| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/02636/И |
| Дугаар | 102/ШШ2023/01964 |
| Огноо | 2023-05-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2023/01964
| 2023 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2023/01964 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 хороо, зүүн ард аюуш гудамж, 25-1 тоотод байрлах, “ШШ” ХХК-ийн /РД:2/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 хороо, сонсголонгийн зам Г/40-5, үйлдвэрийн баруун бүс, өөрийн байранд байрлах, “ББ” ОНӨААТҮГ-т /РД: 2/ холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 25,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Да
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ШШ” ХХК нь хариуцагч “ББ” ОНӨААТҮГ-т холбогдуулан 25,240,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“ШШ” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “ББ” ОНӨААТҮГ-тай газар түрээслэх гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэх иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, иргэдийн ажлын байраар ханган ажиллаж байна. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, Хос Хас ХХК-ийн зүүн талд байрлах 640 м.кв газар бөгөөд уг газрыг тус дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/106 дугаар захирамжаар хоёрдогч түүхий эдийн төвлөрсөн цэг байгуулах зориулалтаар “ББ” ОНӨААТҮГ-т 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож, дүүргийн өмч, газрын харилцааны газрын алба нь “ББ” ОНӨААТҮГ-тай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 640 м.кв газрыг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар эзэмшүүлэхээр 00 дугаар гэрчилгээ олгосон байдаг. Энэ газар нь анхнаасаа хашаа бариагүй, задгай газар байсан бөгөөд олон жилийн хур хог, барилгын хаягдал цемент шохой, хавтангийн хаягдал, дугуй, үнс шороо уул овоо шиг болж орчноо бохирдуулсан ямар ч ашиглалтгүй газар байсан.
“ШШ” ХХК нь тус газрын хур хогийг хүн хүч, техник, хөрөнгө гарган, зөөж тээвэрлэн улаан чулуутын хогийн цэгт буулгах, хашаа барих бусад тохижилтод 27,970,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болох, цахилгаан татахад 2,070,000 төгрөг, нийт 30,040,000 төгрөг гаргасан. Газар түрээслэх гэрээний дагуу газрын төлбөрт төлсөн 4,800,000 төгрөгийг хасаж, үлдэх 25,240,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: "ББ" ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015.02.17-ны өдрийн А/106 тоот захирамж, Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны газартай байгуулсан 2015.04.08-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 2015.04.09-ний өдрийн 00 тоот гэрчилгээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "Хос хас" ХХК-ийн зүүн талд байршилтай, нэгж талбарын 186 тоот дугаартай 640 м.кв талбай бүхий газрыг 2015.04.09-ний өдрөөс 5 жилээр эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан ба уг хугацааг 2020.04.01-ний өдрөөс 15 жилийн хугацаагаар сунгуулсан. Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасны дагуу "ББ" ОНӨААТҮГ нь 2015.04.09-ний өдрөөс дээрх газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй болсон билээ. Баянгол дүүргийн Засаг даргаас манай байгууллагад газрыг эзэмшүүлэхдээ "Хоёрдогч түүхий эдийн цэг"-ийн зориулалтаар олгосон тул "ББ" ОНӨААТҮГ нь хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор тухай эзэмшил газраа нэхэмжлэгч "ШШ" ХХК-д улиралд 200,000 төгрөгийн төлбөртэйгөөр "Газар түрээслэх гэрээ"-ний үндсэн дээр эзэмшүүлж байсан ч гэрээний хугацаа аль хэдийн дуусаж, 2022.05 сард газрыг чөлөөлөх хүртэл нь 1 ч удаа энэхүү төлбөрийг аваагүй байдаг. "ШШ" ХХК-тай байгуулсан "Газар түрээслэх гэрээ"-ний 2.5-д "Түрээсийн төлбөрийг тухайн газрын өнгө төрхийг засан сайжруулах, тохижуулахад оруулсан хөрөнгийн нотлох баримтыг үндэслэн газрын түрээсийн төлбөрт тооцон суутгана" гэж заасан, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 2.5-д заасны дагуу нотлох баримтыг манайд нэг ч удаа гаргаж байгаагүй боловч "ББ" ОНӨААТҮГ-ын эзэмшил газрын өнгө төрхийг сайжруулах, тохижуулах ажлыг тухай бүр гүйцэтгэж байгаа гэж найдаж, мөн хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчийн үйл ажиллагааг энэ хэмжээгээр дэмжиж ажиллаж байгаа гэж ойлгож түрээсийн төлбөрийг огт аваагүй. Хувийн хэвшил болон тэнд ажиллаж байгаа иргэдийн үйл ажиллагаа, санхүүг энэ мэтээр бүрэн дүүрэн дэмжсээр ирсэн "ББ” ОНӨААТҮГ-ыг нэхэмжлэгч нь "газар эзэмших эрхээ авснаас хойш тухайн газартаа зориулалтын дагуу нэг ч үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өөрт нь газраа түрээслүүлсээр ирсэн" гэсэн үндэслэлээр буруутгаж, 2014.10.22-ны өдрөөс 2014.10.27-ны хооронд тухайн талбайг цэвэрлэж, зассаны тээврийн зардал болон ажлын хөлсөнд төлсөн нийт 27,970,000 төгрөг, цахилгаан хангамжийн хүчдэлийн сүлжээнд холбуулахад 2015.10.13, 15-ны өдрүүдэд гаргасан. байгуулсан хугацаанд зардал 2,070,000 төгрөгийг тус тус манай байгууллагаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм.
Тодруулбал, 1. "ШШ" ХХК нь 2014.10.22-ны өдрөөс 2014.10.27-ны хооронд одоогийн "ББ” ОНӨААТҮГ-ийн эзэмшил бүхий газрыг цэвэрлэж, засахад тээврийн болон ажлын хөлсний зардалд гаргасан гэх 27,970,000 төгрөгийн шаардлагын тухайд: Цэвэрлэгээ, засварын ажлыг гүйцэтгэж, зардал гаргасан гэх цаг хугацаанд буюу 2014.10 дугаар сард "ББ” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "Хос хас" ХХК-ийн зүүн талд байршилтай, нэгж талбарын 18 тоот дугаартай 640 м.кв талбай бүхий газрын эзэмшигч байгаагүй бөгөөд тухайн цаг хугацаанд уг газар нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байсан болох нь Баянгол дүүргийн Засаг даргын 2012.09.25-ны өдрийн А/321 дүгээр захирамжаар нотлогдоно. Тэгэхээр тухайн цаг хугацаанд "ШШ" ХХК нь хэнтэй, ямар гэрээ байгуулсны үндсэн дээр, эсхүл ямар шалтгаанаар дээрх газарт цэвэрлэгээ, засварын ажил хийсэн болохыг хожим газар эзэмших эрхийг олж авсан "ББ” ОНӨААТҮГ мэдэхгүй, мэдэх ч боломжгүй бөгөөд тухайн ажилд зарцуулсан гэх зардлыг яагаад манайх хариуцах ёстойг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байсан газрыг цэвэрлэж, зассаны зардлыг "ББ” ОНӨААТҮГ төлөх үүрэггүй, "ШШ" ХХК болон "ББ” ОНӨААТҮГ-ын хооронд 2014.10 сард газартай холбоотой үүрэг Иргэний хуулийн 8, 187.1-д зааснаар үүссэн байх хууль зүйн ямар ч боломжгүй. Хэрэв "ШШ" ХХК-аас гаргасан гэх дээрх зардлыг төлөх үүрэг "ББ” ОНӨААТҮГ-т үүссэн байсан бол нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-д заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны хойно үндэслэлгүйгээр шаардлага гаргасан нь угаас "ББ” ОНӨААТҮГ-т тухайн төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй байсантай холбоотой гэж үзэж байна. Иймд 2014.10 дугаар сард "ШШ" ХХК-аас гарсан гэх зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. "ШШ" ХХК-аас цахилгаан хангамжийн хүчдэлийн сүлжээнд холбуулахад 2015.10.13, 15-ны өдрүүдэд гаргасан зардал 2,070,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд: Тухайн цаг хугацаанд "ШШ" ХХК нь манай байгууллагатай байгуулсан "Газар түрээслэх гэрээ"-ний дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "Хос хас" ХХК-ийн зүүн талд байршилтай, нэгж талбарын 181 тоот дугаартай 640 м.кв талбай бүхий газрыг ашиглаж байсан. Ингэхдээ өөрсдийн үйл ажиллагаандаа зориулан цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болох хүртэлх хугацаанд "Нийслэл өргөө" ХХК-тай 2015.10.29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу цахилгаан эрчим хүчээр 2016.01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хангагдаж байсан гэдэг. Энэ нь манай байгууллагын эзэмшил газарт цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг байгуулсан, бий болгосон гэсэн үг биш, зөвхөн өөрсдийн төмөр тасдах, хашаа хайс хийх зэрэг үндсэн үйл ажиллагаагаа явуулахад л зориулан цахилгааны эх үүсвэртэй аж ахуйн нэгжээс цахилгааны утас татах замаар эрчим хүч авч ашиглаж байсан л үйл баримт. Одоо манай эзэмшил газар дээр цахилгаан эрчим хүчний ямар нэг эх үүсвэр байхгүй тул "ШШ" ХХК-ийн зардлаар манай байгууллага цахилгааны эх үүсвэртэй болж үлдсэн гэж үзэх боломжгүй. Тиймээс "ШШ" ХХК-ийн өөрийнхөө үйл ажиллагаанд зориулан зарцуулсан гэх зардлыг "ББ” ОНӨААТҮГ хариуцан төлөх үндэслэлгүй, үүрэггүй болно. Хэрэв төлөх үүрэгтэй байсан гэж үзвэл Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-д заасан хугацаа өнгөрснөөс мөн хуулийн 82-р зүйлийн 82.1-д заасан үр дагавар үүснэ, мөн нэхэмжлэгчээс төлөөгүй түрээсийн төлбөрөө хасаж тооцсон 4,800,000 төгрөгт нь бүрэн багтсан байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдээр "ШШ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Ө.Даваажавын Хаан банк дахь дипозит дансны хуулга, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хос Хас ХХК-ийн зүүн тал 540 м.кв талбайг цэвэрлэж зассан тэмдэглэл, ББ ОНӨААТҮГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/382 дугаартай ШШ ХХК-нд албан бичиг, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудас, ШШ ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг дарга Н.Одонтуяад гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1032 дугаартай газар эзэмших хүсэлтэд хариу хүргүүлэх тухай албан бичиг, ШШ ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаартай Баянгол дүүргийн Засаг даргад гаргасан өргөдөл, Сибкабель Энержи ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1,170,000 төгрөгийн зарлагын падаан, 900,000 төгрөгийн падаан, “Төмөр хийц хоёрдогч түүхий эдийн цэг” болон Нийслэл өргөө ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хэлцэл, Нийслэл өргөө ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн аж ахуйн нэгж иргэн хэрэглэгчийн цахилгаан хангамжийн хүчдэлийн сүлжээнд холболт хийх гэрээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2514/2015 дугаартай техникийн нөхцөл, фото зураг, Н.Сүрэнхүү, н.Бат-Өлзий, н.Баттүвшин нарын тодруулга, ББ ОНӨААТҮГ болон ШШ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн газар түрээслэх гэрээ, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хас Хас ХХК-ийн зүүн талд байрлах газрын кадастрын зураг, Монголросцветмет ХХК болон ШШ ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан хаягдал төмөр, ширэм худалдах-худалдан авах гэрээ, Төрийн өмчийн хороо, ДБЭХС-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, Ө.Даваажавын иргэний үнэмлэхийн хуулбар, ШШ ХХК-ийн Ц.Баттүвшин, О.Цэрэндорж, Х.Мөнгөнжим, М.Лхагважаргал нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хаяг байршуулсан тухай фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/106 дугаартай газар эзэмшүүлэх эрх хүчингүй болгож, шинээр эрх олгох тухай захирамж, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/381 дугаартай газар эзэмшүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож шинээр олгох тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1032 дугаартай газар эзэмших хүсэлтэд хариу хүргүүлэх тухай албан бичиг, Баянгол дүүргийн ББ ОНӨААТҮГ-ын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлж, гэрчээр У.Тайвансайхан, Я.Баянжаргал нарыг асуусан.
Хариуцагчийн хүсэлтээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/92 дугаартай албан бичиг, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/2483 дугаартай албан бичиг, ББ ОНӨААТҮГ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Нийслэл өргөө ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “ББ” ОНӨААТҮГ нь “ШШ” ХХК-ийн зардлаар засан сайжруулсан газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан тул зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: "ШШ" ХХК болон "ББ” ОНӨААТҮГ-ын хооронд 2014 оны 10 дугаар сард газартай холбоотой үүрэг үүсээгүй. "ШШ" ХХК-ийн өөрийнхөө үйл ажиллагаанд зориулан цахилгаан эрчим хүчний эх үүсвэр холбосон зардлыг "ББ” ОНӨААТҮГ хариуцан төлөх үүрэггүй. Нэхэмжлэгч "ШШ" ХХК-аас гаргасан гэх зардлыг төлөх үүрэг "ББ” ОНӨААТҮГ-т үүссэн гэж үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэг талаас “ШШ” ХХК, нөгөө талаас “ББ” ОНӨААТҮГ 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр газар түрээслэх гэрээ байгуулж, түрээслүүлэгч тал болох “ББ” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хос Хас ХХК-ийн зүүн талд байрлах 640 м.кв талбайтай газрыг хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгч иргэдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор түрээслүүлэх, түрээслэгч тал болох “ШШ” ХХК түрээсийн төлбөрт улиралд 200,000 төгрөгөөр тогтоож, түрээсийн төлбөрийг тухайн газрын өнгө төрхийг засан сайжруулах, тохижуулахад оруулсан хөрөнгийн нотлох баримтыг үндэслэн газрын түрээсийн төлбөрт тооцон суутгахаар харилцан тохиролцсон байна.
4.2. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
4.3. Дээрх гэрээний дагуу түрээслүүлэгч “ББ” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хос Хас ХХК-ийн зүүн талд байрлах 640 м.кв талбайтай газрыг “ШШ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, түрээслэгч “ШШ” ХХК 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарыг хүртэл тухайн газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулсан бөгөөд түрээсийн төлбөр төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
5. Талууд түрээслэгч “ШШ” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээний зүйл болох газрын хогийг цэвэрлэх, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр татахад гарсан зардлыг түрээслүүлэгч тал хариуцах эсэх талаар маргаж байна.
6. “ШШ” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээний зүйл болох газрын хогийг цэвэрлэсэн зардал гаргуулах шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлслөгч хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан.
6.1. Хариуцагч “ББ” ОНӨААТҮГ нь хоёрдогч түүхий эдийн цэгийн зориулалтаар 640 м.кв дээрх газрыг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 5 жилийн хугацаатай эзэмшиж байгаа ба уг хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 15 жилийн хугацаагаар сунгасан болох нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/106 дугаартай газар эзэмших эрх хүчингүй болгож, шинээр эрх олгох тухай захирамжаар тогтоогдож байна. ‘
6.2. Нэхэмжлэгч “ШШ” ХХК нь газрыг засан сайжруулсан буюу хур хогийг цэвэрлэсэн гэх 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд хариуцагч “ББ” ОНӨААТҮГ нь цаг хугацааны хувьд тухайн газрыг эзэмших эрхгүй байснаас гадна нэхэмжлэгч “ШШ” ХХК-тай түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдахаас өмнө нэхэмжлэгч “ШШ” ХХК хариуцагч “ББ” ОНӨААТҮГ-ын зөвшөөрөлтэйгөөр хөрөнгийг засан сайжруулсан гэж үндэслэлгүй байна. Нөгөө талаас, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байсан тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүрэгт хөрөнгийг өөрийн зардлаар засаж сайжруулсан буюу хог цэвэрлэхэд гарсан зайлшгүй зардлыг шаардах эрхгүй.
7. Түүнчлэн, хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна гэж заасан.
Нэхэмжлэгч "ШШ" ХХК нь 2014 онд тухайн газрыг эзэмших зорилгоор өөрийн хөрөнгөөр засан сайжруулсан гэж тайлбарлаж байх ба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч "ШШ" ХХК газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу аваагүй болохоо мэдсээр байж тухайн эд хөрөнгөд зардал гаргасан байна. Иймд хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй байх тул хог цэвэрлэсэн зардал, хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй гэж үзлээ.
8. Цахилгаан эрчим хүчний сүлжээнд холболт хийсэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд гаргасан зардал 2,070,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч талаас түрээсийн гэрээний зүйл болох газарт цахилгаан эрчим хүчний сүлжээнд холболт хийсэн гэж тайлбарлаж, “Сибкабель Энержи” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0500746 дугаартай 1,170,000 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0500762 дугаартай 900,000 төгрөгийн зарлагын баримт, “Нийслэл өргөө” ХХК-тай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн аж ахуй нэгж иргэн хэрэглэгчийн цахилгаан хангамжийн хүчдэлийн сүлжээнд холболт хийх гэрээ зэрэг баримтыг үндэслэн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч “ШШ” ХХК нь хариуцагч “ББ” ХХК-ийн зөвшөөрөлтэйгөөр цахилгаан эрчим хүчний сүлжээнд холболт хийсэн талаар баримтгүйгээс гадна “Нийслэл өргөө” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/95 дугаартай “ШШ” ХХК нь 2014 оноос 2015 оны 12 дугаар сарыг дуустал хүртэл “Нийслэл өргөө” ХК-аас цахилгаан эрчим хүч авч байсан нь үнэн болно. Манай компани 2016 оноос эхлэн үйлдвэрлэл түр зогсож цахилгаан эрчим хүчээ бүрэн тасалсан. Энэ талаар манай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/161 албан бичгээр “ШШ” ХХК-нд мэдэгдсэн“ гэх албан бичгээс үзэхэд 2016 онд цахилгаан эрчим хүчний холболтыг тасалсан, тухайн газарт цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгож сайжруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
9. Дээрх үндэслэлээр хариуцагч “ББ” ОНӨААТҮГ-аас 25,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ШШ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 493 дугаар зүйлийн 493.5-д заасныг баримтлан хариуцагч “ББ” ОНӨААТҮГ-аас 25,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ШШ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ