Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/03114

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч З.Доржнамжин, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ............... тоотод оршин суух, П ургийн овогтой З.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, .................. тоотод оршин суух, А ургийн овогтой Б.С

Хариуцагч: Баянгол дүүрэг, ................ тоотод байрлах, “Ф” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 617,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.А нь хариуцагч Б.С, Ф ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 617,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гэгээнтэн цогцолборын урд замд Оргил рашаан сувилал руу эргэхээр эгнээ байраа эзлэн өөрийн эзэмшлийн Тоёота королло аксио маркийн ............... дугаартай автомашиныг нөхөр А.Булган жолоодон явж байхад Ф ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус алфа маркийн ..... улсын дугаартай автомашиныг жолооч Б.С нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж араас ирж хүчтэй мөргөж, зам тээврийн осол гаргасан. Дээрх осол нь жолооч Б.Сгийн гэм буруутай болохыг замын цагдаагийн газрын ослын актаар тогтоогдсон. Б.Сгийн буруутай үйлдлийн улмаас З.Агийн эзэмшлийн автомашинд 475,600 төгрөгийн хохирол учирсан болохыг “А” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон. Иймд Б.С, Ф ХХК нараас автомашинд учирсан хохирол болох 475,600 төгрөг, үнэлгээний зардал 42,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 100,000 төгрөг, нийт 617,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Болсон ослын гэм буруугийн талаар анхнаасаа маргаагүй, автомашины хохирлыг үнэлсэн байдлаар гарсан хохирол төлбөрийг ... даатгал ХХК-иас төлнө гээд хохирогч буюу З.Агаас шаардлагатай материалыг ирүүлэхийг шаардсан боловч нэхэмжлэгч З.А нь очиж уулзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэгэнт даатгалын байгууллагаас хохирол төлөгдөх тул Б.С болон Ф ХХК-иас давхардуулан нэхэмжлэх ямар ч шаардлагагүй, хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч З.А нь өөрөө үүргээ биелүүлээгүй байж ямар ч маргаан байхгүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Иймд маргаангүй асуудлаар өөрөө сайн дураар шүүхэд хандах зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авчихаад өмгөөлөгчийн хөлс нэхэмжлэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5/, “А” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 6/, “А” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 7/, хуулбар зураг /хх-ийн 9/, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 сарын 29-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/, 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон актын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 10/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвчийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 11/, Б.Сгийн хүсэлт /хх-ийн 12/, Б.Сгийн жолоодох эрхийн лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13/, иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 14/, “А” ХХК-ийн үнэлгээний тайлангийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 15/, хариуцагчаас “Ф” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 23/, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 25,26/, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 27, 28/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67/, шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 51-56/, ... даатгал ХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 23/1079 тоот албан бичиг /хх-ийн 79/, хавсралт /хх-ийн 80-90/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч З.А нь хариуцагч Б.С, “Ф” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 617,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ф” ХХК-аас татгалзсан байна.

                       

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2023 оны 04 сарын 29-ний өдөр хариуцагч Б.С нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж нэхэмжлэгч З.Агийн “Тоёота Корроло Аксио” маркийн .......... улсын дугаартай авто машиныг мөргөж хохирол учруулсан. Автомашинд учирсан хохирлын үнэлгээг “А” ХХК-аар үнэлүүлэхэд 475,600 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Үнэлгээний ажлын хөлс 60,000 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авахад 100,000 төгрөгийн зардал гарсан. Нийт хохирол 615,000 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...2023 оны 04 сарын 29-ний өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. ...Нэхэмжлэгчийн автомашинд гэмтэл, хохирол учруулаагүй тул хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй. ...Даатгалаас хохирол төлөгдөх ёстой” гэж тайлбарлажээ.

 

5.“Тоёота Корроло Аксио” маркийн .......... улсын дугаартай автомашины гэрчилгээ, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 сарын 29-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хах-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст Б.Сгийн гаргасан хүсэлт, Жолоочийн эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар хариуцагч Б.С нь 2023 оны 04 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Гэгээнтэн цогцолборын урд замд “Тоёота Приус Альпа” маркийн, ..... улсын дагуутай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчиж З.Агийн эзэмшлийн “Тоёота Корроло Аксио” маркийн .......... улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож байна.

 

6.Зохигч даатгалаас нөхөн төлбөр олгоогүй тухайд, хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс нэхэмжлэгчийн “Тоёота Корроло Аксио” маркийн .......... улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан, зөрчил хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн тухайд маргаагүй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

 

8.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 04 сарын 29-ний өдөр үйлдсэн Зам тээврийн осол дээр тогтоосон актын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хэсэгт “Тоёота Корроло Аксио” маркийн .......... улсын дугаартай автомашины “хойд багаж хонхойсон” гэсэн бичилт, “А” ХХК-ийн 2023 оны 05 сарын 02-ны өдөр автомашины техникийн үнэлгээний тайланд эвдрэл болон үнэлгээг багажны хаалга “дунд”, хойд буцфер “дунд”, хойд пенал “дунд” гэсэн үнэлгээ гаргасан зэргээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн авто машинд зам тээврийн ослын улмаас хохирол учруулсан нь нотлогдож байна гэж үзэв.

 

9.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

10.“А” ХХК-ийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн автомашины техникийн үнэлгээний тайлан, “А” ХХК-ийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”, А.Б-н Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Агаас Б.Л-д олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгчид “Тоёота Корроло Аксио” маркийн .......... улсын дугаартай автомашины эвдрэл засварлах зардал 475,00 төгрөг, бусад зардал буюу үнэлгээ хийх ажлын хөлс 42,500 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 100,000 төгрөг нийт 617,600 төгрөгийн хохирол учирсан байна.

 

11.Хариуцагч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай боловч даатгалаас нөхөн төлбөр олгоогүй нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

12.Хариуцагч учирсан хохирлын хэмжээнд маргасан боловч нэхэмжлэгчийн автомашинд учирсан эвдрэл гэмтэл, сэргээн засах зардлыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар тогтоогүй.

 

13.Иймд хариуцагч Б.Сгаас 617,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ад олгох нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

14.Нэхэмжлэгч З.А нь хариуцагч “Ф” ХХК-аас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч З.А нь хариуцагч “Ф” ХХК-аас татгалзсаныг баталж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

15.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч Б.Сгаас 617,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч З.А нь хариуцагч “Ф” ХХК-аас татгалзсаныг баталж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч З.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгаас 19,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оргосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР

                                               

       ШҮҮГЧИД                                 З.ДОРЖНАМЖИН

 

       А.САРАНТУЯА