Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 459

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 755 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох 201725030949 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 08 сар хорих ял, мөн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил 01 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Ц овогт Д-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-өөс нийт 18,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Э-т 8,000,000 төгрөг, З.С-д 10,000,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-өөс 10,000,000 төгрөгийг гаргуулж З.С-д олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо “...Хохирогч Л.Э-т 18,000,000 төгрөг өгсний дараа худлаа гүтгэж цагдаад гомдол гаргасан. З.С-ээс мөнгө аваагүй байхад түүнд 10,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн, 18,000,000 төгрөгийг өгсөн болох нь шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан үзнэ үү. Гэвч хоёр шатны шүүх гэм буруутай гэж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч З.С-д 10,000,000 төгрөг төлөхөө илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэх, мөн 80 настай ээж 9 сартай хүүтэй үлдсэн зэргийг харгалзан ганц бие эцэг тул ял хойшлуулах, эсхүл хэргийн нөхцөл байдал, мөнгөө буцаан төлсөн зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялаас 6 сарыг хасаж хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч би үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. З.С нь шүүгдэгчид мөнгө өгөөгүй. З.С өөрийн хууль бус үйлдлийг халхавчлахын тулд Л.Э-т мөнгө өгсөн. Мөн Л.Э нь уг үйлдлээ халхавчлахын тулд мөнгөө шүүгдэгчид өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Л.Э нь 18,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг З.С-д өгсөн баримт хэрэгт авагдсан байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч 10,000,000 төгрөгийг З.С-ээс авч түүнийг залилан мэхэлсэн нь баримтаар тогтоогдоогүй. Уг мөнгийг буцаан олгосон болох нь шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Хохирогчийн өмнөөс итгэмжлэлээр асуудлыг шийдвэрлэнэ гэж тохиролцсон боловч итгэмжлэл аваагүй байж тухайн хохирогчоос өмгөөлөгч гэх үндэслэлээр мөнгө авсан ба хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч нь З.С-г залилан мэхлээгүй. Иймд Д.Б-д холбогдох Л.Э, З.С нарыг залилан мэхэлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нь хуульч биш, өмгөөлөх эрхгүй этгээд байж иргэдээс өмгөөллийн үйл ажиллагаа явуулна гэж мөнгө авч залилан мэхэлсэн байдаг. Мөнгө өгсөн, авсан баримтыг шүүгдэгч үйлдсэн байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь өөрийгөө өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж хуурч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сард нийт 8,000,000 төгрөгийг Л.Э-ээс, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр З.С-ээс 10,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ц.Г-аас 290,000 төгрөг, нийт 18,290,000 төгрөгийг авсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Д.Б-ийн дээрх үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулжээ.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн гаргасан “оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс Д.Б-ийг хохирогч Л.Э-т учруулсан хохирлоо нөхөн төлсөн, харин З.С-д учруулсан хохирлоо Л.Э-ээр дамжуулан өгсөн нь З.С-ийн хохирлыг барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн Д.Б-өөс 10,000,000 төгрөг гаргуулж З.С-д олгохоор шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь З.С-д учруулсан хохирлыг Л.Э-т өгснөөр, Л.Э авснаар шүүгдэгч Д.Б-ийг З.С-ийн хохирлыг бодит байдлаар барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин шүүгдэгч Д.Б нь Л.Э-т өгсөн 10,000,000 төгрөгөө нэхэмжлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 755 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН