| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/01602/И |
| Дугаар | 102/ШШ2023/02966 |
| Огноо | 2023-08-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2023/02966
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, М... Н... ХХК-ийн байранд байрлах, регистр ..., М... И... ХХК,
Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод байрлах, регистр ..., С... ХХК,
Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Г... Г...,
Нэхэмжлэлийн шаардлага:31 712 730 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн Б.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М... И... ХХК нь хариуцагч С... ХХК, Г.Г... нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31 712 730 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
М... И... ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр С... ХХК-тай Baifa ... моделийн 4KW хүчин чадалтай гэрэлт цамхаг нийлүүлэх гэрээ (зээлээр худалдах худалдан авах гэрээ) байгуулсан бөгөөд гэрээний нийт төлбөр 29 990 900 төгрөг байна.Гэрээний тусгай нөхцөлийн дагуу бүтээгдэхүүний төлбөрийн урьдчилгаа болох 4 000 000 төгрөгийг гэрээ баталгаажуулахад үлдэгдэл төлбөр болох 25,990,900 төгрөгийг гэрээний тусгай нөхцөлийн 3-т заасан хуваарийн дагуу хуваан төлөх буюу эцсийн төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч одоо урьдчилгаа төлбөр болох 4 000 000 төгрөгөөс бусад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.Манай компани нь гэрээний төлбөр төлөгдөх хугацаа өнгөрснөөс хойш олон удаа хариуцагч компанитай холбогдож гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн төлбөрөө төлөхийг шаардаж байсан, хариуцагч нь төлбөрийг удахгүй төлнө гэж хэлдэг байсан учир бид хүлээцтэй хандаж байсан боловч сүүлийн 2 хоёр сар утсаа авахгүй байхаас гадна уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх хаягаар очиход энэ компани нь байрладаггүй бөгөөд өөрийн гэсэн оффис байхгүй болох нь тогтоогдсон тул бид компанийн гүйцэтгэх захирлыг хаягаар очиж уулзах гэсэн боловч бидэнтэй уулзахаас зугтаж байна.
Мөн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлийн 3 дугаар зүйлд заасан үлдэгдэл төлбөр, хүү болох 26 965 560 төгрөг, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлийн 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үндсэн төлбөрөөс тооцсон алдангид 4 756 170 төгрөг, нийт 31 721 730 төгрөгийг С... ХХК болонГ.Г... нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нараас шүүхэд тайлбар өгөөгүй.
Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, хариуцагч байгууллагад хүргүүлсэн мэдэгдэл, нэхэмжлэхийг шүүхэд өгсөн, хариуцагч нараас баримт өгөөгүй./хх 5, 6-10, 11, 12/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М... ХХК-ийн С... ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г.Г...д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, хариуцагч байгууллагад хүргүүлсэн мэдэгдэл, нэхэмжлэх, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
М... ХХК, С... ХХК-ийн хооронд 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
М... ХХК нь Baifa ... моделийн 4KW хүчин чадалтай гэрэлт цамхгийг С... ХХК-д нийлүүлэх, С... ХХК нь гэрээний зүйлийн үнийг, хүүгийн хамт 29 990 000 төгрөгийг М... ХХК-д төлөх, энэ үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0,1 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээж талууд тохиролцсон байна./хх 6-8/
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч С... ХХК нь Baifa ... моделийн 4KW хүчин чадалтай гэрэлт цамхгийг хүлээн авсан боловч гэрээний үүргээс 4 000 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр болон хүү, алдангийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагаас С... ХХК-д хүргүүлсэн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл, нэхэмжлэх болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна./хх 11-12/
Нөгөө талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийг шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гардан авсан боловч хариу тайлбараа 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул С... ХХК-аас гэрээний үүргийн төлбөрт 31 721 730 төгрөг гаргуулан М... ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хариуцагч Г.Г... нь С... ХХК-ийг төлөөлж, М... болон С... ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд оролцсон байх бөгөөд хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг иргэнээс шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлээс хариуцагч Г.Г...өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 559 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 316 559 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С... ХХК-аас 31 721 730 төгрөг гаргуулан М... ХХК-д олгож, хариуцагчГ.Г...өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 559 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С... ХХК-аас 316 559 төгрөгийг гаргуулж М... ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН