Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/03051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 9 дүгээр хороо тоот “Ф к ББСБ“ ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо тоотод оршин суух Э овогт Л Б

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо   тоотод оршин суух Х овогт Д Т

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,079,967.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Б, П.Т 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзий

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ф кББСБ“ ХХК нь хариуцагч Д.Б, П.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Д.Б, П.Т нар нь 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ20/26 тоот гэрээгээр 3,700,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлэхээр тохирч, уг гэрээний дагуу 3,700,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.   

 

1.2. Зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтаар тохиролцож тогтоосон ба уг хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зээлдэгч Д.Б, П.Т нар биелүүлээгүй хугацаа хэтэрсэн.

 

1.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарыг оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/02626 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, хариуцагч нарын хаягийг олж тогтоосны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 2,258,197.01 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдсон хүү 3,340,894.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480,876.63 төгрөг нийт 6,079,967.85 төгрөг шаардаж байна.

 

2. Хариуцагч П.Т нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Зээлийн эдийн засагч нь Д.Бийг зээлээ төлөхгүй байна гэж холбогддог байсан. Ингэж холбогддог байсан мөртлөө өдий хугацаанд ингэж явахаар гарц гаргалгааг нь хэлээд ямар нэг шийдэл зөвлөгөөг өгсөн бол хүү нэмэгдэхгүй байсан. Зүгээр холбогдож байсан хэрнээ эрэн сурвалжлуулж цаг хугацаа алдсан байна. Үндсэн мөнгөө төлж чадаагүй явж байна. Тухайн үед төлсөн бол 2,000,000 гаруй төгрөг төлөх байсан байна. Миний хувьд ажилд ороод ажлын газартаа ойртоод одоо байгаа хашаанд түр буусан, өмнөх хашаанд ээжийнх байгаа, хаягтаа бүртгэлтэй хэвээр байдаг гэжээ.  

 

3. Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

3.1. Зээлийн гэрээний дагуу төлөлтөө хийж байсан боловч корона гараад зээлээ төлж чадахгүй болсон. Эдийн засагч нь утсаар ярьж машинаа зараад эсвэл задлаад зээлээ төл гэдэг байсан. Бидний хувьд төлөхгүй гэж зугтаад байсан зүйл байхгүй. Төлье гээд үнэхээр боломж байхгүй байсан учраас өдийг хүртэл явсан. Хүү, алдангиасаа хасаад өгөөч гэж байсан, посын орлогоосоо өдөрт 50,000 төгрөг татуулъя гэж санал хэлж байсан. Зээлийн үндсэн төлбөрийг төлнө гэжээ.  

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Ф кББСБ“ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ20/26 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн ФД20/20 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ, Д.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлдэгчийн анкет, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 08ё2-3/753, 08ё2-3/754 дугаартай албан тоот, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/02626 дугаартай шийдвэр /ХХ-3-17 дугаар тал/

 

5. Хариуцагч нар нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нарт 3,700,000 төгрөг шилжүүлсэн. Уг гэрээний үүргээ хариуцагч нар зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 2,258,197.01 төгрөг, хүү 3,340,894.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480,876.63 төгрөг нийт 6,079,967.85 төгрөг шаардаж байна. 

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Коронавирусын улмаас зээлийг төлөх боломжгүй болсон, зээлийн эдийн засагч нь утсаар байнга холбогдож зээлээ төлөхийг шаардаж байсан атлаа эрэн сурвалжилж хугацаа алдсан, үүний оронд гарц гаргалгаа хэлээд шийдэл зөвлөгөө өгсөн бол хүү нэмэгдэхгүй байсан, зээлийг төлөхгүй зугтаасан асуудал байхгүй, зээлийн үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрнө гэжээ. 

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №ЗГ20/26 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Ф кББСБ” ХХК нь зээлдэгч Д.Б, П.Т нарт хувийн хэрэгцээнд зориулан 3,700,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нар зээлийн төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргийг биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээж, уг гэрээг бичгээр байгуулсан байна. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч П.Тын эзэмшлийн * улсын дугаартай тоёота кроун /Toyota crown/ маркийн автомашинаар хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, автомашины өмчлөх эрхийг “Ф кББСБ” ХХК-д шилжүүлжээ.  

 

Дээрх зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны /-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Энэхүү зээлийн гэрээг байгуулагдсан талаар зохигч маргаагүй бөгөөд хариуцагч нар нь “Ковид-19 цар тахлын улмаас зээлийг төлөх боломжгүй болсон, зээлийн эдийн засагч нь утсаар байнга холбогдож зээл төлөхийг шаардаж байсан атлаа биднийг эрэн сурвалжилж хугацаа алдсан гэж үзэж байна, үүний оронд гарц гаргалгааг хэлээд ямар нэг шийдэл зөвлөгөө өгч болоогүй юм уу, энэ хугацаанд хүү нэмэгдсэн байна” гэсэн тайлбарыг гаргаж маргав.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр зээлийн төлбөрт 318,918.80 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх ба уг үүргээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш биелүүлээгүй байна. Энэхүү хуваарийн дагуу тохирсон хугацаанд, тогтоосон хэмжээгээр төлөлт хийх үүргээ биелүүлээгүйг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.  

 

Ийнхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нар нь гэрээний 2.1.7-д “Нэмэгдүүлсэн хүү: Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж заасан хариуцлагыг хүлээхээр тохирчээ. Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцжээ. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Үүнийг зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл энэ зүйл, хэсэг нь зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг зохицуулсан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн үүрэгт хамаарахгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна. Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтХугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заажээ. Иймд үндсэн хүүгийн хэмжээг тогтоосонтой адил хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоож гэрээндээ заах нь хуульд нийцнэ. Харин нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүүг үндсэн хүүгийн хэмжээгээр тооцсон байх ба талуудын байгуулсан гэрээнд “хэтэрсэн хугацааны хүү”-г хэрхэн тооцох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн /мэргэжлийн байгууллага/ хувьд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй этгээдэд зээлийн гэрээний нөхцөлийг тайлбарлах, ойлгуулах эсвэл хэн ч харсан ойлгомжтой байдлаар тодорхойлох үүрэгтэй. Зээлийн гэрээнд “хэтэрсэн хугацааны хүү”-г хэрхэн тооцох болохыг ойлгомжтой тодорхойлоогүй байх тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж заасан зарчмыг баримтлан нэхэмжлэгчийг хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний хугацаанд төлвөл зохих төлбөр болох /зээл, хүү/ 5,740,538.36 төгрөгөөс төлсөн 2,863,000 төгрөгийг хасаж 2,877,538.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480,876.63 төгрөг нийт 3,358,414.99 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 2,721,552.86 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Б, П Т нараас 3,358,414.99 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф кББСБ“ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,721,552.86 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,230 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б, П.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 68,685 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф кББСБ“ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА