Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/800

 

 

Т.Нд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч Т.Нгийн өмгөөлөгч Г.Тамир,

хохирогч Н.Чинчулуун, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор  Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Т.Нд холбогдох 2107 00000 0123 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

........................., 19......... оны ......... дугаар сарын ..............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетинг мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 90 дүгээр байрны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................;

Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж Лоунж” амралтын газарт Н.Чинчулуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа толгой, нүүр орчим цохиж, түүний биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын нийлмэл хугарал, зүүн нүдний доод зовхи, дээд урууланд шарх, дух, зүүн дээд, доод зовхи, зүүн дал, баруун мөрөнд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Т.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн “...мөрдөгч хэдийгээр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн ч тухайн бичлэгийг ирүүлээгүй зөрчил гаргасан боловч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож” гэх,

хохирогч Н.Чинчулууны өгсөн “...бичлэг сиди дээр бүх зүйл тодорхой байгаа. Бичлэгийг шинжлэн судлуулмаар байна. Тэндээс бүх зүйл тодорхой болно. Миний мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байгаа. ...” гэх,

хохирогчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн “...шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. ...Хэргийн материал танилцсан баримт дээр гарын үсэг зурахдаа өмгөөлөгч тодорхой бичсэн. Хэргийн газрын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэж байна. 2021 оны 2 дугаар сарын 22-нд хохирогч бид хоёр очоод үзэх гэсэн боловч тэмдэглэлээ үйлдээгүй байсан. Гэтэл тэмдэглэл үйлдсэн огноо дээрээ 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн мэтээр тавьсан байсан. Мөрдөгч бидэнд харуулахдаа гар утсан дээрх бичлэг, флаш дээр хуулсан бичлэг хоёроо үзүүлсэн. Тэр бичлэг хоорондоо зөрүүгүй байсан. Энэ флашнаас хуулаад тэмдэглэл хөтлөөд сиди бичлэгийг хэрэгт хавсаргаад явуулна гэж хэлсэн. Гэтэл хавтас хэрэгт бичлэг байхгүй байна. Тэр бичлэг дээр зодооны үйл баримт тодорхой байгаа” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир “Гэм буруу дээрээ маргаагүй. Улсын яллагч 3.800.000 төгрөгийг өгөх үү гэж асууж байх юм. Миний үйлчлүүлэгч эмчилгээний зардалтай холбоотой мөнгө төлнө гэж байхад 3.800.000 төгрөгийг гаргуулаад шийдчихье гэж хэлж байна. Нотлох баримт байхгүй асуудал дээр яаж гаргаж шийдэх гэж байгаа юм бэ. Хууль зүйн үндэслэлгүй байна” гэх дүгнэлт, мэдүүлэг, тайлбар зэргээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаас бусад гэмт хэргийг хэн, хэзээ, ямар сэдэлт зорилгоор үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, тэдгээрийг шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. ...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, уг хэрэгт камерын бичлэгийг авах нь хуульд заасан үндэслэл журмын дагуу заавал бэхжүүлж гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцон авах ажиллагааг хийх нь зүйтэй. Үүнээс гадна дахин шинжээч томилох, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох авахын зэрэгцээ, яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүдэд дурдагдсан мэдээлэлд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны арга хэлбэрүүдийг сонгож мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж, шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдолтой, эсхүл холбогдолгүйг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар эргэлзээгүй тогтоох нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасан байхад хохирогч болон түүний өмгөөлөгч нарт хавтас хэрэг танилцуулсны дараа 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 40 минутад Сидинд үзлэг хийж, хэрэгт хавсаргасан ба бичлэгийг ямар зорилгоор хэрэгт хавсаргахгүй үлдээсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасан “Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор хавтас хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх асуудлыг хянан үүргээ биелүүлээгүйгээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг зөрчиж, гомдол гаргах эрхийг хууль бусаар хязгаарласан байна. 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 20 минутад хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч эрх үүрэг тайлбарлаагүй гарын үсэг зуруулсан, ярьсан зүйлийг буруу бичсэн, хэргийн газрын үзлэгт үзлэг хийгээгүй хэрэгт бичлэг хавсаргаагүй талаар гомдол гаргасан байхад хянах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэдийгээр мөрдөгч камерын бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн түүнийг хэрэгт хавсаргасан боловч тухайн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлээгүй зөрчил гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохгүй бөгөөд шүүгдэгч Т.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны бүх шатанд сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн ба гэрч Д.Уранбилэг, С.Ариунзаяа, хохирогч Н.Чинчулуун нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон. Харин шинжээч эмч шүүх хуралдаанд “компьютер томографикийн шинжилгээгээр яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэх хүндрэлийн шинж илрээгүй. Заавал хагалгаа хийлгэх шаардлагатай гэж байгаа бол хагалгаа хийлгэсний дараа энэ хүн энэ хүндрэлээс болоод хагалгаа хийлгэлээ гэж шинжээч эмч дүгнэлт гаргахгүй. ...Цаашид эрсдэл гарч магадгүй гэж ирээдүй цаг дээр урьдчилсан байдлаар шинжээч эмч хэлэх боломжгүй. Хувийн эмнэлгийн тодорхойлолтоор гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй” гэж тодорхой мэдүүлсэн тул хохирогчийн биед дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна. Шүүх хохирогч Н.Чинчулууны болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шатанд дахин шинжээч томилох боломжтой. ...Мөрдөгч хохирогч болон түүний өмгөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулах нөхцөл боломжоор хангаж, улмаар хохирогч, түүний өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцсан. Ингэхдээ “...хэргийн газрын бичлэгт үзлэг хийгээгүй, хэрэгт бичлэгийг хавсаргаагүй” гэсэн утга бүхий хүсэлтийг хүлээн авсан даруй шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Н.Чинчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Камерын бичлэгт дахин дүн шинжилгээ хийлгэж, шинжээч эмчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.” гэв.

Хохирогч Н.Чинчулууны өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Прокурор шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдуулан тайлбар хэлж байна. Гаргасан зөрчил нь ноцтой зөрчил байна. Шинжээчийн дүгнэлтээ гаргаагүй байхад урьдчилан гаргаад байдаг. Прокурорын хяналттай холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс цаашид гомдлоо гаргана. Учир нь, шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл прокурорын зүгээс дахин шинжээч томилуулах шаардлагагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас дахин шинжээч томилох шаардлагагүй гэж өнөөдрийг хүртэл хуулийн хүрээнд санал үндэслэлээ тавиагүй. Хохирогчоос мэдүүлэг авахдаа өөрт нь уншиж сонсголгүй мэдүүлэг авсан байдаг. Ийм ноцтой алдаа гаргасан байсан нь хэргийн материал танилцсан баримтад тодорхой бичсэнийг анхан шатны шүүхээс дүгнэж хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Нгийн өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Камерын бичлэгийн хувьд тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлэн хавтас хэрэгт хавсаргасан учраас сиди хавсаргах гэсэн үндэслэлээр хэргийг буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд гэмтлийн зэрэгтээ холбоотой эргэлзээ байгаа гэж үзэж байвал шинжээчийг шүүхийн шатанд хийлгэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийг томилж дахин шинжилгээ хийлгэх боломжтой гэж үзэж байна. Дахин шинжилгээ хийгээд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй тохиолдолд шийдвэрлэх боломжтой байна. Хэрэв гэмтлийн зэрэг өөрчлөгдвөл шүүхийн шатнаас хэргийг буцаах боломжтой. Хэргийн оролцогчдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн асуудал байхгүй. Шүүгдэгч Т.Нгийн хувьд гэм буруу дээр маргадаггүй. Хэрэг маргааныг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байдаг. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Нд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас “Т.Нг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж Лоунж” амралтын газарт Н.Чинчулуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа толгой, нүүр орчим цохиж, түүний биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын нийлмэл хугарал, зүүн нүдний доод зовхи, дээд урууланд шарх, дух, зүүн дээд, доод зовхи, зүүн дал, баруун мөрөнд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, уг хэрэгт камерын бичлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу заавал бэхжүүлж гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцон авах ажиллагааг хийх нь зүйтэй.

Үүнээс гадна дахин шинжээч томилохын зэрэгцээ, яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүдэд дурдагдсан мэдээлэлд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны арга хэлбэрүүдийг сонгож мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж, шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдолтой, эсхүл холбогдолгүйг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар эргэлзээгүй тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасан байхад хохирогч болон түүний өмгөөлөгч нарт хавтас хэрэг танилцуулсны дараа 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 40 минутад Сидинд үзлэг хийж, хэрэгт хавсаргасан ба бичлэгийг ямар зорилгоор хэрэгт хавсаргахгүй үлдээсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасан “Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор хавтас хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх асуудлыг хянан үүргээ биелүүлээгүйгээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг зөрчиж, гомдол гаргах эрхийг хууль бусаар хязгаарласан байна...” гэж тус тус үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Хавтас хэрэгт тухайн хэрэг учрал болох үеийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байх боловч тухайн бичлэгийг эд мөрийн баримтаар хуульд заасан үндэслэл журмын дагуу тооцож, сиди бичлэгийг хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд ингэснээр тухайн үед болсон хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч эрх үүрэг тайлбарлаагүй гарын үсэг зуруулсан, ярьсан зүйлийг буруу бичсэн, хэргийн газрын үзлэгт үзлэг хийгээгүй хэрэгт бичлэг хавсаргаагүй талаар гомдол гаргасан байхад тэдний гаргасан гомдлыг шийдвэрлэлгүй орхигдуулж оролцогчдын эрхийг зөрчсөн байх ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэсэн хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж үзэв.

Иймд прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаартай захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ