| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00453 |
| Дугаар | 145/ШШ2017/00602 |
| Огноо | 2017-11-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 145/ШШ2017/00602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* 02 дугаар гудамж, 02 тоотод оршин суух ******* ******* овогт Раднаабазарын ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, 3-29 тоотод байрлах ******* ХХК /РД:/,
Хариуцагч: дүүрэг, 11 дүгээр хороо, Маршил таун, -123 тоотод оршин суух ******* овогт /РД:/ нарт холбогдох,
8,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, хариуцагч ******* ХХК-ийн захирал , хариуцагч С., гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өөрийн автосамсомол машинаар сарын 6,500,000 төгрөгөөр тохирч ажилласан. Бид аман гэрээ байгуулж ажилласан. Ингээд 8 дугаар сарын сүүлээс 9 дүгээр сарын эхэн үе хүртэл ******* ХХК-ийн ажил зогссон. Ингээд би 10 дугаар сарын 20-н хүртэл нийт 5 сар 20 хоног ажилласан. Тухайн үед түрээсийн мөнгийг авч явсаар байгаад 8,800,000 төгрөг үлдсэн. Би бэлнээр нийт ******* ХХК-иас 28,000,000 төгрөгийг авсан. Тухайн үед ажил зогсоход кемп дээр нь манайх бүрэн ажиллах бэлэн байдалтай байсан. Энэ хүмүүс намайг чи байж бай. Манайхаас болж асуудал үүссэн юм чинь чиний мөнгийг бодож өгнө гэж хэлсэн. ******* ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь энэ зогсолт чамаас шалтгаалаагүй учраас бид төлбөр тооцоогоо бүрэн өгнө гэж байсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уурхай нь зогссон.
2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр миний данс руу 9,000,000 төгрөг шилжүүлэхэд нь ярьсан чинь үлдэгдэл мөнгийн шинэ жилийн үеэр өгнө. Тэр үеэр доллар өсөж, алтны үнэ өсдөг гэж хэлсэн. Шинэ он гаргаад залгасан чинь манай компани алт хоёр хөтөлбөрийн хүрээнд Бум гэдэг хүнтэй нийлж тэрбум төгрөгийн зээл хөөцөлдөж байна. Тэр зээлийг бүтэхээр чиний мөнгийг өгье гэсэн. Ингээд 2017 оны цагаан сарын өмнө гуай шүүх хуралд оролцох гэж ирэхэд нь уулзахад одоохондоо мөнгө төгрөг тааруухан байна. Хавар ажил эхлэхээр чиний мөнгийг өгнө. Солонгос улс руу хүүхэд эмчилгээнд явах гээд мөнгөний хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 20-ны үед тухайн компанийн ажил нь эхэлсэн. Намайг залгахаар утсаа авахгүй салгаж байсан. Би 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өөрийн биеэр уурхайд дээр очиж С. эгчтэй уулзсан. Тэгэхэд С. эгч би дур мэдэж мөнгө төгрөг өгч чадахгүй. Чи ахдаа миний бичиж өгсөн тооцоог бариад оч. ах чинь утсаар ярьж байгаа гэсэн. Би гуай дээр С. эгчийн бичиж өгсөн тооцоог аваад очсон чинь чи юу яриад байгаа юм бэ? чи бид хоёрын төлбөр тооцоо дууссан. Манайх чамд мөнгө өгөх шаардлага байхгүй. Чи энэ асуудлаа шүүхээр шийд гээд хүлээж аваагүй. Манай компани давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогссон гэж хэлж байсан. Тухайн үед уг компанийн уулын ажлын төлөвлөгөөний бичиг баримт дутуу байснаас болж ажил зогссон.
Бид нарын тохиролцоонд тухайн компанийн буруугаас болж ажил зогссон бол ажиллаж байснаар төлбөр бодогдож, хэрэв миний зүгээс ажил зогсох шалтгаан гаргасан бол би тухайн өдрийнхөө ажлыг хасуулж тооцно гэсэн аман гэрээ байдаг. Ажил зогссон үед тухайн компанид хоёр түрээсийн машин байсан. Экскаваторыг ажил зогсоод удалгүй түрээсийг зогсоогоод явуулсан. Намайг явуулах байх гэсэн чинь чи байж бай гэсэн. Намайг ажил эхэлтэл байж бай гэсээр байгаад нэг сар болгосон. Ингээд нийт 40 гаран хоног ажилгүй зогссон. Өөрсдөө 8 дугаар сарын мөнгийг бүтэн өгнө гэж байсан. Би 9 дүгээр сард 2, 3 хоног ажил хийсэн бөгөөд уурхайг хариуцаж байсан дарга, ээлжийн ахлагч нарт намайг байж байгаарай гэж хэлж байсан. Тухайн үед надад 4, 5 ажлын санал ирж байсан. Тэгээд сүүлд нь чи өөрөө санал гаргаж явах байсан гэж хэлсэн. Захирлын тушаалыг хэрэгт хавсаргаж өгсөн байна лээ. Тухайн үед уг захирлын тушаал гаргаагүй байсан. Би энэ тушаалтай танилцаагүй. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.******* нь манай уурхайн ажил зогссон гэдгийг мэдсэн. Манай уурхайд бас нэг экскаватор ажиллаж байсан. Тэр бол ажил зогсонгуут яваад өгсөн. Р.******* намайг байж бай гээд явуулаагүй л гээд яриад байна. Манай ажилчид хэлсэн гээд байна. Нэг болохоор намайг хэлсэн мэтээр яриад байгааг ойлгохгүй байна. Манай авгай болохоор Р.*******д өгөх тооцоо байна гээд байсан. Тэгтэл миний бэлнээр өгсөн 6,500,000 төгрөгийг тооцоогүй байсан. Тийм болохоор одоо Р.*******д өгөх мөнгөний тооцоо байхгүй гэж бодож байна. Би Р.*******д машины хажууд зогсож байхад нь 6,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр асуулгах гэж гэдэг хүнийг миний найз гэж хэлээд байх шиг байна. Энэ хүн бол миний бүх зүйлийг хөтөлж явдаг хүн байгаа. Үүнийг л миний найз гэж ойлгоод байх шиг байна. Би Өвөрхангай аймгийн сумын Төрийн банкнаас 10,000,000 төгрөгийг бэлнээр аваад 6,500,000 төгрөгийг Р.*******д өгсөн. Дараа нь надад та 6,500,000 төгрөгийг Р.*******д өгсөн гэж хэлэхээр санасан. Би сайн мэдэж байна гэж хэлсэн. Үүнийг би санахгүй байж байгаад дээр авгайдаа хэлсэн. Зуны 8,800,000 төгрөг яригдсанаас хойш санаад ийм мөнгө мартагдсан байна гэж хэлсэн. Би Р.*******д карьер дээр утсаар ярьж байхад өгсөн. Тийм болохоор одоо мөнгө өгөх шаардлагагүй болсон. Харин ч илүү мөнгө өгсөн байсан. Манай компанийн захирлын тушаал гарсан байгаа. Ажил зогссон байхад түрээсийн машинд 20 хувийг өгье, ажилтанд 30 хувийг өгье гэж хуулийн дагуу ийм тушаал гарсан. Цаанаас нь аймаг, орон нутаг зогсоосон болохоос биш би өөрөө уурхайгаа зогсоогоогүй. Би энэ хүнийг тэргээ аваад явсан байхад ярих юм байхгүй байсан. Ажил эхэлье гэвэл 60 километрийн цаанаас өдөртөө давхиад л ирнэ. Манайхыг сахиад тэнд байгаад байх шаардлага байгаагүй. Би хатуу гэрээ хийсэн зүйл байхгүй. Р.*******г тэргээ аваад явсан байхад ямар сонин юм бэ? гэж хэлэхгүй байсан. Манай компани усны дүгнэлт хийгээгүй байсан. Гэтэл аймгийн Засаг даргаас усны дүгнэлт шалгасан. Тэр үед бид ажилчдаа тараагаад хот руу явсан байсан. Тэгэхэд энэ хүн өөрийн санаачилгаараа тэргээ аваад явахад ярих зүйл байхгүй байсан юм. Үүнтэй холбогдуулж манай авгай тайлбараа хэлнэ гэв.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.******* ганцхан 2016 онд манай уурхайд ажилласан юм биш. Өмнө нь 2015 онд түрээсээр ажиллаж байсан. Бид 2015 онд манай уурхай алдаг оног ажлаад л ямар ч байсан тооцоо мөнгөний зөрүүгүй ажлаас буусан. Би өөрийн компани, эсвэл өөрийн эрх ашиг болон иргэний хувьд аль нэгийг нь хохироох эрх зүйн үндэс ухамсар байхгүй гэж бодож байна. Бид зөвхөн үнэн бодит зүйлийг ярьж түүн дээр үнэн бодит дүгнэлт гараасай гэж бодож байгаа. 2016 онд Р.******* манай уурхайд түрээсээр ажилласан. Бид аман гэрээ хийсэн. Ямар нэгэн бичгийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Манай компани гэрээ хийхийг шаардаагүй. Харин Р.******* өөрөө гэрээ хийх ямар нэгэн санаачилгыг гаргаагүй учраас ийм маргаантай зүйл болсон гэж би нэгдүгээрт үзэж байна. Бид сарын түрээсийг 6,500,000 төгрөгөөр тохирсон. Энд бол маргах зүйл байхгүй. Р.*******д бэлнээр өгсөн мөнгө бол хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн баримт дээр байгаа. Эхлээд 2,000,000 төгрөг, дараа нь 1,000,000 төгрөг, дараа нь 4,000,000 төгрөг, дараа нь 8,080,000 төгрөг нийт 15,080,000 төгрөг болсон. Ингээд 15,080,000 төгрөгөөс 2,080,000 төгрөгийг хасна. Энэ нь дугуй, нум, түлээ, мод, сэлбэг хэрэгсэл гээд хамаарахгүй мөнгө байгаа. Ингээд 13,000,000 төгрөг 5 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тооцоо байгаа. Үүнийг бид оройтож өгсөн нь үнэн. Үүнийг бол хүлээн зөвшөөрч байна. Харин цаг тухай бүрт өгсөн гэж би худлаа ярихгүй. Ингээд 7 дугаар сарын бүтэн тооцоо наад дээр чинь гарч ирээгүй байгаа. Р.******* болохоор одоо та 8 сарын мөнгийг өгөөгүй, 9 сарын мөнгийг өгнө гэсэн гэж яриад байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр очоод 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 5 сар 20 хоног байгаа. Энэ 20 хоногийн мөнгө яагаад ч 9,000,000 төгрөг болохгүй. Үүнийг 9 дүгээр сарын 20-ны үеэр шилжүүлсэн. Миний Р.*******д гардаж өгсөн мөнгөний тооцоо бол 28,000,000 төгрөг. Үүнд бол маргахгүй. Би хүн гүтгэхгүй. Ингээд би Р.*******д нийт 28,000,000 төгрөгийг өгсөн. Өгсөн гээд байгаа 6,500,000 төгрөг бол ганцхан сүүлд гараагүй шүү. 2016 онд би Р.*******д мөнгө өглөө гэж ярьсан. Ингээд энэ хоёрын хооронд мөнгөний зөрүү гарсан. Авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин мөнгөний тоо зөрөөд байгаа юм. Тэгэхээр нь би та нар өөрсдөө үүнийхээ учрыг олоорой л гэж хэлсэн. Тэр мөнгөний тооцоо наана чинь ороогүй байгаа. Үүний учрыг олох хэрэгтэй. Одоо гэрч үүнийг батлах байх гэж бодож байна. Энэ хүмүүс өгсөн авснаа ч хэлэх байх гэж бодож байна. Харин би үүнийг хараагүй учраас худлаа хэлэх зүйл алга байна.
Р.*******гийн нэг өдрийн ажлын хөлс бол 225,000 төгрөг байдаг. Үүнийг 20 хоногоор үржүүлэхээр 4,500,000 төгрөг болно. Бид харин 9,000,000 төгрөг өгсөн байгаа. Энэ 4,500,000 төгрөг чинь урд сардаа гүйх ёстой. Би энд хүний нүүр хараад Р.*******г муу хүн, увайгүй гэж хэлэх зүйл байхгүй. Ажилдаа сайн, машин тэрэг нь явдаг. Р.******* бид нар дээр орж ирээд би явъя гэж хэзээ ч хэлээгүй. Би үүнийг мэдэж байна. Харин бид нар чи байж бай гэж хэлээгүй. Уурхайн дарга нараар л дамжуулж хэлсэн байх гэж бодож байна. Тэр үед уурхайн ажилчид тараад явсан байсан. Харин жолоочоо үлдээсэн нь үнэн. Жолооч гуай манай гал тогоонд туслаад л байж байсан. Манайд хүртэл 2 хоноод л явсан. Тэр мөнгө төгрөгийг би бодоогүй. Манай компани А лицензтэй тэнд ажил гүйцэтгэдэг компани биш. Баярсол голд компанийн туслан гүйцэтгэгч оператор компаниар явдаг. Тийм учраас уулын ажлын төлөвлөгөө болон усны аж ахуйн болон байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ болон Засаг даргын баримтаас гарч ирсэн тэр фактууд байна лээ. Манай компани бол гүйцэтгэгч компани гэдгийг энд хэлэхийг хүсч байна. Үүнийг Р.******* өөрөө мэдэж байгаа. Өвөрхангай аймгийн сумын болсон болоогүй, бичигтэй бичиггүй бүх уул уурхайн компанийг Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар бүгдийг нь буулгасан. Тэнд хувь хувьсгалын замбараагүй байдал үүсээд тэндээс хөөхөд Баярсол голд манай компани хоёр л үлдсэн. Р.******* мэдэж байгаа.
Би Р.*******д 2017 оны 7 дугаар сард ирэхэд нь хэлсэн. Миний хажууд манай нэг ажилтан байсан. Эгч нь 3,000,000 төгрөг өгье. Чиний 7 дугаар сарын цалинг бүтэн өгсөн. Эгч нь толгой мэдэж шийдэхгүй гэж хэлсэн. Одоо энэ хоёр хоёулаа байна. Энэ бол хүний сэтгэл гэж бодож байна. Дараа нь үлдэгдэл мөнгийг нь өгнө шүү гэж яриагүй.
Тухайн үед экскаватор бол явчихсан байсан. Экскаватороор ганцхан шороо ачна. Өөр ачих юм байхгүй. Хэн хэн нь сэтгэлээрээ байна гэж би тухайн үед бодсон. Миний хүнийг хохироохгүй гэсэн сэтгэл бол надад байсан. Учиргүй тэр нэхээд байгаа 8,800,000 төгрөгийг бол өгч чадахгүй. , хоёр харин энэ хүнд мөнгө өгсөн юм бол бид нар Р.*******д мөнгө өгөх нь битгий хэл харин ч илүү мөнгө өгсөн гэсэн тооцоо харагдаад байна. Гэрч үүнийг нотлох байх гэж бодож байна. Надад хэн нэгэн хүнийг хохироох гэсэн сэтгэл алга байна. Бүх зүйл үнэнээрээ яваасай гэж бодож байна гэв.
Шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч ******* ХХК, С. нарт холбогдох түрээсийн төлбөрт 8,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* ХХК, С. нар Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар уурхайн үйл ажиллагаа зогссон тул үүнийг давагдашгүй хүчин зүйл гэж үзэж, тухайн зогссон хугацааны түрээсийн төлбөр 8,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Р.******* нь ******* ХХК-ийн захирал тай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өөрийн автосамсомолоор шороо ачих ажлыг сарын 6,500,000 төгрөгийн хөлстэйгээр хийхээр харилцан тохиролцож, өөрсдийн хооронд үүссэн харилцааг Түрээсийн гэрээ гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх ёстой. Гэтэл түрээслүүлэгч гэх Р.******* нь түрээслэгч гэх ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад өөрийн автосамсомолоо шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл Р.******* нь автосамсомолоо өөрөө эзэмшиж, ашиглан ******* ХХК-д зөвхөн шороо ачих ажлыг сарын 6,500,000 төгрөгийн хөлстэйгээр хийхээр тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
******* ХХК нь талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй гэжээ. Гэтэл ******* ХХК-ийн захирал ы амаар гаргасан саналд Р.******* нь зөвшөөрсөн хариуг өгч, талууд тохиролцсон талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан, хүчин төгөлдөр гэж тооцов. Өөрөө хэлбэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Р.******* нь тохиролцсон ажлыг гүйцэтгэх, ******* ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Энэхүү гэрээний дагуу Р.******* автосамсомолоор тохиролцсон хугацаанд ажлаа хийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл өөрийн автосамсомолтой ******* ХХК-ийн уурхай дээр ажилласан.
Харин Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сумын Бөөрөлжүүтийн голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг шалгахад Ашигт малтмалын хуулийн дагуу уул уурхайн үйлдвэрлэлд шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангаагүй гэсэн шалтгаанаар ******* ХХК-ийн үйл ажиллагааг 2016 оны 8 дугаар 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зогсоосныг ******* ХХК давагдашгүй хүчин зүйл гэж үзэж зогссон хугацааны хөлсийг Р.*******д төлөхгүй гэснээс зохигч маргажээ.
Зохигч Хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа дээрх нөхцөлд төлбөр төлөхгүй байх, давагдашгүй хүчин зүйлд юу орох талаар тус тус харилцан тохиролцоогүй. Нөгөө талаас Ашигт малтмалын хуулийн дагуу уул уурхайн үйлдвэрлэлд шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангаагүйгээс ******* ХХК-ийн үйл ажиллагаа зогссон болох нь Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3в/579 тоот албан бичгээр тогтоогдож байх тул үүнийг давагдашгүй хүчин зүйл гэж үзэх боломжгүй юм.
Мөн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК нь Р.*******г хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө зогссон хугацааны төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болох байсан. Гэтэл 2016 оны 8 дугаар 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний хүртэл зогссон байх үед Р.******* автосамсомолтойгоо уурхай дээр байж гэрээний үүргээ биелүүлсний дараа нь зогссон хугацааны төлбөр төлөх үүргээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.
******* ХХК-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1-45 тоот тушаалаар ажилчдын цалинг 30 хувь, машин техникийн түрээсийн төлбөрийг 20 хувиар бодож тооцохоор шийдвэр гарсан гэж байгаа боловч энэ тушаалын дагуу Р.*******тэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээнд өөрчлөлт оруулах талаар тохиролцоогүй. Мөн үүнтэй холбогдуулан гэрээнээс татгалзаагүй, гэрээг цуцлаагүй бөгөөд гэрээний хугацаа дууссанаар зохигчийн хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон байна.
Гэрч нь Р.*******д 28,000,000 төгрөгөөс гадна 6,500,000 төгрөг бэлэн өгсөн гэж байгаа боловч хэзээ өгсөн нь тодохогүй, энэ нь бусад байдлаар тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу ******* бадмаараг ХХК-д хөлс төлөх үүрэг үүссэн. Мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу Р.******* нь хөлс төлөх үүргийн гүйцэтгэлийг ******* бадмаараг ХХК-иас шаардах эрхтэй байна.
Зохигч сарын хөлс 6,500,000 төгрөг, гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 5 сар 20 хоног, нийт хөлс 36,833,333 төгрөг /5х6,500,000=32,500,000/, /6,500,000:30=216,667/, /216,667х20=4,333,333/, /32,500,000+4,333,333=36,833,333/, үүнээс 28,000,000 төгрөгийг төлсөн талаар мараагүй болно. Нийт гэрээний хөлснөөс төлөгдсөн хөлсийг хасахад 8,833,333 төгрөг /36,833,333-28,000,000=8,833,333/ байна. Гэхдээ Р.******* нь 8,800,000 төгрөг нэхэмжилсэн болохыг дурдав.
Мөн Р.******* нь ******* бадмаараг ХХК-иас 28,000,000 төгрөг авсан тооцоо таарсан гэсэн үндэслэлээр С.д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан болохыг дурдав.
Иймд ******* бадмаараг ХХК-иас 8,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, , 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* бадмаараг ХХК-иас 8,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч С.д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, хариуцагч С.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* бадмаараг ХХК-иас 155,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ