Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 145/ШШ2023/00423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: .............. оршин суух, М.... нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ө............ оршин суух, Т.........

           Хариуцагч: .......................... оршин суух, Э.... нарт холбогдох,

 “Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.... хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М..... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М... би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Т......., Э........ нартай үл хөдлөх хөрөнгө болох орон сууц зээлээр худалдах, барьцааны гэрээ байгуулж, байрны үнийн урьдчилгаанд 10,000,000 төгрөг авч байраа шилжүүлж өгсөн. Зээлийн барьцааны гэрээ байгуулсан өдрөөс хойш Т......, Э...... нар нь 32,281,375.64 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч 28,800,000 төгрөгийг одоо хүртэл төлөлгүй хохироож байна. Т......., Э........нар нь цаашид төлбөр төлөх чадваргүй болсон байна. Иймд иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Т.Гантулга, Э....... нартай 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С...... шүүхэд гаргасан тайлбартаа: М........ нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Т......, Э....... нартай үл хөдлөх эд хөрөнгө  зээлээр худалдаж, барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учир манайх нэхэмжлэл гаргасан. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тус зээлийг 2 сар л хугацаандаа төлсөн. Бусад төлөлт нь ямар нэгэн байдлаар хугацаа хэтрэлттэй, зарим тохиолдолд зээлээ төлдөггүй. Зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас миний охин М...... найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орж, цаашид өөрийн гэсэн орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх боломжгүй болгож байна. Зээлээ хугацаа хэтрүүлж байсан гэдгийг хавтаст хэрэгт Голом банкны тав салбарын албан тоот нотолж байгаа. Гэрээ хийснээс хойш 72 сард даатгалтайгаа нийлээд 304,000 төгрөг төлөх ёстой. Хуваарийн дагуу төлсөн бол 21,800,000 төгрөг төлөгдөж, 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох байсан гэж тооцоолж байгаа. Ингээд барьцааны гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй учир гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Хамгийн гол зүйл нь талуудын байгуулсан гэрээнд Т...., Э....... нар нь 8 хувийн зээлд шилжсэний дараа худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж заасныг биелүүлээгүй. Сарын эцэс болохоор утсанд нь зээлээ төлөөгүй байна гэсэн мессеж ирдэг. Тэр үед нь би хүүхдэдээ наад хүнээ Голомт  банкны 8 хувийн зээлд хамрагд гэсэн шаардлагаа тавиач гэж удаа дараа хэлж байсан. Сүүлдээ худалдан авах хэлтэст орлоо гэхээр нь гайгүй хэлтэст орсон юм байна болох байх гэсэн ч өдий хүртэл 7 жил бид нар хүүхдийнхээ зуслангийн байшин, түрээсийн байраар амьдарч байна. Би 8 дугаар багийн 332 дугаар байраа зараад, бурхан болсон аавынх нь нэрийг бодоод зээлээ төлж чадахгүй байна гэхээр нь байшингаа зараад явсан. Үлдсэнийг нь эднийхээс 10 сая төгрөгийн урьдчилгаа аваад зээлээ төлөөд байгаарай гэсэн. 5 дугаар сарын сүүлээр өөрийн гэсэн орон сууцтай болох гээд танайх 5 сарынхаа төлбөрийг төлөөд өгөөч нэг дэх өдөр гэхэд бид нарын орон сууцны асуудал шийдэгдэх гээд байна. Монгол банкны жагсаалтад орохгүйгээр болгоод өгөөч ээ гэсэн ч төлбөрөө хийгээгүй. Бид нар одооч түрээсийн байранд амьдарч байгаа. М....... 2021 оны 12 дугаар сард хүүхэдтэй болоод 2, 3 сар ажил хийсэн ч хүүхэд нь ханиад хүрээд ажлаасаа гарсан. Одоо ахиад жирэмсэн тонустай байгаа учир би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Би яагаад эднийхийг бодож зөвшөөрсөн бэ? гэхээр нөхөр нь Хаан банкны ажилчин, өөрөө татварын цаад талын банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан болохоор тус байрыг өөрийн болгох боломж баталгаатай байсан. Зээл нь өөрсдийн нэр дээр биш болохоор хүмүүс өөриймсөг ханддаггүй юм байна. Тэрнээс энэ хүмүүст 7 жилийн хугацаанд байраа өөрсдийн болгох боломж хангалттай байсан гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э....... шүүхэд тайлбартаа: Манайх 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан. Тэрнээс хойш зээл төлөлтөө ганц хоёр хоногоор хэтрүүлж байсан ч муу ангилалд шилжтэл нь хугацаа хэтрүүлж байгаагүй. М..... эгчийн нэр дээр байдаг зээл учир найдваргүй зээлдэгч гэх ангилалд шилжсэн эсэх дээр лавлагаа авах боломжгүй байна. Миний хувьд энэ байрны зээл муу ангилалд ороогүй гэж бодож байна. Манайх 2017-2019 он хүртэл зээлээ төлж байгаад корона /вирус/-н үед 2019, 2020, 2021 оны сүүлээс эргэж зээлээ төлсөн. Энэ нь барьцааны гэрээг зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Хугацаа хэтрүүлэхгүй тухай бүрд нь төлөх ёстой төлөлтөө хийдэг байсан. Манайх анх 13,000,000 төгрөг өгсөн. 3,000,000 төгрөгийг нь М......... эгч явцын дунд зээл төлөлт рүү хийнэ. 10,000,000 төгрөгийг нь аавынхаа байрыг зараад энэ байрны урьдчилгаанд өгчихсөн байсан учир зээл рүүгээ хийсэн. Нөгөө 3,000,000 төгрөгөө одоо хүртэл өгөөгүй. Тухайн үед байраа өөрсдийн нэр дээр шилжүүлэх гэхээр орлого, өрийн харьцаа тэнцэхгүй учир шаардлага хангаагүй гээд зээл авч чадаагүй. Банкинд руу 2, 3 удаа хүсэлт өгсөн. Төрийн албан хаагчийн цалин бага учир орлого өрийн харьцаа тэнцэхгүй гээд 2 удаа буцаагдсан. Тиймээс өөрсдийн нэр дээр шилжүүлж чадаагүй. Метр квадратын үнэ өссөн учир эд нар дундаас нь ашиг олох зорилготой юм болов уу гэж бодож байна. Хугацаа хэтрүүлсэн төлбөрөө 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. 2017 оны ханшаар тухайн байрыг худалдаж авах байсан. Бид Корона /вирус/-н үед 2, 3 жил ипотекийн зээл хойшилж, хугацаанд зээлээ төлөөгүй. 08 дугаар сараас эхлэн байраа зармаар байна. Суллаж өг гээд байхаар нь аргаа бараад бид хүнээс мөнгө зээлээд зээлээ хаахаар боллоо, өөрийн нэр дээр байраа шилжүүлж авч болох уу гэсэн манайх өөрсдөө зарна. Та нар байраа суллаж өг гэсэн шаардлага тавьсан. Ер нь манайх гэрээний үүргээ зөрчөөгүй гэж үзэж байгаа гэв.

 

    2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №0305 дугаартай М....... олгосон итгэмжлэл,

........... дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх хэлцэл” -ийн хуулбар,

 

...... дугаар М... зээлийн дансны хуулгын хуулбарууд,

 

“Голомт банк” ХХК-н 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ............ тоот тодорхойлолт,

 

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт,

 

Голомт банк” ХХК-н 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн . дугаартай м........эдэгдлийн хуулбар,

 

2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1061 дугаар Т.. Э.... олгосон итгэмжлэл,

 

Э.Оюунмаагийн “Төрийн банк” дахь дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М......... нь Т..., Э.... нарт холбогдуулан “Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэгч М........., хариуцагч  Т....., Э...... нар нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх хэлцэл” гэсэн хэлцэл байгуулсан ба уг хэлцлийн агуулга нь нэхэмжлэгч М... нь Өвөрхангай аймгийн .... орон сууцны зориулалтай .... мкв, хоёр өрөө орон сууцаа хариуцагч нарт худалдах, хариуцагч Т...., Э.... нар уг орон сууцыг худалдан авахтай холбоотойгоор  хийгдсэн тохиролцоо гэж үзэхээр байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан  “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүсчээ. 

 

5. Талуудын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх хэлцэл”-ийн дагуу  хариуцагч нар Өвөрхангай аймгийн ............ орон сууцыг эзэмшиж, банкнаас ипотекийн зээл авч, орон сууцны үнийг бүрэн төлөх үүрэг хүлээсэн байна.

 

6. Хариуцагч нар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 6 жил 1 сарын хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг эзэмшилдээ байлгасан гэх үйл баримттай хариуцагч тал маргаагүй, банкны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлөхдөө зээлийн эргэн төлөлтийг хоцроож, нэхэмжлэгчийг банкны хар жагсаалтанд оруулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, банкны хар жагсаалтанд орсон гэх үйл баримт нь нотлогдоогүй. Цар тахлын үед 2 жил зээлийг төлөөгүй нь үнэн боловч нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр төлөөгүй тухайгаа хариуцагч Э....... шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

 

7. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  нэхэмжлэлийн шаардлагаа талуудын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан “Хүчин төгөлдөр бус байх хэлцэл”-д талуудын байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх хэлцэл” хамаарахгүй байна гэж үзлээ.

 

8. “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх хэлцэл”-ийн 5 дугаарт “Орон сууц нь 8 хувийн зээлд хамрагдсан бөгөөд худалдан авсан тал нь 8 хувийн зээл судлагдан зөвшөөрөгдөх хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө” гэж заасан ба хэрэгт авагдсан “Голомт банк”ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн....... дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нотлогдож байна.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талууд хэлцэл хийхдээ 8 хувийн зээлд даруй хугацаанд орох болзолтойгоор хийсэн ч хариуцагч нар 6 жил гаран хүлээлгэж,  хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн ч хариуцагч тал  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 8 хувийн зээлд хамрагдах хүртлээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэж тохирсон, 8 хувийн зээлд хамрагдах хугацаа тохироогүй тул гэрээний үүрэг зөрчөөгүй гэсэн тайлбар гаргасан. “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх хэлцэл”-ийн Жич гэх хэсэгт “8 хувийн зээл зөвшөөрөгдмөгч орон сууц худалдах, худалдан авах гэрээг албан ёсоор байгуулж орон сууцны гэрчилгээг худалдан авагчийн талд шилжүүлнэ”, нэмэлт нөхцөл гэх хэсэгт “Орон сууц худалдан авагч тал Т........, Э........ нар нь тогтмол цалин орлогтой ажилтай тул 8 хувийн зээлд хамрагдах боломжтой гэж үзэж хэлцэл хийв” хэмээн тус тус заасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үйл явцыг аль болох богино хугацаанд гүйцэтгэх нь талуудын  хэлцэл хийх  үеийн хүсэл зорилго байсан гэж дүгнэхээр байна.

 

10. Иймд нэхэмжлэгч М..... болон хариуцагч Т...., Э..... нарын хооронд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн байх ба Иргэний Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж, талуудын байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх хэлцэл” гэх гэрээг цуцалж шийдвэрлэлээ.

 

            11. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй“ гэж заасан байх ба хариуцагч тал зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт хэдэн төгрөг төлсөн, худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд хэдэн төгрөг төлсөн болохоо шүүхэд мэдүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

12. Улсын тэмдэгтийн хураамж болох хариуцагч Т..., Э.... нараас 319,857  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 319,857  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар М...., Т......, Э..... нарын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх хэлцэл” гэх гэрээг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т......, Э........ нараас 319,857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М..... олгож,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,857 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА