| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/01611/И |
| Дугаар | 102/ШШ2023/02066 |
| Огноо | 2023-05-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2023/02066
| 2023 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2023/02066 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 18134 Товчооны зам 119-1 тоотод байрлах ЭСУ ХХК /РД:54/
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дако байр 10б – 1 тоотод оршин суух Авга овогтой Батын Т /РД: 9/
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 16,810,843 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Урансайхан
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ЭСУ ХХК нь хариуцагч Б.Тд холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 16,810,843 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “ЭСУ” ХХК нь Б.Ттай 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 172 тоот түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээгээр Б.Т нь хэв, труба, булан гэх зэрэг 354 ширхэг бараа, материалыг 5 хоногийн хугацаатай түрээслэн авч үргэлжлүүлэн төлбөр тооцоог дуусган, буцаан хүлээлгэн өгсөн.
2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр түрээсийн гэрээг сунгаж, барьцаа 1,500,000 төгрөг байршуулан хэв, тулаас, труба зэрэг нийт 9,834 ширхэг барилгын туслах материалуудыг түрээслэн авсан.
2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 22,605,810 төгрөг,
зарсан бараа материалын төлбөр 48,700 төгрөг,
засварын төлбөр 623,000 төгрөг, нийт 23,277,510 төгрөгөөс 9,091,700 төгрөгийг төлж, 1,478,581 төгрөгийг хасаж, барьцаа 1,500,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 11,207,229 төгрөгийг төлөөгүй байна.
Түрээсийн гэрээний 4.2-т зааснаар алданги 5,603,614 төгрөг, нийт 16,810,843 төгрөгийг Б.Таас гаргуулахаар нэхэмжилж байна.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Б.Т нь 2018 онд Ханбогд ХХК-ийн үйлдвэрийн барилга дээр ЭСУ ХХК-ийн барилгын тулаас хэв хашмал түрээсээр авч байсан. Тухайн үед түрээсээ өгч, дахин авч байсан. Барилгын ажил явж байгаад бидний ажлын хөлсийг өгч чадахгүй болсон учир ЭСУ ХХК-ийн түрээсийн өрөнд орсон. Би тэтгэврийн 400,000 төгрөг авдаг. Нэхэмжилж байгаа 16,810,000 төгрөгийг өгөх ямарч боломжгүй. ЭСУ ХХК-нд 3,000,000 төгрөгийг өгч төлбөрийг барагдуулах боломжтой” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ЭСУ ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, зарлагын баримт, Б.Тын ЭСУ ХХК-нд гаргасан төлбөр төлөх тухай хүсэлт зэрэг баримтуудыг, хариуцагчаас гаргасан баримтгүй байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Түрээслэгч Б.Т түрээсийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Түрээсийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч “ЭСУ” ХХК нь хариуцагч Б.Ттай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч тал болох “ЭСУ” ХХК нь барилга барих, барилгын угсралтын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж 7 нэр төрлийн 2354 ширхэг труба, хэв зэрэг барилгын туслах материалыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ашиглуулах, түрээслэгч тал болох Б.Т нь түрээсийн төлбөрийг төлж, барилгын туслах материалыг актын дагуу буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
7. Гэрээний дагуу түрээслүүлэгч “ЭСУ” ХХК нь 9 нэр төрлийн 9834 ширхэг труба, хэв зэрэг барилгын туслах материалыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр түрээслэгч Б.Тт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын падаанаар тогтоогдож байна.
Харин түрээслэгч Б.Т нь эд хөрөнгө ашигласны хөлсөнд 9,091,700 төгрөгийг төлж, 1,478,581 төгрөгийг хасаж, барьцаа 1,500,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 11,207,229 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан уг тооцооллын талаар маргаагүй.
8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.1-т зааснаар гэрээг 5 хоногийн хугацаатай байгуулагдсан байх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар хариуцагч эд хөрөнгийг гэрээний хугацаа дууссан боловч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй байх тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.
9. Иймд нэхэмжлэгч ЭСУ ХХК НЬ гэрээнд заасан эд хөрөнгийг хариуцагч Б.Тд хүлээлгэн өгсөн тул хариуцагчаас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна. Хариуцагчаас түрээсийн төлбөрт 11,207,229 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10. Алданги 5,603,614 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, түрээсийн гэрээний 4.2-т "Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувиар бодож алданги төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ. Түрээслэгч гэрээний 1.2-т зааснаар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 5 хоногийн хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн ашигласаар байсан тул гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзэхээр байх ба гэрээнд түрээслэгч төлбөр төлөх хугацааг тодорхой заагаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
11. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол; 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Гэрээ болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Т нь үүрэг гүйцэтгэх буюу төлбөр төлөх хугацаа тодорхойгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг нэхэмжлэгч “ЭСУ” ХХК сануулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд талууд түрээсийн төлбөрийг зохих хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байх боловч төлбөр төлөх хугацааг хэрхэн тодорхойлсон нь тодорхойгүй байх тул хариуцагчаас алданги 5,603,614 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
12. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Таас 11,207,229 /арван нэгэн сая хоёр зуун долоон мянга хоёр зуун хорин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЭСУ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,603,614 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэгч “ЭСУ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,050 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Таас улсын тэмдэгтийн хураамжид 194,266 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЭСУ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ