Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2023/0401

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б*******, Ө.М*******,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н,

Маргааны төрөл: “К*******” ХХК-ийн эзэмшиж байгаа MV-017 дүгээр тусгай зөвшөөрөл бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “К*******” ХХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулахгүй байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “К*******” ХХК-тай уг гэрээг байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр  Сүхбаатар дүүргийн “*******-1” нэртэй газарт орших 135,04 га талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д олгож, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 344 дүгээр шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 81,42 гектар талбайг “К*******” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж MV-017 дүгээр тусгай зөвшөөрлийг олгожээ.

Харин дээрх газарт 53,62 гектар талбайд ашигт малтмал ашиглах эрхийг “К*******” ХХК-д 2044 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаагаар 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон байна.

“К*******” ХХК нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай газар ашиглах гэрээг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаагаар байгуулж байжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “К*******” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02-5/1628 дугаар мэдэгдлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг байгуулах, тайлбар, санал, нотлох баримтуудыг ирүүлэх талаар мэдэгдэж, хэрэв ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мөн дурджээ.

Мөн тус албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-07/4347 дугаар албан бичгээр “К*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газар нь бусдын эзэмшил газартай давхцаж байгаа тул талбайг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй тул зөрчлийг арилгаж газар ашиглах гэрээг байгуулахыг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07/4827 дугаар албан бичгээр газрын цахим системээс холбогдох мэдээллийг авах талаар тус тус мэдэгджээ.

Харин нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22/19 дүгээр албан бичгээр тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай ямар шийдвэрээр хэнд олгосон газар эзэмших, ашиглах эрх бүхий газартай давхцаж байгаа талаарх мэдээллийг өгөхийг хүссэн боловч хариу ирүүлээгүй тул дахин 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22/19-2 дугаар албан бичгээр хандсан байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07/5706 дугаар албан бичгээр тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай дүүргийн Засаг даргын захирамжтай 4 нэгж талбар байх тул мэдээллийг дүүргээс авах талаарх хариуг хүргүүлжээ.

3. Харин тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 329 дүгээр захирамжаар 14******* дугаар нэгж талбар бүхий газрыг А.Бд, 1462504650 дугаар нэгж талбар бүхий газрыг Ц.Нд, 14******* дугаар нэгж талбар бүхий газрыг Н.Мд, 2016 оны А/264 дүгээр захирамжаар 14******* дугаар нэгж талбар бүхий газрыг “М” ХХК-д тус тус эзэмшүүлсэн байна.

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06/6952 дугаар албан бичгээр давхцалтай холбоотой асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх талаар мэдэгджээ.

Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

5.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Тус чулуун орд дээр манай компани 2014 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил явуулж эхэлсэн бөгөөд 2019 онд олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор уул уурхайн зураг төслийн компанитай хамтран ажиллаж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулан батлуулах ажлыг гүйцэтгүүлэх гэж байтал дэлхий нийтийн цар тахал Ковид-19 Монгол Улсад дэгдсэнтэй холбоотой ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.

Сүүлд Нийслэлийн газрын албатай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газар ашиглах гэрээг байгуулж, 2019 онд газрын төлбөрийг гэрээний дагуу төлсөн.

… ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар эзэмших эрхтэй холбоотой харилцаанд нарийвчилсан зохицуулалттай Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт хэрэглэгдэх бөгөөд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт ашиглах эрх шууд үүсэхээр зохицуулсан.

Манай компанийн хувьд Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 344 дүгээр шийдвэрийн дагуу эзэмших эрх үүссэн, жил бүр газар ашиглах гэрээг байгуулан газрын төлбөрийг төлж байсан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас "Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглах гэрээг" шинэчлэн байгуулахгүй байгаа үндэслэлээ бусдын эзэмшил газартай давхцсан гэх хууль бус үндэслэлийг гаргаж, манай компанийн газар эзэмших эрх үүссэнээс хойш давхцуулан иргэн, аж ахуй, нэгж байгууллагад газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхгүй атлаа нэхэмжлэл гаргагчийг уг зөрчлийг арилгах арга хэмжээг авах талаар зааж, холбогдох мэдээллийг өгөхгүй байгаа нь "К*******" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана", 35.3.7-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч газар, ус ашиглах гэрээ байгуулах"-аар, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "... гэрээ байгуулах газар эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж газрын толбор төлөгч байх"-аар, 7 дугаар зүйлийн 4-д "уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг … хоёр дахин өсгөж тооцох"-оор тус тус хуульчилсан бөгөөд хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас ашигт  малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж байна.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлүүд хоорондоо давхцахгүй байна гэсэн зохицуулалт байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд гарсан маргааныг шийдвэрлэх” гэж, Ашигт малтмалын тухай хуульд газар эзэмшихээр хүсэлт гаргасан талбай нь бусад этгээдтэй давхцаж байгаа эсэх маргааныг шийдвэрлэх зохицуулалт байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн зохицуулалтыг баримталж байгаа нь буруу юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэд, аж ахуй нэгжийн газартай давхцалтай, тэдгээр нь он цагийн хувьд түрүүлж газрыг эзэмшсэн гэж тайлбарлаж байна. 2004 онд иргэд, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгогдоогүй байсан учраас тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д олгосон. 2014 оны 08 дугаар сард нэхэмжлэгч “К*******” ХХК тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлж авсан. Он цагийн дараалал гэж яривал “А” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг эхэлж олгосон. Үүнтэй холбоотой мэдээллийг авахаар Ашигт малтмалын газарт хандахад өөр байгууллагын мэдээллийг өгөхгүй гэж мэдэгдсэн учраас бидэнд байгаа материалыг л шүүхэд өгсөн.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25 гэдэг заалтууд нь тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө төрийн байгууллагуудад хийгддэг ажиллагаа. Гэтэл төрийн байгууллага өөрийнхөө эрх хэмжээтэй холбоотой асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэхээ мэдэхгүй он цагийн дараалал ярьж байгаа нь зохисгүй юм. Нэхэмжлэгч компанийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмших явцдаа Зөрчлийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу холбогдох зөрчлүүдийг гаргасан бол зөрчилд хамаарна. Тусгай зөвшөөрөл олгохоос өмнө хийгдэх ёстой байсан ажиллагааг нэхэмжлэгч зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасны дагуу газрыг ашиглуулах харилцаа нь Газрын тухай хуулиар зохицуулагдсан болохоос Ашигт малтмалын тухай хуулиар тайлбарлаж давхцалтай гэдэг үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Газар эзэмшигчийн эрх зөрчигдвөл шаардлагатай арга хэмжээг авна гэсэн хамгаалалтын зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд заасан байдаг.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ******* нэртэй 53,62 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны А/329 дугаар захирамжтай 14*******, 1462504650, 14*******, 14******* бүхий 4 нэгж талбарын дугаар бүхий газруудтай давхцаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээ байгуулах боломжгүй байна.

Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах гэж заасан байдаг бөгөөд уг төлөвлөгөөнд тусгах саналыг Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана гэж заасныг баримтлан шийдвэр гаргана.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан материалаас үзэхэд он цагийн дарааллаар иргэд, аж ахуй нэгж эхэлж газар эзэмшсэн байна. Давхцал үүссэнээр газар эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөнө. Зөрчлөө арилгасны дараа хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулах эрх нь нэхэмжлэгч талд нээлттэй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заажээ. 

Нэхэмжлэгч нь түгээмэл тарцахтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулахгүй байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “К*******” ХХК-тай уг гэрээг байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 329 дүгээр захирамжаар иргэн А.Б, Ц.Н, Н.М нарт эзэмшүүлсэн, 2016 оны А/264 дүгээр захирамжаар “М” ХХК-д эзэмшүүлсэн газрын давхцалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл гаргаагүй тул энэ асуудлаар хуулийн дээрх заалтад зааснаар дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй. 

 

  1. Харин хариуцагчийн “К*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газар нь бусдын эзэмшил газартай давхцаж байгаа үндэслэлээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулахгүй байгаа нь хуульд нийцсэн эсэхийг дүгнэж хэргийг хянан шийдвэрлэв. 

 

  1. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч нь MV-017 дүгээр тусгай зөвшөөрлийг 2044 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаагаар эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй шаардлагыг хангаагүй” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. 

Учир нь нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайд газар эзэмших, ашиглах гэрээ байгуулахаар хандсан ба Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших хүсэлт гаргаагүй юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.”Ашигт малтмалын асуудлаар аймгийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 12.1.2.”харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох;”, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.”Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана”, 35.3.7.”тусгай зөвшөөрөл эзэмшигч газар, ус ашиглах гэрээ” гэж зааснаас үзвэл хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хамаарах газрыг зориулалтын дагуу ашиглуулах ба ийнхүү ашиглуулах явцад зөрчил гаргавал таслан зогсоохоор байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчид олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа тохиолдод хариуцагч газар ашиглуулах гэрээг байгуулж, тус гэрээний хэрэгжилтэд хяналт тавих замаар тусгай зөвшөөрөл зөрчил гаргасан тохиолдолд таслан зогсоох арга хэмжээг авч ажиллах  нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулахгүй байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “К*******” ХХК-тай уг гэрээг байгуулахыг даалгаж шийдвэрлэлээ. 

Харин шүүхийн энэхүү шийдвэр бусдад эзэмшүүлсэн газартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбай давхцсан асуудлаар хариуцагч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу өргөдөл, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2.  35 дугаар зүйлийн 35.3.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “К*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулахгүй байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “К*******” ХХК-тай уг гэрээг байгуулахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН