Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/791

 

 

О.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

            яллагдагч О.Аын өмгөөлөгч Л.Баттогтох,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/1260 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр О.Ад холбогдох 2010023320135 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 19............. оны ................. дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Тэнгэр рашаан гудамжны 79а байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

О.А нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах өөрийн гэртээ байхдаа 4.500.000 төгрөг дансаар, 2019 оны 2 дугаар сард битүүний өдөр хохирогч А.Отгонбаатараас 44.700.000 төгрөгийн үнэ бүхий эмээл, 12.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг зэргийг “байр худалдана” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан, нийт 61.200.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллагдагч О.А нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “байр худалдана” гэж хохирогч А.Отгонбаатарын 44.700.000 төгрөгийн үнэ бүхий эмээлийг залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэрэгт хохирогч А.Отгонбаатар мэдүүлэхдээ “...Хөөрөг маань 17.000.000 төгрөгийн үнэлгээтэй, мөн мөнгөн тоногтой 35.000.000 төгрөгийн үнэлгээтэй эмээл байрны урьдчилгаанд өгсөн. ...” /хх 10-11/ гэж, гэрч Б.Чойжилжаваас “...эмээл, хөөрөг хоёрыг 55.000.000 төгрөгөөр бодож О.Аръяахламд өгсөн. 2019 оны зах зээлийн үнэ ханшаар үнэлсэн. ...” /хх 12-14/ гэж тус тус мэдүүлжээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулсан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-д заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.” гэж заасан байна. Хэргийн 25-26 дугаар талд авагдсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 205 лан мөнгө, үхрийн ширэн гөлөмтэй их гарын эмээлийн тавиурын хамт 44.700.000 төгрөгийн үнэтэй талаар үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг дүгнэлтдээ үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 1 дүгээр сарын байдлаарх зах зээлийн үнэлгээгээр үнэлэгдсэн гэжээ. Дээрхээс дүгнэн үзвэл хохирогч, яллагдагч нарын хооронд эд хөрөнгийн үнийг тохиролцож шилжүүлсэн хугацаанд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байхад тэдний ийнхүү шилжүүлсэн эмээлийн үнийг шинжээчээр оролцсон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК нь 2021 оны 1 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр тогтоосон байна. Мөн хохирогч өөрийн эмээлийг 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчид шилжүүлэхдээ 35.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн байхад хөрөнгийн үнийг шинжээч хохирогчийн үнэлгээнээс өндөр дүнгээр үнэлэгдсэн нөхцөл байдал байна. Иймд хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, бодит байдалтай илтэд зөрүүтэй, улмаар гэмт хэрэг гарсан гэх үеийн хугацаагаар хохирлын хэмжээг тогтоогоогүй байх тул дээрх зөрүүтэй байдлыг арилгах, шаардлагатай бол үнэт эдлэлээр мэргэшсэн шинжээчийг томилж дахин дүгнэлт гаргуулж хохирлын хэмжээг бодитой зөв тогтоох нь хэргийн зүйлчлэлд шууд хамааралтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагчид шинжээч томилох шийдвэрийн танилцуулна.” гэж заасан байх бөгөөд тус хэрэгт 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр эд зүйлд үнэлгээ хийлгэхээр “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон мөрдөгчийн тогтоол /хх 22-23/ гарсныг яллагдагчид танилцуулаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

Прокурорын 191 тоот яллах дүгнэлтэд яллагдагч О.Аръяахламыг хохирогч А.Отгонбаатарт “байр худалдана” гэж эд хөрөнгийг нь залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хэрэгт хохирогч А.Отгонбаатар мэдүүлэхдээ “...О.А гэдэг хүнээс “Ханс вилл”-д 3 өрөө байр 150.000.000 төгрөгөөр авахаар тохиролцон эхний ээлжинд 4.500.000 төгрөг данс руу нь шилжүүлж байсан. Үлдэгдэл мөнгөө бөөгнүүлээд одоо наймаагаа хийх үү гэхэд нөгөө байр чинь бүтэхээ больсон гэж хэлсэн. Одоо яах вэ гэхэд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Комфпорт хотхонд байр байгаа, тэрийг өгье гэж хэлсэн. Тэгээд байраа асуухад мөн бүтэхээ больсон гэж хэлсэн. ...” /хх 10-11/ гэх мэдүүлэг, гэрч Б.Чойжилжавын “...“Мандала” хотхонд 3 өрөө байр үзүүлсэн. Эндээс авахгүй гэвэл “Ханс вилл”-д 80 м.кв байр байгаа гэж хэлсэн. Гэхдээ үзүүлээгүй. Тэгээд “Ханс вилл” хотхоны байрыг авахаар тохиролцсон. “Ханс вилл” хотхоны байр нь өөрийнх нь нэр дээр байгаа гэж хэлсэн. ...” /хх 12-14/ гэх мэдүүлэг, яллагдагч О.Аын “...Мандала хотхонд байрлалтай 320/4-184 тоот 96.26 м.кв 3 өрөө байрыг авахаар тохиролцож 40.000.000 төгрөгийн урдчилгаанд тус зүйлүүдийг бартераар өгсөн. Үлдэгдэл 100.000.000 төгрөгийг намар өгөөд байрандаа орно гэж хэлсэн. ...” /хх 44-45/ гэх мэдүүлэг тус тус хэрэгт цугларчээ. Хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй, улмаар хохирогчид “Ханс вилл” эсвэл “Мандала” хотхоны алинд байр худалдана эсэх хэргийн гол нөхцөл, үйл баримтыг шалгаж тогтоогоогүй, улмаар хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх 60/, орон сууцны гэрчилгээний хуулбар /хх 90/-аар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312, нийслэл хүрээ, өргөн чөлөөний гудамж, 320/4 байрны 184 тоот орон сууцны өмчлөх 1 иргэний буюу Батсүрэнгийн Номин-Эрдэнэ бүртгэлтэй байх бөгөөд энэхүү орон сууцыг О.А нь бусдад худалдан борлуулах эрхтэй эсэхийг орон сууцны өмчлөгч болон дээрх орон сууцыг барьцаалагч “Прогресс капитал” ХХК нь бусад холбогдох хүмүүсээс тодруулан шалгаж, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нэг мөр шалгаж тогтоовол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам хэлбэрийг баталгаажуулсан байдаг бөгөөд энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд нэгэн адил хамааралтай, нөгөө талаар хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг. Иймээс дээрх зөрчлүүдийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж үзэж яллагдагч О.Ад холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мижиддорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна” гэж заасан байх ба 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжээч томилох үед дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан этгээд байгаагүй бөгөөд яллагдагчаар татагдаагүй байхад О.Ад дээрх шийдвэрийг танилцуулах нь түүнийг яллагдагчаар татах нь тодорхой гэж урьдаас дүгнэх боломжгүй тул оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл шүүхийн шатанд шинжээч томилох боломжтой. Хохирогчид худалдана гэсэн орон сууц нь бусдын өмчлөлд, барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж хохирогчид худалдана гэж хуурсан нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байгаа бөгөөд энэ нь захирамжид дурдагдсан эрх бүхий байгууллагын лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байхад гэрчээр мэдүүлэг авах гэж заасан нь үндэслэлгүй дүгнэлт байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/1260 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч О.Аын өмгөөлөгч Л.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хоёр удаа үнэлгээ хийгээгүй, нэг л удаа үнэлгээ хийсэн. Үнэлгээ, хохирогч болон холбогдогчийн мэдүүлэг нь зөрүүтэй. Зураг хараад үнэлсэн үнэлгээгээр 206 лан мөнгө орсон гэж дүгнэсэн. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “О.Аыг 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах өөрийн гэртээ байхдаа 4.500.000 төгрөг дансаар, 2019 оны 2 дугаар сард битүүний өдөр хохирогч А.Отгонбаатараас 44.700.000 төгрөгийн үнэ бүхий эмээл, 12.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг зэргийг “байр худалдана” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан, нийт 61.200.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...хохирогч, яллагдагч нарын хооронд эд хөрөнгийн үнийг тохиролцож шилжүүлсэн хугацаанд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байхад тэдний ийнхүү шилжүүлсэн эмээлийн үнийг шинжээчээр оролцсон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК нь 2021 оны 1 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр тогтоосон байна. Мөн хохирогч өөрийн эмээлийг 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчид шилжүүлэхдээ 35.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн байхад хөрөнгийн үнийг шинжээч хохирогчийн үнэлгээнээс өндөр дүнгээр үнэлэгдсэн нөхцөл байдал байна. Иймд хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, бодит байдалтай илтэд зөрүүтэй, улмаар гэмт хэрэг гарсан гэх үеийн хугацаагаар хохирлын хэмжээг тогтоогоогүй байх тул дээрх зөрүүтэй байдлыг арилгах, шаардлагатай бол үнэт эдлэлээр мэргэшсэн шинжээчийг томилж дахин дүгнэлт гаргуулж хохирлын хэмжээг бодитой зөв тогтоох шаардлагатай. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагчид шинжээч томилох шийдвэрийн танилцуулна.” гэж заасан байх бөгөөд тус хэрэгт 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр эд зүйлд үнэлгээ хийлгэхээр “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон мөрдөгчийн тогтоол /хх 22-23/ гарсныг яллагдагчид танилцуулаагүй байна. ...Хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй, улмаар хохирогчид “Ханс вилл” эсвэл “Мандала” хотхоны алинд байр худалдана эсэх хэргийн гол нөхцөл, үйл баримтыг шалгаж тогтоогоогүй, улмаар хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх 60/, орон сууцны гэрчилгээний хуулбар /хх 90/-аар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312, нийслэл хүрээ, өргөн чөлөөний гудамж, 320/4 байрны 184 тоот орон сууцны өмчлөх 1 иргэний буюу Батсүрэнгийн Номин-Эрдэнэ бүртгэлтэй байх бөгөөд энэхүү орон сууцыг О.А нь бусдад худалдан борлуулах эрхтэй эсэхийг орон сууцны өмчлөгч болон дээрх орон сууцыг барьцаалагч “Прогресс капитал” ХХК нь бусад холбогдох хүмүүсээс тодруулан шалгаж, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нэг мөр шалгаж тогтоох шаардлагатай...” гэж тус тус үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Учир нь, яллагдагч О.Аыг 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “байр худалдана” гэж хохирогч А.Отгонбаатарын 44.700.000 төгрөгийн үнэ бүхий эмээлийг залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа тухайн эмээлийг 2021 оны 1 дүгээр сарын байдлаарх зах зээлийн үнэлгээгээр үнэлж хохирлын хэмжээг тогтоосон нь бодит байдалтай нийцээгүй бөгөөд дахин хохирлын хэмжээг бодитой буюу тухайн 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн ханшаар тооцож тогтоох нь зүйтэй байна.

Хохирлын хэмжээг бүрэн гүйцэт, бодитой тогтоосноор хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэсэн хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж үзэв.

Иймд прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/1260 дугаартай захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/1260 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Мижиддоржийн бичсэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ