Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/801

 

С.Мд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлоор С.Мд холбогдох 2105 00742 0672 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 19.......... оны ................. дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эхнэр, хүүхэд, нагац ах нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 501 дүгээр байрны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:М......................./;

С.М нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Петровис шатахуун түгээгүүрийн дэргэдэх автомашины зогсоол дээр 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ж.Энхбаярыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж, толгойгоороо нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газар: С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .....................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Маас 296.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Энхбаярт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.800.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Ж.Энхбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Энхбаяр давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “Ж.Энхбаяр намайг унтаж байхад бээлий шидсэн, намайг 2 удаа цохисон, би гараас нь барьтал миний баруун гарыг хөшөөд байхаар нь би толгойгоороо мөргөсөн” гэж худал мэдүүлсэн. Би болсон явдлыг үнэн зөв мэдүүлсэн. Би машин угааж байгаад С.Мыг машины суудлаа дээш нь босгож байгаач гэж хэлтэл С.М нь “Ямар ядаргаатай пизда вэ” гэж хэлээд босож ирээд шууд цамцнаас татаад толгой руу мөргөсөн. Миний хамраас цус гарч, гэмтсэн. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа надад 296.500 төгрөг гаргуулж, 1.800.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй. Учир нь, С.М намайг зодож танхайрч, миний биед гэмтэл учруулсан тул би эмнэлэгт эмчлүүлэхээр үзүүлсэн. Би “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлэхэд хамрын мэс заслын эмчилгээ хийлгэхэд 1.800.000 төгрөгийн зардал гарна гэж баримт бичиж өгсөн бөгөөд би тус баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл шүүх нотлох баримт бүрдээгүй гэж үзсэнд гомдолтой байна. ...Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа миний гар утас руу залгаж 296.500 төгрөгийг чинь төлье гэхээр нь би “Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа болохоор мөнгө авахгүй” гэсэн. С.Мын өмгөөлөгч нь над руу ярьж, “Хохирлын мөнгөө аваач” гэх зэргээр надтай зүй бус харьцсан. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр С.М нь миний хувийн нууцад хамаарах дансны дугаарыг миний зөвшөөрөлгүйгээр олж авч, 296.500 төгрөг хийсэн байна. Энэ байдал нь С.Мыг ямар зан төлөвтэй хүн гэдгийг харуулж байна. Миний дансыг зөвшөөрөлгүйгээр ямар байдлаар, хаанаас олж авч байгааг шалгуулах хүсэлтэй байна. Эрүүл мэндээрээ хохирсон, одоо биеэ эмчлүүлэх зардал, мөнгө байхгүй нөхцөл байдлыг анхааран үзэж, эмчилгээ хийлгэх зардал 1.800.000 төгрөгийг шүүгдэгч С.Маас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М нь хохирогч Ж.Энхбаяр биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хохирогч Ж.Энхбаярын мэдүүлэг, эмнэлгийн компьютер томографикийн шинжилгээ, гэрэл зураг, яллагдагч С.Мын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Хохирогч Ж.Энхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Маас эмчилгээний зардалд 296.500 төгрөгийн хохирол нэхэмжилж баримтаа гаргаж өгсөн. Үүнээс 296.500 төгрөгийг хохирогч эмчилгээндээ зарцуулсан баримт байсан. Харин 1.800.000 төгрөгийг “ЭМЖЖ” эмнэлэгт хамрын хагалгаанд ороход шаардагдана гэж нэхэмжлэл гаргаж баримт өгсөн. Ирээдүйд гарах эмчилгээний зардалтай холбоотой асуудлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсэн. Шүүгдэгч С.Мд оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэл нь гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна. 1.800.000 төгрөг нь ирээдүйд гарах эмчилгээний зардал байна. Албан ёсоор гарчихсан зардал биш байгаа. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

С.М нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээгүүрийн дэргэдэх автомашины зогсоол дээр иргэн Ж.Энхбаярыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж, толгойгоороо нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ж.Энхбаярын: “...Би машинаа цэвэрлэж байгаад арын суудлын хэсгийг цэвэрлэх гээд Мөнхжаргалыг “Дээшээ босож байгаач” гэж хэлсэн чинь Мөнхжаргал “Ямар ядаргаатай пизда вэ” гэж хэлж, босож ирээд намайг цамцнаас татаж ирээд толгойгоороо миний нүүрийг мөргөсөн. Миний хамраас цус гарч, хамар хавдсан. ...” /хх 19-20/,

шүүгдэгч С.Мын хэргээ хүлээж мэдүүлсэн: “...Намайг унтаж байхад байн байн дуудаад байсан. Би уурлаад “Та шөнөжин унтчихаад хүн жаахан унтах гэхээр яагаад сэрээгээд байгаа юм бэ” гээд маргалдаж эхэлсэн. ...Энхбаяр ахыг мөргөсний дараа хамраас нь цус гарсан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” /хх 62/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ж.Энхбаярын эрүүл мэндэд хамрын таславчийн хугарал, мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 298 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх 46-48/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.М нь хохирогч Ж.Энхбаярын нүүрэн тус газар мөргөсөн үйлдэл, энэхүү үйлдлийн улмаас Ж.Энхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-т тус тус зааснаар С.Мын үйлдсэн гэмт хэрэг нь тус хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас өршөөн хэлтрүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн,  ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хохирогч Ж.Энхбаярын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.096.500 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 1.800.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 296.500 төгрөгийг шүүгдэгч С.Маас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд эрүүгийн шүүн таслах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, сэргээлгэх үүрэг хүлээлгэдэг.

“ЭМЖЖ” чих, хамар, хоолойн эмнэлгээс хамрын хагалгаа, шинжилгээ хийх төлбөр нь 1.830.600 төгрөг гэсэн нэхэмжлэх баримт нь хохирогч хамрын хагалгаа, шинжилгээ хийлгэсний үр дүнд одоогоор бодитой гарсан зардал биш, харин ирээдүйд хийлгэх боломжтой эмчилгээний үнийн санал байна.

Хохиролыг арилгах арга нь гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд нь сэргээх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохиролыг нөхөн төлөх зэрэг аргаар арилгана. Гэхдээ хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг нөхөн төлөхөөр байна.

Хохирогч нь тус хагалгаа, шинжилгээг хийлгэх шаардлагатай талаарх эмч, эмнэлгийн байгууллага, шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 296.500 төгрөгийг хохирогч Ж.Энхбаярт төлж барагдуулсан болохыг дурдав.

Иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй буюу “ЭМЖЖ” чих, хамар, хоолойн эмнэлгээс хамрын хагалгаа, шинжилгээ хийх төлбөрт 1.830.600 төгрөг нэхэмжилснийг “гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй” болохыг анхан шатны шүүх зааж өгсөн нь зөв байна.

Иймд, дээрх үндэслэлээр хохирогч Ж.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ