Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 102/2023/00063/И |
Дугаар | 102/ШШ2023/02060 |
Огноо | 2023-05-25 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2023/02060
2023 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2023/02060 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэр хд 84 байр, 4 тоот хаягт оршин суух, Булгачин ургийн овогтой Санжаагийн Д /РД: Х0/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 13 байр, 201 тоот хаягт оршин суух, Харагчуул ургийн овогтой Цээлэйн Э /РД: О/
Нэхэмжлэлийн шаардлага: 363,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чимэддорж
Хариуцагч Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ц.Эд холбогдуулан 363,960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Ц.Э нь Toyota land cruiser маркийн 1288 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх үедээ 2019, 2020 оны татварыг төлөөгүй болохоо нуун дарагдуулж Автотээврийн үндэсний төвийн ажилтан С.Д тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгохдоо татварыг нөхөн авалгүй гэрчилгээг шинээр гаргаснаар С.Д нь 363,960 төгрөгийг өмнөөс нь төлж барагдуулсан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Ц.Э би 2014 оны 8 сард 12-88 УНК улсын дугаартай LAND CRUISER 100 маркийн авто машиныг худалдан авч 2021 оны 7 сар хүртэл хэрэглэсэн. Тухайн авто машиныг 2019 онд Ц.Э би дээрх авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд 2021 онд бусдад худалдах хүртлээ жил бур үзлэг оношилгоонд орж, тухайн машинд тохирох татвараа жил бүр төлж, даатгал хийлгэж, торгуулиа төлж хуульд заасан дүрмийн дагуу хэрэглэж, мөн зохих эрх бүхий байгууллагаар дамжуулан худалдаж авсан иргэнд шилжүүлэн өгсөн. Гэтэл 2021 оны 10 дугаар сард дээрх машиныг надаас худалдаж авсан хун дахиад цааш нь худалдаж эзэмшигчийн нэр шилжүүлэх гэсэн чинь 2019, 2020 оны татвар төлөөгүй байна, энэ татвараа төл гэж над руу ярьсан. Тухайн үед “тийм асуудал байх ёсгүй, нэгдүгээрт, би наад машиныг чинь олон жил өдөр тутмынхаа хэрэгцээнд унаж байсан болохоор бүх асуудал нь цаг тухай бүрд хийгдээд явж байсан, хоёрдугаарт, надаас тань руу нэр шилжихдээ асуудал гараагүй биз дээ, наад асуудал чинь аль нэг газрын системийн алдаа байх, би тухайн үеийн татвар төлсөн баримтаа хайгаад олохгүй байна” гэдгээ хэлээд өнгөрсөн. 2022 оны аравдугаар сард Авто Тээврийн үндэсний төвийн ажилтан гэх эмэгтэй над руу залгаж “таны эзэмшиж байсан 12-88 УНК дугаартай машиныг худалдаж авсан хүн гомдол гаргаад байна, та энэ татвараа төл” гэж ярьсан. Би цаг тухай бүрд татвараа төлсөн тухай нэлээн ярилцсаны эцэст би 1111 тусгай дугаарт хандсан. Тэр өдрөө 1111 төвөөс над руу залгаад “та татвараа төлсөн байна” гэж ярьсан. Нэг цаг орчмын дараа дахин залгаад “ахаа би учрыг нь оллоо. 12-88 УНК улсын дугаартай машины арлын дугаарыг хуулж бичихдээ j усгийг 3 тоогоор солиод бичсэн байна. Үүнээс шалтгаалаад хоёр татвар төлөгч шиг харагдаад байгаа юм байна” гэж хэлсэн. Үүнийг Авто тээврийн үндэсний төвийн хүнд хэлсэн. Ингээд учраа олчих юм байна гэж санаа амраад явж байтал нэг өдөр над руу дахиж залгаад “тэр мөнгийг би төлсөн, одоо надаа тэр мөнгийг өг” гэж ярьсан. Би төлсөн төлбөрөө дахин төлөхгүй, миний өмнөөс та ч төлөх ёсгүй гэдгийг хэлсэн. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, С.Дийн Хаан банк дахь дипозит дансны хуулга, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, 1288 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2016-2020 оны татвар төлсөн баримт, итгэмжлэл, Г.Энхээгийн Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Энхбаяр, Г.Энхээ нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг, Хариуцагчаас Татварын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05/682 дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 05/1081 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн бүртгэлийн баримт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн хүсэлтээр Татварын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06/916 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн хувийн хэрэг, Татварын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06/1038 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч С.Д нь дагуу Toyota land cruiser маркийн 1288 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2019, 2020 оны албан татварыг төлснөөр хариуцагч Ц.Э татвар төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Ц.Э нь тээврийн хэрэгслийг эзэмшиж байх хугацааны албан татварыг төлсөн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч Ц.Э нь Toyota land cruiser маркийн 1288 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл эзэмшиж байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б.Энхбаярт шилжүүлжээ.
4.2. Тээврийн хэрэгслийн шинэ эзэмшигч Б.Энхбаяр нь Toyota land cruiser маркийн 1288 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уг тээвийн хэрэгслийн 2019, 2020 оны албан татварт 363,960 төгрөг нөхөн төлсөн байна.
4.3. Нэхэмжлэгч С.Д нь Автотээврийн үндэсний төвийн ажилтан бөгөөд Toyota land cruiser маркийн 1288 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Эд нөхөн олгохдоо 2019, 2020 оны албан татварыг аваагүйгээс Б.Энхбаяр нь тухайн албан татвар нөхөн төлсөн гэх гомдлыг дагуу түүнд 363,960 төгрөгийг төлжээ.
5. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч Ц.Э нь тээврийн хэрэгслийг эзэмшиж байх хугацаанд албан татвар төлсөн эсэх талаар маргаж байна.
6. Иргэний хуулийн 496 дугаар 496.1-т зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ц.Э нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл эзэмшиж байсан Toyota land cruiser маркийн 1288 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2019 оны татварын 182,280 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан, мөн 2020 оны татварын 182,280 төгрөгийг Улаанбаатар хотын банкаар дамжуулан тус тус төлсөн болох нь Татварын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 05/1081 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хэргийн 69 тал/
8. Иймд хариуцагч Ц.Э нь татвар төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Ц.Эгийн татварын өрийг төлсөн гэх нэхэмжлэгч С.Дийн 363,960 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
9. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эгаас 363,960 төгрөг гаргуулах С.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ