Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 145/ШШ2023/00153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ................, Ц..... овгийн Х.М.......нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Б.................... газар оршин суух, Б.. овгийн С.а-д холбогдох,

 

“Гэм хорын хохирол 51,578,954 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, иргэдийн төлөөлөгч Л.Д, нарийн бичгийн дарга А.У нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө нэхэмжлэгч Х.М найзын хамт замын хөдөлгөөний дүрмийн дагуу явж байгаад урсгал сөрж байсан С.А жолоочтой Пургон машинд мөргүүлж гэмтсэн. 2021 оны 63 дугаартай шийтгэх тогтоолоор С.А нь гэм буруутайд тооцогдож 2 жилийн хугацаагаар тэнссэн. Х.М нь тухайн өдрөөс хойш хагалгаа, эмчилгээнд хамрагдсан. Хоёр хөл нь гэмтсэн . Баруун хөл тайрагдах шаардлагагүй гэж үзээд зайлшгүй эмчилгээ хийлгэх нөхцөл байдалтай байсан. Тийм ч учраас шийтгэх тогтоолд дурдагдсанаар С.А нь шүүх хуралдааны тайлбартаа цаашид гарах зардлыг маргаангүй гаргана гэж хэлсэн байдаг. Шийтгэх тогтоол гарч тэнсэн харгалзах ялаар суллагдсанаас хойш ямар нэгэн мөнгөн тусламж, эмчилгээний зардал өгөөгүй. Нэхэмжлэгчийн ар гэр нөхцөл боломжоос шалтгаалж эмчилгээг дор бүр нь хийж чадаагүйгээс болж хүндэрсэн.Баруун гуя үхжиж идээлж нэг удаа тайралт хийсэн. Үүнээс хойш дахин тайралт хийж түнхний хэсгээр тайрсан. Дахиж тайралт хийх боломжгүй. Цаашид амь насны асуудал яригдана. Хөлийн гэмтэл бүрэн эдгэрээгүй. Эмчилгээ хийлгээгүй удсанаас бий болсон үр дагавар дуусаагүй байгаа. С.А гэх хүн эрүүгийн шүүх хуралдааны үед тодорхой мөнгө өгсөн байдаг. Х.М нь харьцангуй залуу хүн. Ажил хөдөлмөрлөх, сурч боловсрох үе дээрээ явж байгаа. Гэтэл түнхний ясаа 2-3 удаа тайралт хийснээс болж хувийн байдлаа сахих ч боломжгүй байгаа. Нэхэмжлэл гаргасан зорилго бол дахин хагалгаанд орохгүйгээр эмчилгээгээ дуусгаж залуу хүнд тохирох хиймэл хөлийн зардал шаардлагатай байгаа. Хэрэгт протецийн зардал болох Х.М гарын үсэгтэй 3 сая төгрөгийн хоёр баримт өгсөн. Үүнд түр хугацаанд тулаад явах протецийн үнэ 6 сая төгрөг. Төгс зүйл байхгүй. Анхан шатны буюу нэг удаа хэрэглэх зүйл. Бүрэн дүүрэн нөхөж чадах протез болж чадахгүй юм билээ. Солонгос улсын дундаж протецний үнэ ийм байгаа. Хариуцагч хэчнээн гэм буруутай ч хөдөө орон нутагт амьдардаг болон мөнгө төгрөгийн боломжийг үзээд 100, 200 сая төгрөгийн цахилгаан удирдлагатай зүйлийг нэхээгүй гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Хамгийн боломжит хувилбар. Ар гэрийн хувьд гэвэл ээж нь элэгний хүнд өвчтэй учир хагалгаанд орсон. Төрсөн ах нь осол болсноос хойш ажлаасаа чөлөө авч дүүгээ сахиж байгаа. Байгууллагаас хэдий нийгмийн даатгалыг нь төлдөг ч гэсэн цалин хөлсөө авахгүй. Сарын 700,000 төгрөгийн цалин авдаг байсан. Үүнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Өнөөдрийг хүртэл ах нь ээжийн хамт дүүгээ асарч хамгаалдаг. Энэ айлд хоёр хүнд өвчтэй хүн байна. Ажил хийж байгаа хүн байхгүй. Х.М-д бэлхүүсээр тулж хоёр таягтай алхаж чадах протецийн үнийг нэхэмжилж байгаа. Тийм учраас С.Ад-с эрүүгийн хэргийн хурлаар хэлэлцээгүй орхисон 20,314,485 төгрөг, шүүх хуралдаанаас хойш хоёр удаагийн тайралтын үнэ, шаардлагатай шинжилгээ, өвчин намдаах тариа, унааны зардал 9,864,467 төгрөг, протец захиалга үнэ, ахынх нь авах ёстой цалинг өнөөдрийг хүртэл тооцоогүй зөвхөн нэхэмжлэл гаргах өдрөөр тооцсон. Энэ нь 15,400,000 төгрөг, нийт 51578954 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулж өгнө үү. Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн тодорхойлолтын нэгдсэн маягтад урьд өмнө авч байсан цалин болон одоо төлж байгаа нийгмийн даатгал тодорхой бий. Протецийн баримтыг нотлох баримтын шаардлага хангагдаагүй гэж ярьж байна. Үүнд Х.М-ын гарын үсэгтэй мөнгө тушаасан баримт болон хаана гаргаж өгөх гэж байгаа буюу шүүхэд гэж бичсэн нь зөв гэж тайлбарлая. Нэхэмжлэлийн шаардлагад оруулаагүй буюу тодорхойлж нэрлээгүй 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бий. Нийт хүүнд 2,649,252 төгрөг төлж 14,639,252 төгрөг болсон. Эрүүгийн хэргийн баримтуудыг хуулбарлаад өгсөн байсан талаар ярьж байна. Эрүүгийн хэргээс баримтуудыг хуулбарлаж өгөх нь зүйтэй. Яагаад гэвэл хэлэлцэгдээгүй орхигдсон баримтууд. Он сар, өдөр, юунд хэзээ хэрэглэсэн нь тодорхойгүй гэж байгааг үгүйсгэхгүй. Би өөрөө нааж тооцож үзсэн. Хэд нь нотлох баримтын шаардлага хангаж, хэд нь хангахгүйг шүүх тогтоох байх гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 9 сая төгрөг хасаад эвлэрч болж байна гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтуудтай танилцсан. Нэхэмжлэлийн гол шаардлага бол эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй 20,314,487 төгрөг, эмчилгээний зардал, эм тариа, шатахуунд 9,864,467 төгрөг, протец захиалга үнэ 6,000,000, ахын авах ёстой цалин 15,400,000 төгрөг нийтдээ 51,578,954 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нотлох баримтын шаардлага хангаагүй, давхардсан гэх үндэслэлээр 20,314,487 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байхыг эрүүгийн хэргийн анхан шатны шийтгэх тогтоолд дурдсан. Энэ баримтад давхар нотолсон баримтыг ирүүлээгүй. Эрүүгийн хэрэгт байсан баримтуудыг хуулбарлаж авч хуулбар үнэн гэх тэмдэглэгээ хийлгэсэн баримт байна. Ийм учраас эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлээгүй. Иргэний журмаар шийдвэрлүүлэх нотлох баримт гэж үзэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй, тодорхой үндэслэлүүдээр үнэлнэ. Нотлох баримтуудыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэг бүрчлэн шинжлэн судлах санал гаргаж байна. Он сар өдөр нь тодорхойгүй, бичиг нь арилсан гэх баримтууд байна. Протец захиалгын 6,000,000 төгрөгт ямар нэгэн маргаангүй. Гэхдээ үүний баримтыг 6,000,000 төгрөгөөр нь гаргуулаад авчихгүй гэж бодож байлаа. Хүлээн авагч дээр нь Өвөрхангай аймгийн шүүх гээд бичүүлсэн байна. Энэ нь юмныхаа учирыг олоогүй юм уу даа гэж бодсон. Нэхэмжлэгчийн ах нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа баримт авагдсан байна. Цалин гаргуулах боломжтой гэж үзэж байна. Ах нь асарч байгаагийнхаа хувьд асаргаа, сувилгааны мөнгийг авч болох хүсэлтээ гаргаад цалингаас хасуулах хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй байсан. Протецийн захиалгын зардалд санал зөрөхгүй байна. Бусад нотлох баримтыг шүүхийн журмаар хэрэгт ач холбогдолтой үнэн зөв үнэлүүлэхээр шинжлэн судлуулж дүгнэлтээ гаргана. Шүүхээс эргэлзээгүй тогтоосон үнийн дүнгээр хохирлыг төлөх болно гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Х.М-ыг хохиролгүй болгох нь зүйтэй гэсэн

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь хариуцагч С.А холбогдуулан “Гэм хорын хохирол 51578954 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. /хх-ийн 01-02 дугаар хуудас/

 

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-н гаргасан нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эрүүгийн хэргээс хэлэлцээгүй орхисон 20,314,487 төгрөг, шүүх хуралдаанаас хойш хоёр удаагийн тайралт, түүнд шаардлагатай шинжилгээ, өвчин намдаах тариа, хоёр жил эмнэлэг рүү ирж очих шатахуун унааны зардалд 9,864,467 төгрөг, портез захиалгын 6,000,000 төгрөг, ах Х.Ч авах ёстой байсан цалин орлого 15,400,000 төгрөг, нийт 51,578,954 төгрөг гэж тодорхойлсон.

 

            4. Хариуцагчийн гэм буруутай эсэх асуудлаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлөхөд бэлэн болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд илэрхийлсэн.

 

            5. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор хэлэлцээгүй орхисон гэх 20,314,487 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн дээрх шаардлагаа нотлохоор эрүүгийн хавтаст хэргээс 1-191 гэж дугаарласан 191 ширхэг Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ийн баримтыг хэрэгт хавсаргасан байх ба хавтаст хэргийн 40-57 дугаарт авагдсан дээрх баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаж байгаа 1,391,013 төгрөгийг хариуцагч С.А-с гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 191 ширхэг НӨАТ-ын баримтуудаас уншигдахгүй болсон баримтуудыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй. Мөн хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авсан тухай баримтад хэдэн төгрөг төлсөн болох, хэн ямар шалтгаанаар худалдан авсан нь тодорхойгүй,  58 дугаар хуудсанд авагдсан Барьцаат зээлийн гэрээ нь ямар нөхцөл байдлыг нотлож байгаа баримт болох нь мөн тодорхойгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

            6. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хойш хоёр удаагийн тайралт, түүнд шаардлагатай шинжилгээ, өвчин намдаах тариа, хоёр жил эмнэлэг рүү ирж очих шатахуун унааны зардал 9,864,467 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Нэхэмжлэгч Х.М-д 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас хойш гарсан эмчилгээ, эм тариа, мөн шатахууны зардалд 9,864,467 төгрөг хариуцагчаас нэхэмжилж,

            - хавтаст хэргийн 59-64 дүгээр хуудсанд авагдсан эм тариа худалдан авсан гэх 1-83 хүртэл дугаарласан 83 ширхэг НӨАТ-ын баримт,

            - хавтаст хэргийн 65-70 дугаар хуудсанд авагдсан  мөн эм тариа худалдан авсан гэх  1-80 хүртэл дугаарласан 80 ширхэг НӨАТ-ын баримт,

            - хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан хүнс, хоолны зардал гэх 1-11 хүртэл дугаарласан 11 ширхэг НӨАТ-ын баримт,

            - хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан хүнс, хоолны зардал гэх 22-23 гэж  дугаарласан 2 ширхэг НӨАТ-ын баримт,

            - хавтаст хэргийн 73-77 дугаар хуудсанд авагдсан шатахууны зардал гэх 1-64 хүртэл дугаарласан 64 ширхэг НӨАТ-ын баримт

            - хавтаст хэргийн 78-85 дугаар хуудсанд авагдсан шатахууны зардал гэх 1-105 хүртэл дугаарласан 105 ширхэг НӨАТ-ын баримт

            - хавтаст хэргийн 86-93 дугаар хуудсанд авагдсан эм тариа, шатахууны зардал гэх дугаарлаагүй 102 ширхэг НӨАТ-ын баримт

            - хавтаст хэргийн 136 дугаар хуудсанд авагдсан эм тариа болон шатахууны зардал гэх дугаарлаагүй 15 ширхэг НӨАТ-ын баримт

            - хавтаст хэргийн 137-138 дугаар хуудсанд авагдсан 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ

            - шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан Эмчийн эмийн жор гэсэн 5 хуудас баримт гэсэн баримтуудыг шүүхэд гаргасан.

 

            Дээрх баримтуудаас шүүх эм тарианы зардал 4,304,121 төгрөгийн баримт, шатахууны зардал 5,561,786 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, хариуцагчаас 9,865,907 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            7. Нэхэмжлэгч портез захиалгын үнэ болох 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Нэхэмжлэгч Х.М нь авто ослын улмаас нэг хөлөө тайруулсан гэх үйл баримттай талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчид хиймэл хөл буюу протез зайлшгүй шаардлатай байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илэрхийлж, хавтаст хэргийн 134-135 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэх, зарлагын баримтыг нотлох баримтаар гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч протез захиалгын үнэ гэх 6,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан байх тул хариуцагч С.А-с протез захиалгын үнэ 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            8. Нэхэмжлэгчийн ах Х.Ч авах ёстой байсан цалин орлого 15,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Нэхэмжлэгч Х.М-ыг осолд орж, хөдөлмөрийн чадваргүй болсоноос хойш буюу 2020 оны 12 дугаар сараас хойш ажлаа хийхгүй, нэхэмжлэгчийг асарч байгаа гэх нөхцөл байдлыг нэхэмжлэлд дурдаж, Х.Ч-ийн авах ёстой байсан цалин орлого болох 15,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Х.Ч-ийн цалин, орлогыг нэхэмжилж, шүүхэд хандах эрх нэхэмжлэгч Х.М-д олгогдоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.М ь Х.Ч-ээс итгэмжлэл аваагүй байхдаа түүний өмнөөс нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж үзлээ. Х.Ч нь өөрт учирсан хохирол буюу авах ёстой байсан цалин, орлогоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

            9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”,  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч С.А-с нийт 17,256,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,922,034 төгрөг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 15,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

           

            10. Иргэдийн төлөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн байгааг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

            11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.А-с 17,256,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,922,034 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 15,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.А-с улсын тэмдэгтийн хураамжид 244,235 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай .       

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.ҮҮРИЙНТУЯА

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА

 

                                               ШҮҮГЧ                         Б.ЦЭРЭНПҮРЭВ