| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/02071/И |
| Дугаар | 102/ШШ2023/02036 |
| Огноо | 2023-05-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2023/02036
| 2023 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2023/02036 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51Б байр 11 тоотод оршин суух Хайрхан овогт Лувсаннямын А /РД:И/
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 байр 1 орц 67 тоотод оршин суух Өөлд овогт Пүрэвнямын Б /РД:Д8/
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 6,500,000 төгрөг, хохирол 785,000 төгрөг, нийт 7,285,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бо
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Урансайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч П.Бд холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 6,500,000 төгрөг, хохирол 785,000 төгрөг, нийт 7,285,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Л.А нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр П.Бгаас Toyota Camry маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд импортлогдсон автомашиныг 6,500,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авах үед тухайн машинд салоны паар, урд гарын тулк, резин солих зэрэг бага засвартай, бусад нь хэвийн гэж худалдагч тал хэлэхэд түүний дагуу 3 удаагийн гүйлгээгээр төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд шилжүүлсэн. Гэвч машиныг оношилгоонд оруулахад осолд орсон, ослын бүх дэр задарсныг нууж, урд салоныг бүрсэн байна. Мөн хроп эвдэрсэн, засвар авах боломжгүйг нууж зарсан байна. Удаа дараа худалдагч талд буцаах саналыг тавьсан боловч хүлээж аваагүй. Иймээс уг машиныг худалдагч талд буцааж машины өртөг болох 6,500,000 төгрөг, засварын зардал 655,000 төгрөг, оношилгоо, тосолгооны мөнгө 130,000 төгрөг, нийт 7,285,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч хариу тайлбартаа “П.Б нь Л.Ад 2007 онд үйлдвэрлэсэн 2012 онд импортоор орж ирсэн Toyota Camry маркийн машинаа 6,500,000 төгрөгөөр зарсан. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой зарын дагуу манай нөхөр Б.Болдбаяртай уулзсан. Машин үзэхэд нь манай машин засвар, үйлчилгээ хийлгэнэ, одоо зарагдаж байгаа үнэ нь 8-9 сая гаруй төгрөгөөр зарагдаж байгаа, засвар үйлчилгээ хийлгэх учир зах зээлийн үнээс доогуур зарж байгаа гэж хэлэхэд Л.А нь зөвшөөрөөд П.Бгийн данс руу 100,000 төгрөг шилжүүлээд явсан. Маргааш нь надтай уулзаад итгэмжлэл хийлгээд мөнгөө шилжүүлээд явсан. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Аийн дүү нь холбогдож өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Машин аваад 24 хоногийн дараа ирж нэр дээрээ шилжүүлж авахдаа ямар нэгэн гомдол санал хэлээгүй. Уг машинаа би 3 жилийн өмнө худалдаж авсан бөгөөд осол хийж байгаагүй, зүгээр унаж байсан машинаа зарсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Алтаншагайгийн Төрийн банк дахь харилцах дансны харилцагчийн хуулга, Автошоп байгууллагын орлогын баримт, П.Бгаас Л.Ад олгосон тээврийн хэрэгслийн захиран зарцуулах итгэмжлэл, Р.Лувсаннямын Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Буянт-Оюу ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 543 дугаартай тодорхойлолт, ЮБИ автосентер байгууллагын оношилгооны хуудас, 55,000 төгрөгийн төлбөрийн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан баримтгүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч П.Бгаас худалдан авсан тээврийн хэрэгсэл доголдолтой бөгөөд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 6,500,000 төгрөг, хохирол 785,000 төгрөг, нийт 7,285,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Худалдан авагч Л.А нь тээврийн хэрэгслийг худалдан авахдаа тээврийн хэрэгсэлтэй бүрэн танилцаж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авсан. Нэхэмжлэгч Л.А нь тээврийн хэрэгслийг хэрхэн эзэмшиж, ашигласан нь тодорхойгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэг талаас Л.А, нөгөө талаас П.Б нар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох П.Б нь Toyota Camry маркийн 0986 УНК улсын дугаартай суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг шилжүүлэх, худалдан авагч тал болох Л.А тээврийн хэрэгслийн үнэ 6,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.
4.2. Гэрээний дагуу худалдагч П.Б тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч тал болох Л.А тээврийн хэрэгслийн үнийн 6,500,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл доголдолтой буюу моторын агаар дутуу, ослын дэрний систем гэмтэлтэй, жолооч, зорчигч талын бүс гэмтэлтэй, автомат кроп гэмтэлтэй, ABS-ны систем гэмтэлтэй болох нь автомашины оношлогоо хийсэн ”Буянт оюу” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 543 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 6,500,000 төгрөг, хохирол 785,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.
7. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлсон бөгөөд худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь гагцхүү тухайн доголдол эд хөрөнгийг хүлээн авах үед илрүүлэх боломжтой тохиолдолд тухайн доголдолтой холбоотой шаардах эрхээ алдана.
8. Маргаан бүхий тээврийн хэрэгслийн моторын агаар дутуу, ослын дэрний систем гэмтэлтэй, жолооч, зорчигч талын бүс гэмтэлтэй, автомат кроп гэмтэлтэй, ABS-ны систем гэмтэлтэй болохыг тогтоосон ”Буянт-Оюу” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 543 дугаартай албан бичиг нь автомашиныг тухайн үеийн байдлаар буюу нэхэмжлэгч Л.Аийг тээврийн хэрэгслийг шилжүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 5 сарын дараа оношилгоо хийсэн байхаас гадна худалдан авагч Л.А нь тээврийн хэрэгслийг хүлээн авах үедээ автомашины оношилгоо хийлгэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
9. Иймд нэхэмжлэгч Л.А нь тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай болохыг мэдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба тэрээр тээврийн хэрэгслийн оношилгоо хийлгэх боломжтой байхад хүлээн авсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээг цуцлахыг шаардах эрхгүй байна.
10. Дээрх үндэслэлээр хариуцагч П.Бгаас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 6,500,000 төгрөг, хохирол 785,000 төгрөг гаргуулах тухай Л.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Бгаас 7,285,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ