Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/02201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Г.Ариунаа, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо тоотод оршин суух С овогт Б Ж

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо тоотод оршин суух Х овогт С Г

 

Гэм хорын хохиролд 1,185,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Ж, иргэдийн төлөөлөгч Г.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Баярмаа

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч С.Ггийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч С.Гд холбогдуулан гэм хорын хохиролд 1,185,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Нарны гүүрний Алтай хотхон явах өгсүүр чиглэлд өөрийн эзэмшлийн * улсын дугаартай тоёота аква маркийн автомашиныг жолоодон түгжрэлд явж байсан. Энэ үед миний өмнө хариуцагч нь * улсын дугаартай мазда кантер маркийн жижиг ачааны автомашин жолоодож явсан ба зогсоод хөдлөхдөө ухарч миний автомашиныг мөргөж хохирол учруулсан.

 

1.2. Тухайн үед хариуцагч нь даатгалын байгууллагаа дуудахад ирж үзээд цагдаагийн байгууллагын тодорхойлолт аваарай гэж хэлээд явсан. Энэ үед С.Г нь цагдаа дуудах шаардлагагүй, цагдаагийн тодорхойлолтгүй нөхөн төлбөр болно гээд яваад өгсөн. “М” ХХК-ийн захиалгаар хохирлын үнэлгээг хийлгэхэд 1,110,000 төгрөг болсон бөгөөд үүнийг цагдаагийн тодорхойлолтгүй учраас олгох боломжгүйг мэдэгдсэн.  

1.3. Иймд энэ ослын улмаас миний автомашинд 1,185,000 төгрөгийн хохирол учирсан, мөн хохирлын үнэлгээний ажлын хөлс 75,000 төгрөгийг нэмж нийт 1,185,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.    

 

2. Хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:

 

2.1. 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зам тээврийн осол болсон нь үнэн, тухайн үед замын цагдаа зам чөлөөлөхийг шаардсан, мөн ачиж явсан замын асфальт хөрөх гээд яарч байсан тул цагдаагийн дуудлагыг буцааж, даатгалын байгууллагыг дуудсан. Ингээд даатгалаар хийгдэх болсон тул явсан боловч цагдаагийн тодорхойлолт шаардсан ба хэмжилт хийгдээгүй учраас цагдаагийн байгууллага тодорхойлолт өгөх боломжгүй гэсэн.

 

2.2. Энэ осол зөвхөн миний буруугаас болоогүй, мөн бүрэн даатгалтай байсан тул даатгалаас мөнгийг гаргах болохоор аль болох хэл амгүй хурдан салахыг бодсон нь буруу байсан байна. Иймд зам тээврийн осол хэний буруугаас болсныг тогтоолгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхний хуулбар, автомашины гэрчилгээ, “Ү и о” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, “А б” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, төлбөр төлсөн баримт, “Ү и о” ХХК-тай байгуулсан 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн болон фидуцийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 3-8, 69-72 дугаар тал/

 

4. Хариуцагч дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: осол болсон үеийн гэх гэрэл зургууд /ХХ-ийн 16-21 дугаар тал/

 

5. Хариуцагч талын хүсэлтээр шүүх дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: “х ү т” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 51-63 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч С.Г нь өгсүүр газар зогсож байхдаа ухарч миний эзэмшлийн автомашиныг мөргөж хохирол учирсан. Хохирлыг үнэлгээгээр автомашиныг засварлах зардлыг 1,110,000 төгрөг гэж тогтоосон, мөн үнэлгээний компанид ажлын хөлс 75,000 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас 1,185,000 төгрөг гаргуулна.  

 

3. Хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зөвхөн миний буруугаас шалтгаалан зам тээврийн осол болоогүй ба миний жолоодож явсан автомашин арагшаа хүч алдах хэмжээний ачаатай байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Нарны гүүр өгсөх замд /хойноос урагш чиглэлд/ Б.Жы жолоодож явсан * улсын дугаартай тоёота аква /Toyota aqua/ маркийн автомашинд хохирол учирсан зам тээврийн осол болсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Хэрэг учрал болох үед хариуцагч С.Г нь * улсын дугаартай мазда кантер /mazda canter/ маркийн ачааны зориулалттай автомашин жолоодож Б.Жы өмнө явсан ба хойшоо ухарч нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулаагүй гэж маргажээ.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын г-д зам тээврийн осолд холбогдсон жолооч нь ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй болохыг зохицуулсан. Энэхүү үүргийг талуудын хэн аль нь биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Уг үүргээс ямар тохиолдолд чөлөөлөгдөж болохыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д “Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно” гэжээ.

 

Дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын талаар жолооч нар болон даатгалын байгууллага хоорондоо ямар нэг маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй гэж ойлгоно. Зам тээврийн осол болох үед даатгалын байгууллага ирсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд тухайн үед хохирлын талаар 3 тал ямар нэг тохиролцоонд хүрээгүй байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн осолд хэн буруутай болохыг тогтоолгох үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар зохигч нь хэн алиндаа учруулсан хохирлыг тавь, тавин хувиар арилгах үүрэгтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн жолоодож явсан автомашинд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон, энэ нь хэний буруутай үйлдлээс болсныг эрх бүхий этгээдээр тогтоолгох үүргээ талууд хэн аль нь биелүүлээгүйгээс болсон үйл явдалд 100 хувь гэм буруугүй болохоо талууд нотолж чадаагүй байна. Иймд талууд хэн алиндаа учирсан хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзнэ. 

Б.Жы зам тээврийн осол гарах үед унаж явсан * улсын дугаартай тоёота аква маркийн автомашиныг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр “Ү и о” ХХК-тай байгуулсан “зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээгээр “Ү и о” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж бүртгэл хийлгэсэн болох нь зээлийн болон фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Дээрх зээлийн гэрээгээр Б.Ж нь 9,800,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн байх ба уг зээлийг хүүгийн хамт хугацаанд нь төлөх баталгаа болгон фидуцийн гэрээ байгуулж, автомашиныг зээлдүүлэгч хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлжээ. Фидуцийн гэрээ гэдэг нь үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч фидуцийн зүйлийг /эд хөрөнгө/ үүрэг гүйцэтгэгчид буцаан шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлээс үүргийг хангуулж авах эрх үүрэг гүйцэтгүүлэгчид үүсдэг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга юм. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээ нь эд хөрөнгийг бүрмөсөн өмчлөлд шилжүүлдэг гэрээ биш бөгөөд үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ биелүүлж, эд хөрөнгөө буцаан авсан эсвэл үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар дуусгавар болно. Зам тээврийн осол гарах үед фидуцийн гэрээ дуусгавар болоогүй буюу автомашиныг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байсан болох нь “Ү и о” ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдов. Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар автомашины өмчлөх эрх “Ү и о” ХХК-д шилжээгүй байна. Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Б.Жы автомашин өмчлөх эрх дуусгавар болоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь автомашинд учирсан хохирлыг шаардах эрх бүхий этгээд мөн болно.

 

“М д” ХХК-ийн захиалгаар 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Ашид билгүүн” ХХК-иас автомашины техникийн эвдрэл, гэмтлийг “копут тунарч ханзарсан, чихэгдэж хонхойж зурагдсан, урд буфер будаг халцарч зурагдсан, урд карказ нугарч гулзайж сэвтсэн” гэж тодорхойлж, эвдэрсэн эд ангийг солих, засах зардлыг 1,110,000 төгрөгөөр тогтоосон байна. Энэхүү үнэлгээгээр тогтоогдсон хохирлын хэмжээг хэт өндөр тогтоосон гэж хариуцагч маргасан ба түүний хүсэлтээр хохирлын үнэлгээ тогтоолгохоор “Х ү т” ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч нь 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр автомашины биет байдалтай танилцсан байх ба эвдрэл гэмтлийг  “копутны урд хэсэг чихэгдэж нугаларсан, копут ханарч гүйсэн, копутны нугас муруйсан, урд нүүрний хэсэг бага зэрэг гажсан” гэж тодорхойлж, үүнийг солих, засварлах зардлыг 1,040,000 төгрөг гэж тогтоожээ. Дээрх 2 үнэлгээгээр тогтоогдсон автомашины эвдрэл, гэмтэл адил, хохирлын үнэлгээ хэт зөрүүтэй тогтоогдоогүй байх тул хэрэг учрал болсон үед “М д” ХХК-ийн захилгаар хийсэн дүгнэлтийг цаг хугацааны хувьд илүү бодитой тогтоогдсон гэж үзэв. Мөн “Х ү т” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд урд буфер засварлах зардал ороогүй байна. Иймд “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг 1,110,000 төгрөгөөр тогтоож, үүн дээр хохирлын үнэлгээ тогтоох ажлын хөлс болох 75,000 төгрөгийг нэмж нийт 1,185,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ. Үүний 50 хувь болох 592,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн 592,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч нь автомашины эвдрэл, гэмтлийн үнэлгээн дээр маргасны улмаас хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шинжээчээр “Х ү т” ХХК ажилласан ба шинжээчийн зардал 80,000 төгрөг болсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар талууд шинжээчийн зардлыг адил тэнцүү хариуцна. Иймд шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс 40,000 төгрөг, хариуцагчаас 40,000 төгрөг гаргуулж “Х ү т” ХХК-д олгох нь зүйтэй.  

 

Иргэдийн төлөөлөгч Г.Б нь хариуцагчийг гэм буруутай гэж үзсэн байх ба шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлыг төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. 

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт байгаа баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С Ггоос 592,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б Жд олгож, нэхэмжлэлээс 592,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,990 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Ггоос улсын тэмдэгтийн хураамжид 18,425 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Жд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгч Б.Жаас 40,000 төгрөг, хариуцагч С.Ггоос 40,000 төгрөг тус тус гаргуулж “Х ү т” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА

 

                                        ШҮҮГЧИД                                             Г.АРИУНАА

 

                                                                                                   З.ДОРЖНАМЖИН