Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01826

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01826

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 96 дугаар байр, 95 тоотод оршин суух, Онхууд Халзан овогт Даваажавын Б/РД: Ц/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт оршин байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:                                               

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төм

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ар

Гэрч О.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Бнь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэрээр Сайн газар ХХК болон  А.Улсболдоос 321,012,810 төгрөг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж хураагдсан Д.Б өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-86 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай 115,9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлгээг тогтоолгож, 361,703,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн. 

1.3. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байхад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түүнд хуульд заасан эрх үүрэг тайлбарлаж өгсөн нь Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн.   

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэрээр “Сайн газар” ХХК болон А.Улсболдоос 321,012,810 төгрөг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч “Сайн газар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г. нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн болон шуудангаар өгсөн боловч төлбөрийг төлөөгүй.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Д.Б өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-86 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай 115,9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зоорийн давхрын 26 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай гражийн хамт битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч нар болон өмчлөгч Д.Бнараас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргахад 361,703,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэв. 

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ГХ2022/00716 дугаартай гүйцэтгэх хуудас, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаартай шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4-147/22100 дугаартай мэдэгдэл зэрэг баримт, шуудангийн илгээмж хүлээлгэн өгсөн баримт, “Монгол шуудан” ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09/960 дугаартай тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний тайлан, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр О.Бат-Эрдэнийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Шинжээчид хуульд заасан эрх үүрэг тайлбарлаагүй.

 

3. Хариуцагч төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэрээр “Сайн газар” ХХК, А.Улсболдоос 321,012,810 төгрөг гаргуулж “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” УТҮГ-т олгож, үүргийн гүйцэтгэлийг улсын эрхийн бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-86 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай 115,9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, зоорийн давхрын 26 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна.

4.2. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2022 оны 04 дүүгээр сарын 29-ний өдрийн 102/ГХ2022/00716 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Б өмчлөлд бүртгэлтэй, улсын эрхийн бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-86 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай 115,9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, зоорийн давхрын 26 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 06/22250733 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09/22250733 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд талууд үнийг харилцан тохиролцоогүй байна.

 

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/361 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

6. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр О.Бат-Эрдэнийг томилсон, шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 361,703,000 төгрөг болохыг тогтоосон байна.

 

7. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох нь тусгай зөвшөөрлийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Нэхэмжлэгч шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй.

 

9. Шинжээчид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 21.4, 21.5, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн /2009 оны/ 9, 13, 14, 15, 45 дугаартай зүйлд заасан эрх үүрэг тайлбарласан болох нь шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримт /хэргийн 70 тал/-аар тогтоогдож байх тул шинжээчид дүгнэлт гаргахаас өмнө хуульд заасан эрх үүрэг тайлбарлаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. 

 

10. Дээрх үндэслэлээр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах Д.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох төлбөр төлөгч Д.Б өмчлөлд бүртгэлтэй, улсын эрхийн бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-86 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай 115,9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, зоорийн давхрын 26 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.БАТЧИМЭГ