Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/792

 

А.С, Э.Б нарт холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

            шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч М.Амарбаяр,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/483 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлоор А.С, Э.Б нарт холбогдох 2009000001086 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................., 20.......... оны ....... дугаар сарын ................-ны өдөр Архангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж “Сөх” баг, 3 дугаар байрны 58 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

2. .........................., 20........ оны ......... дугаар сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уул 11 дүгээр гудамжны 39 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УХ00282550/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа;

А.С нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И-Март” худалдааны төв дотор иргэн С.Болорын эзэмшлийн “Самсунг галакси Эс-9 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 845.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” гэх дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Т.Дөлгөөний эзэмшлийн “Айфон Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололд үйл ажиллагаа явуулдаг “Сансар” худалдааны төв дотор иргэн М.Алтанчимэгийн хүрэмний халааснаас түүний эзэмшлийн “Айфон 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Тэмүүжинтэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдаа үйлчилгээний төвийн орчимд А.Халиунаагийн халааснаас түүний эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 470.000 төгрөгийн хохирол, нийт 6.365.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн,

 А.С, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Г.Цогзолбоог байрны орц руу дагуулан оруулж, улмаар халаасыг нь нэгжих зэргээр биед нь халдаж, 21.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа” маркийн гар утас, 2000 төгрөгийн хамт байсан хэтэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, хохирогчид 23.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Э.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Сийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.С, Э.Б нарыг бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Э.Б нарыг тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч А.Сийн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан А.С, Э.Б нарын эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг 4 жил 9 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялыг 4 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сийн цагдан хоригдсон 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 229 хоногийг хасаж, биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 1 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Бий 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 102 хоногийг хасаж, биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 10 сар 5 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас тус бүр 2 жилийг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 11 хоногийг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймгаас явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бд дүйцүүлэн сольж оногдуулсан 2 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Э.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Сд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэхийг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Сээс 5.895.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Болорт 845.000 төгрөг, хохирогч Т.Дөлгөөнд 2.550.000 төгрөг, хохирогч М.Алтанчимэгт 2.500.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч М.Амарбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Э.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсны дагуу ялаа эдэлж байна. Тодруулбал, Э.Б нь өсвөр насны /17 настай/ байхдаа гэмт хэрэг үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Төв аймгийн хорих ангид ялаа эдэлж байсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан 461 дүгээр ангид хоригдон уг хэргээ шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн эдлэх ялыг 4 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан байна. Шүүхээс Э.Бд зөвхөн энэ удаагийн гэмт хэрэгт нь хамааруулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хассан бөгөөд өмнөх шийтгэх 659 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бий өмнө нь үйлдсэн гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарч байна гэж үзэн Өршөөлийн хуульд хамааруулаагүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт өсвөр насны хүний 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна гэж илүү нарийвчлан зохицуулсан байх бөгөөд Э.Б нь өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оногдуулсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд өсвөр насны буюу насанд хүрээгүй байсныг шүүх анхаарч үзээгүй. Иймээс Э.Б нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өмнөх шийтгэх тогтоолоор оногдулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу хасаж ялаас өршөөгдөх үндэслэлтэй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэд хэдэн зүйл, хэсэг заасан гэмт хэрэг үйлдэж нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэхээр хуульчилсан байна.

Миний үйлчлүүлэгч Э.Б нь гэм буруугаа хүлээж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд цаашид засарч, сурч боловсрох чин хүсэл эрмэлзэлтэй залуу байгаа. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн илүү нарийвчлан зохицуулсан зүйл, заалтыг хэрэглэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Бд оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ялыг өршөөн хасаж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

А.С нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И-Март” худалдааны төв дотор иргэн С.Болорын эзэмшлийн “Самсунг галакси Эс-9 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 845.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” гэх дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Т.Дөлгөөний эзэмшлийн “Айфон Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололд үйл ажиллагаа явуулдаг “Сансар” худалдааны төв дотор иргэн М.Алтанчимэгийн хүрэмний халааснаас түүний эзэмшлийн “Айфон 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Тэмүүжинтэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдаа үйлчилгээний төвийн орчимд А.Халиунаагийн халааснаас түүний эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 470.000 төгрөгийн хохирол, нийт 6.365.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь:

Хохирогч С.Болорын “...2019 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим 2 хүүхэдтэйгээ Сансарын “И март” орсон. Тэгээд цүнхэндээ байсан гар утсаа дэлгүүр дотор үйлчлүүлж байгаад алдсан. “Самсунг галакси Эс-9” плас маркийн саарал өнгийн гар утас байсан. Хяналтын камерт улаан куртиктэй хүн хулгайлж байгаа бичлэг байсан. ...” /1хх 216/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Т.Дөлгөөний “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 19 цаг 30 минутын үед гэрийн хажууд байрлах Миний дэлгүүрт ороод юм авах гээд зогсож байхад миний хажууд үл таних эрэгтэй байсан. Юм худалдаж авчихаад гэртээ ороод гар утсаа гадуур хувцасны халааснаасаа авах гэхэд алга болсон байсан тул буцаж Миний дэлгүүрт очиж хяналтын камерын бичлэг шүүж үзсэн. ...Миний гар утсыг нэг залуу авч байсан, тэр залуу нь жижиг биетэй, саарал өнгийн куртиктэй байсан. Миний гар утсыг бүлэглэж авсан юм байхгүй, миний гар утсыг авчихаад үүдэнд очиж халааснаасаа гаргаж харчихаад буцааж халаасандаа хийгээд шууд ганцаараа гараад явж байсан. ...” /2хх 13, 16/ гэсэн мэдүүлэг,

хохирогч М.Алтанчимэгийн “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төв дотор хүүхдийн бэлэг авчихаад гараад явж байсан чинь миний халаасанд байсан гар утас алга болсон байсан. Сансар худалдааны төв орохоосоо өмнө би гар утсаа ашиглаж байгаад хүрэмнийхээ халаасанд хийгээд орсон. ...” /1хх 113/ гэсэн мэдүүлэг,

хохирогч А.Халиунаагийн “...2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг өнгөрч байхад гадуур цайндаа орчихоод өөрийн ажил болох Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төв рүү орж байхдаа гар утсаа алдсан. Хамгийн сүүлд “Гранд плаза” төвийн гадна гар утсаа шалгаад өмсөж явсан куртикныхаа баруун халаасанд хийсэн. ...Камер шүүж үзэхэд үл таних нэг эрэгтэй миний араас дагаж явж байгаад өөр нэг хүнд гар утас дамжуулж байгаа нь бичигдсэн байсан. ...” /1хх 173/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Золжаргалын “...Содгэрэл надад 7 хоногийн өмнө найз нь хүний гар утас хулгайлсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, чи очоод уулзчих гэж хэлсэн. Өөр зүйл ярьж хэлээгүй. ...” /1хх 129/ гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Тэмүүжингийн “...найз Содгэрэлийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн орчим явж байгаад нэг эмэгтэй явж байхыг харсан бөгөөд гадуур хувцасных нь халаасанд гар утас байхыг харсан. Тухайн үед гар утас нь ил харагдаад авахад амархан санагдсан учраас үүдээр орж байхад нь хулгайлж аваад найз Содгэрэлд дамжуулчихсан. Тэр эмэгтэй гар утсаа баруун талын халаасандаа хийсэн байсан. ...” /1хх 180/ гэсэн мэдүүлгүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...17:43:58 секундэд хар өнгийн хүрэмтэй, цэнхэр өнгийн өмдтэй, улаан алаг өнгийн гуталтай 165 см орчим өндөртэй залуу гар утас барьж байгаад өмднийхөө халаасанд хийж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв.  ...Тухайн этгээд Алтансүх овогтой Содгэрэл мөн болохыг тэмдэглэлд дурдав. ...” /1хх 100-101/ гэх тэмдэглэл,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...01 минут 32 секундэд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээд бусдад эд зүйл дамжуулан өгч байгаа, хохирогч хаалгаар орж байгааг, ...01 минут 35 секундэд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээд хохирогчийг дагаж явж байх бөгөөд эд зүйл дамжуулан авсан этгээд нь хаалгаар гарч байгааг харуулав. ...” /1хх 160-162/ гэх тэмдэглэл,

хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх 132, 185, 222, 2хх 20/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 163-164/ зэрэг нотлох баримтуудаар,

А.С, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Г.Цогзолбоог байрны орц руу дагуулан оруулж, улмаар халаасыг нь нэгжих зэргээр биед нь халдаж, 21.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа” маркийн гар утас, 2000 төгрөгийн хамт байсан хэтэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, хохирогчид 23.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Г.Цогзолбоогийн “...Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоо эгчийнхээ ажил руу очих гээд явж байтал явган хүний зам дээр миний цүнхнээс үл таних эрэгтэй хүн татаад “манай дүүг нэг хүн зодчихсон, зодсон хүнийг нь хайж байгаа юм, чамайг дүүдээ харуулаадахъя” гэсэн. Тэгтэл Доржсамбуу “би эгчийнхээ ажил руу ороод мөнгө авчихаад ирье” гээд гүйгээд явсан. Тэгтэл тэр эрэгтэй хэдүүлээ тэнд очоод байж байя гээд хажуу талын 20 дугаар байрны урдуур зүүн эргээд 4 дүгээр орц руу нь ороод 4 давхарт гараад миний цүнхнээс татсан эрэгтэй “дүү рүүгээ залгачихъя утсаа өгчих” гэхээр нь би гар утас байхгүй гэж хэлтэл халаасанд чинь юу байгаа юм гэсэн тэгэхээр нь түрийвч байгаа гэж хэлтэл түрийвчийг маань зүүн талын халааснаас аваад доторх мөнгийг нь гаргасан. Тэгснээ намайг нэгжээд баруун талын халааснаас гар утсыг маань авсан. Тэгээд “чи бид хоёрт 5.000 төгрөг өг, тэгээд бид хоёр явлаа” гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлээд байж байтал цагдаа нар орж ирээд тэр хоёр хүүхдийг бариад цагдаагийн газарт авчирсан. ...Тэр хоёр эрэгтэй намайг цохиж, зодоогүй. Гэхдээ намайг айлгаж, нэгжиж эд зүйлүүдийг минь авсан. ...” /1хх 58-59/ гэсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Б.Доржсамбуугийн “...Тэр хүүхэд бид хоёрыг дуудаж уулзаад “манай дүү өчигдөр хүнд зодуулчихсан юм, зодсон хүүхэд нь та хоёртой адилхан байсан, та хоёр надтай хамт урагшаа яваадах” гэж хэлсэн. Тэгтэл цаанаас нь бас нэг танихгүй саарал өнгийн саравчтай малгайтай хүүхэд ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёр хүүхдийг дээрэмдэх гэж байна гэж ойлгоод тэр хоёрт хандаж “бид хоёр ийшээ ойрхон яваад эгчээсээ мөнгө аваадахъя, та хоёр эндээ хүлээж байх уу” гэж хэлтэл “та хоёр хоёулаа явах хэрэггүй нэг нь үлдээд, нэг нь яваад эгчээсээ мөнгө аваад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Цогзолбоо тэндээ үлдээд би ганцаараа яваад Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах “Ган зүү” эмнэлгийн байр руу орсон. ...Дөлгөөн ах Цогзолбоо руу залгахад “би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна” гэж хэлсэн. ...” /1хх 61/ гэсэн мэдүүлгүүд,

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн хошууч С.Хүрэлчулууны “...15 цаг 30 минутад “Тамир 69” станцаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар байрны 4 дүгээр орцонд сэжиг бүхий 3 хүүхэд орлоо гэсэн мэдээллийг шалгахад “Билгүүн нь Содгэрэлийн хамтаар Цогзолбоог дээрэмдэж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоосон” /1хх 5/ гэх илтгэх хуудас,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 51-53/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 67/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч А.Сийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.С, Э.Б нарыг бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч А.Сийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад нийт 6.365.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            шүүгдэгч А.С, Э.Б нарын бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.Цогзолбоог халаасыг нь нэгжих зэргээр биед нь халдаж, 21.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа” маркийн гар утас, 2000 төгрөгийн хамт байсан хэтэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч, хохирогчид 23.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч М.Амарбаяр “...анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн илүү нарийвчлан зохицуулсан зүйл, заалтыг хэрэглэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Бд оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ялыг өршөөн хасаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заажээ.

            Шүүгдэгч Э.Б нь өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны хүн буюу 17 настай байжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй түүнд оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй байх тул дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж түүний эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Бд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар “шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэсний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хасахад 2 жилийн хорих ял дотор багтаж байна.

Мөн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.” гэж заасан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шүүгдэгч нарын жинхэнэ эдлэх ялыг тогтоосон нь дээрх хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарч байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/483 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/483  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар А.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй”,

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар Э.Б, А.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай”,

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Э.Бд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хассугай”,

“Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Сийн цагдан хоригдсон 229 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бий цагдан хоригдсон 145 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 35 хоногоор тогтоосугай”,

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар Э.Бий биечлэн эдлэх 35 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс мөн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай”,

“Шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн 7-н нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6, 7, 8, 9, 15 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, 10 дахь заалтын “...А.С...” гэсэн хэсгийг хассугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бий өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ