Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваасүрэнгийн Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 1719000000012 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, химийн зааварлагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, 1-58 дугаар байрны 54 тоотод оршин суух, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Даваасүрэнгийн Лхагвасүрэн /ФБ82102719/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг буюу Зүүнбаян багт иргэн Ж.Чулуунбаттай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Чулуунбат бид хоёр байрны түрээсийн мөнгөний асуудлаас болж муудаад би баруун нүдэнд нь өшиглөсөн, сүүлд нь би мэдэлгүй нэг цохисон. Бид хоёр гомдолгүй гээд хоорондоо гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ … Чулуунбат бид хоёр 1 шил архи хувааж уусан. Архиа ууж байгаад маргалдаж би нэг удаа нүүр рүү нь өшиглөчихсөн, би гараараа нүүр лүү нь нэг удаа цохиж авсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-14/,  

Хохирогч Ж.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ”… Лхагвасүрэнгийн хамт айлын байшингийн сүүдэрт 0,75 литрийн архи хувааж уусан. Бид 2 хоёулахнаа архи уусан хажууд хүн байгаагүй. Би архи уусан газраа унтаж байгаад гэртээ орсон чинь хамар, чихнээс цус гарсан байхыг манай ах Чулуунбаатар багийн эмнэлэг рүү мэдэгдсэн байсан. Надад Лхагвасүрэнгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би Лхагвасүрэнтэй сайн дураараа эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх 11-13/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.01-ний өдрийн 257 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-18/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэргийг шинжлэн судлав.

         

          Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг буюу Зүүнбаян багт иргэн Ж.Чулуунбаттай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай, улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Лхагвасүрэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Чулуунбат бид хоёр байрны түрээсийн мөнгөний асуудлаас болж муудаад би баруун нүдэнд нь өшиглөсөн, сүүлд нь би мэдэлгүй нэг цохисон гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн Лхагвасүрэнгийн хамт хоёулахнаа архи уусан … гэртээ орсон чинь хамар, чихнээс цус гарсан байхыг багийн эмнэлэг рүү мэдэгдсэн байсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.01-ний өдрийн 257 дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Д.Лхагвасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Ж.Чулуунбат мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь хохирогч Ж.Чулуунбаттай эвлэрсэн болохоо талууд мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваасүрэнгийн Лхагвасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 450000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД