Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/494

 

 

 

 

 

 

 

 

 

2025          10             31                                                    2025/ШЦТ/494

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Төв аймаг дахь cум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал,

-улсын яллагчид Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Уянга,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Содномдаржаа,

-шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2534003980370 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Б.Т нь **** гэх газраас 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 176 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч бэлтгэж, **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 15,569,607 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Т: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Содномдаржаа “...Хохирол төлбөрийг төлүүлэх саналтай байна....” гэх мэдүүлгүүдийг тус тус гаргав.

 

Нэг. Гэм буруугийн талаар:                      

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл,

Шүүгдэгч Б.Т нь **** гэх газраас 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 176 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч бэлтгэж, **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 15,569,607 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

    Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 хуудас/,

- Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-8 хуудас/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-18 хуудас/,

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-31 хуудас/,

            -Хууль ёсны төлөөлөгч Б.Содномдаржаагийн “...Би **** газарт байгаль хамгаалагч хийдэг. Би танихгүй. Мөн, **** гэх газар. Үгүй ой нээгдээгүй байсан. Үгүй зөвшөөрөл аваагүй тийм зүйл хэлж мэдэгдээгүй. Би гомдолтой байна экологийн эдийн засгийн хохирлыг үнэлгээг нэхэмжилж байна......” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 хуудас/

            -Иргэний нэхэмжлэгч С.Л “....Би **** аймгийн **** сумын сум дундын Прокурорын газарт жижүүрийн ажилтан. Хамаатан, манай аавын дүүгийн хүүхэд. 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Т над руу залгаад ахаа миний банкны мөнгө тулчхаад байна машинаа өгчих би нэг халтуур хийчхээд ирье гээд **** дугаарын утсаар над руу залгасан. Би тэгээд тэг тэг ирээд ав гээд тухайн үедээ ямар нэгэн зүйл бодолгүй өгөөд явуулсан, өмнө миний машиныг гуйгаад ногоо цагаа зөөгөөд яваад байдаг байсан. **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгсэл таны эзэмшлийн машин миний нэр байдаг миний эзэмшлийн машин. 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр машинаа өгчих банкны мөнгө тулчхаад байна халтууранд явчхаад ирье гээд Т над руу утсаар залгаж гуйгаад аваад явсан. 10 аад хоногийн өмнө ийм зүйл болсон талаар надад мэдэгдсэн. Миний машинаар хууль бус үйлдэл хийж явсныг нь би мэдээгүй, Өөрийнхөө машиныг улсын орлого болгомооргүй байна......” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 хуудас/,

            -Гэрч М.Э өгсөн “...Би **** аймгийн **** суманд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. **** аймгийн **** үйлдвэрт ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар 2025 оны 05 дугаар сард ажлаасаа гарсан. Би 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** суманд гадуур явж байсан чинь миний танил Т надтай тааралдаад манайд очиж уулзъя гэсэн тэгэхээр нь би Т-ыг дагаад гэрт нь очтол Т ажлын санал байна хоёулаа уулнаас мод бэлдье **** аймгийн **** суманд мод хийчихээр газар байна би чамд 4.500.000 төгрөгийн цалин өгье гэсэн тэгээд тэр өдрөө Т бид хоёр Т-ын **** маркийн авто машинтай **** аймгийн **** сумын нутагт байдаг ууланд очоод мод хийхээр газар үзсэн би газрын нэрийг нь сайн мэдэхгүй байна. 2025 оны 05 дугаар сарын 31-ны өдөр миний **** маркийн авто машинтай **** сумаас Төв аймгийн Жаргалант сум руу явж газар үзээд орой нь буцаж **** сум ороод миний машиныг үлдээгээд Т-ын **** маркийн ачааны машиныг аваад Төв аймгийн **** сум орсон. Би өөрийнхөө хамаатны хоёр дүү болох А, Х, хүргэн ах Э нартай уулзаад Т намайг 4.500.000 төгрөгөөр цалинжуулна гэж байна та нар хамт яваач би өөрийнхөө авах мөнгөнөөс та нартай хуваалцана гэж хэлсэн тэгээд бид нар **** суманд ууландаа ирээд модоо бэлдсэн би мод унагахгүй гэж Т-т хэлсэн би угаасаа мод унагаж чаддаггүй унагасан модыг нь зөөж өгч байсан. Манай хүргэн Э хөрөөчөөр яваад мод унагасан Т, манай 2 дүү бид нар модыг нь зөөсөн. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 05 цаг өнгөрч байх үед Т-ын **** маркийн ачааны авто машинд бэлтгэсэн модоо ачиж дуусаад хөдлөөд засмал зам дээр гараад **** зоогийн газрын ойролцоо ирж байсан чинь зам дээр энгийн машинтай цагдаа зогсоосон. Т намайг болон манай хүргэн ах Э, хоёр дүү А, Х нарыг мөнгө өгнө хамт яваад өг гэхээр нь би хамт явсан. Бүгд нойтон мод байсан. Би энэ хэрэгт хамааралгүй Т надад 4.500.000 төгрөг өгнө гэхээр нь 1 өдрийн дотор их цалин авах юм байна гэж бодоод 2 дүү хүргэн ахаа дуудаад хамт явсан мод бэлдэж Улаанбаатар хот руу оруулж зарах санааг Т гаргаад өөрөө машинаа олоод бид нарыг авч явсан. Т-ын цагаан өнгийн ачааны **** маркийн ****гэсэн дугаартай ар талдаа номергүй машинаар модоо ачсан. Т-ын цагаан өнгийн бензин цахилгаан хөрөөгөөр хөрөөдсөн тэгээд өөрсдөө модоо уулын уруу зөөж машиндаа ачсан. Би хэдэн ширхэг мод унагасан гэдгийг нь сайн мэдэхгүй байна 2 метр урттай тайрахад 149 ширхэг мод Т-ын машин дээр ачсан. Тийм зүйл байхгүй би анх удаа ийм байдалд орж байна........” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 хуудас/,

-Гэрч Н.М  “...Би ер нь тэтгэвэрт байдаг өвөлдөө **** хотод өвөлжөөд хавар мал төллөх үеэр хөдөө **** аймгийн **** сумын Нарт 4 дүгээр баг 124-ийн даваад байрлах хөдөө гэрт нөхөр дээрээ ирж хөдөөний ажилд нь тус дэм болж хот хөдөө хоёрын хооронд нааш цааш явж байдаг. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өглөөний 05 цаг 30 минут орчимд 2 хургаа алдчихаад өглөө эрт хайя гээд гэрээс гараад явж байтал **** аймгийн **** сумын нутагт харьяалагдах Зүрх уул гэдэг газраас Урд номероо даавуугаар хаасан байдал хойд номер дугаар нь байхгүй цагаан өнгийн том амбаартай машин тухайн уулнаас буугаад явсан тэгэхээр нь миний хар төрөөд том тэрэг үүрээр уулнаас номер дугааргүй буухаар нь цагдаад мэдэгдсэн. Би анзаараагүй. Өмнөх өдөр тухайн ууланд шөнө нь хөрөө дугарч байсан би цагдаа болон нутгийн удирдлагад мэдэгдэх гэсэн болов ч утас маань цэнэггүй болохоор өглөө асаагаад цагдаа шууд залгаж мэдээлэл өгсөн......” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 хуудас/,

            -Гэрч О.Э-ийн “....Би 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр **** аймгийн **** суманд гэртээ байж байтал миний танил дүү Т, Э нар манай гэрт ирээд маргааш Төв аймгийн Жаргалант сумаас мод бэлтгээд Улаанбаатар хот руу оруулж зарна та хөрөөчин хийгээд өгөөч нэг ачааг нь 1.000.000 төгрөг өгнө гэхээр нь би их мөнгө санагдаад зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Т, Э, хоёр хамт манай гэрт ирээд намайг болон манай танил 2 дүү болох Ч, А нарыг хамт аваад Төв аймгийн Жаргалант суманд ирээд ууланд гараад би модоо хөрөөдөж унагасан ойролцоогоор 30 гаруй урт мод хөрөөдөж унагасан. Миний унагасан модыг 2 метрээр тайраад Т-ын **** маркийн ачааны авто машинд Т, Э, Ч, А, нар шөнөжин зөөж ачаад нэг ачаа дүүргээд Т, Э хоёр модоо аваад явсан чинь удалгүй цагдаад баригдсан гэж утсаар над руу хэлсэн. Тэр үед нь би зөвшөөрөлгүй мод байна гэж бодсон тэгээд би Ч,А нарыг аваад гэртээ харьсан. Т надад нэг ачаа дүүргэхэд 1.000.000 төгрөг өгч цалинжуулна гэж хэлсэн миний хөрөөдсөн моднууд бүгд нойтон мод байсан. Т надад зөвшөөрөл бүх юмаа авчихсан байгаа зүгээр очоод хөрөөдөөд өг л гэж хэлсэн тэгэхээр нь би зөвшөөрөлтэй юм чинь гэж бодоод хөрөөдсөн хэрэв зөвшөөрөлгүй байсан бол би хэзээ ч хөрөөдөхгүй байсан.Би ойролцоогоор 30 гаруй тооны модыг өөрийнхөө Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг нэртэй безинээр ажилладаг хөрөөгөөр хөрөөдсөн. Би хөрөөгөө ууланд нь модны доор хийгээд үлдээсэн чинь эргэж очоод олоогүй. Т намайг нэг ачааг 1.000.000 төгрөгөөр тооцож хөлсөлсөн. Э энэ хэрэгт хамааралгүй Т Э-г хөлсөлж авч явсан. Ч,А нарыг 1 ачаа ачвал 500.000 төгрөг өгнө гэж авч явсан. Би зөвшөөрөлтэй модны компанид хөрөөчин хийж байсан энэ удаад зөвшөөрөлгүй гэж мэдээгүй......” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 хуудас/

 -Насанд хүрээгүй гэрч А.Ч-ийн “....2025 оны 05 дугаар сарын сүүлээр А бид 2 Э ахыг дагаад Барилга дээр ажил хийхээр **** аймгийн **** суманд ирсэн. Хэд хоног ажилгүй байж байгаад Э ахтай уулзсан чинь Заяа ах Т гэдэг хүнтэй Э ах А бид 3-г уулзуулсан. Тэгээд 2 хоног **** сум руу модонд явъя би өөрөө Зүүнхараагийнх ямар ч асуудалгүй ачаад өгөөч гээд нэг өдрийн 500,000 мянган төгрөг өгье гээд дагуулж явсан. Тухайн ууландаа бүрэнхий байхад очоод Э ах цахилгаан хөрөө гаргаж ирээд моднуудыг тайрч эхэлсэн тэгээд Т, А, Э бид 4 тайрсан моднуудыг ачиж эхэлсэн. Хөрөөдсөн моднуудаа том анбартай цагаан ачааны машинд үүр цайтал ачиж дуусаад, ачааны машин хөдөлж яваад Э ах А бид 3 үлдээд унтаж байгаад өдөр нь Сэлэнгэ аймгийн **** сум руу явсан. Би, А Э, Т, Э нар байсан. Том цагаан ачааны машин байсан улсын дугаарыг нь сайн санахгүй байна, 35 ширхэг том хөрөөдөж унагаасан. Т гэдэг хүн А бид 2т нэг ачаа дүүргээд тус тусад нь 500,000 мянган төгрөг өгье гэж хэлсэн энэ газар манай нутаг асуудалгүй байхгүй гээд хэлсэн. Э ах л тайрч байсан, Т нь ямар ч байсан хөрөө барьсан байсан яг мод хөрөөдөж байхыг нь анзаараагүй. Би бүүр сүүлд нь мэдсэн, тухайн үед мэдээгүй ууланд очиход жаахан нууцлаг байсан хүн амьтнаас нуугдаад байсан. Орой модоо ачиж байхдаа ямар ч гэрэлгүй ачиж байсан......” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 хуудас/

-Насанд хүрээгүй гэрч О.Агийн “....Би **** хот **** тоотод Төрболд гээд төрсөн ахтайгаа хамт амьдардаг. Би одоохондоо ажил хөдөлмөр хийдэггүй. Би ер нь байнга шахуу хотод тэгээд, найз Ч-тэй **** аймгийн **** суманд барилгын ажил хийж байсан чинь миний хуурай ах Э Ч бид 2-ийг Т гээд найзтайгаа уулзуулаад ийм ажил байна гээд Зүүнхараа-д очоод ууланд мод бэлдье асуудалгүй айгаад байх юм байхгүй за юу би нутаг дээрээ байна гээд 1 ачаан дээр 500,000 төгрөг егье гээд Э ах, Ч бид 3-ийг тийш нь дагуулаад явсан. Тэгээд Зүүнхараа өнгөрөөд ойн модонд оройн 21 цагийн үед ирээд Э ах улаан өнгийн цахилгаан хөрөө гаргаж ирээд тухайн ууланд байсан моднуудыг хөрөөдөж эхэлсэн. Тэгээд Т, Э Ч бид 4 зөөж том цагаан өнгийн ачааны машинд үүр цайтал ачаад Ч,Э бид 3 тэр ууландаа хоноод өдөр нь 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн **** сум руу явсан. Би, Ч Э,. Т, Э нар байсан. Том цагаан ачааны машин байсан улсын дугаарыг нь сайн санахгүй байна модны тоо нь 100 гаран байхаа. Т гэдэг хүн Ч бид 2т нэг ачаа дүүргээд тус тусад нь 500,000 мянган төгрөг өгье гэж хэлсэн энэ газар манай нутаг асуудалгүй байхгүй гээд хэлсэн. цагаан өнгийн жижиг ачааны машин дээр сүүлд харагдаж байсан тэгээд хэн авч явсныг нь би сайн мэдэхгүй байна. Би бүүр сүүлд нь мэдсэн, тухайн үед мэдээгүй. нойтон байсан......” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-59 хуудас/

 

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ТӨВ0325/001 дугаартай “....Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн хашаанд буулгасан модны бэлтгэсэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Уг бэлтгэгдсэн мод нь Pinaceae Lindl-Нарсны овгийн Pinus sylvestris-Эгэл нарс байна. 2.10-2.20 метрийн урттай, нарийн үзүүрийн диаметр дунджаар 25-56 см, голчтой 149 ширхэг хэрэглээний бөөрөнхий мод байна. Нийт 32.56 м³ байна. Шинжилгээнд авсан модны хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор дээжийг жинлэн, хатаах зууханд 105°С температурт 6 цагийн турш хатаан MNS 2470:1978 стандартын арга ашиглан жингийн алдагдлыг тооцож үзэхэд модны чийг 60.5 хувь байгаа нь нойтон байна. Байгаль орчин аялал зуучлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, 3-р мужийн "Нарс" модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 13.751.429 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дүгээр заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 41.254.288 төгрөг байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдал илрээгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-79 хуудас/

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ТӨВ0325/002 дугаартай “.....Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн хашаанд буулгасан моднуудын бэлтгэсэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Уг бэлтгэгдсэн мод нь Pinaceae Lindl-Hарсны овгийн Pinus sylvestris-Эгэл нарс, Pinaceaе-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс моднууд байна. 2.04-2.10 метрийн урттай, нарийн үзүүрийн диаметр дунджаар 23-44 см, голчтой 27 ширхэг, хэрэглээний бөөрөнхий мод байна. Нийт 4.305 м³ байна.Шинжилгээнд авсан модны хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор дээжийг жинлэн, хатаах зууханд 105°С температурт 6 цагийн турш хатаан MNS 2470:1978 стандартын арга ашиглан жингийн алдагдлыг тооцож үзэхэд модны чийг 40.0 хувь байгаа нь нойтон байна.Байгаль орчин аялал зуучлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, 3-р мужийн "Нарс" модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 1,818,178 төгрөг, "Шинэс" модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 134.656 х 1.8 = 242.381 төгрөг. Нийт экологи эдийн засгийн үнэлгээ 1.848.123 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоол дурдсаны дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дүгээр заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 5.544.369 төгрөг байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдал илрээгүй болно.....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-93 хуудас/

          -Шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 07/153 дугаартай “...Дээр дурдагдсан автомашины үнэлгээг "Гарьд Гүрү Үнэлгээ" ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.Амбасэлмаа томилогдож мэргэжлийн шүүн тунгаалт хийж, холбоотой бичиг баримт, шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж нарийвчлан судалж, боловсруулалт хийж С.Л-ийн өмчлөлийн **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 2025 оны 06-р сарын 02-ны өдрийн байдлаар 11 814 000/арван нэгэн сая найман зуун арван дөрвөн мянга/ төгрөг гэсэн дүгнэлт гаргалаа......” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 101-114 хуудас/

          -Шүүгдэгч Б.Тын сэжигтнээр өгсөн “.....2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний хуурай ах болох Л-оос ****улсын дугаартай цагаан өнгийн ачааны **** маркийн машиныг Дархан-Уул аймагт байхад нь гуйж аваад байж байхад Сэлэнгэ аймгийн **** сумаас хүн хөлсөөр ачаа ачуулах гэж байгаад больсон. 2025 оны 06 дугаар сарын 01-ний үдээс хойш Зоригоо гэдэг хүн залгаад 3 сая төгрөгөөр мод худалдаж авах уу гэж надад санал тавьсан тэгээд мөнгөний хэрэг их байсан учир би зөвшөөрсөн. Тэгээд би найз Энхжаргалын хамт дагуулаад тухайн өдрийн оройн 22 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын 124-ийн даваа гэх газраас, би бас сайн нэрийг нь мэдэхгүй байна моднуудыг нь дээр нь унагаагаад бэлдчихсэн байгаа гэсэн. Зоригоо гэдэг хүн над руу 17 цагийн үед залгасан би тэр хүний утасны дугаарыг нь санахгүй байна. 2025 оны 06 дугаар сарны 01- ний өдрийн 17 цагийн үед миний 99493957 дугаарын утас руу залгаад сайн уу ахын дүү чи мод авдаг гэсэн үү? авах юм уу ямар ч асуудалгүй газарт байгаа гэсэн тэгэхээр би асуудалгүй бол хамаа алга гээд хаана юм тухайн газрыг заалгахаар р Зүүн хараагийн салдаг уулзвараас 22 цагийн үед цагаан өнгийн машинтай миний жолоодож явсан **** маркийн машины хамт Энхжаргал бид 2-ыг дагуулаад явсан. Мод бэлдсэн байсан газарт ирсэн. 2,2 оор нь чирсэн бололтой 20 орчим мод байсан. Зоригоо гэдэг залуутай хамт танихгүй 2 залуу хамт явж байсан ингээд бид модоо тайраад ачиж эхэлсэн. Гэхдээ Зоригоо гэдэг хүн а ачилцаагүй ирчхээд яваад өгсөн. Бид 4 өглөө 5 болтол унагаад бэлдчихсэн байсан моднуудыг богино болгож шар өнгийн хөрөөгөөр тэр танихгүй залуугийн 1-нь хөрөө бариад тайраад тухайн моднуудыг **** маркийн тээврийн хэрэгсэлд ачсан. Манай хуурай ах болох Л-ийн эзэмшлийн машин. би мэднэ.....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 хуудас/

-Шүүгдэгч Б.Т-ын сэжигтнээр дахин өгсөн “.....Би 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Лхагвадорж гэдэг ахынхаа машиныг гуйгаад мал ачих ёстой байж байгаад нөгөөдөх нь болиод ер нь мөнгөний хэрэг маш хэрэгтэй байсан тэгээд уулнаас мод ачихыг санаачлаад найз Эд хэлээд хэдэн төгрөг өгье эндээс надад мод хийхэд туслаад өгөөч хүн байна уу санаа зоволтгүй зөвшөөрөл авсан гэж хэлээд 3 хүн олсон. 2025 оны 06 дугаар сарын 01-ний өглөө Төв аймгийн Жаргалант сум 124-ийн даваанд уулнаас бид нар модоо бэлтгээд эхний ачаагаа ачаад засмал замд нийлээд Төв аймгийн Борнуур сумын Бамбарууш зоогийн газрын тойрог дөхөж явтал цагдаа зогсоож шалгасан. Би 149 ширхэг 2 метрийн дундаж урттай нойтон нарс модыг ****улсын дугаартай цагаан өнгийн **** маркийн ачааны машинаар тээвэрлэж явсан. Миний хажуу талд Э сууж явсан ууланд Эгийн хүргэн ах гэх залуу би нэрийг нь мэдэхгүй байна, өөр танихгүй 2 хүүхдийн хамт үлдсэн.  Би ойд нийт 176 ширхэг модыг 2 метрийн урттайгаар хөрөөдүүлж бэлтгүүлсэн надад ойд мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. Би ганцаараа санаачлаад ойд мод бэлтгэх зөвшөөрөл авсан гэж хэлээд Э, болон түүний хүргэн ах 2 дүүгээр нь бэлтгүүлсэн. Үгүй тийм зүйл байхгүй. Би анх удаа ийм хэрэгт холбогдож байна. Л гээд миний үеэл ахын эзэмшлийн машин би түр гуйгаад авчихсан юм аа.....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 хуудас/

              -Шүүгдэгч Б.Т-ын яллагдагчаар өгсөн “....Би прокурорын тогтоолтой танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу 2025 оны 06-р сарын 01-ны өдөр би, танил ах болох Л-ийн эзэмшлийн **** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Зүрх уул 124 даваа гэх газраас мод хийж бэлтгэсэн. Тухайн үед надтай хамт Э, ЧЭ нарыг би өөрөө гуйж хамт мод бэлтгэхээр явсан. Тэгээд ууланд очоод модоо бэлдээд 2025 оны 01-02 шилжих шөнө бэлтгэсэн модоо Mitsubushi Fuso маркийн тээврийн хэрэгсэлд ачаад өглөө 05-06 цагийн үед хөдлөөд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд байрлах Бамбарууш зоогийн газрын хажууд цагдаагийн алба хаагч нар зогсоож саатуулагдсан. Би тухайн мод бэлтгэсэн цахилгаан хөрөөг мод бэлтгэсэн газраа хаясан. Баруунхараа болон Жаргалант сумын байгаль орчны хүмүүс, Борнуур сумын цагдаа нартай хамт хайгаад олоогүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би архи уудаггүй. Мэдэж байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан учраас хийсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 хуудас/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан хамааралтай бөгөөд болж өнгөрсөн үйл баримыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол, гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан “хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийн  ойн санд хохирол учруулж, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг гэдэг ойлголтыг 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

 Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж хуульчлагдсан байна.

Зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь хүрээлэн байгаа орчин, байгаль экологид хор хохирол учруулж нийтийн эрх ашгийг зөрчиж байдаг тул нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд гэмт хэрэгт хамаарахаар хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч Б.Тыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн улмаас байгаль орчинд экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 15.569.607 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл 4.1-д зааснаар /ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ нийт 46.708.821 төгрөгийг хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсний дараа шүүгдэгч Б.Т-аас хохирол төлбөрөө барагдуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хэргийн оролцогчдын саналыг үндэслэн мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 5 өдрийн хугацаагаар завсарлуулсан.

Шүүхээс шүүх хуралдааныг завсарласан хугацаа дуусаж, шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Б.Т нь шүүхээс  тогтоосон 46.708.821 төгрөгийг, ****улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 11,814,000 төгрөгийн хохирлыг тогтоосон хугацаанд тус тус төлж барагдуулаагүй байна.

 

           Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн С.Л-ийн эзэмшлийн **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 11,814,000 төгрөгийг, 176 ширхэг мод, шүүхээс  тогтоосон 46.708.821 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

          Эрүүгийн 2534003980370 дугаартай хэрэгт ****улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, ****улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч С.Л-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүхээс шүүгдэгч Б.Т-ыг **** гэх газраас газраас 2025 оны 6 оны 20-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 176 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч бэлтгэж ****улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулгүйн шинж чанар, хохирол хор уршиг, хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж хашаа байшингаа зарах эсхүл өөрийн эрхэлдэг газар тариалангийн ургац болох хүнсний ногоог худалдан борлуулж хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Үүнийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Энэ хэрэгт Б.Тнь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн 176 ширхэг модыг улсын орлого болгуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ****улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 11.814.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “Хэлэх зүйлгүй” гэж,

 

 Шүүгдэгч: “Хэлэх зүйл байхгүй” гэсэн эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг танилцууллаа.

 Шүүгдэгч хэлэх зүйлгүй гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд хэлэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Тэрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 127 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа  хавтаст хэргийн 128/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэл /1 дүгээр хавтаст хэргийн 129 хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 130 хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 131 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 132 хуудас/,  зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ..” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарагдаж байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн”-ыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тус тус тооцож, шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэнүүнбаярт мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 176 ширхэг ургаа модыг тайрч бэлтгэсэн 36,865 м³ модыг битүүмжилснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт олгож, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Тт сануулсугай.

  

 6.Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Тт торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэнүүнбаяраас ойн санд учирсан хохирол 46.708.821 төгрөгийг, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж буй 176 ширхэг модыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 11.814.000 төгрөгийг тус тус гаргуулан Улсын төсөвт оруулсугай.

 

8.Эрүүгийн 2534003980370 дугаартай хэрэгт ****улсын дугаартай Mitsubushi Fuso маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч С.Лхагвадоржид буцаан олгосугай.

 

9. Шүүгдэгч Б.Тнь хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй,  түүнээс тооцон гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ануужинд даалгасугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

         12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ