Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0409

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төмрөөгийн Баасанцэцэг,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Сарантуяа, Ч.Баярмаа,

Гуравдагч этгээд: Бөндөгийн Сарантуяа,

Маргааны төрөл: Т.Баасанцэцэгийг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Баасанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан “Т.Баасанцэцэгийг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.  Т.Баасанцэцэг нь Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуульд Бага ангийн багшаар 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс, Ховд аймгийн арван жилийн 2 дугаар сургуульд Бага ангийн багшаар 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад Түүх, нийгмийн багшаар 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар тушаалаар чөлөөлөгдөж шилжсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуульд Түүх, газар зүйн багшаар 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар тушаалаар ажиллаж байгаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/067 дугаар тушаалаар Т.Баасанцэцэгийг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон байна.

Улмаар Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалаар ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Туршлага” хэсэгт ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил ажилласан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх шаардлагыг тавьжээ.

Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд томилогдох албан хаагчийг сонгон шалгаруулах комиссыг байгуулж, улмаар сонгон шалгаруулалтыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулжээ.

Улмаар тус сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоонд 4 иргэн бүртгүүлснээс Т.Баасанцэцэгийг ажилласан жилийн туршлагын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзжээ.

3. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/1756 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн байна.

Харин Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар албан бичгээр албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Туршлага” хэсгийн ажилласан жилийг бууруулж өөрчлөлт оруулах, салбар зөвлөлөөс зохион байгуулахаар нийтэд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтыг цуцлах эрх зүйн зохицуулалтгүй гэх хариуг өгсөн байна.

Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдад Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын үр дүнг түдгэлзүүлж, Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны тодорхойлолт”-ыг Төрийн албаны тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлттэй уялдуулж өөрчлөлт оруулах тухай өргөдөл гаргахад сайдын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1а/5448 дугаар албан бичгээр албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад зохих өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа тухай хариуг хүргүүлжээ.

Улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/475 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын “Туршлага” хэсгийн “Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил багшилсан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх” гэснийг “Ерөнхий боловсролын сургуульд 6-аас доошгүй жил үндсэн орон тоонд багшилсан, 4-өөс доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын төрийн захиргааны байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх” гэж өөрчлөлт оруулжээ.

4.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“Т.Баасанцэцэг би 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийг Түүх-нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. 1998-2018 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын 10 жилийн сургууль, Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургууль, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуульд тус тус Бага ангийн багш, Түүх, нийгэм, газар зүйн багшаар ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын Б/067 дугаар тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Миний бие ерөнхий боловсролын сургуульд 21 жил ажилласан бөгөөд үүнээс багшаар 17 жил, удирдах албан тушаалд 4 жил ажилласан.

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан.

Нэхэмжлэгч Т.Баасанцэцэг тус сонгон шалгаруулалтад 2022 оны 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд бүртгүүлсэн. Гэтэл Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын системд миний бүртгэл баталгаажаагүй, 2022 оны 08 дугаар сарын 24-ний едрийн орой 19 цагийн үед "анкет цуцлагдсан" гэх төлөвтэй болсон байсан.

Удалгүй шалгалтын комиссын гишүүн утсаар залгаж, албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй тухай танилцуулсан. Ингэхдээ "Терийн албаны салбар зевлелөөс бичгээр шийдвэр гаргаж өгөхгүй, утсаар мэдэгдээд л болоо, системээс анкет цуцлагдсан болохоо хараарай, таныг сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзлаа" гэх агуулгатай тайлбар хэлсэн.

Т.Баасанцэцэг би төрийн албанд, боловсролын байгууллагад 21-29 жил ажилласан еренхий боловсролын сургуулийн бүх түвшний ажлыг гүйцэтгэж, одоогоор ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн захирлын үүргийг амжилттай хэрэгжүүлж байхад "тусгай шаардлагыг хангахгүй" гэж дүгнэгдэж, сонгон шалгаруулалтад орж чадаагүйдээ харамсаж байна. 

Иймд хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг хууль зөрчсен, бидний эрхийг үндэслэлгүй хязгаарласан гэж үзээд Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би тусгай шаардлагыг хангаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-нийн өдрөөс эхлэн хэрэгжсэн Төрийн албаны тухай хуулийн сүүдэр нь төрийн үйлчилгээний ажилчдад их туссан гэдгийг зарим байгууллагууд ойлгож албан тушаалын тодорхойлолтоо өөрчлөн сонгон шалгаруулалтыг явуулж байна гэдгийг иргэн хүний хувиар олж харсан юм. Анкет цуцлагдсан гэх мэдээллийг 18 цагийн үед надад утсаар хэлж мэдэгдсэн. Ингээд би Төрийн албаны зөвлөл, Боловсрол шинжлэх ухааны яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж өргөдөл гаргасан. Тэмдэглэлд 141, 20, 14 дүгээр сургууль мөн орон нутгийн 2, 3 сургуулийн хүрээнд сонгон шалгаруулалт зарлагдсан мэт дурдсан байна. Баянгол дүүрэгт 20, 141, 93, тусгай 70 дугаар сургууль гээд нийт 4 сургууль дээр сонгон шалгаруулалт зарлагдсан. Яагаад 2 сургуулийг дурдаад үлдсэн хоёрыг дурдаагүй вэ гэдгийг ойлгохгүй байна. 2 сургууль дээр өрсөлдсөн захирлууд шаардлага хангахгүй байсан учраас анкет цуцлагдсан гэсэн төлөвт шилжчихсэн юм. 20  болон 141 дүгээр сургуулийн тухайд шаардлага хангасан 1, 1 хүн өрсөлдсөн. Бидний өргөдлийг шийдвэрлэхгүй байсаар сонгон шалгаруулалт явагдчихсан.

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд н.Энх-Амгаланд хандсан. Уг өргөдөлд би шүүх хуралдаан дээр яригдаагүй амжилтуудаа дурдаж шударгаар өрсөлдөөд боломжийг олгож сонгон шалгаруулалтад бүртгэж өгнө үү гэсэн утгаар энэ хандсан. Улмаар 2022 оны 11  дүгээр сарын 16-ны өдөр Боловсрол шинжлэх ухааны сайдын А/475 гэдэг тушаал гарсан бөгөөд 2019 онд батлагдсан албан тушаалын тодорхойлолтын тусгай гэсэн шаардлагыг өөрчилсөн юм.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр хуульд заасан журмын дагуу гарсан эсэх нь эргэлзээтэй байна. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл гэдэг баримт ирсэн. Энэ тэмдэглэлийг нөхөж хийсэн гэж үзэх хангалттай үндэслэл байна. Зөвхөн 141 болон 20 дугаар сургуулийн асуудлыг тэмдэглэлд тусгагдсан байна. Сонгон шалгаруулалтад оролцсон зарим сургуулиудын мэдээлэл огт дурдагдаагүй. Сонгон шалгаруулалтад зарлагдсан бүх албан тушаалуудын орон тоог хурлаар хэлэлцэх ёстой байх гэж бодож байна. Шийдвэрлэсэн хэсэг 4 агуулгатай гарсан. Шийдвэрлэсэн хэсэгт бичигдсэн нь хурлын шийдвэр болно гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Ц.Баасанцэцэгийг тусгай шаардлага хангаагүй учраас татгалзъя гэсэн шийдвэр байхгүй байна. Санал нэгтэйгээр дэмжив гэдэг агуулга нь яг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. 2019 оны төрийн албаны зөвлөлийн баталсан төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам гэж байдаг.

 Энэ журмын 3.4-т комиссын хуралдааны шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байна, тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлнө гэж заасан. Тэгэхээр энэ зохих журам гэдэг агуулгыг ямар байдлаар тодорхойлсон юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан байхад н.Одончимэг гэдэг хүн гарын үсэг зурсан ба өөрийгөө нарийн бичиг гэж тодорхойлсон. Гэтэл н.Одончимэгийн Ц.Баярбаатарт хэлсэн тайлбарт хурлын нарийн бичиг н.Сарантуяа байсан гэдэг агуулга илэрхийлдэг. Бүрэлдэхүүнээр гарын үсэг зуруулснаар тэмдэглэл баталгаажих ёстой. Ингэснээр үр дагавар бүхий захиргааны шийдвэр болох ёстой. Ийм ноцтой процессын алдааг хариуцагч байгууллага гаргажээ. Тиймээс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  тэмдэглэл гараагүй, нөхөж үйлдсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс бол үзэж байна.

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ц.Баярбаатарын хурлын үеэр хариуцагчийн төлөөлөгч хэлэхдээ энэ тэмдэглэлд бүх гишүүд гарын үсэг зурах ёстой. н.Энх-Амгалан дарга Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга болсон гэсэн. Тэгэхээр н.Энх-Амгалан гарын үсэг зурах ёстой. Энэ хүнээр гарын үсэг нөхөн зуруулж тэмдэглэлийг нөхөн үйлдэнэ гэж байхгүй гэдэг. Ийм агуулгатай тайлбар хэлснээс нь үзвэл журмын 4.3.4-д зааснаар комиссын бүрэлдэхүүн заавал тэмдэглэлд гарын үсгээ зурж баталгаажуулах ёстой юм байна гэж үзэж байгаа юм.  Ц.Баасанцэцэгийн тухайд 141 дүгээр лаборатори сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ажилтны хувьд хөдөлмөрлөх эрхийн асуудал яригдаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох боломжтой эрхийнхээ хувьд төрийн албаны үйлчилгээний удирдах албан тушаалын захирагчийг сонгон шалгаруулах журамд процессын дагуу эдлэх эрх үүргийг төрийн албаны салбар зөвлөлөөр хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4.1.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэж заасан байдаг.

Хууль дээдэх, хууль үндэслэх зарчим бол төрийн эрх бүхий байгууллагаас гарсан заавал дагаж мөрдөх хэм хэмжээний хүрээнд мөн адил хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл 2019 оны төрийн албаны салбар зөвлөлийн журмаараа энэ асуудал шийдвэрлэгдээгүй байна  гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан байдаг. Тиймээс нэхэмжлэгч Т.Баасанцэцэг 141 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд бүрэн тэнцэнэ. Төрийн албаны тухай хуульд заасан мерит буюу энэ чадавхын зарчимд нийцэж сонгон шалгаруулалтад орох ёстой гэж үзэж байна. Энэ маргааны хугацаанд 2 шийдвэр гарсан. Нэгдүгээрт 2022 оны 11 дүгээр сард ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг 4 жил ажилласан байх гэж бууруулсан. Ингэснээр нэхэмжлэгч шаардлага хангах болсон. Хоёрдугаарт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр лаборатори сургуулийн захирлыг дэс түшмэлтэй жиших, дүйцүүлэх тухай Төрийн албаны зөвлөлийн  тогтоол гарсан.

Дэс түшмэлд ажилласан жишиг тавигддаггүй. Гэтэл лаборатори сургуулийн захиралд 5, 10, 15 жилийн ийм шаардлагыг тавьж энэхүү албан тушаалд томилж байна. Төрийн жинхэнэ албан хаагчтай харьцуулж дэс түшмэлтэй дүйцүүлж болно гэсэн шийдвэр Төрийн албаны зөвлөлөөс гарсан. Ахлах түшмэлээс эхлэн дээд ангиллынх нь албан тушаалтнуудад ажилласан жил шаардах хуулийн зохицуулалт Төрийн албаны тухай хуульд байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална”, мэргэшсэн, тогтвортой байх, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах төрийн албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэсэн эдгээр зарчмуудад үндэслэж маргааныг шийдвэрлэх ёстой гэж  үзэж байна.

Төрийн албан хаагчийн хувьд Т.Баасанцэцэг нь хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаагаар хангагдах ёстой гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Захиргааны үйл ажиллагаа, захиргааны шийдвэр, хууль, журамд заасны дагуу шийдвэр гаргах үйл ажиллагаа хэрэгжих, албажих, хэлбэржих ёстой гэж үзэж байна. Хууль бус, журамд нийцээгүй хуралдааны тэмдэглэлийг сүүлд нь нөхөж хийгээд Т.Баасанцэцэгийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлаж болохгүй юм. Сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй эсэхийг шийдвэрлэхдээ журамд заасныхаа дагуу шийдвэрлэсний дараа шаардлагад тавигдах ажилласан жилд хүрсэн эсэхийг шалгах ёстой. 2019 онд Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан журам хүчингүй болсон. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шинэчлэгдсэн. Энэ 2 журам нь тусдаа. Нэг сонгон шалгаруулалтыг 2 өөр хэм хэмжээгээр зохицуулж болохгүй гэдгийг хэлмээр байна. Гуравдагч этгээд томилогдоход аль журмыг баримтлах вэ? гэдэг асуудал ч гэсэн хөндөгдөнө. Тэгэхээр 1 процессыг 2 журмаар зохицуулаад байна. Т.Баасанцэцэгийн хувьд Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн баталгаа хангагдаагүй байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

7. Хариуцагчаас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам"-д шат шатны томилох эрх бүхий этгээд нь энэ журмын дагуу тухай албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан баталгаажуулахаар заасан байдаг тул салбар зөвлөл нь албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэлгүй юм.

Tодорxoй албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт зохион байгуулуулах хүсэлтийг, албан тушаалын тодорхойлолтын хамт томилох эрх бүхий этгээд салбар зөвлөлд ирүүлдэг журамтай. Салбар зөвлөл нь энэ удаагийн сонгон шалгаруулалтыг томилох эрх бүхий этгээд буюу Боловсрол, шинжлэх ухааны сайдаас ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу зохион байгуулсан. Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөл 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам"-ын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг томилон ажиллуулсан. Комисс цахимаар бүртгүүлсэн иргэдийн баримт бичгийг нягтлах, тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын "Туршлага" хэсгийг хангасан иргэнийг сонгон шалгаруулалтад хамруулдаг. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 13 байгууллагын төсвийн шууд захирагчийн сул ажлын байранд 29 иргэн бүртгүүлэхээр баримт бичиг хүсэлтээ цахим бүртгэлийн системд илгээсэн, 3 иргэн баримт бичгээ  дутуу оруулсан бөгөөд илгээгээгүй байна. Т.Баасанцэцэг нь одоо түр томилгоотой ажиллаж байгаа ажлын байрны сонгон шалгаруулалтад орохоор цахимаар бүртгүүлсэн боловч дээрх шаардлагыг хангаагүй.

Сонгон шалгаруулах комисс баримт бичгээ цахим бүртгэлийн системд илгээсэн иргэдийн баримт бичигтэй танилцан, албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангасан 6 байгууллагын төсвийн шууд захирагчийн сул ажлын байранд 10 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулсан. Баримт бичиг дутуу болон албан тушаалын тодорхойлолтын тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй иргэдэд шалгаруулалтад орох боломжгүй болсон талаар тухайн үед комисс мэдэгдсэн байна.

Төрийн байгууллага нь сул орон тоонд сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн цахим систем, шалгалтын санг ашиглан хөндлөнгийн нөлөөлөлгүй зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулсны дараа журмын дагуу иргэдтэй комисс ярилцлага зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтад хамрагдсан иргэдтэй ярилцлага хийхдээ сонгон шалгаруулалтын талаарх санал, сэтгэгдлийг сонсдог. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад хамрагдсан иргэд сонгон шалгаруулалт хөндлөнгийн нөлөөлөлгүй, шударга зохион байгуулагдаж байна гэж дүгнэсэн байна.

Т.Баасанцэцэг нь 4 жил удирдах албан тушаалд ажилласан байх бөгөөд дээрх шаардлагын “5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх” гэснийг хангахгүй байгаа юм.” гэжээ.

8. Гуравдагч этгээд татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Би 1993 онд Архангай аймаг дахь Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөн 1993 оноос 2002 онуудад Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд мэргэжлээрээ ажиллан, 2000 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг математикийн багш мэргэжлээр суралцан төгсөж, 2002 оноос 2009 оны хооронд Баянгол дүүргийн "Эрдмийн өргөө" цогцолбор сургуульд математикийн багшаар ажиллаж байгаад тус сургуульдаа 2009 оноос одоог хүртэл сургалтын менежерээр ажиллаж байгаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/282 дугаар тушаалд заасан Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын боловсрол, мэдлэг, мэргэжил, туршлагыг бүрэн хангасан гэж ажлын хэсэг нягтлан сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг баталгаажуулсныг утсаар мэдэгдсэн.

2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөл болох Боловсрол, шинжлэх ухааны яам дээр шалгалт өгч 75,5 оноо авч төсвийн шууд захирагчаар томилогдох шалгуурыг хангасан гэж үзэж байна.

Миний бие боловсролын салбарт 29 дэх жилдээ тасралтгүй ажилласан ба багш, сургалтын менежерийн албан үүргийг гүйцэтгэж шатлан дэвших мерит зарчмыг хангасан гэж үзэж байгаа бөгөөд мөн хуулийн дагуу сонгон шалгаруулалтад шударга, үнэн, зөв өрсөлдсөн тул дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Албан тушаалын тусгай шаардлага хангаагүй мөн сонгон шалгаруулалтад оролгүй шууд томилогдон түр орлон гүйцэтгэгчээр ажилласнаа туршлага гэж бусдын өрсөлдөх, шатлан дэвших эрхийг үгүйсгэж байгааг буруу гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэл гаргагч анх удаа тус сонгон шалгаруулалтын бүртгэлээс хасагдсан бус 2021 оны 12 дугаар сард зарлагдсан сонгон шалгаруулалтад Т.Баасанцэцэгийн бүртгэл мөн цуцлагдсан байсан. Би энэ сонгон шалгаруулалтад өөр сургууль дээр оролцож байсан тул төрийн албаны зөвлөлийн сайтад нээлттэй тавигдсан мэдээллийг харсан билээ. 2021 оны 12 дугаар сард зарлагдсан сонгон шалгаруулалтад тус захирлуудтай өрсөлдөгч бүртгүүлээгүй тул ажлын байраа хадгалан үлдсэн. Албан тушаалын тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол энэ тухайн үедээ гомдол гаргаж шалгуулах эрх нь байсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4.“Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж зааснаар түүнийг эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

2. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.“Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын саналыг харгалзан төрийн албаны төв байгууллага батална. Албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ журмыг баримтална.”, 66 дугаар зүйлийн 66.1.“Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 66.1.11.“төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах;”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 3.4.“Комиссын хуралдааны шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байна. Тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна.”, 5.3.“Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн оролцогчийг бүртгэх эсэх шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.” гэж заажээ.

Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс байгууллагын төсвийн шууд захирагчийн сул ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, тус зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор 6 ерөнхий боловсролын лаборатори сургуулийн болон Шинжлэх ухааны паркийн захиргааны захирлын албан тушаалд томилогдох албан хаагчийг сонгон шалгаруулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Тус комисс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дээрх албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор цахимаар материалаа ирүүлсэн иргэдийн баримт бичгийн бүрдэл, албан тушаалын тодорхойлолтод заасан туршлагын шаардлага хангасан эсэхийг шалгах, сонгон шалгаруулалтад оролцуулах эсэхийг шийдвэрлэх хурлыг хийж, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн 4 иргэнээс Б.Сарантуяаг оролцуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх журам болон комиссын хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд комиссын хуралдааны шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байх ба тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулахаар байхад зөвхөн комиссын нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан, Т.Баасанцэцэгийг сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх эсэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тэмдэглэлийн “ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:” хэсэгт тусгагдаагүй нь журамд нийцээгүй байна.

3. Гэвч тус комисс нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн үндэслэлээс үзвэл нэхэмжлэгчийг Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын “Туршлага” хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцуулахаас хассан нь үндэслэлтэй.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.”"албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг.”, 23 дугаар зүйлийн 23.6.”Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална.” гэж заасан ба Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-д “.... 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/067 дугаар тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ба боловсролын байгууллагын удирдах албан тушаалд 4 жил ажилласан нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна. 

4. Шүүхийн энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/475 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын “Туршлага” хэсгийн “Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил багшилсан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх” гэснийг “Ерөнхий боловсролын сургуульд 6-аас доошгүй жил үндсэн орон тоонд багшилсан, 4-өөс доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын төрийн захиргааны байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх” гэж өөрчлөлт оруулжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч дээрх өөрчлөлтөөр ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын шаардлагыг хангаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4.“Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй.” гэж зааснаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/475 дугаар тушаал батлагдахаас өмнө зарлагдсан сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах боломжгүй гэж үзлээ. 

5. Иймд захиргааны хэргийн шүүх захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгон шийдвэрлэдэг ба хариуцагчийн шийдвэр журамд заасан шаардлага хангаагүй боловч тус үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасныг тус тус баримтлан иргэн Т.Баасанцэцэгээс Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд  холбогдуулан гаргасан “Т.Баасанцэцэгийг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.


 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН