Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/01730

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/01730

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 53 дугаар байр 9-27 тоотод оршин суух Андагдайгийн Мнэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 10 тоотод оршин суух Ванчин-Очир овогт Ганбазарын Д /РД:И1/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг, хохирол 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

Хариуцагч Г.Д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Г.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохиролд 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Г.Д нь 2021 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийг түр хугацаагаар зээлдүүлээч, би удахгүй мөнгийг чинь өгнө” гэсэн. Би түүнийг мөнгөний чухал хэрэгцээ байна гээд гуйгаад байхаар нь Г.Дгийн Худалдаа хөгжлийн банкны 460032998 тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул түүнээс 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн би өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд 100,000 төгрөг төлсөн тул Г.Дгээс нийт 1,100,000 төгрөг нэхэмжилж байна.

 

   2. Хариуцагч хариу тайлбар гараагүй.

 

3. Нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.МХаан банк дахь 5495316446 дугаартай дансны хуулга, П.Баттулга, А.М нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хууль зүйн туслалцааны хөлс төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Г.Дтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс хууль зүйн туслалцаа авах 100,000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлаж байна.

 

            3. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8-д зааснаар хариуцагч өөрийнх нь тодорхойлсон хаягт байхгүй гэсэн шуудангийн магадлагааг үндэслэн хорооны Засаг даргын ажлын албанд хүлээлгэн өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Нэг талаас А.М, нөгөө талаас Г.Д нар нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч тал болох А.М 1.000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч тал болох Г.Д нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлж барагдуулахаар амаар харилцан тохиролцсон байна.

            Гэрээний дагуу зээлдүүлэгч А.М 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Г.Д шилжүүлэн авсан 1.000,000 төгрөгийг буцаан төлөөгүй болох нь А.МХаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. 

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно” гэж заасны дагуу зээлдүүлэгч А.М нь 1.000,000 төгрөгийг зээлдэгч Г.Дд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

            7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Зээлдэгч Г.Д нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч А.М нь хариуцагч Г.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

            8. Хариуцагч Г.Д нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч А.М нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа авч, улмаар 100,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хууль зүйн туслалцаа авах тухай гэрээ, өмгөөллийн хөлс төлсөн баримт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Г.Д нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч А.Мад хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 1,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мад олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 1,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мад олгосугай.

        

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Мад олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ч.БАТЧИМЭГ