| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/02572/И |
| Дугаар | 102/ШШ2023/02993 |
| Огноо | 2023-08-28 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2023/02993
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ..................... тоотод оршин суух, ТТ ургийн овогтой Б.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ................ тоотод оршин суух, Э ургийн овогтой М.М-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 17,000,000 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг, ...................... тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, М.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.Мтай 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2020001 дугаартай орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ............................тоот хаягт байрлах 76,15 м.кв бүрэн тавлагатай 3 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр хямдруулсан үнийн дүн болох сарын 950,000 төгрөгөөр тооцож нэг жилийн төлбөрийг нэг дор төлөхөөр тохирсон. Гэрээний дагуу 2020-2021 оны төлбөр хийгдсэн. Ингээд аль аль талаасаа гэрээг дуусгах, цуцлах санал хүсэлт ирээгүй учраас үргэлжилсэн. 2022-2023 онд хариуцагч талаас гэрээний төлбөрийг төлнө гэсэн боловч төлөөгүй, төлөөгүй явсаар байгаад 2023 оны 5 дугаар сар болсон. Ингээд нэхэмжлэгч талаас шүүхэд орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн түрээсийн төлбөр болох 11,400,000 төгрөг, алданги 5,700,000 төгрөг нийт 17,100,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байх явцад хариуцагч талаас 8,850,000 төгрөгийг төлсөн байна. Дахин 2,850,000 төгрөгийг бас нэмж төлсөн юм байна. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, орон сууцнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөр хугацаандаа төлөөгүй алданги 5,700,000 төгрөгийг гэрээний 1.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч М.Мын хариу тайлбар: Талууд 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Б.Гийн өмчлөлийн Баянгол дүүргийн ..............хаяг байршилтай орон сууцыг 1 жилийн хугацаатайгаар хөлслөхөөр харилцан тохиролцож бичгээр орон сууцны гэрээ байгуулсан. Гэрээнд оролцогч талуудын хувьд түрээсийн төлбөрөө жилийн 11,400,000 төгрөгөөр тохиролцсон. Уг төлбөрийг сард хувааж үзвэл нэг сарын түрээсийн төлбөр нь 950,000 байхаар зохицуулагдаж байна. Гэрээнд оролцогч талуудын хувьд тухайн гэрээний нөхцөл, нөхцөлөө хэрхэн яаж тохиролцсон юм бэ гэхээр гэрээний 1.4 хэсэгт зааснаар хөлслөгч орон сууцны нөхцөлийн төлбөрийг бүтэн жилээр нь тооцож нэг мөр хөлслүүлэгч талд төлөх үүргийг хүлээсэн байдаг. Төлбөрийг хэзээ, хэрхэн, ямар хэлбэрээр төлөх талаар бичгийн хэлбэрээр харилцан тохиролцоогүй байгаа юм. Хөлслөгч М.М 2020 оны 9 сарын 5-ны өдрөөс 2021 оны 9 сарын 4 өдөр хүртэл хугацааны 1 жилийн түрээсийн төлбөрийг төлсөн. Талуудын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө хэн нэгэн тухайн гэрээг шинэчлэх, өөрчлөх, дуусгавар болгох цуцлах талаар санал гаргаагүй учраас тухайн гэрээ үргэлжилж нэг жилийн хугацаатай үргэлжилсэн. Талууд харилцан тохиролцож сунгасан. Гэхдээ төлбөрийг мөн ижилхэн 11,400,000 төгрөгийг хэзээ хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож байгаагүй. Хөлслөгчийн зүгээс хөлслүүлэгчид 11,400,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 5-аас 2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх хугацааны 11,400,000 төгрөгийг эдийн засгийн боломж бололцоотой болсон үедээ төлөхөө илэрхийлж байсан. Түрээсийн төлбөр болох 11,400,000 төгрөгийг 9 дүгээр сарын 5-ны өдөр төлөх нөхцөл гэрээнд байхгүй. Нэхэмжлэгч анх 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өгөөч гэж эхний шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл хоёр хоорондоо ойлгомжгүй байгаад байгаа. Хариуцагч 2022 оны 9 сарын 5-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсны үндсэн дээр хуулийн дагуу буюу гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж байгаа. Хуулийн зүйл заалтаас авч үзвэл 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Б.Г, М.М нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулгдаж, гэрээ ямар нэгэн байдлаар цуцлагдсан байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээгээ цуцлах санал гаргаж байгаагүй. Тухайн гэрээний эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага бол алдангийн асуудал яригдаж байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд эд хөрөнгө гэрээний хөлсийг төлөх гээд явж байгаад шүүх хурал болохоос өмнө төлж барагдуулсан. Нэхэмжлэгч тухайн алдангийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдний өдөр хүртэлх хугацаанд нийт хэдэн хоногийн алданги шаардаж байгаа вэ гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн үндэслэл тодорхой бус байгаад байгаа юм. Анх байгуулагдсан бичгийн гэрээний 1.4 дэх хэсэг дээр гэрээнд заасан хугацаа нөхцөлөөр гэрээний төлбөрийг төлөх бөгөөд хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хөлслөгчөөс хөлслүүлэгчид нэмж төлөх үүргийг хүлээж байгаа юм. Ерөнхийн нөхцөлөөрөө анх талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл дээр төлбөр мөнгө болох түрээсийн төлбөрийг хэдний өдөр хэрхэн яаж төлөх талаар талууд тодорхойлон хугацаа тоолох журмыг тусгаж өгөөгүй. Гэрээнийхээ төлбөрийг төлсөн нь үнэн гэхдээ хугацаа тоолох журам агуулгын хувьд ерөнхий харагдаж байгаа юм. Тийм учраас бид алданги гэж яриад байгаа 11,400,000 төгрөгийн алданги болох 5,700,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Гэрээний хувьд бол алдангийн нөхцөл байгаа гэхдээ тэр гэрээнийхээ нөхцөлийг хуульдаа нийцүүлж хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзэж байна гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс Б.Гийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5,6/, эд хөрөнгө, тавилга, хогшил хүлээлцсэн тухай актын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 8/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.Мд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх хөлс 11,400,000 төгрөг, алданги 5,700,000 төгрөг нийт 17,000,000 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг, ...................... тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.
3.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 11,400,000 төгрөгөөр багасгасан.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч М.Мтай 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2020001 дугаартай орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Гэрээгээр Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ............................тоот хаягт байрлах 76,15 м.кв бүрэн тавлагатай 3 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэх, хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр сарын 950,000 төгрөгөөр тооцож нэг жилийн төлбөрийг нэг дор төлөхөөр тохирсон. Гэрээний харилцаа 2020-2021 онд хэвийн явагдсан. 2022 онд сунгаж төлбөр төлөгдсөн. Ингээд аль аль талаасаа гэрээг дуусгах, цуцлах санал хүсэлт ирээгүй учраас 2022-2023 онд үргэлжлүүлсэн. Гэвч хариуцагч талаас 2022-2023 оны жилийн төлбөрийг 2022 оны 09 сарын 05-ны өдөр төлөх байсан бөгөөд төлнө гэсэн боловч төлөөгүй. ...Түрээсийн төлбөр 11,400,000 төгрөг, алданги 5,700,000 төгрөг нийт 17,100,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 11,400,000 төгрөг төлсөн байна. Иймд гэрээний 1.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн төлбөр хугацаандаа төлөөгүй алданги 5,700,000 төгрөг гаргуулж, орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэж тайлбарласан.
5.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “...Талууд 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Б.Гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ..............хаяг байршилтай орон сууцыг 1 жилийн хугацаатайгаар хөлслөхөөр харилцан тохиролцож, бичгээр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээнд оролцогч талуудын хувьд түрээсийн төлбөрөө жилийн 11,400,000 төгрөгөөр тохиролцсон. Уг төлбөрийг сард хувааж үзвэл нэг сарын түрээсийн төлбөр нь 950,000 байхаар зохицуулагдаж байна. Гэрээний 1.4 хэсэгт зааснаар хөлслөгч орон сууцны төлбөрийг бүтэн жилээр нь тооцож нэг мөр хөлслүүлэгч талд төлөх үүргийг хүлээсэн байдаг. Төлбөрийг хэзээ, хэрхэн, ямар хэлбэрээр төлөх талаар бичгийн хэлбэрээр харилцан тохиролцоогүй. Хөлслөгч М.М 2020 оны 9 сарын 5-ны өдрөөс 2022 оны 9 сарын 4 өдөр хүртэл хугацааны төлбөрийг төлсөн. Талуудын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө хэн нэгэн тухайн гэрээг шинэчлэх, өөрчлөх, дуусгавар болгох цуцлах талаар санал гаргаагүй учраас тухайн гэрээ үргэлжилж дахин нэг жилийн хугацаатай үргэлжилсэн. Талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан. Гэхдээ төлбөрийг мөн ижилхэн 11,400,000 төгрөгийг хэзээ хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож байгаагүй. Хөлслөгчийн зүгээс хөлслүүлэгчид 11,400,000 төгрөгийг эдийн засгийн боломж бололцоотой болсон үедээ төлөхөө илэрхийлж байсан. Түрээсийн төлбөр болох 11,400,000 төгрөгийг 9 дүгээр сарын 5-ны өдөр төлөх нөхцөл гэрээнд байхгүй. Нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өгөөч гэж эхний шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл хоёр хоорондоо ойлгомжгүй байгаад байгаа. Хариуцагч 2022 оны 9 сарын 5-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсны үндсэн дээр хуулийн дагуу буюу гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж байгаа. Хуулийн зүйл заалтаас авч үзвэл 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Б.Г, М.М нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээгээ цуцлах санал гаргаж байгаагүй. Тухайн гэрээний эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага бол алдангийн асуудал яригдаж байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд эд хөрөнгө гэрээний хөлсийг төлөх гээд явж байгаад шүүх хурал болохоос өмнө төлж барагдуулсан. Нэхэмжлэгч тухайн алдангийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдний өдөр хүртэлх хугацаанд хэдэн хоногийн алданги шаардаж байгаа нь тодорхой бус байгаа юм. Анх байгуулагдсан бичгийн гэрээний 1.4 дэх хэсэг дээр гэрээнд заасан хугацаа нөхцөлөөр гэрээний төлбөрийг төлөх бөгөөд хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хөлслөгчөөс хөлслүүлэгчид нэмж төлөх үүргийг хүлээж байгаа юм. Ерөнхийн нөхцөлөөрөө анх талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл дээр төлбөр мөнгө болох түрээсийн төлбөрийг хэдний өдөр хэрхэн яаж төлөх талаар талууд тодорхойлон хугацаа тоолох журмыг тусгаж өгөөгүй. Гэрээнийхээ төлбөрийг төлсөн нь үнэн гэхдээ хугацаа тоолох журам агуулгын хувьд ерөнхий харагдаж байна. Тийм учраас алданги 5,700,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэж тайлбарласан байна.
6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Г, М.М нарын хооронд 2020 оны 09 сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”, Баянгол дүүрэг, ...................... тоот орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Г, хариуцагч М.М нарын хооронд 2020 оны 09 сарын 05-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр Баянгол дүүрэг, ...................... тоот орон сууцыг 2020 оны 09 сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 сарын 05-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай, сарын 950,000 төгрөгийн хөлс тооцож, орон сууцны зориулалтаар хөлслөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогдож байна.
7.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч М.М нарын хооронд 2020 оны 09 сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
9.Талууд гэрээний хугацаа 2021 оны 09 сарын 05-ны өдөр дуусахад дахин нэг жил үргэлжлүүлсэн байна. 2022 оны 09 сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дууссан ч талууд хэн аль нь гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй байна.
10.Иргэнийх хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцдог.
11.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс 2023 оны 09 сарын 05-ны өдөр хүртэл орон сууцны хөлс 11,400,000 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 5,700,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс 2023 оны 09 сарын 05-ны өдөр хүртэл орон сууцны хөлс 11,400,000 төгрөгийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн талаар зохигч мараагүй.
12.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг. Орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2022 оны 09 сарын 05-ны өдөр дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй, 2023 оны 09 сарын 05-ны өдөр хүртэл хугацааны хөлсийг шаардаж авсан. Үүнээс үзвэл хариуцагч орон сууцыг хэлцлийн үндсэн дээр эзэмшиж байна. Иймээс хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.
13.Хариуцагч орон сууцны хөлсийг боломжтой үедээ хуваан төлөх санал гаргаж байсан, гэрээнд төлбөр төлөх хугацаа тодорхойгүй, гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээний төлбөр төлөх талаар тохиролцоогүй гэж маргасан боловч талуудын хороонд байгуулагдсан гэрээний 1.4 дэх хэсэгт “Хөлслөгч орон сууц хөлсөлсний төлбөрийг бүрэн жилээр тооцож нэг дор төлөх бөгөөд нийт төлбөр 11,400,000 төгрөг байна. Гэрээ байгуулагдмагц гэрээний гэрээний төлбөрийг хөлслүүлэгчийн харилцах банкны дансанд шилжүүлэх замаар төлнө. Гэрээнд заасан хугацаа нөхцөлөөр гэрээний төлбөрийг төлөх бөгөөд хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хөлслөгчөөс хөлслүүлэгчид нэмж төлнө” гэж тусгасан байна.
14.Хариуцагчаас орон сууцны хөлсийг боломжтой үедээ хуваан төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн нь зохигчдын тайлбар, нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
15.Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээг тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох учир нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээний 1.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 заасны дагуу алданги шаардах эрхтэй.
16.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж тус тус заасан.
17.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 11,700,000 төгрөгийн алданги 50 хувиар тооцож 5,700,000 төгрөг нэхэмжилсэн нь хууль болон гэрээ зөрчөөгүй боловч алданги буюу гэрээний хариуцлагын хэмжээ илт их байх тул шүүхээс анзын хэмжээг 50 хувь буюу 2,850,000 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж үзэв.
18.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хариуцагч М.Маас 2,850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,850,000 төгрөг, Баянгол дүүрэг, ...................... тоот орон сууцыг хариуцагч М.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
19.Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 66,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хариуцагч М.Маас 2,850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянгол дүүрэг, ...................... тоот орон сууцыг хариуцагч М.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2,850,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Маас 66,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.