| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/2326/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2595 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Б |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2595
2025 11 17 2025/ШЦТ/2595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
улсын яллагч М.Бамбадорж,
шүүгдэгч П.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Х-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч П.Х нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны төвөөс интернет банкны гүйлгээ амжилттай гэх зураг үзүүлэн хуурч 1.450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ****дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч шүүгдэгч П.Х нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны төвөөс гар утас худалдан авах гэж байгаа мэтээр хуурч, айфоне 13 про загварын гар утасны төлбөр болох 1.450.000 төгрөгийг интернет банк ашиглан шилжүүлсэн гэж худал хэлж “гүйлгээ амжилттай” гэсэн зураг үзүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “айфоне 13 про макс” загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр *********** эцсийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны дэлгүүртээ 15 цаг 40 минутын орчимд байх үед гаднаас үл таних 24-25 насны 165-1710 см өндөр шар царайтай, хамрандаан ээмэг зүүсэн, гадна талаараа хар өнгийн ханцуйгүй хантааз, хар бараан өнгийн хантааз өмссөн эрэгтэй ганцаараа орж ирээд манай 8 настай хүү Б.С-ээс хар өнгөтэй айфоне 13 pro маркийн гар утсыг 1.900.000 төгрөгөөр худалдан авахаар болоод мөнгөө интернет банкаар шилжүүлсэн гээд гар утсаа манай хүү рүү харуулчихаад гараад явсан. Тэгээд би тухайн үед эхнэр Б.Б рүү залгаад дансанд чинь 1.900.000 төгрөг орсон уу гэж асуухад мөнгө орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би нөгөө залуугийн араас гарахад ********** эцсийн ойр орчимд байхгүй алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 17-18/,
“Дамно үнэлгээ” ХХК-ны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ****** дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.425.000 төгрөг гэж үнэлсэн дүгнэлт /хх 39-42/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.
Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч П.Х нь хохирогч Б.Б-тай хамт байсан 8 настай хүү Б.С-д гар утасны төлбөрийг интернет банк ашиглан шилжүүлсэн гэж худал хэлж “гүйлгээ амжилттай” гэсэн зураг үзүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “айфоне 13 про макс” загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
4. Шүүгдэгч П.Х нь дээрх гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
5. Иймд шүүгдэгч П.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т 1.425.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч П.Х-с 1.425.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч П.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч П.Х-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдлийн шинж, гэм буруутай үйлдэлдээ болон үр дагаварт хандаж буй байдлыг харгалзан хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгч П.Х-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч П.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-д энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-ээс 1.425.000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгосугай.
7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ