тогтоол хүчин төгөлдөр байгаа. Хүчин төгөлдөр бус гэсэн маргаан байхгүй. Захиргааны байгууллагын шийдвэр хоорондоо зөрчилдөж байгаагийн хэлбэр энэ юм. 2010 онд газар эзэмших эрх авсан бүх компаниуд барилгын эскиз зургийн төлөвлөгөөг батлуулсан. Гэтэл 2021 онд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь бидний эрх ашгийг зөрчиж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч усны үерийн хамгаалалтын бүсэд давхацсан гэж тайлбарладаг. Давхацсан гэсэн зураг бий. Гэхдээ “Ж*******” ХХК-ийн газар 100% давхцаагүй. Магадгүй 60 орчим хувь давхацсан байх. Усны үерийн хамгаалалтын бүсэд огт барилга барьж болохгүй гэсэн хязгаарлалт байхгүй гэж үзэж байна. Усны сан бүхий газар усны эх үүсвэр онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн мөрдөх журам гэж бий. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А230/127 гэсэн тушаалын хавсралт байдаг.
Уг журмын 2.9.2-т “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж буюу ариутгал татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах” гэсэн заалт байдаг. Энэ шаардлагыг хангавал эсрэгээрээ барилга барьж болох зохицуулалт харагдаж байна. Шууд болохгүй гэсэн ухагдахуун байхгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль, ёсны, итгэлийг хамгаалах” гэсэн зарчмуудыг заасан. *******ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/413 дугаар захирамжийг гаргахдаа эдгээр тусгай зарчмуудыг баримтлаагүй. Тухайлбал маргаан бүхий акт нь материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй, шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй, үндэслэл болгосон хуулийн заалтууд нь хоорондоо зөрчилтэй, актын агуулга нь ойлгомжгүй байна гэж үзэж байна.
Эхний үндэслэл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална”, 4.1.4-д “Газрын хуульд заасан нөхцөл журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 20 дугаар зүйлд “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн энэ дүүргийн Засаг дарга газрын харилцаанаас дараах нийтлэг үүргийнхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай зохистой ашиглаж хамгаалж байгаад хяналт тавих зөрчлийг арилгах шийдвэр гаргаж хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан. Тэгвэл энэ 2 заалтыг үндэслээд газрын эзэмших эрхийг дуусгавар болгосон гэвэл энэ 2 заалтад дурдсан зөрчлийг гаргасан гэсэн үг гэж би хувьдаа дүгнэж байна.
Нэхэмжлэгчид анх хууль тогтоомжийн хүрээнд газрыг олгосон, энэ шийдвэр ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй. Харин нэхэмжлэгч газраа ашиглах явцдаа зөрчил гаргаад байгаа учраас энэ 2 хуулийн заалтыг ашиглаад газрын эзэмших эрхийг дуусгавар болгож байна гэж ойлгогдож байна. Тийм ч учраас тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрүүдээ хүчингүй болгох эрх олгосон 29 дүгээр зүйлийн 29.3 дахь зүйлийг ашиглаагүй байна. Тодруулбал 29.3 дахь заалт нь анхнаасаа эрх бүхий албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан бол түүнийгээ хүчингүй болгох тухай зохицуулалт. Тиймээс энэ зохицуулалтыг ашиглахгүйгээр 29.2 дахь заалт буюу шинээр захиргааны акт гаргаж байгаа зохицуулалтыг ашигласан нь хууль ёсны байсан гэдгийг илэрхийлж байна.
Хоёр дахь үндэслэл буюу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бидэнд олгосон гэж үзэхээр байна.
Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаас үзвэл энэ газар олгосон шийдвэр нь хууль бус байсан гэж үзэхээр байна. Анхнаасаа хууль бус байсан газрыг олгосон гэвэл хүчингүй болгосон заалтууд нь зөрчилдөөд байна. Захиргааны ерөнхий газрын 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Хариуцагчийн тайлбараас үзэхэд захиргааны актын хууль зүйн үндэслэл нь ямар ч ойлгомжгүй, үндэслэлгүй. Энэ хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 7 үндэслэлийг зааж өгсөн. Эдгээр 7 үндэслэлийн яг алийг нь үндэслээд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж байгаа вэ, газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан бол газар эзэмших эрх дуусгавар болно гэсэн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг ашигласан бол 40 дүгээр зүйлийн аль үндэслэлээр газар эзэмшигч гэрчилгээг цуцалсан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Тэгэхээр энэ захиргааны акт өөрөө хүчин төгөлдөр байх үндэслэл байгаа юу гэдэг асуудал яригдана.
Хариуцагч захиргааны актыг гаргахын өмнө нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх газар зохион байгуулалтын албаны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг байгаа. Энэ албан бичигт ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд танай газар хамаарч байна гэж дурдсан бол яагаад энэ үндэслэлээ захиргааны акт дээрээ дурдаагүй вэ, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэнэ”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байна” гэсэн зарчим нь алдагдаад байна.
Маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дэх заалтыг баримталсан. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т миний ойлгож байгаагаар бол бусад этгээдийн эрх, хууль, ашиг сонирхол гэсэн нэг нөхцөл, таслал тавиад эсхүл нийтийн ашиг сонирхол зөвөөр нөлөөлсөн бол гэсэн 2 нөхцөл заасан гэж үзэж байгаа юм. Энэ 2 нөхцөлийн аль нэг нь байж магадгүй, эсхүл 2 нөхцөл хоёулаа байх ёстой. Тийм учраас би яг ямар этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа вэ гэдгийг тодруулж асуугаад байгаа юм. Нийтийн ашиг сонирхол гэдэг бол маш өргөн ойлголт. Ямар үндэслэлээр нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг заавал тайлбарлах ёстой.
Иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхол гэсэн өргөн ойлголтоор зөрчиж болохгүй. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан акт маргаан бүхий актын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгчийг хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Гэхдээ яг хэний хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгааг яг тодорхой, үндэслэлтэйгээр тодорхойлох ёстой. Нийтийн ашиг сонирхол гэж яг юуг тодорхойлоод байгаа вэ. Энэ нөхцөл байдлууд нь ойлгомжгүй байна. Тэгэхээр газрыг хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй гэсэн үг. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дараах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-д “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан судлах үүрэгтэй оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийн газрыг нийтийн эзэмшилд тогтоосон талаарх захирамж шийдвэр гараагүй гэдгийг нотолсон баримт өгөөгүй.
Мөн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдаж байна. Иргэн, хуулийн этгээдийн хуулийн дагуу хийсэн үйлдэл нь хууль эрх зүйн акт өөрчлөгдсөнөөр дагаж өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй байхад энэ зарчмын агуулга оршдог. Итгэл хамгаалах зарчим эд хөрөнгө, мөнгөөр илэрхийлэгддэг хамгаалалт. Анх газар олгосон шийдвэр нь хууль бус байсан эсхүл бусад үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй гэдэгт итгэсэн учраас хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны төлбөр 480 сая төгрөг. 2010-2021 онд нийт 142 сая 595 мянган төгрөг төлсөн. “Ж*******” ХХК нь “С”-ээс газрыг авахын тулд хамтран ажиллах гэрээ байгуулж дэд бүтцийг санхүүжүүлж, 190 мянган ам доллар буюу 23 сая төгрөг төлсөн. Нийт тэрбум гаруй төгрөгийн зардал гаргасан байна. Хариуцагч олгосон газраа буцааж авахгүй, хууль ёсны итгэл нь хамгаалагдана гэж үзсэн учраас энэ бүх зардлуудыг гаргасан. Энэ зарчмыг зөрчвөл газар эзэмшүүлснээс үүссэн хохирлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ. Энэ нь тодорхойгүй байна.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “арга хэмжээ авах тухай” 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1355 дугаарт албан бичгийг үндэслэсэн гэж тайлбарладаг. Тус албан бичигт “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хууль зөрчсөн байна” гэсэн агуулгатай байсан. Хэрэв тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдчихсан газрыг олгосон бол зөрчилгүй байна. Тусгагдаагүй газрыг олгосон учраас зөрчил болоод байгаа юм. Тиймээс энэ газрыг нь цуцална уу гэдэг агуулгаар албан бичиг төлөвлөгдсөн гэж харагдаж байгаа юм. Гэтэл газрын төлөвлөгөөнд тусгагдсан байсан гэдэг баримтууд хэргийн материалд байгаа. Жишээ нь: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл зөвшөөрч батлах тухай” тогтоол юм.
“Ж*******” ХХК, “С” ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд одоогийн маргаан бүхий газрыг шилжүүлэн авсан. Үүнтэй холбоотойгоор *******ын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/140 дүгээр захирамжаар орон сууцны зориулалтаар ашиглах талбайг “Ж*******” ХХК–д олгосон. Өөрөөр хэлбэл ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан газарт олгогдсон юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “Арга хэмжээ авах тухай” албан бичигт дурдаад байгаа төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон гэдэг нь үгүйсгэгдэж байна.
Газрын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд тодорхой нэг газрыг эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад гаргана. Захиргааны байгууллага тэр газар нь эрхийн зөрчилтэй юу, хэн нэгний газартай давхацсан уу, хуулиар өгөхийг зөвшөөрсөн газар уу, зөвшөөрөөгүй газар уу, тэр бүх нөхцөл байдлуудыг судлаад ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй бол тухайн иргэн хуулийн этгээдээр газар эзэмших зөвшөөрлийг олгоно. Харин иргэнд тухайн газрыг олгож болох үгүйг мэдэх үүрэг байхгүй. Мэдэх боломж ч байхгүй. Энэ утгаараа “С” ХХК, “Ж*******” ХХК-иас газар эзэмшье гэсэн хүсэлтийн дагуу зөвшөөрөл өгсөн бөгөөд одоо төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан эсхүл газар ашиглах үедээ зөрчил гаргасан гэх байдлаар газар эзэмших эрхийг дуусгавар болгон иргэн, хуулийн этгээдийг хохироож болохгүй.
Нэхэмжлэгчийн барилгажих талбай нь ойн сантай давхцалтай эсэх талаарх нотлох баримт ирээгүй учраас өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын баталсан “Усан сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн, бүсийн дэглэмийн мөрдөх журам”-д зааснаар энгийн хамгаалалтын бүсэд барилга барьж болохоор зохицуулсан байна. Маргаан бүхий газрын тойронд суурьшлын бүс үүсчихсэн, барилгажсан байдалтай байгаа.
Формаль эрх зүйн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24-28 дугаар зүйл заалт бүхэлдээ зөрчигдөж байна. Захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийхтэй холбоотой мэдэгдлийг хүргүүлсэн гэх боловч захиргааны актыг мэдэгдэх тухай Захиргааны хуульд заасан зарчмын хүрээнд хүргэгдээгүй, энэ талаарх нотлох баримтыг захиргааны байгууллага гаргаж өгөөгүй. Тэгэхээр сонсох ажиллагааг хууль ёсны дагуу хийсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн нотлох баримт цуглуулах, тайлбар гаргах, энэ процесстой холбоотой бүх заалтуудыг бүхэлд нь зөрчсөн байна. Тийм учраас формаль эрх зүйн хувьд ч, материаллаг эрх зүйн хувьд ч захиргааны маргаан бүхий акт бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Дээрх маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 6.2-т заасан ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд багтсан бөгөөд ******* газрын "Арга хэмжээ авах" тухай 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1355 дугаартай албан бичгийг ирүүлсэн байдаг ба маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу *******ны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2639 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааг хийж газар эзэмших эрх олгосон захирамж нь нийтийн хууль ёсны эрх ашгийг хөндөж гарсан захиргааны акт байна гэдгийг мэдэгдсэн болно.
Маргаан бүхий *******ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/413 дугаар захирамжийн хууль зүйн гол зорилго нь мэдэгдэлд дурдсан ойн сан бүхий газар дээр газар олголт хийгдсэн нь бодит нөхцөл байдал дээр тогтоогдож байгаа мөн Улаанбаатар хотын нийт хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа тул нийтийн эрх ашгийг хамгаалж гарсан захиргааны акт юм.
Иймд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч, хууль дүрмийн хүрээнд тус захирамжийг гаргасан бөгөөд “Ж*******" ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;" гэж заасныг тус тус зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг алдаж нэхэмжлэл гаргасан байх тул 54 дүгээр зүйлийн 54.1.8-д "энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн." гэж заасны дагуу нэхэжмэлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал захирамжийн үндэслэлийг буруу талаас нь тайлбарлаж байна. Хариуцагч талаас анх олгох ёсгүй байсан газрыг олгосон гэдэг хууль зүйн агуулгаар тайлбарласан болохоос тухайн газар эзэмшигчийг тухайн газар дээр нийтийн эрх ашиг хөндсөн гэх агуулгаар хүчингүй болгоогүй. Газар олгохдоо орон сууц, усан сан бүхий газар буюу олгох ёсгүй газар олгосон байна гэж өмнөх Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон. Товчхондоо ийм л агуулгатай юм.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрөөс газрын талаар баримтлах газар төрийн хяналт, хамгаалалтад байх, газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зарчмын хүрээнд *******а газар эзэмшигчээс газрыг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоох, үүнийгээ нотлох үүрэгтэй.
Гэвч *******ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/413 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.“Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.4.“газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;” гэх хуулийн зохицуулалтыг үндэслэж “Ж*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гэж заасан аль нэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байна.
Өөрөөр хэлбэл, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс болон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн газартай давхацсан гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол энэ нь хуулийн ямар хэм хэмжээг хэрхэн зөрчсөн талаар дурдаагүй, хуульд үндэслээгүй байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.“Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1.“хуульд үндэслэх;”, 4.2.5.“зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж зааснаар захиргааны үйл ажиллагаа шударга, зорилгодоо нийцсэн байх ёстой боловч дээрх байдлаар хариуцагч нь бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй, шийдвэрлэсэн асуудал ойлгомжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар *******ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/413 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН