Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

           Нарийн бичгийн дарга В.Орхон,

           Улсын яллагч Б.Баярхүү,

            Шүүгдэгч Д.Нямдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тэмээчин овогт Даваагийн Нямдаваад холбогдох эрүүгийн 201726030644 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, тусгай дунд боловсролтой, техник механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Гурван байшин, 3-18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:УЖ64011914/,  Тэмээчин овогт Даваагийн Нямдаваа нь:

- согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 7 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Ж.Алтанхундагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг өшиглөж биед нь зүүн гарын 5 дугаар хурууны алганы шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Алтанхундаг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...7 дугаар байрны 1 дүгээр орцны өмнө танил Баясаатай тааралдаад, орцны сандал дээр юм яриад сууж байсан чинь Д.Нямдаваа согтуу явж байснаа намайг харчихаад буцаж эргэж ирээд “муу хулгайч чамайг Нисэхийн байшинд ирвэл чамайг ална шүү” гээд баруун гараараа салаавч гаргаад, миний ам руу түлхэхээр нь миний уур хүрээд босч ирээд түлхээд холдуулсан. Тэгээд би буцаад сандал дээр суусан чинь Д.Нямдаваа буцаж ирээд бага зэргийн зайнаас баруун хөлөөреө намайг өшиглөх гэхээр нь би зүүн гараараа хөлийг нь хаасан чинь миний гар эвгүй болчихсон. Тухайн үед Баясаа Д.Нямдавааг салгаад явуулсан. Гэтэл миний зүүн гарын чигчий хурууны алганы савхан ясны орчим хавдаад өвдөөд байсан. Би тухайн үедээ гараа нэг их тоохгүй гэртээ харьсан юм. Маргааш өглөө нь миний зүүн гар маш их өвдөөд би гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн чинь миний зүүн гарын чигчий хурууны шивнүүр яс хугарчихсан байсан. Ингээд би зүүн гараа гипстүүлээд боолгосон. Миний бие одоо зүгээр болсон, би ажлаа хийж байгаа. Одоо гомдол санал гээд байх зүйл алга. Би хөдөө ажилладаг юм, ихэвчлэн хөдөө байдаг учраас шүүх хуралд оролцож чадахгүй...” гэжээ / хх- 9-10, 42 /,

Гэрч Ц.Баясгалан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчим танил Ж.Алтанхундага ахтай Нисэхийн 7 дугаар байрны гадаа тааралдаад ажлын тухай яриад 1 дүгээр орцны үүдэнд сандал дээр сууж байтал Д.Нямдаваа хажуугаар халамцуу явж байснаа буцаж ирээд Ж.Алтанхундага ахыг “муу хулгайч” гээд ам руу нь салаавч хийгээд малгайг нь авч шидээд өшиглөсөн. Ж.Алтанхундага ах гараараа хаагаад босоод барилцаад авсан. Тэгэхээр нь би Д.Нямдаваа, Ж.Алтанхундага ах хоёрыг салгаад Д.Нямдавааг хөөж явуулаад, Ж.Алтанхундага ахыг аваад явсан. Маргаан болсоны дараа Ж.Алтанхундага ах “миний зүүн гар өвдөөд байна, миний зүүн гарыг эвгүй болгоод хаячихлаа” гээд байсан...” гэжээ. / хх 11 /,

Гэрч Г.Цэцэгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ ирэхэд нөхөр Ж.Алтанхундага саванд хар цай найруулчихсан гараа шавьшаад сууж байсан. Манай нөхрийн гар нь нилээд хавдчихсан байсан. Би гараа яасан юм гэсэн чинь “Нисэхийн 3 байшинд байдаг Д.Нямдаваа гэрээс бетон хулгайлсан гээд над руу дайраад гар гэмтээсэн. Намайг хүнтэй андуурсан юм шиг байна лээ, их согтуу явж байсан” гэсэн. Тэгээд тэр шөнөдөө манай нөхөр өвдөөд ёолж хоносон. Маргааш нь эмнэлэгт үзүүлээд гар хугарчихсан байна гээд шохойдуулчихсан байсан...” гэжээ. / хх 12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7113 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ж.Алтанхундагын биед зүүн гарын 5 дугаар хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэжээ.  / хх 16 /,

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтанд явцад мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтэл нь хүний өшиглөж буй хөлийг гараараа хаах үед үүсэх боломжтой...” гэжээ. / хх 19 /,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас  / хх 36 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нямдаваа мэдүүлэхдээ: Ж.Алтанхундагын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Хохиролд 100.000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэргийг маань 2017 оны 05 дугаар сарын 23-н гэж яллах дүгнэлтэнд бичсэн байна лээ. Уг нь 2017 оны 05  дугаар сарын 26-нд үйлдэгдсэн юм  гэв.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, ял шалгах хуудас /хх-28/, хохирогчийн гомдол саналгүй, хохирол хүлээн авсан тухай хүсэлт /хх-49/, шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийг хангасан мөрдөн байцаагчийн тогтоол /хх-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Нямдаваа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 7 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд иргэн Ж.Алтанхундагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг өшиглөж биед нь зүүн гарын 5 дугаар хурууны алганы шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №7113 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Нямдаваа нь хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Нямдаваад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун / нэгж буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Нямдаваагийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.Нямдаваа нь хохирогч Ж.Алтанхундагт 100.000 / нэг зуун мянган/ төгрөг төлснийг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

1. Тэмээчин овогт Даваагийн Нямдавааг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нямдавааг 500 / таван зуун / нэгж буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Нямдаваа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Нямдаваад оногдуулсан 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Нямдаваад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД