Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/02869

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ... тоотод байрлах, регистр ..., Ү ХХК,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод байрлах, регистр ..., О ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:42 677 130 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х..., хариуцагч байгууллагын төлөөлөгч У.З..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг болон эд зүйлсийн үнэ, алдангид 42 577 130 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Ү ХХК нь О ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 38 дугаартай Барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулсан.Энэ гэрээгээр түрээслүүлэгч манай байгууллага нь түрээслэгч О ХХК-д 120x20 пум 360 ширхэг, 120x30 пум 96 ширхэг, 120x50 пум 4 ширхэг, 120-ын булан 28 ширхэг, 240-ын булан 40 ширхэг тус тус 30 хоногийн хугацаатайгаар, хоногийн 330 төгрөгөөр тооцож нийт сарын 5 227 200 төгрөгөөр түрээсэлсэн.Түрээсийн төлбөрийг сар бүр төлөх гэрээтэй байсан боловч түрээсийн төлбөрөөс зөвхөн 16 815 800 төгрөг төлж үлдэгдэл 28 526 200 төгрөгийг төлөөгүй байна.Гэрээгээр сар бүрийн 09-ний өдөр төлбөр төлөх байсан бөгөөд энэ хугацаанд төлбөр төлөөгүй бол хоногийн 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон бөгөөд энэ алданги 4 278 930 төгрөг, нийт 32 805 130 төгрөг болно.Мөн анх түрээсэлсэн 360 ширхэг 120х20 пумнаас 140 ширхэг, мөн 4 ширхэг 120х50 пумыг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байна.Үүнийг зах зээлийн ханшаар тооцоолон 9 872 000 төгрөг болно.Иймд О ХХК-ийн орлого, эд хөрөнгөөс түрээсийн төлбөр 28 526 200 төгрөг, 160 ширхэг 120х20 пумны үнэ 9 520 000 төгрөг, 4 ширхэг 120х50 пумны үнэ 352 000 төгрөг, гэрээний алданги 4 278 930 төгрөг, нийт 42 677 130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэгч байгууллагатай түрээсийн гэрээг хийсэн нь үнэн, бараа материал авсан нь үнэн.Тухайн үедээ түрээсийн төлбөрөө төлж байсан нь үнэн.Дутаасан хэв хашмалаа буцааж өгнө.Нэхэмжилсэн үнийн дүн өндөр байна.Одоо манайх түрээсийн төлбөр, алдангийг өгөх боломжгүй байгаа. Манай байгууллагын хувьд ковидоос болоод бараа материал ирэхгүй удсан.Тэр хооронд ажлаа таслахгүй гээд түрээсэлсэн, үүнээс л болсон.Эсвэл түрээсийн төлбөрийн үнийн дүнгийн тал хувьд нь хэв хашмалийг өгөх боломжтой, алданги төлөх боломжгүй, түрээсийн төлбөрийн 50 хувийг хасах боломж байна уу гэв.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлагын баримтууд, Барилга угсралтын материал түрээслэх гэрээ, түрээслэх пум, булангийн тооцоо, пумны түрээсийн тооцоо, булангийн түрээсийн тооцоо, нэхэмжлэх зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй./хх 3, 5-13, 14-16, 17, 18-21, 22, 38/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Түрээсийн гэрээний төлбөр 28 526 200 төгрөг, дутаасан пумын үнэ 9 872 000 төгрөг, нэг сарын алдангид 4 278 930 төгрөг, нийт 42 677 130 төгрөгийг О ХХК-аас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Түрээсийн гэрээний төлбөр болон алдангийг төлөх боломжгүй, дутаасан пумыг өгнө гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зарлагын баримтууд, Барилга угсралтын материал түрээслэх гэрээ, түрээслэх пум, булангийн тооцоо, пумны түрээсийн тооцоо, булангийн түрээсийн тооцоо, нэхэмжлэх, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

Талуудын маргааны зүйл нь гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, дутаасан эд зүйлсийн үнийг шаардаж байхад хариуцагч тал төлөх боломжгүй гэж маргаж байх бөгөөд түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний зүйл болох барилга угсралтын бараа материалыг хүлээн авсан, түрээсийн төлбөрийн дүнгийн талаар маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Түрээслүүлэгч Ү ХХК нь түрээслэгч О ХХК-ийн эзэмшил ашиглалтад барилга угсралтын бараа материалыг /пум/ шилжүүлэн өгсөн бөгөөд түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээж талууд тохиролцсон байна.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Төлбөрийг гэрээний 3-т заасан хугацаанд төлөх ба төлөөгүй тохиолдолд хоног тутамд түрээсийн төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Түрээслэгч нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, мөн гэрээний зүйлээс /пум/ дутагдуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч нь зөвхөн боломжгүй гэх байдлаар төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч байгууллагаас гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 28 526 200 төгрөг, дутагдуулсан пумын үнэ 9 872 000 төгрөг, алданги 4 278 930 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371 336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 371 336 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан О ХХК-аас 42 677 130 /дөчин хоёр сая зургаан зуун далан долоон мянга нэг зуун гучин/ төгрөгийг гаргуулан Ү ХХК-д олгосугай.

2.Иргэний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371 336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 371 336 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг  зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН