| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/01857/И |
| Дугаар | 102/ШШ2023/01896 |
| Огноо | 2023-05-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2023/01896
| 2023 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2023/01896 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Чулуунхороот сум, Дэргэр багт оршин суух, эрэгтэй, Толани овогтой Ганхуягийн Г /РД:Ж4/,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Чулуунхороот сум, 2 дугаар баг, Галуут хаягт оршин суух, эмэгтэй, Бодонгууд овогтой Лувсанжамцын Ц /РД: 8/,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Чулуунхороот сум, 2 дугаар баг, Галуут хаягт оршин суух, эмэгтэй, Долоод овогтой Нэхийгийн Цэ /РД: 63/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 03 дугаар хороо, Улаанбаатар төмөр замын удирдах газрын байранд байрлах, МОд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 24,246,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь
Иргэдийн төлөөлөгч Д.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г, Л.Ц, Н.Цэ нар нь Улаанбаатар төмөр зам Монгол Оросын хамтарсан нийгэмлэгт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 24,246,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах Улаанбаатар төмөр замын харьяа Баянтүмэн тасгийн ажилчид тасгийн даргын тушаалын дагуу 2012 оны 04 дүгээр сарын 22-нд төмөр замын ой хээрийн түймрээс хамгаалах зурваст цурам тавьж ажиллаж байхдаа гал алдаж, түймэр тавьсны улмаас мал, гэрээ шатаалгаж хохирсон. Тухайн үед түймрийн хохирол тогтоон газар дээр нь айл бүрд цагдаагийн ажлын хэсэг, аймгийн Онцгой байдлын галын улсын байцаагч, Төмөр замын Баянтүмэн тасгийн удирдлагууд танилцсан. Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдох удирдлагуудыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хэлэлцсэн боловч хэрэг мөрдөн байцаалтад удаа дараа буцсаар 2017 оны 5 дугаар сард эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Үүнд:
1.2. Нэхэмжлэгч Г.Г 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрүүдэд үргэлжлэн шатсан түймэрт өртөж 1,680,000 төгрөгийн үнэ бүхий малын хашаа саравч, 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий аргал түлш, 3,375,000 төгрөгийн үнэ бүхий 45 эм ямаа, 1,560,000 төгрөгийн үнэ бүхий 13 эр ямаа, 440,000 төгрөгийн үнэ бүхий 11 борлон, 1,440,000 төгрөгийн үнэ бүхий 16 эм хонь шатаж 9,195,000 төгрөгийн хохирол учирсан.
1.3. Нэхэмжлэгч Л.Цын буюу өрхийн тэргүүн Бадарчийн Б 3,024,000 төгрөгийн хашаа саравч, 615,000 төгрөгийн түлээ, 40,000 төгрөгийн үнэ бүхий соёолон 1ширхэг ямаа, 50,000 төгрөгийн 1 ширхэг хязаалан ямаа, 65,000 төгрөгийн 1 ширхэг соёолон хонь, нийт 3,543,000 төгрөгийн хохирол учирсан.
1.4. Нэхэмжлэгч Н.Цэ хөдөө мал дээр байдаг, охин Азж нь хохирогчоор байцаагдсан. 4,329,000 төгрөгийн үнэ бүхий малын саравч, 2,319,000 төгрөгийн өвсний саравч, малын хашаа, 1,440,000 төгрөгийн үнэ бүхий 16 эм хонь, 480,000 төгрөгийн 16 ширхэг хурга, 240,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг төлөг хонь, 1,875,000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг эм ямаа, нийт 11,508,000 төгрөгийн хохирол тус тус учирсан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г, Л.Ц, Н.Цэ нар нь мал, эд хөрөнгө өмчилж байсан нь нотлогддоггүй. Шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харахад шатсан гэх хөрөнгө нь нэхэмжлэгч нарын нэр дээр байдаггүй. Жишээ нь хавтас хэргийн 30 дугаар тал дээр нэхэмжлэгч Н.Цэгийн мал тооллогын баримт авагдсан байдаг. Тухайн баримтыг харахаар нэхэмжлэгчийн нэр байхгүй байна. Н.Ц гэдэг хүний баримтыг шүүхэд гаргаж өгөөд Н.Цэ гэдэг хүн нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрийн хөрөнгөө алдсанаа нотолж чадахгүй байна. Нотлох баримт эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байсан Улаанбаатар төмөр замаас 4 дүгээр сарын эхнээс галын хамгаалах цурав тавьж байсан гэсэн. Улаанбаатар төмөр зам түймэр тавиагүй. Гарсан байсан түймрээс хамгаалах цурмыг тавьсан гэдэг шүүхээс анхаарна уу. Анхнаасаа нэхэмжлэгч нар өөрийн эзэмшил өмчлөлд байсан эд хөрөнгөө өөрийн хөрөнгө гэдгийг нотолж чадаагүй учир шаардах эрхгүй этгээд байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Г.Г, Н.Аз, Л.Ц нарыг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол, Г.Г, Н.Азж, Л.Ц нарыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, Г.Г, Л.Ц нарын эд зүйлийн үнэлгээний баримт, М.Ганхуяг, Б.Бат-эрдэнийн эд зүйлийн жагсаалт, М.Ганхуяг, Б.Бат-Эрдэнийн түймэрт өртсөн хохиролтой танилцсан тэмдэглэл, фото зураг, М.Ганхуяг, Н.Цэ нарын мал тооллогын дансны бүртгэл, Н.Цэгийн эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 98, 99 дугаартай тодорхойлолт, Б.Бат-Эрдэнийн нас барсны гэрчилгээний хуулбар, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Чойбалсан сумын энгэр шанд баг хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга, 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем, Дорнод аймгийн Цагдаагийн газрын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, Галын шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, Галын шинжээчийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт дүгнэлт, 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн давтан шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, ой хээрийн түймрийн хохирлын акт, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/53 дугаартай захирамж, Чулуунхороот сумын нутаг дэвсгэр дээр гарсан түймэрт өртсөн малчид, иргэдийн хохирол тогтоосон тэмдэглэл, Чулуунхороот сумын 2012 оны 4 сарын 22-23-нд гарсан түймэрт шатсан айл өрхийн гэр, хашаа саравч, пингийн жагсаалт, түймэрт өртсөн иргэдийн хохирлын мөнгөн дүнгийн нэгтгэл, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/54 дугаартай малын сэг зэм устгах тухай захирамж, түймэрт шатсан малын сэг, зэмийг устгасан тухай илтгэх хуудас, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаартай үнэлгээний комисс томилох тухай захирамж, Р. Б.Цэг, Д.Оэн, Г. г, Л.Б нарыг гэрчээр, Ц.М хохирогчоор асуусан тэмдэглэл, яллагдагчаар Л.Эн, Ш.Эн нарыг яллагдагчаар татах тогтоол, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А-16 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 87/52 дугаартай зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг, Галын аюултай ажил явуулахад олгох зөвшөөрлийн хуудас, МОын даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-64 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоол, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 87/65 дугаартай хээрийн түймрийн тухай албан бичиг, МОыг иргэний хариуцагчаар татах тогтоол, МОаас эрүүгийн хэрэгт олгосон итгэмжлэл, Дорнод аймгийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаартай эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5/35 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5/107 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан баримтгүй.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон, гэрчээр Ц.Чулуунчимэг, Х.Батбаяр нараас мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч МОын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Г, Л.Ц, Н.Цэ нарын эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгч Г.Г, Л.Ц, Н.Цэ нар өөрсдийн эзэмшил өмчлөлд байсан эд хөрөнгөө шатсан гэдгийг нотлоогүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 дугаар км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос МОын Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсаны улмаас Дорнод аймгийн Чулуунхороот сумыг хамарсан гал түймэр үүсвэрлэн гарсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорнод аймгийн цагдаагийн газраас 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 201211000253 дугаар эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад томилогдсон шинжээч, онцгой байдлын а/д Х.Эн гаргасан 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ...Баянтүмэн тасгийн хэсгийн дарга Ш.Энх ахлуулсан хамгаалах цурав тавих хэсгийн түймрээс хамгаалах цурав тавьсан газраас... анх түймэр гарсан байна гэсэн галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэлтэй, ...тухайн өдөр салхины хурд 12-14 м/с хүрч байсан... салхины хурд ихтэй, хээрийн түймэр гарах эрсдэлтэй үед цурав тавих ажлыг зохион явуулсан, улсын хяналтын байцаагчийн зөвшөөрөлд дурдсан Салхины хүч тогтмол үед цуравдах, салхи 5 м/с-ээс их үед цурав тавихгүй байх зааврыг зөрчсөн гэж үзсэн онцгой байдлын д/х Г.На, а/х Ш.Га, а/х Ө.Ба нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт /хэргийн 65 тал/
Онцгой байдлын х/ч Д.Ба бичсэн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ...УБТЗ-ын Баянтүмэн тасгийн ажилчид төмөр замыг түймрээс хамгаалах зорилгоор цурав тавьж байгаад цуравнаас оч хийсэж гал түймэр үүсвэрлэн гарсан... гэсэн танилцуулга /хэргийн 55 тал/
Хэрлэн-Хавирга зөрлөгийн хоорондын замд түймрээс хамгаалах зурвас газрын өвс, шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж, ажил удирдах ажилтныг томилоогүй, ажилтнуудад зааварчилгаа өгөөгүй, техникийн болон багаж хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангалгүйгээр ажиллуулж, гал алдаж, хариуцлагагүй ажилласан Баянтүмэн тасгийн нэр бүхий ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б-II-64 тоот тушаал /хэргийн 93 тал / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4.2. Дээрх хээрийн түймэрт нэхэмжлэгч Л.Цын 536,000 төгрөгийн үнэ бүхий хашаа саравч, 100,000 төгрөгийн үнэ бүхий түлээ, 50,000 төгрөгийн үнэ бүхий соёолон ямаа 1 ширхэг, 55,000 төгрөгийн үнэ бүхий хязаалан ямаа 1 ширхэг, 60,000 төгрөгийн үнэ бүхий соёолон хонь 1 ширхэг, нийт 873,000 төгрөгийн эд хөрөнгө,
нэхэмжлэгч Н.Цэгийн 2,054,000 төгрөгийн үнэ бүхий малын саравч, 1,047,000 төгрөгийн үнэ бүхий өвсний саравч, малын хашаа, 1,120,000 төгрөгийн үнэ бүхий 16 эм хонь, 320,000 төгрөгийн үнэ бүхий 16 ширхэг хурга, 160,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг төлөг хонь, 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг эм ямаа, 495,000 төгрөгийн үнэ бүхий 33 ширхэг ишиг, нийт 6,696,000 төгрөгийн эд хөрөнгө тус тус өртөж, гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн засаг дарга Б.Ар 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Ба Овогтой Бат-Э 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор хонь 40, ямаа 75 тоолуулсан болно”, “Нэхийт овогтой Цэцэг 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор хонь 96, ямаа 124 тоолуулсан болно” гэсэн тодорхойлолт, /хэргийн 30 тал, 47 тал /
Дорнод аймгийн Архивын тасгийн Н.Цэ, Б.Ба нарын мал тооллогын А дансны 2011 онд 96 хонь, 124 ямаатай гэсэн лавлагаа, /хэргийн 33 тал/
Хохирогч Л.Цын “...хохирогч Бат-Эрдэнийн төлөөлөн хохирогчоор байцаалт өгнө. 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шороон шуурга шуураад манай гэрийн урдаас баруун урд талаас түймрийн гал улалзаад орж ирсэн. Түймрийн галд манай малын хашаа, хөрзөн, аргал, 1 хонь, 2 ямаа шатсан” гэх мэдүүлэг, /хэргийн 39 тал/,
Хохирогч Н.Азжаргалын “... манай ээж Цэ хөдөө мал дээрээр ирэх боломжгүй байгаа тул миний бие хохирогчоор оролцож байна. 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 11-12 цагийн үед Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут баг Баян хааны энгэр гэх газарт нутаглаж байхад баруун талаасаа Дашбалбар сумын чигтэйгээс битүү хар утаа гарч салхи гал нь мэдэгдэхгүй зүйл ирсэн. Тэгээд манай мал, малын саравч, өвсний болон малын хашаа зэргийг шатаасан” гэх мэдүүлэг, /хэргийн 24-25 тал/,
Чулуунхороот сумын Засаг даргын тамгын газрын 2012 оны А/53 тоот ой хээрийн түймрийн хохирлын акт, түүний хавсралт судалгаанд Н.Цэ, Б.Бат-Эрдэнэ нарт учирсан эд хөрөнгийн хохирол багтсан, улмаар эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад малын хашаа, саравч, хонь, хурга, ямаа, ишигний үнэлгээг тогтоосон, хохирогч нарт хууль сануулж түүнд учирсан хохирлын талаар мэдүүлэг авч байсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Хариуцагч талаас нэхэмжлэгч Л.Цын эд хөрөнгөд гэм хорын хохирол учраагүй гэж маргасан боловч түүний нөхөр Б.Бат-Эрдэнэ 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь гэрчилгээгээр /хэргийн 51 тал/ тогтоогдож байх ба дээр дурдсан баримтаар Б.Бат-Эрдэнийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан байх тул нэхэмжлэгч Л.Ц нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол шаардах эрхтэй. Мөн нэхэмжлэгч Н.Цэ нь хөдөө мал дээр байгаа шалтгаанаар түүний өмнөөс охин Н.Азжаргал эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон явдалд Н.Цэг буруутгах үндэслэл, Н.Цэгийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон гэж үзлээ.
6. Хохирлын хэмжээний хувьд, шүүхээс томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Н.Цэгийн галд шатсан гэх эд хөрөнгийн үнэлгээг 6,696,000 төгрөгөөр, Л.Цын галд шатсан гэх эд хөрөнгийн үнэлгээг 873,000 төгрөгөөр тус тус тогтоосон ба хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг няцаах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хэргийн 134/
7. Дээр дурдсан нотлох баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ажилчдын болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн гал түймэр гарч, Н.Цэгийн 6,696,000 төгрөгийн эд хөрөнгө, Л.Цын 873,000 эд хөрөнгөд хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
8. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон эд хөрөнгийн үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоож, нэхэмжлэгч Н.Цэгийн нэхэмжлэлээс үлдэх 4,812,000 төгрөгт, Л.Цын нэхэмжлэлээс үлдэх 2,670,000 төгрөгт холбогдох хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгч Н.Гангын гаргасан нэхэмжлэлийн хувьд, тэрээр эцэг М.Ганхуягийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулахаар шаардсан байх бөгөөд түүнд М.Ганхуягийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
10. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр нэхэмжлэгч, хариуцагчид хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 873,000 /найман зуун далан гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цад, 6,696,000 /зургаан сая зургаан зуун ерэн зургаан мянга/ төгрөг гаргуулж Н.Цэд тус тус олгож, Н.Ц нэхэмжлэлээс 4,812,000 төгрөгт холбогдох хэсгийг, Л.Цын нэхэмжлэлээс 2,670,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох 9,195,000 төгрөг гаргуулах Н.Гангын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Цын төлсөн 71,638 төгрөг, Н.Цэгийн төлсөн 160,726 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 25,502 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цад, 122,086 төгрөг гаргуулж Н.Цэд тус тус олгож, нэхэмжлэгч Н.Гангын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,070 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Гд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Р.АЛТАНТУЯА
З.ДОРЖНАМЖИН