Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/00786

 

Н.Гийхнарангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01810 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 774 дүгээр магадлалтай,

Н.Гийхнарангийн нэхэмжлэлтэй

Л.Ариунзулд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 102 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн болон орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, үндэслэлгүйгээр төлсөн 28 887 450 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Гийхнаран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Гийхнаран нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Л.Ариунзултай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаандаа төлөхгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүссэн зээлийн гэрээний харилцаа байсан бөгөөд нийт өгсөн мөнгөний үлдэгдлийг 50 000 000 төгрөг гэж тооцоод энэ гэрээг байгуулсан. Хариуцагчаас үндсэн зээл 50 000 000 төгрөг, 2 сарын хүү 5 000 000 төгрөг, алданги 27 500 000 төгрөг, сүүлд авсан өөрөө төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч, баримт үйлдсэн 20 000 000 төгрөг, нийт 102 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээ байгуулснаас хойш 7 295 000 төгрөг төлсөн. Үүнийг нэхэмжлэлийн үнээс хасах ёстойг хасаагүй байсан тул хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 95 205 000 төгрөг болгож байна. Л.Ариунзулын гаргасан зээлийн үлдэгдэл төлбөр 49 102 450 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Барагцаагаар 50 000 000 төгрөг байгаа гэж тооцоод энэ гэрээг байгуулсан тул тооцоо нь таарч байна. 20 000 000 төгрөгийн тооцоо бол тусдаа мөнгө, Л.Ариунзул төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн ч огт төлөгдөөгүй. Зээлийн төлбөрөө орон сууцаар төлсөн гэдэг нь үндэслэлгүй. 2 хүний хооронд зээлийн харилцаа үүсэхээс өмнө Н.Гийхнаран С.Лувсандоржоос энэ байрыг худалдаад авсан байсан. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 102 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбартаа: 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа өмнө нь амаар тохиролцон зээлж, буцаан өгч байсан төлбөрийн үлдэгдэл 50 000 000 төгрөг гээд төлж, төлүүлэхээр байгуулсан. Нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөг хүлээж аваагүй. 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сар хүртэл зохигчдын дунд амаар байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа байсан. Дээрх хугацаанд Л.Ариунзул нь Н.Гийхнарангаас 189 005 500 төгрөг цувуулж аваад 139 902 950 төгрөг буцааж өгсөн нь банкны харилцах дансаар нотлогдож байна. ХААН, Голомт банкаар мөнгөө харилцан шилжүүлдэг байсан. 50 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг өгч, авалцаагүй, 20 000 000 төгрөг нь цувуулан өгсөн 189 005 500 төгрөг дотор багтсан. Мөнгө өгч, авсан дансны хуулгатай тулгаад үзэхээр өгсөн мөнгөн дотор нь багтсан 20 000 000 төгрөгийг давхцуулаад нэхэмжилж байгаа нь харагдаж байна. Мөн зээлийн төлбөртөө эцэг С.Лувсандоржийн орон сууцыг өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлсэн мөнгөө төлөх асуудал яригдахаар нь аав С.Лувсандоржийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг Н.Гийхнарангийн өрөнд өгөхөөр тохиролцож, 78 000 000 төгрөгт тооцон өгсөн тухай зохигчид тохироод, өмчлөлдөө шилжүүлж авсан бусдад худалдсан. Зээлийн гэрээ байгуулсан 50 000 000 төгрөг бол өмнөх зээлийн үлдэгдэл гэдгийг нэхэмжлэгч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. 2014 оны 01 дүгээр сараас эхлэн 20 000 000 төгрөг цувуулж өгсөн нь дансны хуулгаас харагдана гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ байгуулсан, Л.Ариунзулын хувьд 50 000 000 төгрөг энэ зээлийн гэрээгээр аваагүй учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус. 2014 оны 01 дүгээр сараас С.Лувсандорж, Л.Алтантуяа, Л.Алтангэрэл нарын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг Н.Гийхнарангийн зээлийн төлбөрт өгөхөөр тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулан С.Лувсандоржоос Н.Гийхнаранд, Н.Гийхнарангаас Л.Ариунзулд, Л.Ариунзулаас Н.Гийхнаранд орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулан шилжүүлж байсан бөгөөд уг гэрээг мөн хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Орон сууцыг зээлийн төлбөрт өгч, зээлээ хаасан байхад дахин их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа учраас Н.Гийхнаранд төлөх ёстой 49 102 550 төгрөгийг 1 өрөө байрны үнэ 78 000 000 төгрөгөөс хасаж тооцон зөрүү 28 887 950 төгрөгийг Н.Гийхнарангаас гаргуулж өгнө үү. Байрыг 78 000 000 төгрөгт өгнө гэж талууд тохиролцсон, энэ тухай утсаар ярьсан ярианы бичлэгийг баримтаар өгсөн. Дээрх гэрээнүүд дүр үзүүлэн хийсэн хэлцэл болно. Ямар ч хүн өчнөөн үнэтэй байраа 10 000 000, 30 000 000 төгрөгөөр худалдахгүй, мөн нэхэмжлэгч нь байрны үнэ гэж нэг ч төгрөг өгч байгаагүй. Байраа буцааж авъя гэхээр Н.Гийхнаран уг байрыг бусдад худалдсан байгаа болохоор зөрүү мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан учраас зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл. Мөнгөн хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хуульд заасны дагуу үлдсэн төлбөр дээрээ зээлийн гэрээ байгуулсан Н.Гийхнаран нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр С.Лувсандоржоос 1 өрөө байрыг 30 000 000 төгрөгөөр худалдан авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ хуульд заасан журмаар Н.Гийхнарангийн нэр дээр гарсан. 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н.Гийхнарангаас Л.Ариунзул 10 000 000 төгрөгөөр авсан, мөн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Л.Ариунзулын нэр дээр хуульд заасан журмаар гарсан. 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Л.Ариунзул, Н.Гийхнаранд буцаагаад худалдсан, түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлүүдэд зааснаар дуусгавар болсон. Н.Гийхнаран уг орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Сэргэлэнд худалдаж, өмчлөх эрхээ шилжүүлсэн. Энэ орон сууцны асуудал зээлийн гэрээтэй холбоогүй явж ирсэн учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Орон сууцыг худалдах-худалдан авахдаа гэрээгээр тохиролцсон мөнгийг Н.Гийхнаран Л.Ариунзул, С.Лувсандорж нарт өгч байсан. Баримт үйлдэж байгаагүй боловч шилжүүлэн өгч, өмчлөх эрхээ хуульд зааснаар шилжүүлж байсан. Орон сууцны үнийг төлөхгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй, ийм гэрээг нотариатч гэрчилж, Улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг шилжүүлдэггүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01810 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Орхон овогт Лувсандоржийн Ариунзулаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 95 205 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Тоодон Цагаан овогт Нямсүрэнгийн Гийхнарангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 7 295 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 670 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157.950 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч Н.Гийхнаранд буцаан олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д зааснаар нэхэмжлэгч Тоодон Цагаан овогт Нямсүрэнгийн Гийхнарангаас үндэслэлгүйгээр авсан 28 887 450 төгрөгийг гаргуулан хариуцагч Орхон овогт Лувсандоржийн Ариунзулд олгож, зохигчдын байгуулсан зээлийн гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Гийхнарангаас улсын тэмдэгтийн хураамжид 302 387 төгрөг гаргуулан хариуцагч Л.Ариунзулд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 760 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 774 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг нэгтгэж 1 дэх заалт болгож “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Ариунзулаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 95 205 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Гийхнарангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.3-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Гийхнаранд холбогдох Н.Гийхнаран Л.Ариунзул нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон С.Лувсандорж Н.Гийхнаран нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, Н.Гийхнаран Л.Ариунзул нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, Л.Ариунзул Н.Гийхнаран нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоолгох, 28 887 450 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Л.Ариунзулын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтыг нэгтгэж 2 дахь заалт болгож “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 670 450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 760 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157 950 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Н.Гийхнаранд буцаан олгосугай.” гэж, тогтоох хэсгийн “5” дахь заалтыг “3” гэж, “4” дэх гэснийг хасаж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Гийхнаран давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: Шийдвэрийг хянасан магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул гомдол гаргаж байна. Талуудын хооронд аман хэлцлээр 2013 оны 08 сарын 15-ны өдрөөс зээлийн харилцаа үүсэж, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэхэд Н.Гийхнаран 140 удаагийн үйлдлээр 189 005 500 төгрөг Л.Ариунзулд шилжүүлэн өгч, Л.Ариунзул нь 218 удаагийн үйлдлээр 139 902 900 төгрөг буцаан шилжүүлсэн. Зөрүү нь 49 102 550 төгрөг болсон. Тухайн үед энэ тооцоог хэн ч мэдээгүй. Энэ хугацаанд талууд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ч гэрээгээр Н.Гийхнаран нь Л.Ариунзулд нэг төгрөг ч өгөөгүй. Харин зээлдуулэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан ба хүчин төгөлдөр бус хэлцэл. Хэрэв магадлалд дүгнэсэн шиг өмнөх зээлийн үлдэгдэл дээр уг гэрээг байгуулсан гэж үзвэл тооцоо нь тодорхойгүй, тоог нь өөрсдөө 1 000 000 төгрөгөөр нэмж байгаад, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлээд 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 344 хоногийн 218 удаагийн үлдэгдэл мөнгөөр энэхүү зээлийн гэрээг байгуулсан болох ба энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн мөн хуулийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Иймд гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Зээлдэгч нь тамхины үйлдвэрт боогч ажилтай Н.Гийхнаранд өр төлбөртэй гэдгээ мэдэж байсан ч яг хэдэн төгрөгийн өртэй гэдгээ сайн мэдэхгүй байсан. Иймд аавынхаа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 2Б байрны 17 тоот 22 м.кв хоёр өрөө орон сууцыг 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр урьдчилан 10 000 000 төгрөгөөр Н.Гийхнаранд шилжүүлээд 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Н.Гийхнарантай уулзаж, энэ орон сууцаа 78 000 000 төгрөгөөр үнэлж байгаа дээр амаар тохиролцсон. Зээлдүүлэгч нь зээлдэгчээс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээл гэж 50 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, алданги 27 500 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үндсэн зээл 20 000 000 төгрөг, нийт 102 500 000 төгрөг нэхэмжилсэн. Ийнхүү талууд тооцоогоо мэдэхгүй байж байгаад зээлийн тооцооны үлдэгдэл төгрөг гэдгийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан эхлэх үед харилцан нийлж, энэ тоон дээр маргаан байхгүй гэж тохиролцсон. Гэвч мэтгэлцээний явцад хариуцагч 7 295 000 төгрөг энэ тооцооноос илүү буюу 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлсөн болохыг нэхэмжлэгч гарган ирж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ бууруулсан. Харин шүүхийн шатанд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл 50 000 000 төгрөг ба 20 000 000 төгрөг нь өр төлбөрийн тооцоонд давхардан орсон, тооцооны эцсийн үлдэгдэл 49 102 550 төгрөг болох нь тодорхой болсон тул үүргийн гүйцэтгэлийн хэрэгсэл болсон 2 өрөө орон сууцны 78 000 000 төгрөгийн үнийн зөрүү 28 887 450 төгрөгийг гаргуулах шаардах эрх үүссэн ба Л.Ариунзул шүүхэд хандаж, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Зээлийн аман хэлцлийн мөнгөний тооцоог талууд тус бүрдээ хэд болохыг сайн мэдэхгүй байж байгаад шүүх дээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр харилцан хүлээн зөвшөөрснөөр зээлийн үлдэгдэл 49 102 550 төгрөг ба үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн орон сууцны үнэ 78 000 000 төгрөгийн зөрүү 28 887 450 төгрөг болсон нь Л.Ариунзулын хувьд шаардах эрх үүссэн. Иймд Н.Гийхнарангаас 28 887 450 төгрөг гаргуулан Л.Ариунзулд олгосон шийдвэрийг магадлал үндэслэлгүй бөгөөд шударга ёсонд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх нь мөн нэхэмжлэлээр шаардаагүй зүйлийг тогтоох хэсэгтээ шаардсан мэтээр нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа “С.Лувсандорж Н.Гийхнаран нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Маргааны нэг объект болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 2Б байрны 17 тоот 22 м.кв хоёр өрөө орон сууцны хаяг, өрөөний тоог “22Б” байр, “1 өрөө” гэж тодорхойлох болон хянавал хэсэгтээ өөрчлөн алдаатай бичсэн. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тхуай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Н.Гийхнаран нь зээлийн гэрээний үүрэгт Л.Ариунзулаас 102 500 000 төгрөг шаардсныг хариуцагч маргаж, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ болон 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн үүрэгт тооцож өгсөн орон сууцны үнэ зээлийн хэмжээнээс илүү учир зөрүү 28 887 450 төгрөг гаргуулна гэсэн агуулгатай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэлцлийг буруу тодорхойлсныг зөвтгөх үндэслэлтэй байна. /хх-102, 183/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдын хооронд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч Н.Гийхнаран нь нийтдээ 189 005 500 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч 139 902 950 төгрөгийг буцааж төлсөн, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлэхэд зээлийн үлдэгдэл 49 102 550 төгрөг байсан, талууд 50 000 000 төгрөг гэж үзэж, мөн өдөр зээлийн гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогджээ. Үүний зэрэгцээ 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 22б байрны 17 тоот 1 өрөө сууцыг Ариунзулын аав Лувсандоржоос Н.Гийхнаранд шилжүүлсэн, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н.Гийхнарангаас уг сууцыг Л.Ариунзулд шилжүүлсэн, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус орон сууцыг Л.Ариунзулаас Н.Гийхнаранд шилжүүлсэн, улмаар нэхэмжлэгч нь уг сууцыг бусдад худалдсан баримт авагдсан байна.

Зохигчид зээлийн үндсэн үүргийг маргаагүй, харин энэ үлдэгдлийг 50 000 000 төгрөг гэж үзэж зээлийн гэрээ байгуулсныг үндэслэлгүй гэснээс гадна зээлийн үүрэгт орон сууцыг тооцож өгсөн тул зөрүү байх эсэх талаар тус тус маргажээ.

2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлэхэд зээлийн үлдэгдэл үүрэг 49 102 550 төгрөг болсон, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид өөрийн өмчлөлийн орон сууцаа шилжүүлсэн баримтаас үзвэл зээлийн төлбөр төлөгдсөн гэж үзэхээр байх ба Н.Гийхнарангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар  зүйлийн 236.1.1-д нийцсэн байна.

Харин зээлийн үүрэгт тооцож өгсөн орон сууцны үнэ 63 749 100 төгрөг болох нь шүүхээс томилогдсон шинжээч “Дельтамон” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон байхад зөрүү мөнгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй  гэж үзэв.

Өмнө үүссэн гэрээний тохиролцоог үндэслэж, талууд хожим гэрээг бичгээр байгуулах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг зөрчихгүй бөгөөд орон сууц шилжүүлэх хүртэл хугацаанд хариуцагч нь зээл 49 102 550 төгрөгийг 1 сарын хүү 2 455 122 төгрөгийн хамт 51 557 572 төгрөгийг эргүүлж төлөх үүрэгтэй байжээ. Нэхэмжлэгч нь зээлийн дээрх үүрэгт 63 749 100 төгрөгийн үнэтэй орон сууцыг авсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй, зөрүү мөнгө 12 191 528 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчид буцааж өгөх үүрэгтэй байна. 

Энэ үндэслэлээр хариуцагч Л.Ариунзул, түүний өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг хангаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 774 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01810 дугаар шийдвэрын тогтоох хэсгийн

1, 3 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Ариунзулаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 95 205 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Гийхнарангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Н.Гийхнарангаас 12 191 528 төгрөгийг гаргуулж Л.Ариунзулд олгож, сөрөг нэхэмжлэлээс 16 695 922 төгрөгийн нэхэмжлэлийг болон талуудын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалт болгож “...олгосугай...” гэснийг “...олгож, нэхэмжлэгч Н.Гийхнарангаас 210 014 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Ариунзулд олгож...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Л.Ариунзул, түүний өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 302 500 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

                                                                    

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА