| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/2294/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2596 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Н.Т |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2596
2025 11 17 2025/ШЦТ/2596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ны Б-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, “********” авто угаалгын газарт “Toyota Prius” ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч Б.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 544 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, “******” авто угаалгын газарт “Toyota Prius” *********улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч Б.А-ыг мөргөж хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрийн урагдал, баруун өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Чингэлтэй дүүргийн ***** дугаар хороонд байрлах “******” авто угаалгын газарт 2024 оны 07 дугаар сараас хойш тасралтгүй угаагчаар өдөр бүр ажилладаг. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр угаалгын газартаа хар өнгийн 600 маркийн машиныг цааш хараад угааж байхад өмнө нь угаалгаж дуусаад гарах гэж байсан цагаан өнгийн приүсс 41 маркийн машины жолооч хөдлөхдөө араас мөргөчихсөн. Тухайн үед цаашаа хараад машин угааж байсан учраас яагаад мөргөсөн эсэхийг мэдэхгүй байна. Нэг л мэдэхэд унасан байсан баганыг мөргөөд намайг давхар мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай: “...Б.А-ын биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрийн урагдал, баруун өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх 58-60/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 32-36/ болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сиди, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээг зөвшөөрсөн мэдүүлэг, тайлбараар нотлогдож байна.
3. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
4. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хувьд Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /хх 47-49/ талд авагдсан байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 3,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.310.000 төгрөгийг нөхөн олгуулах зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А нь 336.322 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан, төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Б-оос 336.322 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
5. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, хохирол төлбөр хэсэгчлэн төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн шинж, хохирогчид учруулсан өвдөлт, зовиур, өөрийн үйлдэлд дүгнэлт өгч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх цээрлүүлэх гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн болно.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ны Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-оос, 2.310.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д, 336.322 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар /РД:*****/-т тус тус олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ