Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1152

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01287 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г к” ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэм хорын хохиролд 4 050 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нь 2005 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Г к” ХХК-тай орон сууц захиалан бариулах 32/10 тоот гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Доржийн гудамж ....байрны 10 тоот 39 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 330 ам.доллараар бодож нийт 12 870 ам.доллараар худалдан авахаар болсон.

Гэрээнд заасны дагуу байрны төлбөрийг 2005 оны 4 дүгээр сард урьдчилгаа 30 хувь буюу 4 000 000 төгрөгийг төлсөн. 2005 оны 5 дугаар сард урьдчилгаанд 45 хувь буюу 7 000 000 төгрөгийг төлсөн.

Гэтэл “Г к” ХХК-ийн захирал Ж.М нь хадгаламж зээлийн хоршооны хэргээр хорих ял эдлээд захиалагч надаас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас улсын комисс хүлээж аваагүй улмаар орон сууцны гэрчилгээ гараагүй ба гэрээний үүрэг зөрчигдөж ирсэн.

“Г к” ХХК нь 2018 онд иргэн О.Бтой гэрээ цуцалсан акт үйлдэж орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг буцаан өгч байраа буцаан авахаар тохиролцсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх орон сууцыг “Г к” ХХК нь Б.Хдад хууль бусаар өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан.

Иймд орон сууцны захиалан бариулах гэрээний урьдчилгаанд төлсөн 11 000 000 төгрөгийг “Г к” ХХК-иас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нь уг компанид 4 000 000 тушаасан гэх боловч уг мөнгийг хүүхдүүд нь өгүүлж орон сууцыг н.Сд авч өгөн 13 жил тус орон сууцад суусан.

Талууд 2017 оны 10 дугаар сарын 05-ний өдөр гэрээг цуцалж, 4 000 000 төгрөгийг н.Сд төлөхөөр шилжүүлсэн. Иймээс 4 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрх О.Бт биш н.Сд байгаа. Уг орон сууцыг суллан өгөх шүүхийн шийдвэрийг өнөө хүртэл биелүүлээгүй. Орон сууцанд суусан, орон сууцны биет байдлыг дордуулсан хохирлыг тооцно.

Дээрх орон сууцыг худалдан авсан Б.Хдад манай байгууллага түрээсийн төлбөр төлсөн. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийсэн гэрээнд О.Б үүргээ биелүүлээгүйгээс Б.Хдад 10 сарын түрээс төлж хохирсон. Тус компанид учирсан гэм хорын хохиролд 4 050 000 төгрөгийг О.Боос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Г к” ХХК-иас 4 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Бт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Боос 4 050 000 гаргуулах тухай хариуцагч “Г к” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Боос төлсөн 205 900 төгрөг, хариуцагч “Г к” ХХК-иас төлсөн 86 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г к” ХХК-иас 78 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Баянзүрх дүүргийн ....байрны 10 тоот орон сууцыг иргэн О.Б захиалан гэрээ хийсэн хэдий ч уг орон сууцыг О.Бийн хүргэн өөрийн ээж н.Сд худалдан авч өгөх зорилгоор Л.Батзоригт урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг Говь-Алтай аймгаас илгээсэн учир орон сууцыг н.С 12 жил эзэмшсэн.

Харин О.Б хүргэнийхээ илгээсэн мөнгөнөөс урьдчилгаа 4 000 000 төгрөгийг компанид тушаагаад үлдсэн мөнгийг өөртөө авсан, үлдэгдлээ төлөх боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч захиалгын урьдчилгаанд төлсөн гэх 4 000 000 төгрөгийг буцаан авах эрх н.Сд шилжүүлсэн, С нь орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохирсон хэлцлийг О.Б, н.С нар манай ажилтантай хийж гарын үсэг зурсан.

Уг хэлцлийг үндэслэн манай байгууллага н.Хангарьдад худалдаж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд гэрээ, хэлцэлд заасан үүргийн дагуу 4 000 000 төгрөгийг н.Сд өгч орон сууцаа суллах талаар сануулсан. ,

Улмаар О.Б орон сууцыг өмчилөн авах нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, манай байгууллага орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухайн шүүхэд хандан орон сууцыг н.Хангарьдад хүлээлгэн өгсөн.

н.Хангарьд орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардан улмаар орон сууцыг чөлөөлж өгөх хүртэл сарын 450 000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцон төлөх хэлцэл хийж н.Хангарьд өмчөө эзэмших, захиран зарцуулах эрхээ эдэлж чадалгүй, 9 сарын хугацаанд нийт 4 050 00 төгрөгийг төлж хохирсон.

Дээрх хохирлыг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж н.Сг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргахад нэхэмжлэгч талаас н.С цус харвасан учир хариуцагчаар оролцох боломжгүй хэмээн ямар ч нотлох баримтгүйгээр мэдүүлсэн. Шүүх н.Сг хариуцагчаар татахаас татгалзсан захирамж гаргаж уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талд н.Сгийн зургийг харуулж энэ хүн харваагүй эрүүл саруул явж байна гэж нэхэмжлэгч талын худал тайлбарыг нотлоход шүүх уг асуудалд ач холбогдол өгөлгүй сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч “Г к” ХХК-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзасны үр дагавар болох 11 000 000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэм хорын хохиролд 4 050 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Талууд 2005 оны 5 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгын нэртэй гэрээ байгуулж, “Г к” ХХК нь 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг О.Бийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас О.Б нь орон сууцны үнэд 12 870 ам.долларыг 3 хуваан төлөхдөө 30-40 хувийг төлснөөр гэрээ байгуулагдсанд тооцож, дараагийн 30 хувийг орон сууц ашиглалтад орохоос өмнө, үлдэх 30 хувийг зээлээр буюу эхний нэг жилд хүүгүй, 2 дахь жилд 2 хувь, 3 дахь жилд сарын 3 хувь гэх мэтээр 10 жил хүртэл 10 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 6/

 

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч О.Б нь гэрээний дагуу 2005 оны 04 дүгээр сард 4 000 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан төлбөрийн хүснэгт, гэрээ цуцалсан актаар тогтоогджээ. /хх 9, 45/

 

Мөн О.Б нь 2005 оны 6 дугаар сард 7 000 000 төгрөгийг “Г к” ХХК-д төлсөн нь нотлогдоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

О.Б болон “Г к” ХХК 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах актыг гэрээний талууд үйлдсэн ба уг актад “2005 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг түр цуцалж орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг иргэн н.Сд өгч “Г к” ХХК нь байраа суллаж авна” гэж тусгасныг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан журмаар О.Б нь мөнгөн хөрөнгө шаардах эрхээ н.Сд шилжүүлсэн гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Бт хариуцагч “Г к” ХХК буцаан төлөх үүрэгтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01804 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон /13360/ Б.Доржийн гудамж 32 дугаар байр 10 тоот 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Хдад чөлөөлж өгөхийг хариуцагч Х.Сд даалган шийдвэрлэсэн ба Б.Хд дээрх орон сууцны өмчлөгч болсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 133-135/

 

Хариуцагч байгууллага нь дээрх орон сууцыг н.С нь гэрээ цуцлах актад тусгасны дагуу чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй улмаас, орон сууцыг худалдан авсан иргэн Б.Хдад 10 сарын турш түрээсийн төлбөр төлж хохирсон, 4 050 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Боос гаргуулахаар шаардсан боловч О.Бийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хариуцагчид хохирол учруулсан байдал тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                       ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                      Э.ЗОЛЗАЯА