| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/00342/И |
| Дугаар | 102/ШШ2023/01588 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2023/01588
| 2023 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2023/01588 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо 33 дугаар байр 3 дугаар орц 0 тоотод байрлах “Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо 33 байрны 116 тоотод оршин суух Шарайд овогт Бишиндээгийн Н /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 655,070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Урансайхан
Хариуцагч Б.Нд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ө” СӨХ нь хариуцагч Б.Нд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 655,070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Н нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо 33 байр 116 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаартай тогтоол, итгэмжлэл, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 33 байр 116 тоот орон сууцны 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалал, засвар үйлчилгээний зардлын нэхэмжлэх, төлбөрийн хэмжээ тодорхойлох баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б.Н өөрийн өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Б.Н нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“Ө” сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн хурлаар байгуулагдаж, 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 84 тоот гэрчилгээ авч, Удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор Д.Раднааг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилсон байх тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.
6. Хариуцагч талаас Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байрны 116 тоот орон сууцны өмчлөгч этгээдийн талаар болон тус орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой маргаан бүхий төлбөрийн хэмжээ, түүнийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй.
7. Орон сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбоо гишүүн байхаас гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Хариуцагч Б.Нгаас 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 655,070 төгрөг /29 сар * 17430 төгрөг + 8 сар * 18,700 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” СӨХ-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Нгаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 655,070 /зургаан зуун тавин таван мянга далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Ө” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 20,272 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ