| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0438/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/489 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/489
2025 10 29 2025/ШЦТ/489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Мөнхзул,
-шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Цэвээн-Очирын Мөнх-Очирт холбогдох эрүүгийн 2534000000473 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Төв аймаг дахь Сум дундын Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай магадлалаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан гэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:
Шүүгдэгч Ц.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 5-811 тоотод хохирогч Ц.Сүхбаатарыг галын хайчаар цохиж түүний биед дух, зулай, толгойд шарх, зүүн даланд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Ц.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 5-811 тоотод хохирогч Ц.С-ыг галын хайчаар цохиж түүний биед дух, зулай, толгойд шарх, зүүн даланд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ” гэсэн,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 хуудас/,
-эд зүйл /эд мөрийн баримт/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6 хуудас/,
-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 хуудас/,
-хохирогч Ц.С-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 хуудас/,
-гэрч Н.О-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 хуудас/,
-шүүгдэгч Ц.М-ын сэжигтнээр өгсөн /хавтаст хэргийн 21-22 хуудас/,
-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн 0725/564 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 хуудас/,
-шүүгдэгч Ц.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 хуудас/,
-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 45-56 хуудас/,
- Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай магадлал /хавтаст хэргийн 59-62 хуудас/,
-шүүгдэгч Ц.М-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хавтаст хэргийн 37 хуудас/
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Мөнхзул нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 236 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ц.Мнь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.М холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүгдэгч Ц.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.С-ын эрүүл мэндэд нь дух, зулай, толгойд шарх, зүүн даланд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт зэрэг хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ц.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй.
Шүүгдэгч Ц.М нь 808,900 төгрөгийг хохирогч Ц.С-т гаргаж өгсөн байгаа нь шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн гүйлгээний баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2534000000473 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр галын хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2534000000473 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мзорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-т сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2534000000473 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр галын хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Эрүүгийн 2534000000473 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар хохирогч Ц.С-т төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ